Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0850

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нарыг оролцуулан С.Г*******ийн нэхэмжлэлтэй, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаасаа бүхэлд нь татгалзаад, түүнтэй холбоотой үндсэн цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлөхөөр тохиролцож байгаа. Үндсэн цалин 3 сая байлаа гэж бодоход 3 сая төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нийт хэдэн хувь болох түүнийг хариуцагч төлнө гэж ойлгож байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ажилгүй байсан хугацааны цалингаа авахгүйгээр эвлэрч байгаа гэсэн үг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг манайхаас төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож тус шүүх хуралдаанд эвлэрэх талаар хүсэлт гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.

Тус шүүх нэхэмжлэгч С.Г*******оос Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Хүний эрхийн үндэсний комиссын Дотоод хяналт шалгалтын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2026/12 тоот дүгнэлтийн С.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.И*******ын 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаартай С.Г*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нараас тус шүүхэд ирүүлсэн 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд:

1. Хариуцагч нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.И*******ын 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/53 дугаар С.Г*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гаргах.

2. Хариуцагч нь С.Г*******ийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газрын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

3. Хариуцагч нь энэ гэрээний 1, 2 дахь заалтад заасан шийдвэрийг төрийн албаны хүний нөөцийн холбогдох систем болон С.Г*******ийн албан хаагчийн хувийн хэрэгт бүртгэнэ.

4. Байгууллага нь С.Г*******ийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс албан тушаалдаа эгүүлэн орж ажиллах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохдоо С.Г*******ийн ажлаас халагдахын өмнө авч байсан сарын үндсэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон, холбогдох санд төлнө. Байгууллага нь нөхөн төлөлтийг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 32001 кодоор тусгаж, С.Г*******ийн даатгалын бүртгэлд бүртгүүлнэ.

5. Нэхэмжлэгч С.Г******* нь энэ гэрээний 1-4 дэх заалтад заасан нөхцөлөөр эвлэрч, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана. Энэ нь уг хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай тохиролцоог хүчингүй болгох үндэслэл болохгүй.

6. Хариуцагч нь шүүх эвлэрлийг баталсан захирамж гарснаас хойш ажлын нэг өдрийн дотор энэ гэрээний 1, 2 дахь заалтад заасан шийдвэрийг гаргаж, 3 дахь заалтын бүртгэлийг хийж, ажилд эгүүлэн томилсон шийдвэрийн хувийг нэхэмжлэгчид гардуулна. Мөн хугацаанд 4 дэх заалтын шимтгэлийг нөхөн төлөх ажиллагааг эхлүүлж, тооцоог нэхэмжлэгчид танилцуулна. Шимтгэлийг нөхөн төлөх, даатгалын бүртгэлд тусгуулах ажиллагааг шүүхийн захирамж гарснаас хойш ажлын арав хоногийн дотор дуусгаж, төлөлт болон бүртгэлийг нотлох баримтыг нэхэмжлэгчид өгнө.

7. Талууд энэхүү гэрээг шүүхэд гаргаж, эвлэрлийг батлуулах хүсэлт гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Г*******оос Д.О*******т олгосон 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасныг баримтлан ... хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хариуцагч Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын даргаас Гэрээ, эрх зүй хариуцсан референт Г.Э*******д олгосон 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцоно гэж тус тус эвлэрэх эрхийг олгосон байна.

Дээрх эвлэрэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Ажилгүй байсан хугацааны цалингаа авахгүйгээр эвлэрч байгаа гэсэн үг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг манайхаас төлнө гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа болохоо тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцон, эвлэрэх талаар хүсэлтээ бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэлт зоригоо илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, С.Г*******ийн нэхэмжлэлтэй, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ