Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн .......... холбогдох,

616,252 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А........ хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н......... /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А....... хариуцагч Завхан аймгийн ........ газраас 616,252 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч А........ нь хариуцагч Завхан аймгийн ........н газарт холбогдуулан тус газрын даргын 2025 оны 01-р сарын 25-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл оногдуулсаны улмаас 2025 оны 02-р сараас 615,252 төгрөгийг хасч тооцогдсон. Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаа хүчингүй болгосон тул цалингаас суутгасан мөнгөн дүн болох 616,252 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн байна.

3. Нэхэмжлэгч А.......... нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие А......... нь Завхан аймгийн ....... газарт Захиргаа, хяналтын хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд надад тус газрын даргын 2025 оны 01-р сарын 25-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Завхан аймгийн .......... газрын даргын 2025 оны 06-р сарын 17-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар 2025 оны 06-р сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаа хүчингүй болгосон болохыг 2025 оны 06-р сарын 18-ны өдрийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06-р сарын 18-ны өдрийн 02/1369 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариугаар мэдсэн болно. Иймд хариуцагч Завхан аймгийн ..........газраас 66,252 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ........газар хариу тайлбартаа: 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлхэд Хангалтгүй үнэлгээ авсан. Хэлтсийн даргад сахилгын шийтгэл ногдуулсан.

сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгуулахаар Ажлын хэсэг байгуулсан боловч тус ажлын хэсгийн гишүүд үндэслэлийг шалган тогтоох үлй ажиллагааг гүйцэтгэхээс татгалзсан. Энэ талаар Төрийн албаны зөвлөлд өмнө тайлбар хүргүүлэхэд ....... манайд гомдол гаргасан байгаа та шийдвэрээ хүчингүй болговол зөв гэж Төрийн албаны зөвлөлийн газрын дарга ....... гэдэг хүн утсаар ярьсан.

Зөвлөсний дагуу шийдвэрээ хүчингүй болгосон. Миний хувьд шийдвэрээ хүчингүй болгох хүсэл байгаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн хагас бүтэн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төсвийн захирагч буюу дээд шатны албан тушаалтны хувьд үнэлээд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоон шийдвэрийг гаргасан. Монгол улсын ЗГХЭГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2 дахь заалтыг энэ тохиолдолд хэрхэн хэрэглэх, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгаа. Энэ талаар чиглэл арга зүйн зөвлөгөө авахаар Төрийн албаны зөвлөлд хүслэт явуулсан. Хариу нь ирээгүй байна гэжээ.

4. Нэхэмжлэгч А.........Завхан аймгийн......... газар нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулж шийдвэрлэсэн байна.

Улмаар хариуцагч Завхан аймгийн ........ газар нь дээрх тушаалаа 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/43 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Завхан аймгийн ........ газар нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар А......... үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулж, улмаар уг тушаалаа 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/43 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ажилтан А.........сахилгын арга хэмжээ авагдаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл А....... авсан үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах туай сахилгын арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул түүнд сахилгын арга хэмжээ авагдаагүй байна.

Иймд Завхан аймгийн ........ газраас А.Мя......... үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулж олгосон цалинг буцаан олгох нь зүйтэй

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид ...........олгох нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн .......н газраас 616,252 /зургаан зуун арван зургаан мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.М........ олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,138 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,138 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ