Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2026/0764

 

 

2026 08 31 128/ШШ2026/0764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б.Б*******/РД:*******/

Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Э.А******* хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, хариуцагч улсын байцаагч Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Гомдлын шаардлага: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Э.А*******ын оногдуулан 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ...иргэн Б.Б******* нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр металл хийцлэл бүхий өргөтгөл хийж давхар нэмсэн... болохыг тогтоосон гэж үзээд зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч, торгох шийтгэлийг оногдуулсан.

2.2. Гомдол гаргагчаас үүнийг эс зөвшөөрч 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

3. Гомдол гаргагч Б.Б******* гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Баярхүүгийн Б******* би ******* дүүргийн хороо, дугаар хороолол, байр тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд энэ нь нийтийн хоол, рестораны үйл ажиллагаа явуулах зориулалттай юм. Би Монгол Улсын Засгийн газрын чөлөөлье аяны хүрээнд шийдвэрлэсэн асуудлын хүрээнд өөрийн өмчлөлийн байрны дээд хэсэгт хүүхдийн тоглоомын хэсэг байгуулахаар бага төвөгшил багатай байгууламж буюу стандартад нийцсэн төмөр карказ бүхий сэндвичээр уг тоглоомын газар хийх байгууламжийг барихаар төлөвлөж байсан. Гэтэл миний өмчлөлийн хэсэгт хажуу байрны СӨХ-ны дарга гэх Оюунчулуун нь орж ирээд хүүхдийн амьсгалах агаарыг хаах гээд байна гэх мэтийн үл ойлгогдох шалтаг шалтгаан тоочиж миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж намайг үл таних этгээдээр зодуулж амьсгал боолгон унагааж, уг үйлдлийг цагдаагийн байгууллагын алба хаагчийн хажууд үйлдэж байсныг холбогдох байгууллагад дуудлага мэдээлэл өгч гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулж байна.

3.2. Гэтэл энэ үйлдлээ зөвтгөх шалтгаанаар миний асуудлаар нийслэлийн хяналт шалгалтын газарт гомдол гарган шалгуулж миний асуудлыг шалгахаар ирсэн нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* нь ирж хяналт шалгалт явуулсан. Энэ хяналт шалгалтын үед иргэн миний эрх зүйн байдлыг дордуулсан, зөвхөн хэн нэгнийг буруутгасан, хуулийг буруу хэрэглэсэн хэлбэрээр шалгалт явуулж 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн огноотой албан даалгавар, мөн өдрийн огноотой шийтгэлийн хуудас гэх зүйлийг 2026 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар 500.000 төгрөгөөр торгосон гэх баримт, албан даалгаврыг ирүүлсэн байна.

3.3. Улсын байцаагч нь энэхүү торгох үйл ажиллагаагаа тайлбарлахдаа заавал торгох ёстой, та хялбаржуулсан журмаар асуудлаа шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрчих, би ахлах байцаагчаасаа асуугаад шийдвэр гаргана гэх мэтээр миний эрх зүйн байдлыг дордуулж намайг буруутан болгох шалтаг шалтгаан хайж энэхүү шийтгэлийн хуудсаар торгосон, торгуулиа төлөхгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх болохыг анхааруулж, айлган сүрдүүлсэн, иргэн надад тухайн шийдвэрт гомдол гаргах эрхийг хаан боосон, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Э.А******* байцаагчийн албан даалгаврын даалгах хэсгийн 2 дугаар дараалалд хуулийн буруу хэрэглэсэн, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд 31.1.3 гэсэн хэсэг байхгүй байхад хууль буруу хэрэглэсэн, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд бага төвөгшилтэй барилга байгууламжид зөвшөөрөл авахгүй байхыг хуульчилсан байхад төрийн хүнд суртал гаргаж заавал зөвшөөрөл авахыг даалгасан, мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зарим зүйлийг зөвшөөрөлгүйгээр шууд үйл ажиллагаа явуулж болохыг шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрт хүүхдийн тоглоомын газрыг шууд зөвшөөрсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно гэжээ.

3.4. Иргэн би хүүхдийн тоглоомын газрыг байгуулахдаа тухайн барилгын ямар нэгэн хийц, хэв маягийг өөрчлөөгүй, барилгын суурь цутгаагүй, шинээр ямар нэгэн барилга бариагүй, хэн нэгэн этгээд надад захиалга өгөөгүй, би хэн нэгэн этгээдэд барилга барих захиалга өгөөгүй бөгөөд зөвхөн хүүхдийн тоглоомын газрын ханыг босгож эхлэх үйл ажиллагаа явуулсан билээ. Гэтэл надад хуул буруу хэрэглэж барилга барьсан, барилгын хийц өөрчилсөн гэх мэтээр үзэж төрийн хяналт шалгалтын албаны үүргээ ихдүүлэн бодит бус дүгнэлт гаргаж байгаа нь захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Мөн улсын байцаагч нь иргэн миний хүүхдийн тоглоомын хэсэг байгуулах асуудал нь ямар хуулийн хэддүгээр заалт хэрхэн зөрчсөн, энэ нь хэний ямар эрх ашгийг хөндөөд байгааг тайлбарлаж чадахгүй, шийтгэлийн хуудас нь үл ойлгогдох гаргац муутай хуулийг буруу хэрэглэсэн, байх тул нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А*******ын 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

3.5.Энэхүү шийтгэлийн хуудас гомдол гаргахаар Улсын байцаагчийн хэлснээр *******-ийн прокурорын газрын зөрчлийн прокурор н.Н******* болон ерөнхий прокурор н.Мөнхбаяр, нийслэлийн прокурорын газрын зөрчил хариуцсан прокурорт гомдол гаргаж удаа дараа очсон боловч миний гомдлыг авахгүй, шууд шүүхэд ханд гэснийг зориуд дурдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрх сэргэх ач холбогдолтой болно... гэжээ.

4. Хариуцагч Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Э.А******* гомдлын шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* би, чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа ******* дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, 46-д байр тоот хаягт өмчлөгч иргэн Б.Б******* нь зөвшөөрөлгүй металл хийцлэл бүхий өргөтгөл хийж давхар нэмсэн гэх асуудлаар ******* дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж шалгахад иргэн Б.Б******* нь ******* дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, байр тоот хаягт өмчлөгч иргэн Б.Б******* нь зөвшөөрөлгүй металл хийцлэл бүхий өргөтгөл хийж давхар нэмсэн нь байсан тул эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авахыг даалгаж, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан ба иргэн Б.Б*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

4.2 Иргэн Б.Б******* нь ******* дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, байр тоот хаягт өмчлөгч иргэн Б.Б******* нь зөвшөөрөлгүй металл хийцлэл бүхий өргөтгөл хийж давхар нэмсэн ба Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 (Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.) заалт зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дэх заалтыг зөрчсөн нь шалгалт, мэдүүлэг, зэргээр нотлогддог ба ******* дугаартай хэрэгт иргэн Б.Б*******д холбогдуулан захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлж өргөтгөлийн ажилд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг хэрэгжүүлж ачааллын тооцоо судалгаа хийлгэж тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар зураг төсөл хийлгүүлэн баталгаажуулж, эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авахыг даалгасан ба тус Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд явуулж илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажилласан тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5-т Барилгын ажлын захиалагч хуульд заасан:, 5.2.-т чиг үүргээ хэрэгжүүлээгүй; гэж заасныг зөрчсөн үндэслэлээр Б.Б*******ийг 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан, хариуцагчаас тус үндэслэлээ ...Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4.-т заасныг зөрчиж, барилгын бүтээцэд өөрчлөлт оруулах өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн, барилгад өргөтгөл хийх зөвшөөрлийг аваагүй... гэж тайлбарласан.

3. Гомдол гаргагч Б.Б*******өөс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ...барилгын ажлын зөвшөөрөл шаардагдах барилгыг бариагүй, ...өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашигладаг бөгөөд үйлчлүүлэгчийн хүүхдүүдийг тоглуулах тоглоомын талбай барих зорилгоор төмөр рам угсарсан, барилга бариагүй... гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч Б.Б******* нь ******* дүүргийн 5 дугаар хороо, дугаар хороолол, 16д байрны тоот хаягт байршилтай, 172.73 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг, тус үл хөдлөх эд хөрөнгө нь 3 давхар үйлчилгээний зориулалтай барилгын 3 дугаар давхарт байрладаг болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад, гомдол гаргагчаас 172.73 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дээвэр дээр металл хийцлэл бүхий төмөр карказ босгож, барилгын ажил эхлүүлсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, холбогдогчоос авсан мэдүүлгээр нотлогдсон, гомдол гаргагчаас тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрнө.

6. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4.-т Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. гэж зааснаар барилгын өмчлөгч нь зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын бүтээц, төлөвлөлтийг өөрчлөх үйл ажиллагаа явуулахыг хориглохоор зохицуулсан.

7. Гэтэл гомдол гаргагч Б.Б*******өөс хүүхдийн тоглоомын талбай хийх зориулалтаар гэх үндэслэлээр барилгын дээвэр дээр төмөр карказ босгосныг барилгын бүтээц, төлөвлөлтийг өөрчлөхөөр барилгын ажил эхлүүлсэн гэж үзэх бөгөөд энэ нь барилга байгууламжийг өргөтгөсөнд тооцогдоно, иймд энэ үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, холбогдох баримтаар зөрчлийг тогтоон түүнд торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

8. Хэдийгээр гомдол гаргагч нь 172.73 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх боловч 3 давхар барилгын 3 дугаар давхарт байрладаг, тус барилгыг бүхэлдээ нэг барилга гэж үзэх бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан, Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал: Бага төвөгшилтэй барилга байгууламж гээд 2.2.-т 9-16 м өндөртэй, 5 хүртэл давхар олон нийтийн зориулалттай барилгууд гэж заасанд хамаарна.

9. Иймд, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:, 26.1.2.-т барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих; тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл авах гэсэн шаардлагыг мөн адил зөрчсөн байна.

10. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т барилгын ажлын захиалагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж заасныг үндэслэсэн нь буруу, энэ талаар гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, гэвч гомдол гаргагч Б.Б*******ийн Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 46 дугаар зүйлийн 46.4-т заасныг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

11. Зүй нь, түүний үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9.-т өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, .... үйл ажиллагаа эрхэлсэн бол ....хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэж заасан үндэслэлээр Б.Б*******д шийтгэл оногдуулах байсан, хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус үндэслэлээр үүсгэн шалгасан атлаа шийтгэл оногдуулахдаа хуулийн заалтыг буруу баримталсан алдааг гаргасан байна.

12. Гэсэн хэдий ч нэгэнт Б.Б*******ийн үйлдсэн зөрчил тогтоогдсон энэ тохиолдолд хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг болон мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтын хүлээлгэх хариуцлагын хэмжээ адил байх тул шийтгэлийн хуудсыг зорилгодоо нийцсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

13. Иймд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн боломжгүй, барьсан төмөр карказыг буулгасан нь түүний үйлдсэн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 46 дугаар зүйлийн 46.4, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтыг баримтлан гомдол гаргагч Б.Б*******ийн гаргасан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Э.А*******д холбогдох, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналын улсын байцаагч Э.А*******ын оногдуулан 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ