Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01492

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01492

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00977 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хилийн цэргийн 120 дугаар ангид гэрээт харуулаар 2011 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажиллаж ирсэн. 2011 оноос хойш тус цэргийн ангид энгийн гэрээт харуулаар ажиллаж ирсэн. Гэтэл намайг 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр командлалын шалгалтаар архи уусан байдалтай байсан гэсэн ямар ч үндэслэлгүй шалтгаан гарган, захирлын зөвлөл хуралдаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь шударга үнэнд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг урьд нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус ангид энгийн гэрээт харуулчнаар ажиллаж байсан ХХХХ нь тус ангид 2011 онд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан. Байгууллагаас ХХХХод удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан ба тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, архи уусан үедээ ажлын байранд ирсэн тул ХХХХтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Гол ажлаас халсан шалтгаан нь ажлын байранд архи ууж, удаа дараа сахилгын шийтгэл авч байсан тул түүнийг ажилд нь буцааж авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн энгийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас ХХХХ-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7.011.924 төгрөг-ийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХ-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХХХХХ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураажид 197 340 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:... ХХХХХ-д энгийн гэрээт харуулчнаар ажиллаж байсан ХХХХ нь тус ангид 2011 онд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 4 дүгээр cap хүртэл ажилласан. Ажиллах явцдаа нэхэмжлэгч ХХХХ нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн тушаалаар дараах сахилгын шийтгэл оногдуулж байсан. 2013 оны 5 дугаар сарын 17-нд БХС-ын 430 ЗХЖШ-ын даргын 80 дугаар тушаалыг зөрчсөн тул албан тушаалын үндсэн цалинг 3 cap 20 хувиар бууруулж, 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн № 6/38 тоот тушаалаар "Харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ архи уусан" тул албан тушаалын үндсэн цалинг 3 cap 20 хувиар бууруулж, 2014.10.17 № 6/164 тос-т тушаалаар "Ажил албандаа хариуцлагагүй хандсан" тул албан тушаалын үндсэй цалинг 1 cap 15 хувиар бууруулж, 2014.11.07-нд № 6/1 тоот тушаалаар "Харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа унтаж байсан" тул албач тушаалын үндсэн цалинг 1 cap 15 хувиар, 2015.02.04-нд № 6/34 тоот тушаалаар "Харуул манааны үүрэг гүйцэтгэж байхдаа унтаж байсан" тул албан тушаалын үндсэн цалинг 1 cap 20 хувиар бууруулж тус тус сахилгын шийтгэлийг 5 удаа оногдуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа болно. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн ба тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, архи уусан үедээ ажлын байранд ирсэн, 2014 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалж ангийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 2.4-р заалтыг зөрчсний улмаас ажлаас халах бүрэн үндэслэлтэй гэж үзэн шийдвэр гаргаж ажлаас халсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч ХХХХыг Ангийн захирагч хурандаа ХХХХ 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4 удаа, миний бие энгийн гэрээт харуулын дарга ХХХХ 2 удаа утcaap ярьж ангийн удирдлагатай ирж уулз гэж дуудсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх нэхэмжлэгч ХХХХ-ын удаа дараа гаргасан сахилгын шийтгэлийг хянан хэлэлцэхгүй байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч ХХХХыг ажилд ирэхдээ согтуу байсныг гэрчлэх гэрч, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг 100 хувь гаргаж өгөх болно. Ангийн захирагч хурандаа ХХХХ утсаар ярьж ирж уулз гэж гуйсны дагуу 2017 оын 5 дугаар сарын 22-ны өдөр ирж уулзан ангийн удирдлага ажилдаа эргэж орох санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх хуралд шаардагдах бүх нотлох бичиг баримтыг авч оролцох болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн б/76 дугаар тушаалаар ХХХХыг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, архи уусан үедээ ажлын байранд ирсэн гэсэн үндэслэлээр энгийн гэрээт харуулын албан тушаалаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38,1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан тушаа гаргажээ /хх4/

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.4-т ... архи уусан үедээ ажлын байранд ирэх... зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохирсон байна. /хх5/

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан,

 

хэрэгт нотлох баримтаар Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн б/54, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/3, 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/ 38, 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/186 дугаар тушаалууд авагдсан байх бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгч ХХХХод сахилгын шийтгэл ногдуулж байжээ.

 

Ажил олгогчийн ХХХХ-ийг ажлаас халсан тушаалдаа дурьдсан ажилтан давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэл заасан байгаа боловч анхан шатны шүүх ажил олгогчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаал гарах үед ажилтан ХХХХ нь сахилгын шийтгэлгүйд тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэлийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байранд согтуу ирсэн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн энгийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх ажилтныг ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тооцохдоо ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулсан сүүлийн 3 сараар тооцсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь заалттай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 340 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО