| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 24440000600056 |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
2025 01 09 2025/ДШМ/04
Э.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Г даргалж, ерөнхий шүүгч Г.Б , шүүгч О.Б нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Э.А /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Б-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Б-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ....................4 дүгээр баг “Эхэн шанд” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Л-тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг үсдэж чирэх, хоолойноос нь багалзуурдах, хазаарын цулбуураар 4-5 удаа толгой тус газарт ороолгож, гэрийн гадаа байрлах “Маяти” загварын машиныг ар дагз хэсгээр нь мөргүүлж, хэвлий, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсний улмаас хохирогч Ж.Л-ын биед тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-аас шүүгдэгч Э.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий Ц.И-ийн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг нэг удаагийн нэг цаг хугацаанд зодож хөнгөн хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл буюу тарчлаан зовоосон, харгис хэрцгий харьцсан, үйлдлээ удтал үргэлжлүүлсэн байхад “байнга” гэсэн ойлголтод хамааруулан шийдвэрлэсэн нь буруу байна.
2. Хэдийгээр шүүгдэгч нь нэг цаг хугацаанд байнгын бус шинжтэй үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Л-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч тухайн цаг хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, удтал үргэлжилсэн, харгис хэрцгий харьцсан, тарчлаан зодсон үйл баримт нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогчийг үсэдсэн, багалзуурдсан, үснээс нь чирч тээврийн хэрэгсэл мөргүүлсэн, цулбуураар гуядсан, хоолойг боосон, тээврийн хэрэгслээс чирч буулган дэвсэж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, харгис хэрцгий харьцсан, тарчлаасан үйл баримтыг нотолж буй юм.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ж.Л , гэрч Д.Э нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, аюулын зэргийн үнэлгээ зэрэг нь шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн дүгнэлтийг үгүйсгэж байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэсэн үндэслэлд хамаарч байна.
3. Мөн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тогтвортой мэдүүлэг, түүнийг нотолж буй гэрч Д.Э , Ж.Л нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийн хуулбар, аюулын зэргийн үнэлгээ зэргийг шүүхээс хэрхэн үгүйсгэж, няцаасан тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй, дан ганц “...дээрх хуулийн заалтаас дүгнэж үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй /хэвшмэл маягтай/ бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон ба “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх ойлголт юм” гэсэн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-ыг хангах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэж байна.
Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хяналтын прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн шийдэхдээ тухайн нөхцөл байдлын улмаас хүн хоорондын харилцаанаас үүссэн үйл баримтуудыг анхаарах тухай байдаг. Шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байгаа. Иймд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 болгож хөнгөрүүлэн зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ............... 4 дүгээр баг “Эхэн шанд” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Л-тай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг үсдэж чирэх, хоолойноос нь багалзуурдах, хазаарын цулбуураар 4-5 удаа толгой тус газарт ороолгож, гэрийн гадаа байрлах “Маяти” загварын машиныг толгойн ар дагз хэсгээр нь мөргүүлж, хэвлий, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдээгүй гэж дүгнэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томьёог тодорхойлон хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ойлголт юм.
Гэтэл анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хамт амьдарч буй хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй /хэвшмэл маягтай/ бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгоно, удаа дараа зодсон гэх хохирогчийн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдоогүй, “байнга” гэх шинж үгүйсгэгдсэн гэж тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ц.И-ийн бичсэн эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
+++ РДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Г.БОЛОРМАА
Т ++++++++++++++++ ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Төгсгөл нь хаая
Г.БОЛОРМАА