| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2026/0040/З |
| Дугаар | 118/ШШ2026/0032 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 118/ШШ2026/0032
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******д холбогдох, Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0906379 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Завхан аймгийн *******ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.*******ын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0906379 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0906375, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0906374, 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0906379, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0906376 дугаартай улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Завхан аймгийн *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* ******* ******* ХХК-ы захирлаар ажилладаг. 2026 онд Зуухны шинэчлэлт хийхээр банкнаас зээл авахаар хүсэлт гаргахад газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргахад хавар гарсан захирамжаар ААН-г 5000,000 төгрөгөөр гээд ОХУ-аас захиалсан тогооны мөнгө нэхэгдээд торгуулийг төлж барагдуулсан. *******ын гаргасан дүгнэлттэй санал нийлж байна. Миний бие Улаанбаатар хот явах тул шүүх хуралд оролцуулахгүй байхаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/105 дугаартай захирамжаар Улиастай сумын Өндөр толгойн 3 хаягт байрлах 3651 м2 газрыг ******* ******* ХХК-д дэд бүтцийн байгууллага зориулалтаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд түүнд 2021 оны 05 сарын 31-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа талаараа өөрийн биеэр илчилж ирсэн гэж үзэн эрх бүхий албан тушаалтан 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0906379 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу ******* ******* ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Дээрх зөрчлийн хэргийн материалыг хяналтын прокурор Б.******* хүлээн авч танилцаад, ******* ******* ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2025 оны 04 дүгээр сарын 31-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2025 оны 10 сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 7 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.
Хариуцагч С.******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн *******ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.*******ын “Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******гийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0906379 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” 20 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА