Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ20176/00143

 

Г.Одцолмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00823 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1863 дугаар магадлалтай,

Г.Одцолмаагийн нэхэмжлэлтэй,

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдох,

8 сарын тэтгэмжид 6.759.368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Одцолмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал, нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Одцолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Автобус-1” компанийн захирлын 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалаар Сонсголон бригадад кондуктороор ажилд орсон. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба тус байгууллагад тасралтгүй 8 жил 1 сар ажилласан. “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 9 сарын тэтгэмж авах байтал надад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/788 дугаар тушаалаар нэг сарын тэтгэмж 844.921 төгрөгийг олгосон. Тухайн үед байгууллагаас 9 сарын тэтгэмж авах гэтэл манай байгууллага шинээр байгуулагдсан, өөрчлөгдсөн, хамтын гэрээ чинь хүчингүй тул өгөхгүй гэсэнд итгэж үнэмшээд шүүхэд хандаагүй. Гэтэл намайг хууран мэхэлсэн байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уг тэтгэмжийн асуудлаар Үйлдвэрчний эвлэлд хандахад хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудал шийдэгдсэний дараа тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр  дахин уг асуудлаар Үйлдвэрчний эвлэлдээ хандахад шүүхэд ханд гэсэн хариуг 2016 оны 5 дугаар сард өгсөн. Иймд өндөр насны тэтгэвэрт гарахад надад олгох ёстой байсан 9 сарын тэтгэмжээс дутуу олгогдсон 8 сарын тэтгэмжийг нэг сарын 844.921 төгрөгөөр тооцож нийт 6.759.368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, П.Онон нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Одцолмаа нь тус байгууллагад ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдөн, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/788 дугаар тушаалаар 844.921 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь “Автобус-1” ОНӨААТҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хамтын гэрээ юм. Уг хамтын гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан. “Автобус-1” нь ОНӨААТҮГазар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2014 оны А/788 тоот захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Тэгэхээр “Автобус-1” гэдэг байгууллага эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан. Хуульд татан буугдсан, өөрчлөн байгуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсэгт тус тус зохицуулж өгсөн. Нийслэлийн засаг даргын 2014 оны А/778 дугаар захирамжаар “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазруудыг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл” болгон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа. Ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй, харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж байгаа. Иймд өмнөх хамтын гэрээг мөрдөхгүй тул нэхэмжлэгч Г.Одцолмаад тэтгэмж тооцож олгох боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 3 сарын дотор шүүхэд хандах боломжтой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00823 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 6.759.368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Одцолмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1863 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Одцолмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1863 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хойш 3 сарын дотор гомдол гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр санхүүгийн хувьд боломжгүй байсан. байгууллага татан буугдсан, шинээр хамтын гэрээ байгуулж шийдвэрлэх асуудал учраас ажилчдын тэтгэмжийг олгохгүй байгаа гэдэг тайлбараас Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн боломжтой болж, шинээр хамтын гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэх хуулийн үндэслэлтэй болно.

Гэрч Автобус-1 ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатын мэдүүлсэн ҮЭ-ийн хороо, захиргааны хооронд тэтгэмжийн асуудлаар маргаантай байгаа, шинээр хамтын гэрээ байгуулагдах хэлэлцээрийн шатанд хэлэлцэгдэж байгаа нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогссоныг нотолдог.

Байгууллага нь тухайн ажилчдын тэтгэмжийг олгохгүй, хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Г.Одцолмаагийн “...8 сарын тэтгэмжид 6.759.368 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эс зөвшөөрөхдөө “...Автобус-1 ОНӨҮГ татан буугдсан тул өмнөх хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэл дурджээ.

Г.Одцолмаа нь 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Автобус-1 компанид кондуктороор ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 7 сарын 23-ний өдрийн 988 дугаар тушаалаар түүнд 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон, энэ талаар маргаагүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн байх тул тус байгууллагыг эрх залгамжлагч гэж үзнэ.

Автобус-1 ОНӨҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулагдсан, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр батлагдах хүртэл хүчин төгөлдөр байхаар зохицуулжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан ба хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох, тэтгэмжийн хэмжээг хамтын гэрээгээр зохицуулна гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь тэтгэмж шаардах эрхтэй боловч тэрээр гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-г зөв тайлбарлан хэрэглэжээ.

ҮЭ-ийн хороо, захиргааны хооронд тэтгэмжийн асуудлаар маргаантай байгаа, шинээр хамтын гэрээ байгуулах асуудал хэлэлцээрийн шатанд байгаа нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэлийн алинд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00823 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1863 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Одцолмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ