Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 75

 

Н.Б т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Н.Б , хохирогч Б.О , нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар магадлалтай, Н.Б т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярнямын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.Б ыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Н.Б аас 11 250 000 төгрөг гаргуулж хохирогч Б.О ад олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 900 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням гаргасан  гомдолдоо “...Магадлалаар ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг удирдлага болгон баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байхад хавтаст хэрэгт хохирогчийн олох байсан орлогыг шүүгдэгчээс гаргуулах талаар тусгасан нь нотлох баримтыг бүрэн гүйцэт тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай цуглараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.25 дахь хэсэгт “Хангалттай үндэслэл гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг...” гэж заасан байхад энэ заалтад ач холбогдол өгөлгүйгээр хэрэгт хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Орлого нь тодорхойгүй маргааныг шийдвэрлэхэд эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шинжээч томилж нотлох баримтыг үнэлж болох байсан боловч энэ талаар дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг удирдлага болгосон нь тухайн гэмт хэрэгт хамааралгүй заалтыг баримталсан. Мөн мөрдөгч, прокурор, шүүх хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтуудыг баримтлаагүй болно. Миний үйлчлүүлэгч Н.Б  нь хохирогч Б.О ад мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн эмчилгээний зардлуудыг нөхөн төлсөн болохыг дурдаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.О ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Н.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч хохирогчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх үед ч төлөөгүй байсан. Шүүгдэгч талийгаач эмээгийнхээ хашаа, байшинг худалдаж хохирлыг барагдуулна гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шийтгэх тогтоолоор Н.Б аас 11 250 000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй үлдээснээс үзэхэд хор уршиг бүрэн арилсан, хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярнямын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Н.Б  нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед автотээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сум, ... нутаг дэвсгэр ... гэх газарт орших “А” зуслангийн орчим сайжруулсан авто зам дээр “Тоёота приус-10” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “...жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”, “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт,

Н.Б ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаарх гэм буруугийн дүгнэлтийг хуулийн шаардлагад нийцүүлж дүгнэж чадсан байна.

Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг ямар нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтэд тулгуурлан хийсэн нь тодорхойгүй бөгөөд “...хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх шүүгдэгч Н.Б ын гарын үсэг бүхий баталгаа”-г үндэслэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авахдаа уг баталгаа бодит байдалд ямар үндэслэлээр биелэгдэх боломжтой болохыг огт дүгнээгүй байх бөгөөд энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүх илрүүлэн тогтоож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь шүүх “Тэнсэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхдээ “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн нөхцлийг бодит байдал, түүнийг нотолсон баримтуудтай харьцуулж, биелэгдэх боломжтой эсэхийг заавал дүгнэх шаардлагатай.

Шүүгдэгч ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь зөвхөн түүний хэлсэн үг, бичгээр гаргасан баталгаа төдийгөөр шаардлага хангахгүй, уг үг, баталгаа нь бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн эсэхийг зайлшгүй шалгаж, дүгнэх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангах бөгөөд үүнийг үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитой болохыг илэрхийлдэг.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул энэ талаар огт тайлбар, дүгнэлт хийгээгүй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярнямын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярнямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН