Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0255

 

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0255

Улаанбаатар хот

 

                                          Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийг хянасан тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, гуравдагч этгээд Э.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-гийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Улаангом сумын 9-р багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хоёр дахь удаагийн хуралдааныг дахин зохион байгуулахыг Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Э.С болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Сонгуулийн тухай хуулиар “Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэжээ. Багийн Засаг даргыг сонгох сонгуулийг Сонгуулийн тухай хуулиар зохицуулаагүй байхад Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14, 99 дүгээр зүйлийн 99.3-д заасныг тус тус үндэслэж Э.С-ийн төлөө өгсөн тамгагүй 2 саналын хуудсыг хүчингүй гэж үзэн улмаар гуравдагч этгээд Э.С нь хүчинтэй нийт 150 саналын хуудсаар санал авсан нь санал өгсөн иргэдийн 50-иас дээш хувийн саналыг авсан байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14-т “тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ” гэж заасан байх ба мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5-д “санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэж тус тус заасан байна. Шүүх Сонгуулийн тухай хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа бол зөвхөн Э.С-ийн төлөө санал өгсөн тамгагүй 2 саналын хуудас хүчингүй байх бус 9 дүгээр багийн даргыг сонгох сонгуульд санал өгсөн 303 саналын хуудсыг бүгдийг нь баталсан загвараас өөр байна гэж үзэх үндэслэл бий болж байна. Эндээс харахад Багийн даргыг сонгох сонгууль нь Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй гэдэг нь харагдаж байна.

Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тооллогын комисс байгуулсан ба энэхүү тооллогын комиссын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор саналын хайрцаганд нийт 303 саналын хуудас байснаас хүчинтэй 300 саналын хуудас, хүчингүй 3 саналын хуудас байна гээд Э.С-ийн төлөө 152 иргэн, Ц.Б-гийн төлөө 148 иргэн тус тус санал өгсөн гэдгийг тоолж баталгаажуулсан байдаг. Тооллогын комиссын тогтоол хүчинтэй байх ба үүнийг үндэслэж иргэдийн Нийтийн Хурлаас Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргад Э.С-г нэр дэвшүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, дахин санал хураалт явуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох асуудлуудыг хэлэлцэж,  санал хураалтуудыг явуулсан байх бөгөөд багийн Засаг даргын сонгуулийн тухайд П.А, Ц.Б, Э.С нар нэр дэвшиж, санал хураалт явагдсан байх боловч хэн  аль нь хуралдаанд оролцогчдын олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Ц.Б, Э.С нарын дунд дахин санал хураалт явагдсан байна.

Тус сонгуулийн дүнд нэхэмжлэгч Ц.Б 148, нэр дэвшигч Э.С 152 сонгогчийн санал авсан болох нь хэрэгт авагдсан Хурлын тэмдэглэл, саналын хуудсаар тогтоогджээ.

Багийн хурлаас маргаан бүхий 05 дугаар тогтоолоор Э.С-г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, ... ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай нийцээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж тус тус заасны дагуу багийн хурал нь хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож батлахаар байх бөгөөд хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж баталгаажуулахаар байна. 

Хавтаст хэрэгт авагдсан тооллогын комиссын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 4 дүгээр тогтоолд саналын хайрцгаас 303 саналын хуудас гарч тоологдсон талаар тэмдэглэгдсэн байх боловч иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтад нийт хэдэн иргэн санал өгсөн талаар тэмдэглэгдээгүй, зохион байгуулалт хариуцаж ажилласан гэрч Ж.Д, Ц.Н-О, Д.А нарын “2 дахь удаагийн санал хураалтад оролцогчдоор гарын үсэг зуруулахдаа ИНХ-ын тэргүүлэгчид, БЗД гэсэн багануудын 2 дахь хэсэгт зуруулсан” гэж өөр өөрөөр тайлбарласан, шүүх тэдгээр багананд зурагдсан гарын үсгийг тоолж үзэхэд саналын хайрцгаас гарсан 303 саналын хуудасны тооноос 69-өөр зөрсөн гэх зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг үнэлээд “... нийт хэдэн иргэн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтад оролцсоныг тодорхойлох боломжгүй болгож байна” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Хэдийгээр нэр бүхий 6 иргэн “багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтад оролцоогүй” гэж мэдүүлсэн байх боловч тус санал хураалтад оролцсон нийт сонгогчдын бүртгэл нарийн явагдаагүй, шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн иргэд өөр өөр багананд гарын үсэг зурсан талаар, зохион байгуулалт хариуцсан ажилтан зарим гарын үсгийг өөрөө зурсан талаар тус тус мэдүүлсэн, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд тус санал хураалтад хэдэн иргэн оролцсон талаар тусгагдаагүй зэрэг хэргийн үйл баримтуудаас үзвэл багийн Засаг даргын 2 дахь удаагийн санал хураалтад хэдэн иргэн оролцож санал өгснийг тогтоох боломжгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн саналын хайрцгаас гарсан саналын хуудсуудыг үндэслэн “нийт 303 иргэн санал хураалтад оролцсон” гэж дүгнэснийг буруу биш гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолд “тамгалагдсан саналын хуудас 303” гэж тэмдэглэгдсэнээс үзвэл багийн Засаг даргыг сонгох сонгуульд тамгалагдсан саналын хуудсыг ашиглахаар тогтоосон гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шүүхийн үзлэг[1]-ээр нэр дэвшигч Ц.Б-ийн төлөө санал өгсөн 148 ширхэг саналын хуудасны 6 нь нэр дэвшигчийн нэрийн өмнөх үсгийг дугуйлсан, 2 нь нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог харлуулж будсан тэмдэглэгээтэй байсан болох нь, мөн нэр дэвшигч Э.С-ийн төлөө өгсөн 152 ширхэг саналын хуудасны 140 нь нэрийн өмнөх тоог дугуйлсан, 10 нь овгийн эхний үсгийг дугуйлсан тэмдэглэгээтэй байсан болох нь түүнчлэн 2 саналын хуудас тамгалагдаагүй байсан болох нь тус тус тогтоогджээ.

Ийнхүү нэр дэвшигч Э.С-ийн төлөө өгсөн тамгагүй 2 саналын хуудсыг “хүчингүй саналын хуудас” гэж, түүний төлөө өгсөн хүчинтэй 150 сонгогчийн саналыг нийт хуралдаанд оролцсон 303 иргэний 50-иас дээш хувийн санал гэж үзэхгүй гэж, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бусад асуудлаар зөв дүгнэж, нэр дэвшигч Э.С-г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан Улаангом сумын 9 дүгээр багийн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт зохион байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Э.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас