| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0039/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 48
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Чонос О-т холбогдох эрүүгийн 1718004510019 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, - овогт О-, - өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын - тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг - тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О- нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт байрлах Авто тээврийн төвийн гадна хувийн маргааны улмаас иргэн ******* ийг зодож тархи няцралт дунд зэрэг, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус харвалт, доод хоёр шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О- нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт байрлах Авто тээврийн төвийн гадна иргэн ******* ийг зодож эрүүл мэндэд нь “тархи няцралт дунд зэрэг, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус харвалт, доод хоёр шүдний хөдөлгөөнтэй байдал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч О-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
2017 оны 11-р сарын 25-ны өдөр Дарханы авто тээврийн төв дээр Улаанбаатар хот руу хүнээ ачих гээд зогсож байтал өөрийгөө хохирогч гэх ******* гэх залуу 2-3 хүнтэй тэнд архидан согтуурч байгаад миний урд талд зогсож байсан ******* гэх жолооч дээр очиж элэг рүү өшиглөхөөр нь би иргэнийхээ үүргийг биелүүлж очиж салгасан. Тэгээд ******* зугатаасан чинь ******* гэх залуу энд байсан муу гөлөг хаана байна алнаа энэ тэр гээд тэр хавиар орилж чарлаад байсан. Тэгээд ******* хүнээ ачаад гарсан дараа нь миний ээлж болоод би хүнээ ачиж эхэлсэн. Тэгтэл ******* гэх залуу надруу ирээд энэ хаанаас ирсэн гөлөг бэ, үзэх үү, ална шүү гэх мэтийн юм яриад байхаар нь би тоохгүй цаагуур хот явна гээд хүнээ ачиж байсан. Тэгээд хэсэг алга болоод буцаж гарч ирээд намайг хөлөөрөө дэгээдээд байсан. Тэгээд дахиад би хот явна гээд орилоод зогсож байтал ******* ирээд миний нүүр лүү нулимаад намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би 2 гарыг тавиулах гээд 2 гараараа 2 гаран дээр нь тохойлдоод дарсан чинь мөргөлдсөн. Тэгсэн арагшаа унасан тухайн үед амнаас нь цус гарсан байсан. Тэгээд босохгүй хэвтээд байсан. Тэгээд байж байтал авто тээврийн нэг хүн гарч ирээд дотогш оруулсан. Тэгээд би хүнээ ачаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Хэд хоногийн дараа ******* н эхнэр нь над руу утсаар яриад ирж уулзаач манай нөхрийн бие нь тааруу байна гэж хэлсэн. Маргааш нь би очиж уулзах гээд Дарханд ирээд ярьсан чинь эхнэр нь томографикийн зургийг нь авахуулаад эмнэлэгт хэвтчихлээ гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиж уулзаад би буруутай байж магадгүй гарсан эмчилгээний зардлыг чинь төлье чи өөрөө бас архи уучихаад агсан согтуу тавиагүй бол ийм асуудал гараач уу үгүй ч үү гэж хэлсэн чинь эхнэр нь харин тиймээ тиймэрхүү юм болжээ гэж хэлсэн. Нөхөр нь дуугүй байсан. Тэгээд эхнэр нь нөхрийнхөө биеийг гайгүй болтол нь эмчилгээ хийлгэнэ ямар зардал гарахыг сайн мэдэхгүй байна гэхээр нь би гарсан бодитой зардлыг нь өгье илүү өгч чадахгүй бас танай нөхрөөс болсон шүү гэж болсон хэргийн талаар тайлбарлаж хэлсэн. Ер нь тухайн үед яг хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байсан. Би гарсан зардлыг нь өгчихье гэж хэлсэн. Бараг тэр өдрөө эхнэр нь цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан гэх мэдүүлэг,
Хохирогч ******* ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
2017 оны 11-р сарын 25-ны өдөр Авто вокзалын цаана хашааны гадаа нь зүс таних 2 залуутай тааралдаад 0,75 литрийн Тайга нэртэй 3 шил архи хувааж уугаад нөгөө 2 залууг суулгаж өгөх гээд би Автовокзалын хашаан дотор орж ирсэн. Нэг мэдэхэд би нэг залуутай маргалдаж байсан яг юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Тэгээд ******* гэж залуу намайг мөргөж унагаасан гэж Золзаяа эгч хэлсэн. Би мөргүүлээд унахдаа цементэн дээр ар дагз хэсгээрээ уначихсан юм шиг байна лээ. Би өөрөө бол мөргүүлснээ сайн санахгүй байгаа. Тэр өдөр манай эхнэр ******* Автовокзал дээрээс очиж гэрт авч ирсэн гэсэн. Маргааш нь миний толгой өвдөөд босч чадахгүй байсан эмнэлэгт очиж үзүүлж рентгэн зураг авахуулахад дагзны ар хэсэгт цус хуралттай, үүдэн доод 2 шүд хөдөлсөн байсан. Тэгээд би 2017 оны 11-р сарын 29-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 06-ны хооронд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал 517 682 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд нийт 700 000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Гэрч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 11-р сарын 25-ны өдөр 14 цагийн үед би Дархан сумын автовокзал дээр Хөвсгөл аймаг явах гээд автобусандаа зорчигчидоо суулгаад байж байтал ******* гэх зүс таних залуу нилээн согтуу Автовокзал дотроос ганцаараа гарч ирж байгаа харагдсан. Наад талд нь ******* гэж жижиг тэргээр Улаанбаатар хот руу хүн тээвэрлэдэг залуу хүн ачих гээд зогсож байсан. Тэгээд ******* тэр ******* гэх залуу дээр очоод юм яриад байх шиг байсан. Би нилээн зайнаас автобусан дотроосоо хараад сууж байсан. Тэгтэл ******* эхлээд ******* ийг гараараа нэг удаа нүүр лүү цохисон тэгээд маргалдаад байгаа бололтой хоорондоо юм яриад зогсоод байсан. Тэгсэнээ ******* ******* рүү дөхөж очоод нүүр толгой хэсэг рүү нь мөргөчихсөн чинь ******* хойшоо саваад цементэн дээр дээшээ хараад уначихсан. ******* уначихаад босохгүй байхад чинь ******* босгохгүй орхиод явчихсан. Би наана нь хүнтэй уулзаад утас энэ тэрийг нь бичиж аваад эргээд хартал ******* газар хэвтэж л байсан. Тэгсэн автовокзалын жижүүр нь ******* ийг өргөөд дотогш нь оруулсан. Тэгээд ******* ийг унасан хойно нь орхиод явсанд нь дургүй хүрээд би ******* дээр очоод эр хүмүүс муудалцалгүй яахав гэхдээ газар уначихаад байхад нь босгоод суулгачихад яадаг байна. Адилхан эр хүн байж чи архи уудаггүй юу гэхэд ******* би энэ хүн шиг арчаагаа алдталаа архи уудаггүй гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн. Намайг харахад бол барилцаж аваагүй зүгээр зогсож байгаад ******* ийг эхэлж гараараа цохиод дараа нь ******* ******* ийг зүгээр зогсож байхад нь нүүр хэсэг рүү нь мөргөсөн чинь ******* хойшоо унасан. Би ******* ******* ийг мөргөхийг нь бол яг харсан. Тухайн үед дотроо ******* жижигхэн залуу байж юун айхтар юм гэж бодож байсан. Миний харсанаар бол ******* ******* ыг зодож цохиогүй бараг хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Д.******* ийн мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 11-р сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд танихгүй дугаараас ******* ийн эхнэр үү танай нөхөр ******* согтуу Дархан сумын Авто тээврийн төв дээр хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би автотээвэр дээр очиход ******* ийн хамар амнаас цус гарчихсан, дух нь бага зэрэг хавдсан, уруул нь бага зэрэг язарсан байдалтай согтуу Автотээвэр дотор шалан дээр хэвтэж байхаар нь аваад шууд гэртээ харьсан. Маргааш өглөө нь ******* толгой өвдөөд босч чадахгүй байна гээд хэвтээд байсан. Би шартаж байгаа байх гэж бодоод тоохгүй ажилдаа яваад өгсөн. Тэгээд орой нь ажлаа тараад гэрт нь очсон чинь ******* ийн толгой нь улам хүчтэй өвдөөд бөөлжөөд босоогүй хэвтэж байхаар нь өвчин намдаах эм уулгаж хоночихоод маргааш нь ажиглаад болохгүй бөөлжөөд юм идэж чадахгүй байхаар нь түргэн дуудаад үзүүлсэн чинь битүү гэмтэл байж магадгүй Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь Нэгдсэн эмнэлэг дээр үзүүлээд рентген зураг авахуулсан чинь толгойны ар дагз хэсэгт нь цус хуралттай, тархи хавантай, доод 2 шүд нь бага зэрэг хөдөлсөн байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ гээд 2017 оны 11-р сарын 29-ны өдөр Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт 10 хоног хэвтээд 2017 оны 12-р сарын 08-ны өдөр эмнэлэгээс гарсан гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот явах гээд Дарханы автовокзал дээр хувиарын дагуу хүн ачих гээд зогсож байхад 3 ижил ажлын хувцастай согтуу залуучууд Улаанбаатар явах нэг хүн унаанд суулгаж өгнө гээд ирсэн. Тэр 3 залуу автовокзалын цаана байдаг дэлгүүрийн тэнд архи хувааж уучихаад ирсэн гэж ярьцгааж байсан. Тэгээд нэг залуу нь Улаанбаатар хот явах жижиг машинд суусан. Тэр 3 залуугын өндөр шар залуу нь нилээн согтуу жолооч нар болон зорчигч нар луу орилж хашхирч агсараад янз бүрээр доромжлоод байсан нөгөө хамт явсан залуу нь алга болчихсон тэр шар залуу ганцаараа үлдчихсэн байсан. Тэгсэн нэг харсан чинь хот хоорондын жолооч ******* той муудалцаад байсан дараа нь ******* гэх жолоочтой бас маргалдаад байсан. Тэгээд би 00 орж бие засчихаад ирсэн чинь нөгөө согтуу шар залуу газар дээшээ хараад хэвтчихсэн байсан гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч*******ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би хот хоорондын автобусны жолоочоор ажилладаг. 2017 оны 11-р сарын 25-ны өдөр Дарханы автовокзал дээрээс Улаанбаатар хот руу хүн ачих гээд зогсож байтал нэг согтуу залуу хаанаас юм мэдэхгүй гэнэт гарч ирээд орилж хашхираад автовокзалын талбай дээр байсан хүмүүс рүү дайрч агсараад байсан. Тэгсэн нөгөө согтуу залуу нь хот руу жижиг машинаар хүн ачдаг ******* гэх залуутай барилцаад авчихсан цохиж өшиглөөд байгаа харагдсан. Тэгэхэд нь Соко гэж залуу очиж салгаж байсан. Би тухайн үед хүний ачаа автобусандаа ачаад зогсож байсан учраас сайн хараагүй нэг харсан чинь нөгөө залуугын хамарнаас нь цус гарчихсан газар уначихсан харагдсан гэх мэдүүлэг /хх 25/,
Гэрч*******ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2017 оны 11-р сарын сүүлээр Дархан сумын авто тээврийн төв дээр 17-18 цагийн үед Улаанбаатар хот явах автобусанд хүн суулгаж байсан. Тэгтэл зүс таних ******* гэх залуу нилээн согтуу 3 найзтайгаа явж байгаа харагдсан хамт явсан найзууд нь машинд суугаад яваад өгсөн. ******* ганцаараа явж байгаад Улаанбаатар хот руу таксинд явдаг жолооч ******* гэх залуутай маргалдаад байгаа харагдсан. ******* ******* 2 юунаас болж маргалдсаныг мэдэхгүй тэгээд ******* гын машин нь дүүрээд Улаанбаатар хот руу гараад явсан. ******* гын араас гарах таксины жолооч ******* бид 2 зогсож байхад ******* ******* дээр ирээд нээх юм яриагүй согтуурхаад ******* ын мөрөн дээрээс татах шиг болсон ******* цааш нь түлхэж байсан тэр хооронд би автобусандаа хүн суулгачихаад эргээд хартал ******* ийн хамар ам нь цус болчихсон газар дээшээ хараад уначихсан хэвтэж байсан яасан юу болсон талаар асуухад ******* надад хэлэхдээ түлхчихсэн чинь уначихлаа гэж хэлсэн. Тэгээд автотээврийн ажилчин гарч ирээд ******* ийг өргөж дотогш оруулаад ар гэрийнхнийг нь дуудсан байх. Тухайн үед би ******* т яах гэж тэгж байгаа юм бэ наадах чинь хөл дээрээ ч тогтож чадахгүй байх чинь гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч М.******* гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Намайг машиндаа хүн ачаад зогсож байсан чинь тэр согтуу залуу над дээр ирээд лаларууд та нар юу юм намайг мэдэх үү таних уу гээд байхаар нь чи согтуу байнаа яв харьж унт гэсэн чинь намайг тэр залуу хий цохиод авахаар нь би тэр залууг заамдаж аваад машиныхаа хамар дээр дарсан чинь Энхсоёл ирээд наадах чинь согтуу байгаа юм чинь яах гэсэн юм бэ боль гээд би тэр залууг тавиад цаашаа явсан. Удалгүй машин дүүрээд Улаанбаатар хот руу гараад явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгж барилцаж авч байхад тэр залуу миний нүүр лүү нулимаад байсан гэх мэдүүлэг /хх 28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1162 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1.******* ийн биед тархи няцрал дунд зэрэг, тархины баруун бөмбөлгийн хатуу хальсан доорх цус харвалт, доод 2 шүдний хөдөлгөөнтэй байдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2017.11.25-нд үүссэн байх боломжтой. 2.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх 31/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтас хэргийн 39-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд 700 000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт 517 682 төгрөгийн нотлох баримт хуулийн шаардлага хангасан байх тул хангаж, үлдэх 182 318 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалтай хамтатган нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан хуульд заасан хэмжээгээр торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чонос О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О-аас 517 682 /таван зуун арван долоон мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р багийн *******тоотод оршин суух хохирогч ******* /РД:*******/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ