Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0760

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж******* ГХОХХК /РД:*******/

Хариуцагч: Татварын ерөнхий газар

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс

Маргааны төрөл: Татварын тайланг хүлээн авч бүртгэхгүй байгаатай холбоотой татварын маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г******* хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч Т.Б*******, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж******* ГХОХХК нь Татварын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн 2015 оны 10 дугаар сараас 2023 оны тайлан залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон гэх хариу хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын ерөнхий газарт даалгах, дээрх хугацааны тайланг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгах гэж тодруулан маргасан.

1.1. Нэхэмжлэгч Ж******* ГХОХХК-иас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан "Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар хариу албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, 2015 оны 10 дугаар сараас 2023 оны 12 сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварын тайланг нөхөж бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2026/0038 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Ж******* ГХОХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Татварын ерөнхий газарт холбогдуулан Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн 2. ...2015 оны 10 дугаар сараас 2023 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-г залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна гэх хэсэг хууль бус болохыг тогтоолгож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны тайланг нөхөж бүртгэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар өөрчилж, нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2026/3135 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2026/0371 дугаар тогтоолоор тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Ж******* ГХОХХК-иас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газарт холбогдуулан Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн 2. ...2015 оны 10 дугаар сараас 2023 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-г залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна гэх хэсэг хууль бус болохыг тогтоолгож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны татвар, санхүүгийн тайланг нөхөж бүртгэхийг хариуцагчид даалгах гэж шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлж, өөрчилснийг шүүх хүлээн авсан.

1.4. Дахин Ж******* ГХОХХК-иас Татварын ерөнхий газарт холбогдох дээрх шаардлага бүхий захиргааны хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар нэхэмжлэлээ тодруулсны дагуу тус шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2026/5268 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийг хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

1.5. 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******оос 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны... санхүүгийн тайланг нөхөж бүртгэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаар илэрхийлж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2026/5419 дугаар захирамжаар ...2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны ... санхүүгийн тайланг нөхөж бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох /хэсэг/-гийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж******* ГХОХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.1. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийдвэрээр Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0324 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0291 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.2. Татварын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1312 дугаар албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0324 дугаар магадлалын дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/1153 дугаар албан бичгээр 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-д Ц.Г*******ын цалин хөдөлмөрийн хөлс шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн дүнд орсон өөрчлөлтийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тайланг хавсралтаар хүргүүлсэн тухай Ж******* ГХОХХК-нд мэдэгджээ.

2.3. Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хандан 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/81 дугаартай албан бичгээр хандахад, тус хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/7843 дугаар албан бичгээр ... Ж******* ГХОХХК-ийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/6436 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/95 дугаар албан бичгээр ... Ж******* ГХОХХК-ний 2015 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварын тайланг нөхөн бүртгэж, баталгаажуулах арга хэмжээг хугацаа алдалгүй авч өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргахад, Татварын ерөнхий газраас маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгээр ... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу 2024, 2025 оны тайланг хуулийн хугацаанд багтаан залруулах боломжтой тул харьяа татварын албанд хандан шийдвэрлүүлэх, 2015 оны 10 дугаар сараас 2023 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-г залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна гэх хариуг өгсөн байна.

2.5. Нэхэмжлэгчээс дээрх Татварын ерөнхий газрын хариу албан бичгийг эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Гурав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 211/МА2025/0324 магадлалаар Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь заалтуудыг баримтлан "Ж******* ГХОХХК-ний 2010 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татвар-ын тайланг залруулж, нөхөж бүртгэхийг дүүргийн Татварын хэлтэст даалгаж, Улсын Дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/XT2025/ 0291 тогтоолоор гомдлыг хүлээж аваагүй. Дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 272, 06 дугаар сарын 19-ний өдрийн 355 хариу "Шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан"-ыг баримтлан татварын тайлан шаардаж байгааг буруутгах аргагүй. Шүүх 2025 оны 9 дүгээр сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.6 дугаар зүйлийн 1-т заасан "Гэмт хэрэг гараагүй тухай" лавлагаа, мөн 45.7 дугаар зүйлийн 2-т заасан "Хохирол нөхөн төлүүлэх эрхийг тайлбарласан" хуудас, Шийдвэр гүйцэтгэх алба Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 211/МА2025/0324 магадлалын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай" 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 25-12/879 тогтоол ирүүлснээр 2015 оны 10 дугаар сараас хойш тасарсан тайланг нөхөж бүртгүүлэх хууль эрх зүйн нөхцөл "Ж*******" ГХОХХК-д бүрдсэн.

3.1. 2025 он хүртэл татварын тайлангаа нөхөн бүртгүүлэх, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх хууль зүйн нөхцөл бүрдсэн гэж үзээд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/81 дугаартай албан бичгээр хандсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс энэ асуудлыг Татварын ерөнхий газар шийднэ гээд Татварын ерөнхий газарт манай компанийн гаргасан албан бичгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/6436 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлсэн. Үүний дагуу Татварын ерөнхий газраас 2024, 2025 оны татварын тайланг нөхөж, залруулж оруулаарай. Харин 2015 оны 10 дугаар сараас 2023 он хүртэл хугацааны тайланг нөхөж авах хуулийн хугацаа дуусгавар болсон байна гэдэг хариу албан бичиг өгсөн. Миний бие энэ албан бичгийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Мөн дээрх хугацаанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.7, 45.8-д заасны дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх хуудас ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 4-т "Бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн хүн эрхийг нь тайлбарласан хуудас хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно." гэж заасан.

3.2. Иймд Үндсэн хууль, Монгол Улс нэгдэн орсон олон улсын Хүний эрхийн гэрээ, конвенц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 45.5 дугаар зүйлийн 1, 45.8 дугаар зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 75 дугаар зүйлийн 75.1.2, Монгол Улсын Их Хурлын 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 тогтоолын зүйл заалтуудыг үндэслэн Татварын Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 тоотод дурдсан ...2015 оны 10 дугаар сараас 2023 оны тайлан залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон. гэх хариу хууль бус болохыг тогтоож, Ж******* ГХОХХК-ний гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ноогдуулан суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын Ерөнхий газарт, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус даалгаж өгнө үү гэв.

Дөрөв. Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа:

4.1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл Татварын тайлан үйлдэх тушаах 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана, 29.2 дахь хэсэгт Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна, 31 дүгээр зүйлд Татварын тайланд залруулга хийх 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар баталсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 4.1 дэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ, 4.3 дахь хэсэгт Татварын тайланг залруулах энэ журмын 4.1-д заасан хугацаа өнгөрсөн, ...бол тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй бөгөөд энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ. Эдгээр хууль, журамд зааснаар Татвар төлөгч нь татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж дараагийн татварын жилд багтааж буюу 1 жилийн доторх тайланг нөхөж өгөх, залруулах боломжтой байдаг.

4.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2025/0324 магадлалыг дурдсан байна. Тухайн магадлалд Нийгмийн даатгалын тайлантай холбоотойгоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тогтоолоор Ж ГХОХХК-ийн захирал Ц.Г*******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд тухайн үеийн нийгмийн даатгалын хууль журамд заасны дагуу нийгмийн даатгалын тайланг залруулсан шийдвэр"-ийг үндэслэн тухайн онуудад цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайланд залруулга хийх нь зүйтэй гэж үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрт заасан хугацаанаас хойших тайланг мөн нөхөж залруулна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.3. Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар хариу албан бичигт тухайн хуулийн этгээд нь 2024 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн тайланг залруулах боломжтой гэж өгсөн боловч хуулийн хугацаанд буюу 2025 оны татварын жилд багтаан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн "Ж*******" ГХОХХК-ийн 2015 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуусталх хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар татварын бүртгэл мэдээллийн суутгасан татварын тайлангийн тайлан залруулах хүсэлт болон хоцорсон тайлан тушаах тухайн мэдээллийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн байгууллагад 05/628 нэгдсэн сангаас шалгахад татварын тайлантай холбоотой хүсэлт ирүүлээгүй байсан.

4.4. Нэхэмжлэгч тал 2022 онд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэст холбогдуулан 2014 оны 10 сараас хойш тасарсан тайлан баланс нөхөж бүртгэхийг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хангаж байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны 0337 дугаар шийдвэрээр Ж ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны гомдлыг хангахгүй орхисугай" гэж тус тус шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал дээрх магадлалыг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулах хүсэлтийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.2-т зааснаар 2014 оны 10 сараас хойших тасарсан тайланг нөхөж бүртгэхийг даалгах шаардлагын хүрээнд шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн байхад энэ талаар дахин үндэслэлгүйгээр маргаан үүсгэж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт юм. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Татварын ерөнхий хуульд заасан татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах засварлах журам болон татварын хөөн хэлэлцэх хугацаа холбогдох заалтуудыг зөрчсөн, тухайн тайланг нөхөн өгч залруулснаар татвар төлөгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй бөгөөд хариуцагч Захиргааны байгууллагыг хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийхийг шүүхээр даалгуулахаар нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж*******" ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Тав. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

5.1.Нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр үйлчилж буй Татварын хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл Татварын тайлан үйлдэх тушаах 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана", 29.2 дахь хэсэгт Татварын тайлан тушаах татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлагнах хугацаа адил байна, 31 дүгээр зүйлд Татварын тайланд залруулга хийх 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд Татварын хөөн хэлэлцэх хугацаа 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар баталсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 4.1 дэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ. 4.3 дахь хэсэгт Татварын тайланг залруулах энэ журмын 4.1-д заасан хугацаа өнгөрсөн, тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй бөгөөд энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ гэж холбогдох хууль, журамд зааснаар Татвар төлөгч нь татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж дараагийн татварын жилд багтааж буюу 1 жилийн доторх тайланг нөхөж өгөх, залруулах боломжтой байдаг.

5.2. Нэхэмжлэлийн шаардлага нь утга агуулгын хүрээнд татварын үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцэхгүй нөхцөлийг үүсгэж байна. Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган төлөх албан татвар нь: Ажил олгогч тухайн ажилтанд цалин хөдөлмөрийн хөлс олгохдоо хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төвлөрүүлж тайлагнадаг татвар юм. Гэтэл "Ж*******" ГХОХХК нь тухайн хугацаанд /2015-2024 он/ огт үйл ажиллагaa явуулаагүй, цалин хөлс олгож байгаагүй гэдгээ захирал Ц.Г******* хүлээн зөвшөөрдөг мөртлөө тухайн хугацааны цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг ажилчдад олгосон мэтээр худал тайлан гаргаж нөхөж бүртгэх, хуулиар зөвшөөрөөгүй үйлдэл хийхийг захиргааны байгууллагад шүүхээр даалгуулан шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Ц.Г******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан асуудалдаа төрөөс хохирол нэхэмжлэх нь иргэний хуулийн хүрээнд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал бөгөөд Ж******* ГХОХХК-ийн хувьд татварын тайланг нөхөж бүртгэх үндэслэл болохгүй. Ж******* ГХОХХК-ийн 90 хувийг БНХАУ-ын нэр бүхий 4 иргэн эзэмшдэг бөгөөд 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, цалин хөлс олгоогүй байтал тухайн аж ахуйн нэгжийг цалин хөлс олгосон мэтээр тайлан нөхөн бүртгүүлэх нэхэмжлэлийг хангаснаар татвар төлөгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй бөгөөд их хэмжээний татварын өр үүсэхээр байна.

5.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хилс хэргээр хоригдсон учир тайлангаа нөхөн өгөх үндэслэлтэй гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч компанийнхаа ажилчдадаа энэ хугацаанд цалин, хөлс өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тайландаа компанийн 90%-ийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, огт өгөөгүй цалин, хөлсийг өгсөн болгож тайлбарлаж тайлан өгөх боломжгүй. Хөдөлмөрийн хөлснөөс яагаад суутгадаг вэ гэхээр аж ахуйн нэгж болон иргэнд хөдөлмөрийн хөлсийг нь олгохдоо нэгээс нь 10%-ийг суутгаж аваад татварт суутган төлөгчөөр тайлагнаж төлдөг онцлогтой. Гэтэл нэхэмжлэгч өөрөө огт цалин, хөлс өгөөгүй гэж тайлбарласнаа дараа нь дээрх этгээдүүдэд цалин, хөлс өгсөн гэж тайлбарлаад татварын тайландаа баталгаажуулж төрөөс нэхэмжилнэ гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн эрүүгийн хилс хэрэгт зөвхөн Ц.Г******* гэдэг хүн холбогдсон. Үүнтэй холбогдуулан Ж******* ГХОХХК-ийн ажилчдын цалин, хөлсийг төрөөс нэхэмжлэх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч эрүүгийн хэргийн шүүхийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ нотлох баримтуудыг харахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийг хилс хэргээр хоригдсон бол холбогдох нөхөн олговрыг 10 жилийн дотор иргэний хэргийн шүүхэд хандаж гаргуулах боломжтой гэж бичсэн тайлбар авагдсан байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгч хохиролтой холбоотой асуудлаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Гэтэл яагаад энэ асуудлаа компанитайгаа холбогдуулаад ажилчдын цалин, хөлсийг төрөөс гаргуулан гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Ж******* ГХОХХК-иас эцсийн байдлаар Татварын ерөнхий газарт холбогдуулан Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн 2015 оны 10 дугаар сараас 2023 оны тайлан залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон гэх хариу хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын ерөнхий газарт даалгах, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан дээрх хугацааны тайланг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 610 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар ... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* овгийн Ц*******ийн Г*******од холбогдох хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ө, Д.О нарыг цагаатгасугай гэж, 2 дахь заалтаар ... шүүгдэгч Ц.Г*******ыг П.Иг хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.Г*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж******* ГХОХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.3. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хугацаанаас 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарны 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 633 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 633 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2-ын г-д заасныг баримтлан Ж******* ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Г*******од холбогдох хэсгийг хангаж, Ц.Г*******ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай гэж тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг гэж зааснаар дээрх хууль, журамд заасан хууль бусаар ... мөрдөгдсөн гэдгийг эрүүгийн гэмт хэрэгт (гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон) яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, уг хугацаандаа цагдан хоригдсон нөхцөл байдал зэргийг хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын санд төлөхөөр тодорхой заасан гэж дүгнэжээ.

2.5. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийдвэрээр Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0324 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0291 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.6. Дээрх магадлалын дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/1153 дугаар албан бичгээр 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-д Ц.Г*******ын цалин хөдөлмөрийн хөлс шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн дүнд орсон өөрчлөлтийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тайланг хавсралтаар хүргүүлсэн нь Татварын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1312 дугаар Ж******* ГХОХХК-нд хүргүүлсэн албан бичиг, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 25-12/879 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолоор тус тус тогтоогдож байна.  

2.7. Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хандан 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/81 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуд, тус хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/7843 дугаар албан бичгээр ... Тус хэлтсээс таны хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/6436 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлж улмаар Татварын ерөнхий газраас танд хариуг өгсөн байна гэжээ.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газарт 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/95 дугаар албан бичгээр гаргасан гомдлын хариуд Татварын ерөнхий газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгээр ... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу 2024, 2025 оны тайланг хуулийн хугацаанд багтаан залруулах боломжтой тул харьяа татварын албанд хандан шийдвэрлүүлэх, 2015 оны 10 дугаар сараас 2023 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-г залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна гэх хариуг өгсөн байна.

2.9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх хугацаанд төлөх хүн амын орлогын албан татвар тодорхой болж, дараа жилүүдийн тайланг баталгаажуулах эрх зүйн нөхцөл бүрдэн 2015 оны 10 дугаар сараас 2023 оны 12 сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр тодорхойлон тайланг хүргүүлэхэд дүүрэг болон Татварын ерөнхий газар хүлээж авахгүй, татвар, санхүү бүртгэлээ үнэн зөв хөтөлж, төсөвт төвлөрүүлэх манай хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулж байна гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж******* ГХОХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сараас 2022 оны хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны татварын тайланд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4. Нэхэмжлэгч Ж******* ГХОХХК-ийн төлөөлөгчөөс дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулах хүсэлт гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0984 дугаар Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

5. Тодруулбал, Ж******* ГХОХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сараас 2022 он хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны татварын тайланд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрт дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дахин шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хариуцагч Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгээр татгалзсан татгалзал болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй тул дээрх хугацааны тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын ерөнхий газарт даалгах, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

6. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйл Татварын тайлан үйлдэх, тушаах, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана, 29.2 дахь хэсэгт Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, 31 дүгээр зүйлд Татварын тайланд залруулга хийх, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж тус тус заасан.

7. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, залруулга хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ, 4.3 дахь хэсэгт Татварын тайланг залруулах энэ журмын 4.1-д заасан хугацаа өнгөрсөн, бол тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй бөгөөд энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ гэж журамлажээ.

8. Дээрхээс үзвэл, Татвар төлөгч нь татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж дараагийн татварын жилд багтааж буюу 1 жилийн доторх тайланг нөхөж өгөх, залруулах боломжтой байхад маргаан бүхий тохиолдолд 2022 оны 05 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны тайланг хуульд заасан хугацаанд залруулаагүй байх тул хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

9. Тухайлбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Г*******ын хувьд маргаан бүхий 2022 оны 05 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны тайлангийн хугацаанд эрүүгийн хэрэгт хоригдож шалгагдаж байгаагүй, татвар төлөгч нь тухайн тайланг дараагийн санхүүгийн жилийн дотор залруулах боломжтой байсан байхад нэхэмжлэгч нь 2023, 2024, 2025 оныг дуусталх хугацаанд өмнөх жилүүдийн Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан/ТТ-11/-г ямар дүнгээр хэрхэн залруулах талаар тайлангаа гаргаж, татварын албанд хүргүүлээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/2220 дугаар Ж******* ГХОХХК нь 2024 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан өгөөгүй, засварлах хүсэлтийг ирүүлээгүй байна гэж дурдсан албан бичиг, татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэл болон гэрч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б*******, Б.Т нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б*******, Б.Т нарт 2024 оны татварын тайланг цаасаар өгсөн гэж тайлбарлах боловч энэ нь гэрчийн тухайн тайланг албан ёсоор байгууллагын бичиг хэргээр дамжуулан хүсэлтийн хамт өгөх ёстойг тайлбарлаж өөрт нь өгч буцаасан гэж мэдүүлсэн, татвар төлөгчийн хувьд тушаасан татварын тайланд залруулга хийх боломж хуулиар олгогдсон байхад энэхүү боломжийг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

11. Энэ тохиолдолд татвар төлөгч татвар ногдох орлогоо өөрөө тодорхойлох, тайлагнах зарчим мөн хэрэгжээгүй байх тул хариуцагчийн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй.

12. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр дээд шатны байгууллагад шилжүүлж, улмаар Татварын ерөнхий газраас маргаан бүхий актаар дурдсан хугацааны татварын тайланг залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна гэх хариу албан бичиг нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгт нийцсэн байна.

13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн 2015 оны 10 дугаар сараас 2023 оны тайлан залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон гэх хариу хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын ерөнхий газарт даалгах, дээрх хугацааны тайланг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Түүнчлэн, тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2025/8542 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ж******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 434, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаар хариуг хууль бус болохыг тогтоож, хөрөнгө оруулагч Ц.Г*******ын 2015 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон Ж******* ГХОХХК-ний тайланд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах шаардлага нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2026/0069 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсныг тэмдэглэж байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж******* ГХОХХК -иас Татварын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн 2015 оны 10 дугаар сараас 2023 оны тайлан залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон гэх хариу хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын ерөнхий газарт даалгах, дээрх хугацааны тайланг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ж******* ГХОХХК-иас улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР