Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч A- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Монгол A-д холбогдох эрүүгийн 1718000060002 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Монгол A-, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт - сумын 2 дугаар баг - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, -  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч A- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг 52 дугаар зөрлөг гэх газар оршин суух иргэн ******* ынд малчнаар ажиллаж байхдаа гэрээс нь хаш соруултай гаанс 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг зэргийг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч A- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан- Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 52 дугаар зөрлөг гэх газар оршин суух иргэн ******* ын гэрт малчнаар ажиллаж байхдаа гэрээс нь хаш соруултай гаанс 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг зэргийг хулгайлж 5 400 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч A-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* ахын гэрт мал маллаж байгаад тэр айлд байсан монгол архийг уугаад согтсон байсан. Тэгээд гэрт байсан мөнгөн аяга 6 ширхэг, хаш чулуун гаанс, мөнгөн хазаар, ******* ахын цэнхэр өнгийн үстэй дотортой монгол дээлийг нь өмсөөд гадаа хашаан дотор байсан хүрэн халзан морийг унаад тэдний гэрээс явсан. Би гарч яваад Цайдам орж морио Цайдамын зам дээр сул тавьж орхиод замын машинд гар өргөж суугаад Улаанбаатар хот руу явсан. Би хотод очоод шууд Хархорин зах дээр очоод гадаа нь зогсож байсан алт мөнгө авдаг 40 орчим насны эрэгтэй хүнд мөнгөн хазаар 1 ширхэг, 6 ширхэг мөнгөн аяга, хаш чулуун гаанс 1 ширхэг, цэнхэр өнгийн үстэй дотортой дээл 1 ширхэгийг 550 000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө өөртөө гутал, өмд, куртика авсан. Тэгээд би 3, 4-р хороололд байдаг нэг караокед орж 1 шил архи ганцаараа уусан. Тэгээд дахиж согтоод зүүн салааны эцсийн буудалд орж хоносон.Өглөө нь Баруун салаанд байдаг хамаатны ах ******* ахын гэрт 1 шил архи авч очоод ******* ахтай хувааж уугаад байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч ******* ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг,

   Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн:

            Дарханд зах дээр явж байгаад барилгын материал зардаг хэсэгт A- гэх залуутай таарсан. Урьд өмнө манай гэрт 5 хоног туслах малчин хийж байсан залуу. Тэр өдөр надтай таараад танайд очиж туслах малчин хиймээр байна гэхээр нь тэгээ гэж хэлээд салсан. Хоёр хоногийн дараа манай ээж дээр ирсэн байсан. Би очоод хөдөө гэртээ авчирсан. Тэгээд манай гэрт 10 хоносон байхаа би 2017 оны 12-р сарын 21-ны орой ******* г ганцааранг нь үлдээгээд эхнэр хүүхдээ аваад Дархан орсон. Маргааш нь манай хажуу айлын эхнэр миний утас руу залгаад танай туслах малчин ******* алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө гэртээ очоод үзэхэд авдар дотор байсан мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, үстэй дотортой дээл 1 ширхэг, хаш гаанс зэргийг аваад, гадаа тэжээж байсан сартай хүрэн морь унаад явсан байсан. Тэгээд би тэр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Миний алдсан зүйлүүдээс 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар, хаш гаанс 1 ширхэг, цэнхэр өнгийн хурган дотортой дээл 1 ширхэг, сартай хүрэн морь зэрэг эд зүйлүүдээ буцааж авсан. Нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга олдохгүй алга болсон байна. Энэ мөнгөн аягыг олоод өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

            Гэрч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би “Хар хорин” зах дээр зогсож байсан. Гэтэл туранхай бор царайтай цэнхэр дээл өмссөн 1 залуу ирээд мөнгөн аяга авах уу гэж асуусан. Үзье гээд хэлсэн чинь мөнгөн хазаар 1 ширхэг, аяга 5 ширхэг, 1 ширхэг гаанс мөн цэнхэр өнгийн үстэй дээл харуулсан. Тэгээд би хэдээр зарах гэж байгаа юм гэж асуухад та өөрөө үнээ хэл гэсэн. Тэгээд би бүгдийг нь 500 000 төгрөгөөр авъя гэхэд 550 000 төгрөгөөр ав гэхээр нь авсан. Ингээд тэр залуу салаад явчихсан. Хаашаа явсаныг нь сайн мэдэхгүй. Тэр худалдаж авсан зүйлээ дүүдээ өгөөд явуулсан. Дутаасан зүйл байхгүй бүгд бүрэн байгаа гэх мэдүүлэг /хх 15-16/,

   Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3, 4-6/, алдагдсан эд зүйлийг зах зээлийн зээлийн үнээр 5 400 000 төгрөгөөр үнэлсэн тухай "Капитал зууч" ХХК-ны үнэлгээний тайлан /хх 21-22/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж 5 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 37-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан 5 400 000 төгрөгий үнэ бүхий эд зүйлээс 5 250 000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар эргүүлэн авч үлдэх 150 000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын мөнгөн аягыг буцаан аваагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч A-гээс 150 000 төгрөг гаргуулж хохирогч ******* д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Монгол A-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч A-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч A-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч A- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч A-гээс 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 52 дугаар зөрлөгт оршин суух хохирогч Норслойн ******* /РД:ОЛ82102377/-д олгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч A-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ