Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 59

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мээлээбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Насанд хүрээгүй шүүгдэгч*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн 1718000000208 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,*******2002 оны 4  дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг,******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч*******нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, ******* тоот С.*******ын гэрт нэвтрэн орж бэлэн 440.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр*******ын Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, ******* тоотод байрлах гэрт нэвтрэн орж гар цүнхэнээс бэлэн 440 000 төгрөг хулгайлсан болох нь

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******, *******р бид нар хуучин Дарханы холбооны тэнд байдаг спорт зааланд 15 цагийн үед очиж сагс тоглож байгаад 16 цагын үед гэр лүүгээ харьсан. Гэртээ очоод байж байтал ******* над руу залгаад “Гэрт хүрээд ирээч“ гэж хэлсэн. Би тэгээд *******т “кино үзчихээд яваад очиноо” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ кино үзэж дуусчихаад *******ын байгаа ******* гэдэг ахынд нь очсон. Намайг тэднийд очиход******* ахын хашаанд хүмүүс үхэр нядалж байсан. *******ыг гэртээ байгаа байх гээд гэрт нь ортол гэрт нь хүн байгаагүй. Тэгээд байж байтал ******* ахын гэрийнх нь зурагтын тавиур дээр хар өнгийн жижиг гар цүнх байхыг харсан. Би тэгээд тэр цүнхийг нь аваад онгойлгож үзтэл дотор нь баахан бэлэн мөнгө байсан. Тэгээд би жижиг цүнхэнээс мөнгө авчихаад буцааж тэр тавиур дээр нь тавиад гэрээс нь гараад мал нядалж байсан хүмүүс дээр очиход ******* тэр хүмүүст туслаад байж байсан. Би тэгээд тэр хүмүүст үхэр нядалж байхад нь тусалж байтал ******* ах нь *******ыг мод хагалаад гэрт оруулчих гэсэн. Тэгээд ******* мод хагалахаар явахад нь би ******* дээр очоод гар утсыг нь өгөөд “Гэр лүүгээ явлаа. Даараад байна“ гэж хэлээд явсан. Тэгээд би гэр лүүгээ харих замдаа тэр******* ахынхаас авсан мөнгийг нь тоолж үзтэл 20 мянгатын дэвсгэрт 22 ширхэг байсан. Тэгээд би гэртээ ороод эгчдээ “ Би утасаа ломбарданд тавчихаад ирье ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Хуучин дарханд байдаг Ихэр могой худалдааны төвийн гар утас зардаг газар очиж I phone 5 маркийн хар өнгийн гар утсыг 230 000 төгрөгөөр худалдан аваад өөрийнхөө гар утасыг Ихэр могойн гар утас авдаг газар 10 000 төгрөгөнд зарчихсан. Тэгээд би тэндээс гараад худалдан авсан I phone 5  маркийн гар утсандаа өөрийнхөө сим картыг хийгээд байж байтал ******* над руу залгасан. Тэгээд *******над руу утсаар “******* ах хүрээд ир гэж байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь би *******т “Одоо очлоо“ гэж хэлсэн. Би гэртээ очоод эгчид гар утсаа зарчихсан гэж хэлээд 10 000 төгрөг өгчихөөд гэрээс гараад нөгөө шинээр авсан гар утсаа үлдэгдэл мөнгөтэй нь цуг хайрцаганд хийгээд гэрийнхээ гадаа хашааны буланд байсан хогон доор нуугаад *******ын ах болох *******ахынх руу нь очсон. Намайг очиход ******* ах “гэрт байсан гар цүнхнээс мөнгө алга болсон байна“ гэхээр нь би “аваагүй ээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* ах ******* бид хоёрыг хулгайлсан цагдаагаар шалгуулна гээд Цагдаагийн байгууллага дээр дагуулж ирсэн гэх мэдүүлэг,

 

   Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

            Би 2017 оны 12-р сарын 12-ны өдөр 16 цагийн үед найз *******, ******* нарын хамт ******* худалдан авсан 2 тооны үхрийг хашаандаа төхөөрч янзалсан. Би үхрээ төхөөрөхөөс өмнө хамтарч наймаа хийдэг*******тэй хамт гэртээ мөнгөө тоолоод мөнгөтэй гар цүнхээ гэртээ зурагтныхаа хажууд тавьчихаад бид нар гарч 2 үхрээ нядалсан. Тэгж байхад бид нарын хажууд өчигдөр орой манайд байхдаа надад загнуулаад гэрээс гараад явсан*******хувцсаа сольчихсон, ажлын хувцсаа өмсчихсөн хүрч ирсэн байсан. Тэгээд ******* бид нартай цуг үхэр нядалхад хамжилцаж туслалцсан. Тэгээд байж байхад*******ын найз нь гэх нэг банди ирсэн байсан. Би тэр бандийг нь хэзээ орж ирснийг нь анзаараагүй. Тэр *******ын найз банди нь хэсэг байж байгаад явлаа гээд яваад өгсөн. Тэгээд үхрээ нядалж байгаад дуусахын алдад би гэртээ ороход зурагтны тавиур дээр тавьчихсан байсан миний мөнгөтэй гар цүнх хажуу тийшээ хөдөлчихсөн байхаар нь би гайхаад цүнхээ аваад доторх мөнгийг нь тоолж үзэхэд миний урьд нь тоолоод тавьчихсан байсан 2 615 000 төгрөгнөөс 440 000 төгрөг дутсан байсан. Тэгээд мөнгө алга байна гээд *******аас асуухад “Би аваагүй” гээд байсан. Тэгээд тэр найзыг нь *******ар дуудуулахад “Одоо очлоо” гээд ирэхгүй удахаар нь гэрт нь очиж асуухад *******ын найз А- би аваагүй гээд байсан. Тэгээд би Цагдаад хандсан гэх мэдүүлэг,

           Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

    Би 2017 оны 12-р сарын 12-ны орой 18:20 цагийн үед нэг хар өнгийн богино куртиктэй шар царайтай намхан залуу миний зарж байгаа утаснуудаас сонирхож байгаад надаас 230 000 төгрөг бэлэн тоолж өгөөд Iphone 5 маркийн шинэ гар утас худалдан аваад явсан. Би тэр залууд зарж байгаа гар утсандаа 1 сарын баталгаа бичиж өгсөн. Тэр залуу ганцаараа явж байсан гэх мэдүүлэг /хх 22/,

 

            Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

            ...2 үхрийг нь янзлахаас өмнө*******ын гэрт бид хоёр мөнгөө тоолоход 2 610 000 төгрөг байсан бөгөөд *******гар цүнхэндээ хийгээд зурагтныхаа хажууд тавиур дээр тавчихаад бид нар 2 үхрээ төхөөрөх гээд гэрээс гарсан. Тэгээд 2 үхрээ нядалаад дуусахын алдад ******* гэр лүгээ ороод гэрт байсан гар цүнхээс 400 000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр үед бид нарыг үхэр нядалж байхад тэднийд*******ын морь малыг нь хариулдаг ******* гэдэг банди ирчихсэн харагдаж байсан. Бас Э*******рыг бид нартай үхэр янзалж байхад сүүлд *******ын найз гэх нэг банди хашаанд орж ирсэн. Тэр банди удалгүй гараад явчихсан. ...*******, *******,*******бид нар үхрээ янзалж дуустал *******ын гэр рүү ороогүй гэх мэдүүлэг /хх 19/,

            Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

...Намайг *******ахын гэрт нь очиход ******* ах хэдэн хүмүүстэй хамт хашаандаа үхэр нядалж байсан. Би гэрт нь орж хувцсаа солиод муу хувцас өмсөөд тэд нарт туслахаар гэрээс нь гараад очсон. Тэгээд тэд нартай үхрийг нь нядалж байтал манай найз А- өвсний хажууд ирчихсэн байсан. Тэгээд А- бид хоёр тэд нарт гэрэл тусгаж өгч тусалж байгаад А- надад “Би даараад байна“ гэж хэлээд гэр лүүгээ харьсан. Тэгээд ******* ах намайг мод хагалаад гэр лүү оруулаад гал түлчих гэж хэлсэн. Тэгээд би мод хагалж байсан чинь А- ирээд надад миний гар утсыг өгөөд гэр лүүгээ харьлаа гээд яваад өгсөн. Би модоо хагалаад хагаласан түлээгээ******* ахын гэрт нь оруулж гал түлээд байж байтал *******ах гэрт орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд зурагтын тавиур дээр байсан гар цүнхээ аваад доторх мөнгийг нь тоолж байснаа “мөнгө дутуу байна. Хүн авчихсан байна“ гэж хэлсэн. Тэгээд надаас “Чи мөнгө авсан уу” гэж асуухаар нь би “аваагүй ээ” гэж хэлсэн. Тэгээд ******* ах намайг тэр А- рүү утсаараа залга гэж хэлсэн. Утсаараа А- рүү залгаад “Чамайг ******* ах дуудаж байна" гэж хэлсэн. Тэгсэн чинь А- “за очлоо“ гэж хэлээд хүлээгээд байсан чинь ирээгүй. Тэгээд А-ийн гэрт нь очсон чинь А- гэртээ байхгүй байсан. Тэгээд байж байтал А- гэрээсээ ирлээ гээд хүрч ирэхээр нь ******* ах “Чи мөнгө авсан уу” гэж асуусан чинь А- “ аваагүй ээ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 20/,

 

   Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10, 11/ гэрч *******, ******* нарын мэдүүлэг /хх 45, 46/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Насанд хүрээгүй шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 34-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

   Эд зүйл хүлээлгэн өгсөн "2017.12.12-ны өдөр Ихэр могой гар утасны худалдааны төвийн 10-6 тоот лангууны гар утасны худалдаа эрхэлдэг *******өөс 230 000 төгрөгийн үнэ бүхий Iphone 5 маркийн хар өнгийн гар утсыг хүлээлгэн өгч, уг мөнгийг *******өөс гаргуулах авахаар тогтсон" тухай /хх 10/, 440 000 төгрөгийг хохирогч *******т хүлээлгэн өгсөн тухай /хх 11/ тэмдэглэлүүдээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна гэж үзлээ.

   Насанд хүрээгүй шүүгдэгч А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр үйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлий 1-т зааснаар хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэргийн ангилалд багтахаар заасан байна.

   Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчид хорих ял оногдуулахад уг ялыг хойшлуулах, ялаас чөлөөлөх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6, 8.6, 8.7 дугаар зүйлүүдээд зохицуулаагүй өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хамаарах тул насанд хүрээгүй шүүгдэгч А- нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6, 8.6, 8.7 дугаар зүйлүүдэд хамаарах боломжгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

   Насанд хүрээгүй шүүгдэгч А-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал "гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 7 сар 18 хоногтой байсан, сургуульд суралцаагүй, эцэг, эгч, дүү нарын хамт оршин суух тодорхой хаяггүй, эцэг нь тогтсон орлогогүй" зэргийг  харгалзан үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Насанд хүрээгүй шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж 440 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ