| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2438000420026 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
2025 01 16 2025/ДШМ/.....
Ц.Бэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгч: Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Б.М нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бэд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, “Х” овогт Цийн Б, 000оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, ганцаараа Хөвсгөл аймгийн Б Т багт оршин суух бүртгэлтэй, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /регистрийн дугаар Р00/.
Ц.Б нь 2023 оны 08 сард Хөвсгөл А сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн харилцаатай хүн болох хохирогч Л.О нь “нөхөр Ц.Бийг архи уулаа гэр бүлээ бодооч гэж шаардлага тавихад” хохирогч Л.Огийн хэлсэн үг дургүйцэж түүний биед халдаж гарыг мушгиж, хөшиж, алгадаж зодсон,
2023 оны 10 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Б сумын 5 дугаар баг Т гэх газарт хохирогч Л.Отай үл ялих зүйлээр маргалдаж улмаар Л.Ог “буудаж ална”, “шатааж ална”, “хутга бариад далайлгаад ална" гэх мэтээр догшин авирласан,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 багийн нутаг дэвсгэрт байрлах Мөрөн Вилла хотхоны гадна үл ялих зүйлээр маргалдаж хохирогч Л.Огийн зүүн нүдний орчим 2-3 удаа цохиж зодсон,
2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын 5 багийн нутаг дэвсгэрт явж байхад хохирогч Л.Ог “машин удаан яваад байна” гэх шалтгаанаар маргалдаж хүзүүний ороолтыг татаж чангаасан, араас боож догшин авирласан,
2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Б сумын Т багт хохирогч Л.О нь хүүхдүүдтэй муухай харьцлаа гэх шалтгаанаар маргалдсаны улмаас “ шөнө гэр бүлийн гишүүдийг гэрээс хөөсөн” мөн “ машинаар дайрч ална, бензин асгаж шатаана” гэж догшин авирласан,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэрт явж байхад “танайхан миний амьдралд оролцоод байна, танайхныг 30 сумтай ака буугаар шүршиж ална” гэх мэтээр догшин авирласан мөн хажуугаас гараараа нударч зодсон зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Цийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Цийн Бийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Б сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Б сумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн СБ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.ЭД даалгаж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Б.М нар давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг шалтгаан нь уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох ёстой.
Тодруулбал, намайг удаа дараа эхнэр Л.Ог зодож, догшин авирласан үндэслэлээр буруутгадаг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогддоггүй.
Мөн миний хувьд гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор эхнэр Л.Ог эрхшээлдээ байлгах зүй бус, бусармаг үйлдлийг огт гаргаагүй.
Дээрх шинж нь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинж болдог байтал анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, шүүгдэгч миний хуулиар хамгаалагдсан эрхэнд ноцтой халдаж, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах үүргээ хангалтгүй биелүүлж, хохирогч Л.О болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эх сурвалжаа нэрлэн зааж чадахгүй худал хуурмаг мэдүүлгийг үнэн бодит хэмээн сэтгэж, хууль бус шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Дээр дурдсан үндэслэл, нөхцлүүдийн талаар шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж оролцох хүсэлтэй байна.
Иймд хавтаст хэргийн материалыг гомдолд зааснаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь шинжлэн судлаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох замаар Ц.Б намайг цагаатгаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Ц.Б нь 2023 оны 08 сард Хөвсгөл аймгийн А сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн харилцаатай хүн болох хохирогч Л.Огийн хэлсэн үгэнд дургүйцэж түүний биед халдаж гарыг мушгиж, хөшиж, алгадаж зодсон,
2023 оны 10 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Б сумын 5 дугаар баг Т гэх газарт хохирогч Л.Отай үл ялих зүйлээр маргалдаж улмаар Л.Ог “буудаж ална”, “шатааж ална”, “хутга бариад далайлгаад ална" гэх мэтээр догшин авирласан,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 багийн нутаг дэвсгэрт байрлах Мөрөн Вилла хотхоны гадна үл ялих зүйлээр маргалдаж хохирогч Л.Огийн зүүн нүдний орчим 2-3 удаа цохиж зодсон,
2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын 5 багийн нутаг дэвсгэрт явж байхад хохирогч Л.Ог “машин удаан яваад байна” гэх шалтгаанаар маргалдаж хүзүүний ороолтыг татаж чангаасан, араас боож догшин авирласан,
2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Б сумын Т багт хохирогч Л.О нь хүүхдүүдтэй муухай харьцлаа гэх шалтгаанаар маргалдсаны улмаас шөнө гэр бүлийн гишүүдийг гэрээс хөөсөн мөн “машинаар дайрч ална, бензин асгаж шатаана” гэж догшин авирласан,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэрт явж байхад “танайхан миний амьдралд оролцоод байна, танайхныг 30 сумтай ака буугаар шүршиж ална” гэх мэтээр догшин авирласан мөн хажуугаас гараараа нударч зодсон зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд “Ц.Бийг Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэр бүлийн харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийг хамааруулна.
Шүүгдэгч Ц.Б, хохирогч Г.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.О, шүүгдэгч Ц.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан идэвхитэй үйлдлээр илрэх бөгөөд байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасан үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа хийснийг ойлгоно.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилго болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлжээ.
Энэ зорилгыг хангах хүрээнд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Б.М нарын гаргасан “....шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, намайг удаа дараа эхнэр Л.Ог зодож, догшин авирласан үндэслэлээр буруутгадаг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогддоггүй...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:
Ц.Бийн үйлдсэн хэргийн талаар гэрч, хохирогч нар тогтвортой мэдүүлсэн байх ба хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд болох гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хөвсгөл аймгийн Б сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийг урьд нь Сум дундын 27 дугаар шүүхийн 00 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байхад шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “ял шийтгэлгүй” гэж тодорхойлсон алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/390 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД З.ХОСБАЯР
Л.ЭРДЭНЭБАТ