Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 40

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч H- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Луу гүн H-д холбогдох эрүүгийн 1718003170182 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Луу гүн H-,- -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, - настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн - тоотод оршин суух, Дархан, --нд монтёр ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч H- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний үеэр Д.Намдагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч H- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний үеэр Д.Намдагийг зодож эрүүл мэндэд нь “доод эрүүний битүү хугарал, доод эрүү, хацарны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

 

            Шүүгдэгч Д.Нямлхагвын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Ус суваг ХК-ны зааланд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тухайн үед Дашням намайг манай сумын багт ороод сагсан бөмбөг тоглоод өгөөч гэж гуйхаар нь 14 цагийн алдад очсон. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс иргэний үнэмлэхийг үзчихээд Дарханд төрсөн Дарханы хаяг регистртэй тул оруулахгүй гэсэн. Тэмцээн Увс аймгийн гаралтай залуучуудын дунд зохион байгуулагдаж байсан.

            Тэгээд тэмцээн үзээд сууж байтал Дашнямын сумынхан буюу Увс аймгийн Малчин сумынхан Увс аймгийн бас нэг сумынхантай тоглож байгаад тоглолт дууссаны дараа эсрэг багийнхантайгаа маргаад заалнаас гараад жижиг хэмжээний зодоон болсон. Тухайн үед намайг заалнаас гарахад харанхуйд хэн нь намайг цохисныг би мэдэхгүй миний зүүн шанаа руу цохисон. Гэхдээ тухайн үедээ би айхтар бэртэл гэмтэл аваагүй жижиг хэмжээний хумсны шарх үүссэн.

            Ингээд салаад буцаад тэмцээн зохион байгуулагдаж байгаа зааланд ороод Дашнямын сумынхантай тоглоод муудалцсан эсрэг багийнханд би уурлаад хамгийн захад нь зогсож байсан тэдний багийн нэг залууг /танихгүй/ баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохичихоод заалнаас гараад явчихсан. Гэтэл хэд хоногийн дараа цагдаагаас дуудахаар нь очоод уулзтал миний баруун шанаа руу нь цохисон залуугийн эрүү нь хугарсан байсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн эмчилгээний зардалд 4 000 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

 

   Хохирогч H- мөрдөн байцаалтад өгсөн:

    2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт "Увс1" оюутны холбооноос зохион явуулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд найзынхаа найзуудын хамтаар тоглохоор би Улаанбаатар хотоос Дарханд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Тэмцээн 22-ны өдрийн 09 цагийн орчим "Дархан-Ус суваг"-ын спорт зааланд болсон. Ингээд манай Тэс сумын баг сагсан бөмбөгийн тэмцээнд Малчин сумын багийг зооноосоо хожиж гарч ирсэн. Тэгтэл тоглолт дууссаны дараа манай багийн Янсанжав бие засахаар гадагш гарахад Малчин сумын багийнхан гадаа Янсанжав руу дайраад зодох гээд байсныг сонсоод Янсанжавыг манай багийнхан өмөөрөөд гадагш гарсан. Гадаа жижиг хэмжээний зодоон /барилцаж авч ганц нэг цохисон/ маргаан болсон. Гадаа маргаж барилцаж авсан асуудлаас гэмтсэн бэртсэн хүн байхгүй бид нар ч гэсэн Малчин сумын залуучуудаас салаад зааланд орж ирээд байж байтал Малчин сумын залуучуудын найзууд гээд Дарханы 2-3 залуу зааланд орж ирсэн. Ингээд би багийнхантайгаа заалны буланд байж байтал хамгийн захад зогсож байсан намайг танихгүй одоо бол нэрийг нь мэддэг болсон Нямлхагва гэх залуу гараа атгаж байгаад миний баруун доод эрүү рүү нэг удаа цохисон. Тэгтэл миний эрүүний хэсэгт янгинаад явчихсан. Ёолоод би эрүүгээ бариад доош суусан амнаас цус гараад эхэлсэн. Миний эрүү хугарсныг би ойлгоод эмнэлэг дуудаарай гэж багийхандаа хэлсэн. Түргэн тусламжийн машин ирж намайг Дарханы Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүлээн авахын эмч рентгенд эрүүг хараад зөрүүтэй хугарсан байна. Дарханд эрүү хадуулах хагалгаанд орох уу гэхээр нь Дарханд надад хамаатан садан таньж мэдэх хүн байхгүй гэхэд Улаанбаатар луу явах бичиг, өвчин намдаах тариа хийж өгөөд явуулсан. Ингээд би таксигаар Улаанбаатар хотод тэр шөнөдөө ирээд ахындаа ирээд 2 цаг амраад өглөө нь Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлэхэд эрүү чинь зөрүүтэй хугарсан байна гэсэн. Хагалгаанд орж эрүүгээ хадуулах шаардлагатай гээд би шинжилгээ өгөөд очерь дугаараа хүлээж байгаад 2017 оын 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын 1-р төв эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт хагалгаанд орж эрүүндээ 4 хадаас хадуулж эмнэлэгт 7 хоноод гэртээ гарч үргэлжлүүлэн эмчлүүлсэн. 10 хоногийн дараа оёдлоо авахуулж 24 хоногийн дараа шүдний чигээ авахуулсан. Одоо л гайгүй сайн ярьж хоол унд идэж эхэлж байгаа. 3 сарын дараа дахин хагалгаанд орж хадаасаа авахуулах шаардлагатай байгаа. Эрүүгээ хугалуулахад миний үүдэн доод 1 шүд, доод баруун араа, 1 шүд зэрэг хөдөлгөөн орж мултарч унасан. Түүндээ мөн эрүүний хадаас авахуулсны дараа шүд хийлгэх шаардлагатай гэсэн. ...Нямлхагва нь тухайн үед Малчин сумын залуучуудтай хамт явсан. Тэднийг өмөөрч л Нямлхагва намайг баруун шанаа руу гараараа 1 удаа хүчтэй цохиод эрүүг маань хугалсан. Цохихдоо юм хэлээгүй. Цохиулж гэмтэх үедээ би хамгийн захад зогсож байсан тэгээд л намайг цохиж таарсан байх гэж бодож байна.

Үүнээс болж би эмчилгээ хагалгаа хийлгэж 1 сар гаран хичээлд яваагүй, кредит цагийн төлбөрт орсон байна. Мөн өнөөдрийн байдлаар хагалгаа эмчилгээ хийлгэхэд надаас хагалгааны төлбөр 800 000 төгрөг, өнөөдөр Улаанбаатар хотоос дуудагдаж Дарханд ирж буцсаны 30 000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 22 000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө тушаасан 507 960 төгрөг, мөн Амарсанаа байцаагчид анх Улаанбаатараас Дарханд ирж мэдүүлэг өгөхөд эрүүл мэндийн байдал муу нийтийн тээврээр явах боломжгүй байсан хүний машинд түлш хийж ирсэн 70 000 төгрөг, өвчтэй байсан хугацааны нийт 20,5 кредит цагийн хичээлд суугаагүй төлбөр /нэг кредит цагийн төлбөр 21 000 төгрөг/ 430 500 төгрөг, нийт 860 460 төгрөгийг Нямлхагвагаас нэхэмжилж байна. Мөн үүн дээр дахин хадаас авахуулах хагалгааны үнэ 800 000 төгрөг, ор хоногийн мөнгө 500 000 төгрөг, 2 шүд хийлгэх үнэ нийт 2 сая төгрөг бүгд 5 160 460 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаагаас надад эмнэлэгт хэвтэж байхад Нямлхагва нь хагалгаандаа зарцуулаарай гэж 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн үүнийг хасаад 3 960 460 төгрөгийг Нямлхагва надад төлчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бопно гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Тулгын мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн Ус суваг ХК-ны спорт зааланд Увс аймгийн оюутны холбооноос сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Тэр тэмцээнд би Малчин сумынхаа оюутнууд болох Одгэрэл, Бумбаяр, Мөнх-Эрдэнэ, Сугараа, Дашням, Оршихоо, Батбаяр нарын хамт нэг баг болон оролцсон. Тэгээд хүрэл медалын төлөө Тэс сумаас оролцож байгаа 2 багийн 2017 багтай нь тоглоод хожил байгуулчихаад байж байтал манай багийн Бумбаяр, Одгэрэл хоёрыг 00-ийн өрөөнд ороход нь Тэс сумын 2017 багийнхан зодсон юм шиг байна лээ. Тэгээд байж байтал намайг Тэс сумын 2017 багийн нэг танихгүй залуу дуудахаар нь очтол тэр багийнхан намайг тойрч зогссоноо хэнийг нь мэдэхгүй нэг нь миний элэг рүү цохиод авахад тэр хавьд байсан хүмүүс салгаад тараасан. Заалны гадаа 2017 багийн Янсанжав гэдэг залуутай манай багийнхан маргаан үүсгээд байж байтал тэдний багийнхан бөөнөөрөө гарч ирээд хоорондоо маргалдаж гар зөрүүлцгээсэн. Тэгээд намайг сүүлд спорт заал руу ороход заалан дотор нэг хүүхдийн эрүү хугарчихлаа гээд бужигналдаж байсан. Би түүнээс яг хэн хэний эрүүг яаж цохисоныг хараагүй гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Ц.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би Малчин сумын оюутны багт сэлгээнд тоглосон. Тэгээд тоглолтын дундуур маргаан болж зодоон болсон юм байна лээ. Манай багт тоглож байсан Бумбаяр, Одбаяр хоёрыг Тэс сумын багт тоглосон оюутнууд 00-ийн өрөөнд байхад нь цохьсон гэж байсан. Тэгээд зааланд сууж байхад Тэс сумын багийн ганц хоёр залуус ирээд бид нарыг үгээр дарамтлаад байсан. Тэмцээн дуусаад шагналаа гардаж авсны дараа спорт заалны гадаа маргалдаж зодолдож байгаад салцгаасан. Тэр үйл явдал болохоос өмнө би Нямаа гэдэг найздаа утсаар энд асуудал үүсээд байна гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд заалны гадаа үүссэн зодоонд Нямаа оролцож байгаад бас зодуулсан. Нямаа бас 3 найзыгаа дуудахад 3 залуу хүрч ирээд заалан дотор орж Тэсийнхэнтэй уулзахын завдалгүй өөдөөс зодолдсон. Тэгж байтал нэг залуугийнх нь эрүү нь хугарчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх 33/,

 

Гэрч Ч.Гантогтохын мөрдөн байцаалтад өгсөн:

 

Тухайн залуу бор царайтай, өндөр нуруутай, 20 орчим насны, хар өнгийн куртик өмссөн, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Тэр залуу манай Увс аймгийн харьяат биш Дарханых бололтой байсан. Тэр залуу Намдагийн эрүү рүү гараараа нэг удаа цохичихоод заалнаас шууд гараад явсан. Харин Намдаг тэр залууд цохиулчаад эрүүгээ дараад сандал дээр суугаад ёооё гээд байсан. Тэгээд бүгд эмнэлэг дуудна гээд бужигнасан гэх мэдүүлэг /хх 35/,

Гэрч Ж.Дорлигжавын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...намайг заалны үүдэнд ганцаараа зогсож байсан чинь Малчин сумын залуус дуудахаар нь яваад очтол намайг зодох гээд тойроод автал дотроос манай багийн залуус гарч ирээд хоорондоо маргалдаж бага зэрэг зодолдож байгаад тэд нар зугтаагаад явчихаар нь багийнхаа залуусыг дагуулаад заал руу буцаж орсон. Тэгтэл бид нарыг заалан дотор сууж байтал гаднаас Малчин багийн тэмцээнд орсон залуус өөр бас танихгүй залуутай ороод ирсэн. Тэр танихгүй залуу манай багийн Намдагийг хажуугаас нь толгой руу нь цохиход Намдаг газар уначихсан. Тэгээд босч ирээд миний эрүү хугарчихлаа гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс нөгөө залуусыг салгахад тэд нар бүгд гараад зугтаачихсан гэх мэдүүлэг /хх 40/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны 1057 дугаар дүгнэлт:

 

“1.H- биед доод эрүүний битүү хугарал, доод эрүү, хацарны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 45/, яаралтай тусламжийн хуудас /хх 12/, өвчний түүх /хх 15-21/ амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 22-24/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Д.Намдаг нь эрүүл мэндийн хохиролд 5 160 460 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 1 340 060 төгрөгийн хохирлын баримт авагдаж шүүгдэгчээс 4 000 000 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь хавтаст хэргийн 89-р хуудсанд авагдсан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.     

 

            Шүүгдэгч Д.Нямлхагвын хувийн байдлын талаарх хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл:

            H- нь бага насандаа эцэг, эхийн хайр халамжид өсөөгүй хэдий ч бүрэн бус дунд, тусгай боловсролыг эзэмшиж улмаар ажил хөдөлмөр эрхлэн, зөв хүмүүжил төлөвшил сууж яваа болох нь гэрч Ж.Ханджав "миний дүү Нямлхагва нь 1999.12.26-нд Дархан-Уул аймагт төрсөн. Оюуны-Ирээдүй сургуульд 9-р ангийг төгсөөд үргэлжлүүлэн "Дархан-Өргөө" сургуульд цахилгааны чиглэлээр суралцаж байгаа. Одоо сурахын зэрэгцээ "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх" ХК-нд монтёроор ажилладаг. Цэвэрч нямбай, муу зуршилгүй, ажилсаг, хүний үгийг сайн сонсдог, эцэг, эхдээ халамжтай хүний хайрыг татсан хүү" /хх 43/, гэрч Ш.Оюунмаа "Нямлхагва нь айлын ганц хүүхэд. 3 настай байхад нь эцэг, эх нь салж эцэг нь Нямхлхагвыг 5 настай байхад нь бурхан болсон. Эх нь аваагүй учраас миний эцэг, эх Ханджав, Шавьхүү нар асрамжиндаа авч өөрсдийн хүүхдүүдийн хамт өсгөсөн. Нямлхагва нь маш сайн хүмүүжилтэй" /хх 52/, гэрч Х.Төмөрхүү "манай дүү Нямлхагва нь ааш зангийн хувьд даруухан, ямар нэгэн хорт муу зуршилгүй, ах, эгчийнхээ хий гэснийг хийдэг. "Дархан-Өргөө" политехникийн коллежийн цахилгаан станц сүлжээний 4-р курст сурдаг" /хх 38/ гэх мэдүүлэг, Дархан-Өргөө коллежийн "Д.Нямлхагвыг 2016-2017 оны хичээлийн жилд техникийн боловсролын цахилгаан станц сүлжээний техникч ангид элсэн суралцах тухай" УРИЛГА, "Дархан-Өргөө" политехник коллежийн ажил мэргэжлийн аварга шалгаруулах "Ур чадвар-2016" уралдаанд барилгын цахигаанчин мэргэжлээр амжилттай оролцож Дэд байр эзэлсэн ӨРГӨМЖЛӨЛ зэргээс харагдаж байх бөгөөд H- нь шүүх хуралдаанд насанд хүрсэн хэдий ч хэрэгт холбогдох үедээ 17 нас 10 сар 4 хоногтой байсан зэргээс дүгнэн улсын яллагч, өмгөөлөгч нарын санал оруулсан 450 000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-т "шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно" заасныг баримтлан хохирол нөхөн төлсөн байдал, түүний сэтгэцийн онцлог, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх үүднээс тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч урьд нь ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 68-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Луу гүн Дашжамцын Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Нямлхагвыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч H-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Нямлхагвын 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээг Дархан-Уул аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч H-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ