| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0021/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 35
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч A- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* т холбогдох эрүүгийн 1718001730098 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* , 1965 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Шүүгдэгч A- нь Дархан-2 *******-ын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шатахуун борлуулсны орлогын нийт 32 913 088 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч A- нь НИК Дархан-Уул аймаг дахь *******эрхлэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 31-ний хооронд шатахуун борлуулсны орлогоос нийт 32 913 088 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан болох нь
Шүүгдэгч A-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
Миний бие 2014 оны 12-р сараас Дархан-2 шатахууны түгээх станцад түгээгчээр ажилд ороод 2015 оны 7-р сараас Дархан-2 шатахуун түгээх станцдаа эрхлэгчээр ажиллах болсон. Би ажиллаж байх хугацаандаа хэвийн алдаа дутагдал гаргахгүй ажилладаг байсан бөгөөд байнгын харилцагч хэрэглэгч нартаа сарын эцэст төлөхөөр тохирч зээлээр шатахуун өгдөг байсан. Хааяа сарын эцсээр тооцоо хийх болоход шатахуун зээлээр авсан харилцагч нар нь зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд бусад найдвартай бэлэн мөнгөтэй хэрэглэгч нараас бэлэн мөнгө зээлж сарын эцсээр гарсан зээлийн үлдэгдлээ дараад дараа сардаа зээлгүй өргүй гардаг байсан. Яагаад ингэдэг бэ гэхээр манай байгууллагын салбарын эрхлэгч, нягтлан бодогчийн эрх хэмжээгээр шатахуун зээлээр өгөхийг хориглодог гэвч амьдрал дээр шатахууныхаа борлуулалтыг нэмэгдүүлж, орлогоо өсгөхийн тулд түүнийгээ дагаад сарын цалингаа гайгүй авахын тулд бид нар найдвартай хэрэглэгч нартаа шатахуун зээлээр өгдөг байсан. Тухайн сарын эцсээр зээлтэй өртэй гарвал байгууллагаас тодорхой арга хэмжээ авах, ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг. Тэгээд сарын эцсээр өртэй гарахгүйн тулд тооцоогоо хийгээгүй хэрэглэгчийн өмнөөс бусад хэрэглэгч нараас бэлэн мөнгө зээлж сарын эцсээр зээлийг нь дардаг байсан. Зээлийг нь дарахын тулд бусад хэрэглэгч нараас бэлэн мөнгө зээлэхдээ дараа сард нь манай байгууллагаас шатахуун түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байхыг би өөрөө санал болгож мөнгө зээлдэг байсан. Нэг үгээр хэлбэл ирэх сард манай байгууллагаас авах шатахууныхаа мөнгийг урдчилж наана нь өгөөд манай шатахуун түгээх станцаас зах зээлийн үнээс хямд үнээр шатахуун өгөхөөр тохирч би бэлэн мөнгө зээлдэг байсан. Тэгээд хэрэглэгч нараас зээлсэн мөнгөө дандаа өөрийнхөө Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлж авдаг байсан. Хэрэглэгч нараас зээлж авсан мөнгөө байгууллагын орлого руу л хийдэг байсан. Зарим хэрэглэгч нар тооцоогоо бэлнээр хийдэг зарим нь дансаар хийдэг. Дансаар хийдэг хэрэглэгч нарын мөнгийг би өөрийнхөө дансаар авчихаад сарын эцсээр мөнгөө нийлүүлж байгаад байгууллагын данс руу шилжүүлдэг. Өөрийнхөө дансаар авч байгаа борлуулалтын мөнгөнөөс би сард 10 000, 20 000, 30 000 төгрөгөөр бага багаар хэрэглээндээ зарцуулчихдаг байсан. Гэхдээ миний өөрийн дансанд бас үлдэгдэл мөнгө байдаг. Ингэж явсаар байгаад хэрэглэгч нараас зээлж авсан бэлэн мөнгөндөө хямд шатахуун өгөөд зах зээлийн ханшнаас багаар бодож өгсөн шатахууны зөрүү нь над дээр өр болон үүсч явсаар энэ мөнгөн дүн нь нэмэгдсээр байгаад ийм хэмжээний болоод би төлж чадахаа болиод 2017 оны 7-р сарын 31-ний өдөр их хэмжээний өр үүсээд нягтлан бодогчоор тооцоо гаргаад 32 913 088 төгрөг болсон. Үүнийг би хүлээн зөвшөөч байна. Би төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...A- нь “*******ХХК-д 2014 оны 10-р сарын 01-ний өдөр анх түгээгчээр ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны 8-р сарын 01-ний өдрөөс Дархан-2 Шатахуун түгээх станцын эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Манай компани сар болгоны сүүлийн өдөр тооцоогоо тоолж хийгээд тайлангаа авдаг. Өмнөх саруудад ******* эрхлэгчийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал болон өр авлага гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 6-р сарын эцсийн тайлангаар 22 470 283 төгрөгийг борлуулалтын орлогоос дутаасан. Яагаад борлуулалтын орлогоос дутаасан талаар өөрөөс нь тодруулахад найдвартай хүмүуст шатахуун зээлээр өгсөн байгаа найдвартай 10 хоногийн дотор төлж барагдуулна санаа зоволтгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид нар өөрийнх нь хэлж байгаагаар нь 10 хоног хүлээсэн. Тэгээд баяр наадам болоод хугацаа яваад байдаг мөнгөө төлж барагдуулахгүй байсан тул ажлыг нь хүлээлцээд мөнгө төгрөгөө төлүүлэхээр болоод 1 сарын дараа буюу 2017 оны 7-р сарын 31-ний өдөр дахиад тооллого хийхэд нийт 32 913 088 төгрөг дутаачихсан байсан. Мөнгө төгрөгөө хаана юунд зарцуулсан юм бэ өрөнд орчихсон юм уу гэхээр дуугардаггүй. Жишээ нь: гэхэд ******* ХХК нь 2017 оны 7-р сард 2 тонн түлш аваад 3 440 000 төгрөгийг бэлнээр ******* т өгсөн байсан гэтэл тэр мөнгө нь манай байгууллагын дансанд огт ороогүй бас “*******” ХХК нь шатахууны мөнгөө ******* ын хувийн данс руу урдчилж мобайлаар шилжүүлчихээд дараа нь цувуулж авдаг гэж байсан тэр мөнгө нь бас манай байгууллагын данс руу ороогүй. Бид нар хувь хүн болон байгууллагад зээлээр өгчихсөн бол байгууллагын мөнгө учраас араас нь хөөцөлдөе гэхээр нь хэнд өгсөнөө хэлэхгүй. Сүүлдээ бид нарын утасыг авахаа больсон. Манай байгууллагын Дархан 2 шатахуун түгээх станц нь А92, 95, дизель болон тос тосолгооны материал зарж борлуулдаг. Энэ А92, 95, дизель түлшний түгээгүүр нь тус тусдаа тоолууртай, сарын эцэст тоолуурынхаа заалтыг аваад, саван дахь шатахуунаа хэмжээд, тос тосолгооны материалаа тоолж үзээд тухайн сарын нийт борлуулалтаас гаргаж ирээд байгууллагад бэлэн, бэлэн бусаар тушаасан баримтуудыг тулгаж үзээд тооцоогоо гаргадаг. 2017 оны 5-р сарыг дуустал Дархан-2 ШТС-н хувьд ямар нэгэн дутагдал өр гараагүй байсан. Тэгээд 2017 оны 6-р сарын сүүлийн тооллогоор дутагдал гарч эхэлсэн. ******* нь өөрийн хувийн дансаараа борлуулалтын мөнгө авах ёсгүй, Манай байгууллага бүх банкны данстай орлогын мөнгийг өөрийнхөө данс руу биш байгууллагын дансны дугаарыг өгөөд мобайлдуулах боломжтой байхад өөрийнхөө дансаар борлуулалтын мөнгө аваад байгаа нь хувийн ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэж үзэж байна. Ер нь борлуулалтын төлөвлөгөө байгаа мөн борлуулалтаасаа хамаарч урамшуулалт цалин авдаг учраас мэдээж борлуулалт өндөр байвал байгууллага ажилтан хоёрт аль алинд нь ашигтай. Гэхдээ борлуулалтаа өсгөх гээд зээлээр шатахуун борлуулж болохгүй. Энэ дутагдалаар гаргаад байгаа 32 913 088 төгрөг нь шатахууны дутагдал биш цэвэр борлуулалтын орлогын дутагдал байгаа юм. Энэ хэмжээний шатахуун зарагдчихсан байхгүй гэтэл мөнгө нь буюу орлого нь байхгүй байгаа юм. ...Манай байгууллагын борлуулалтын орлогоос дутагдсан 32 913 088 төгрөгийг төлж барагдуулаад хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би ******* ыг Дархан-2 Шатахуун түгээх станцад ажилладаг гэдгээр нь танина. Би 2017 оны 3-р сараас хойш танидаг жолоочоосоо хямд бөөний үнээр түлш зардаг гэж сонсоод Дархан-2 Шатахуун түгээх станцаас түлш авдаг болсон. Бид нар түлш авахдаа түлшнийхээ мөнгийг урьдчилж ******* ын Хаан банкны ******* дугаарын данс руу 1 литрийг нь 1400 төгрөгөөр бодож шилжүүлчихээд ирэх сард нь түлшээ 1400 төгрөгөөр бодож авдаг. Түлшээ яг авах гээд очихдоо ******* луу утасаар яриад ******* цаашаа түгээгч нартаа манай машины номерыг хэлчихдэг тэгээд түлшээ очоод авчихдаг байсан. ******* ер нь сарын 25-30-ны хооронд бэлэн мөнгө аваад дараа сард нь бид нар түлшээ хямдаар бодож авдаг. Бөөний үнээр зарж байгаа тул ирэх сард хэдэн литр түлш авах ёстой түүнийхээ мөнгийг урьдчилж шилжүүлэх хэрэгтэй цааш нь тушаадаг гэсэн ойлголт өгсөн учраас бид нар мөнгөө урьдчилаад өгчихдөг байсан. Тэр мөнгөө аваад цааш нь юу хийдэг тушаадаг үгүйг нь бол мэдэхгүй байна. Би хамгийн сүүлд 2017 оны 6-р сарын 26-ны өдөр ******* ын ******* дугаарын данс руу 3 200 000 төгрөг шилжүүлсэн дараа нь 2017 оны 6-р сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн ингээд нийт 3 тонн түлшний үнэ 4 200 000 төгрөг шилжүүлээд 1.5 тонн түлшээ авчихсан. Үлдэх 1.5 тонн түлшээ аваагүй байгаа. Сүүлд сонсох нь ******* нь ажлаасаа гарчихсан байсан. 1.5 тонн түлшний үнэ буюу 2 100 000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 42/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 6-р сарын 30-ны өдөр 2 700 000 төгрөгийн шатахуун аваад уг хүний Хаан банкны ******* дугаарын данс руу өөрийнхөө данснаас шилжүүлсэн. 6-р сард хийгдсэн өмнөх гүйлгээнүүдийг нь сайн санахгүй байна. Ерөнхийдөө бол ихэвчлэн бэлнээр тооцоо хийдэг байсан гэх мэдүүлэг /хх 44/,
Гэрч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн:
...Ихдээ гэхэд 700 000 төгрөгөөр багадаа 200 000 төгрөгийн шатахуун аваад сар болгоны эцэст тогтмол төлдөг байсан. 2017 оны 6-р сар хүртэл байгууллагынх нь дансанд хийдэг байсан. 6-р сард надад өөрийнхөө дансыг өгсөн байсан. 2017 оны 7-р сарын 20-нд аваад сарын сүүлд ******* ын данс руу хийсэн гэх мэдүүлэг /хх 46/,
Гэрч*******ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би Дархан-2 ШТСтанцаас түлш авахдаа бэлнээр тооцоо хийж байгаагүй. Ихэвчлэн дандаа ******* ын дансаар урьдчилаад шилжүүлчихдэг байсан. Би өмнө нь нилээн хэдэн удаа урьдчилж ******* ын өгсөн данс руу мөнгөө шилжүүлчихээд дараа сард нь тэр мөнгөндөө тааруулж түлш авдаг байсан. Тэгж дараа сардаа түлш авахдаа зах зээлд зарагдаж байгаа түлшний үнийн дүнгээс 200 орчим төгрөгөөр хямдаар авдаг байсан. Энэ нь надад ашигтай байдаг байсан учраас түлшнийхээ мөнгийг урьдчилаад ******* ын данс руу шилжүүлчихдэг байсан. Би ******* ын өгсөн Хаан банкны данс руу шилжүүлчихдэг байсан. Одоо тэр дансны дугаарыг нь сайн санахгүй байна. Ер нь би нийт 3 удаа урьдчилж түлшний мөнгөө шилжүүлж байсан хамгийн сүүлд гэхэд 2017 оны 6-р сарын 29-ний өдөр 1 200 000 төгрөгийг ******* ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 7-н сард багтаагаад өгсөн мөнгөндөө түлшээ хямдралтай үнээр авч дуусссан. Сүүлд нь 600 000 төгрөгөнд түлш авах дутуу байсан чинь ******* тай гудамжинд тааралдаад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн чинь ******* 600 000 төгрөгийг над руу мобайлаар шилжүүлчихээд явсан. Тэр үед ******* өөрийгөө амарч байгаа гэж хэлж байсан. Тухайн үед 1 литр түлшийг 1780 төгрөгөөр зарагддаг байсан санагдаж байна. Тэгээд урд сард ******* түлшнийхээ мөнгийг урьдчилж шилжүүлээд ирэх сардаа Дархан-2 ШТСтанцаас 1 литр түлшийг 1400-1500 төгрөгөөр бодож урьдчилж шилжүүлсэн мөнгөндөө тааруулж авдаг байсан. Би түлш авах гээд явж байхдаа ******* луу утсаар ярьж ******* цааш түгээгчидээ хэлчихье гэдэг байсан. Тэгээд л би очоод түлшээ авчихдаг гэх мэдүүлэг /хх 49-50/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би Дархан-2 ШТС-аас түлш авахдаа 2017 оны 4-р сар хүртэлх тооцоог бэлнээр шууд түгээгч нарт өгдөг байсан. Түүнээс хойш буюу 2017 оны 5-р сараас хойш ******* над руу утсаар яриад манай Шатахуун түгээх станцаас түлш бөөний үнээр авч болно. Бөөний үнэ 200 төгрөгөөр хямд байгаа та бөөний үнээр түлш авахдаа над руу утсаар яриад түлшээ зээлээр авчихаад миний данс руу мөнгийг нь хийж болно гэж хэлсэн. Би Дархан-2 Шатахуун түгээх станцаас түлш авахдаа эхлээд очиж түлшээ авчихаад ******* тай утсаар яриад хэдэн литр түлш авсанаа хэлээд ******* ын Хаан банкны ******* дугаартай данс руу нь мөнгөө шилжүүлчихдэг байсан. Би одоо нийт хэдэн удаа хэдэн төгрөг шилжүүлсэнээ сайн санахгүй байна. Би нэг удаа түлш авахдаа 150-180 литрийг авдаг тэрний мөнгийг тухай бүрт шилжүүлчихдэг тэгэхээр 200 000-280 000 төгрөг шилжүүлдэг байсан. Тухайн үед 1 литр түлш 1650 төгрөгөөр зарагддаг байсан санагдаж байна. ******* надад 1300 төгрөгөөр түлш зардаг байсан. Би 1300 төгрөгөөр бодож авдаг байсан. Би түлшний мөнгөө урдчилж өгч байгаагүй. Би тэгж их хэмжээгээр мөнгө урдчилж өгөх боломжгүй түүнийгээ би ******* т хэлсэн. ******* надад мөнгө урдчилж өгөөд дараа сард нь хямдралтай үнээр түлш авах талаар санал тавьж байсаан би боломжгүй гэдгээ хэлсэн. Харин би зээлээр түлшээ аваад дараа нь мөнгийг ******* ын данс руу шилжүүлдэг байсан. Түлшээ зээлээр авахдаа 1 литрийг нь 1300 төгрөгөөр авдаг байсан гэх мэдүүлэг /хх 51/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Манай салбар ер нь борлуулалт багатай тул хэдэн үйлдвэртэй л харьцдаг. Түгээгч нар 24 цаг гараад бэлэн орж ирсэн орлогоо маргааш өглөө нь буухдаа тушаагаад бие биедээ лац ломбоо хүлээлгэж өгчихөөд буудаг. Өөр өөрсдийнхөө ажлыг л хийдэг. Манай салбараас 2-3 том ачааны машинууд түлш авдаг байсан. Эрхлэгч бас борлуулалтаа бодоод хэдэн машинд түлш өгч байя гэж ярьж байсан. Борлуулалт сайн байвал бид нарын цалин нэмэгдэх учраас тэгсэн байж магадгүй. Бид нарыг ээлжтэй байх хугацаанд эрхлэгч бид нар луу утсаар яриад одоо тийм номер дугаартай машин очино тэдэн литр түлш өгөөд явуулчихаарай гэхээр нь бид нар өгөөд явуулчихдаг байсан. Ер нь бол 2-3 том ачааны машин тэгж түлш авдаг байсан. Бид нар эрхлэгчийг өөрөө ярьсан тохиолдолд нь өгдөг. Бид нар өөрсдөө дур мэдэж зээлээр өгөхгүй, эрхлэгчийг утсаар ярьсан тохиолдолд л хэлсэн машинд нь хэлсэн хэмжээгээр нь түлшийг нь өгч явуулдаг байсан гэх мэдүүлэг /хх 53/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 123/,
Дархан-2 шатахуун түгээх санцтай тооцоо нийлсэн акт /хх 84/, *******ХХК-ны 2017 оны кассын тайлан /хх 82/, Тулгат шийр ХХК-ны 2017 оны кассын тайлан /хх 83/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 105-108, 117-119/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө завшиж хуулийн этгээдэд 32 913 088 төгрөгийн хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас "НИК" ХХК-нд учруулсан 32 913 088 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ******* гийн нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг тус тус шүүгдэгч A-аас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 62-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа зэргээс дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч A-ын эзэмшлийн Дархан сумын 3-р багийн *******тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 651.0 мкв газрыг прокурорын 2017.11.15-ны өдрийн 56 дугаар тогтоолоор битүүмижлсэн байх бөгөөд дээрх газар нь 2017.8.18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийн, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн 2017.9.08-ны өдрийн 000455171 дугаартай гэрчилгээгээр иргэн Б.Баярсүрэнгийн эзэмшилд шилжсэн өөрөөр хэлбэл уг газрын битүүмжлэхээс өмнө өөр эзэмшигчийн өмчлөлд шилжсэн байх тул хохирлын нөхөн төлүүлэх боломжгүй,
Шүүгдэгчийн эзэмшлийн гэх 80 000 төгрөгийн үнэ бүхий IPone-4 маркийн гар утас, 680 000 төгрөгийн үнэ бүхий унтлагын өргөн ор, 850 000 үнэ бүхий бүхий Sharp маркийн 40 инчийн LSD зурагт, 650 000 төгрөгийн үнэ бүхий Toshiba маркийн хөргөгч зэрэг нь шүүгдэгчийн хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн "гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхгүй" байх шударга ёсны зарчмын дагуу дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай тогтоолыг /хх 6/ хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө завшиж "НИК" хариуцлагатай хувьцаат компанид 32 913 088 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч A-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Александарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч A-аас 35 013 088 төгрөг гаргуулж "НИК" хариуцлагатай хувьцаат компанид 32 913 088 /гучин хоёр сая есөн зуун арван гурван мянга наян найм/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн 2-2-б тоотод оршин суух *******/РД*******/-д 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.
5.Шүүгдэгч A-ын 80 000 төгрөгийн үнэ бүхий IPone-4 маркийн гар утас, 680 000 төгрөгийн үнэ бүхий унтлагын өргөн ор, 850 000 үнэ бүхий бүхий Sharp маркийн 40 инчийн LSD зурагт, 650 000 төгрөгийн үнэ бүхий Toshiba маркийн хөргөгч, Дархан сумын 3-р багийн *******тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 651.0 мкв газар зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч A-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ