Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “Тоосгон-Уул” ХХК-ийн “Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 7 сарын 4-ны өдрийн Орон нутгийн өмчийн тухай А/71 тоот тогтоолыг хүчингүй болгож Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн нам даралтын зуухыг түрээслүүлэн ажиллуулах сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Тоосгон-Уул” ХХК-ийн захирал Б.Алдар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн нам даралтын зуухыг түрээлүүлэн ажиллуулах сонгон шалгаруулалтыг хийхгүйгээр “Олон бригад” ХХК-тай гэрээ хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмын 1.8 дахь /Орон нутгийн өмчийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна. Харин орон нутгийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцлийг түрээслүүлэгч, түрээслэгч нар харилцан тохиролцоно./ гэсэн зүйл заалтыг зөрчин түрээслэгчийг сонгон шалгаруулалт зарлахгүй шууд гэрээ байгуулсан байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол нь зөвхөн нэг компаний эрх ашгийг хангах үүднээс гарсан нь манай болон бусад компаний хувьд шударга өрсөлдөөнийг хаасан, тэгш бус, нэг компанид үйлчилсэн, сонгон шалгаруулалт явуулах нөхцлийг хаасан учир 2016 оны 7-р сарын 4-ний өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн А/71 тоот тогтоолыг хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч “Тоосгон-Уул” ХХК-ийн захирал Д.Алдар 2016 оны 09 сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тоосгон-Уул” ХХК Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн А/71 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж уг тогтоолоо хүчингүй болгосон тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч “Тоосгон-Уул” ХХК-ний захирал Д.Алдар шүүхэд “Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 7 сарын 4-ны өдрийн Орон нутгийн өмчийн тухай А/71 тоот тогтоолыг хүчингүй болгож, Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн нам даралтын зуухыг түрээслүүлэн ажиллуулах сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсанаа бичгээр илэрхийлэн шүүхэд ирүүлжээ.

   Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тоосгон-Уул” ХХК-ийн “Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 7 сарын 4-ны өдрийн Орон нутгийн өмчийн тухай А/71 тоот тогтоолыг хүчингүй болгож Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн нам даралтын зуухыг түрээслүүлэн ажиллуулах сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ОЮУНГЭРЭЛ