Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

 

 

 

 

2025        01        15                                         2025/ДШМ/09

 

   Ц.Дд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.О,

Шүүгдэгч: Ц.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Дд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овогт Цийн Д, 000оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн М сумын 000 дүгээр багийн 000  тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 00 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсгийн 248.1.3-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /Регистрийн дугаар 000/.

Ц.Д нь 000 оны 01 дүгээр сарын 10-15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн М сумын 0 дугаар багийн 00 тоотод байх хохирогч Б.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхны шилийг хагалж, модон хаалгыг эвдлэн нэвтэрч, 28 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 6,457,000 төгрөгийн хохирол, 400,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д овогт Цийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Цийн Дг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгийн цагдан хоригдсон 85 (наян тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Даас 6,285,000 (зургаан сая хоёр зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож, хохирогч нь замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримтгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нийт 5 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.Дгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гэм буруугийн талаар хэрхэн мэтгэлцэж оролцсон талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдалгүй хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн хулгайлсан гэх этгээдүүдийн талаар ярьсан болон түүнийг хэрхэн няцаасан, үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Шүүгдэгч Ц.Д нь “одоо би 2 жил гаран шүүхээр явлаа, удаа дараалан надад ял оноосон учир үнэн мөн нь тогтоогдохгүй юм байна, би тэр Эрүүгийн хуульд заасан гэм бурууг хүлээн зөвшөөрнө, хохирол төлбөрийг төлнө, 2 ихэр банди маань хэцүүднэ, мөн миний ар гэр яаж амьдрах вэ гэдэгт ихэд санааширч байна, ял хөнгөрүүлэх ямар арга байна.” гэсэн учир гомдол гаргаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Дд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 /нэг/ жилийн хорих ял болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Д нь ...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 11-15/, Орон байранд буюу Хөвсгөл аймгийн М сумын 0 дугаарбаг, 21-15 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 18-24/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 25-29/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1-ийн 111/, Хохирогч Б.Бын мэдүүлэг /хх1-ийн 33-35, 37, хх2-ын 7-8/, Гэрч Б.Д, Д.О Г.Н, насанд хүрээгүй гэрч Б.А нарын мэдүүлэг, шинжээчийн 000 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5712 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/, Нэмэлт шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-924/9375 дугаартай дүгнэлт /хх2-ын 26-28/ зэрэг нотлох баримтууд, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэж анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон.

Иймд өмгөөлөгч Л.Цогтбаяраас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тайлбар гаргаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Гомдлоо дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Шүүгдэгч Ц.Д нь хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцны вакум цонхны шилийг хагалж, модон хаалгыг эвдлэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс Ц.Дд холбогдох хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэв.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан: “...өмгөөлөгчийн гэм буруугийн талаар хэрхэн мэтгэлцэж оролцсон талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдалгүй хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн хулгайлсан гэх этгээдүүдийн талаар ярьсан болон түүнийг хэрхэн няцаасан, үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй, ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Дд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 /нэг/ жилийн хорих ял болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, баримт сэлт, эд мөрийн баримт нэг бүрийн талаарх мэдээллийг агуулгын хувьд алдаагүй, товч, ойлгомжтой, логик зохилдлогоог хангасан байдлаар тусгасан байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирогч Б.Бын хохирол төлөгдсөн” гэх тодорхойлолт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                              Б.СОСОРБАРАМ

                                                                            Л.ЭРДЭНЭБАТ