| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2239001660021 |
| Дугаар | 2025/ДШМ/05 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/05
2025 01 17 2025/ДШМ/05
*******д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг О.Б даргалж, ерөнхий шүүгч Г.Б , шүүгч Д.Г нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Иргэний нэхэмжлэгч Б.П /цахимаар/,
Иргэний хариуцагч С.Б /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д , Э.Ш ,
Шүүгдэгч П.А /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч С.Д , Э.Ш нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч П.А-д холбогдох эрүүгийн 2239001660021 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.А нь нийтийн албан тушаалтан буюу ................ Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дахь хэсэгт заасан “Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2 дахь хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.11, 3 дахь хэсгийн 3.3, 3.3.1, 3.6 дэх заалтуудыг зөрчиж,
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, ...................2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хавсралтаар акталж худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 249 дугаартай албан бичиг хүргүүлсэн, ........... Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 06 дугаар сараас эхэлж, уг хичээлийн байрыг “Биндэр Алтай Оюу” ХХК-ийн ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг “Биндэр Алтай Оюу” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгосон, улмаар “Биндэр Алтай Оюу” ХХК нь “Эко зуслангийн байрыг” 43.977.805 төгрөгийн өртөгөөр барихаар зураг төсөл боловсруулж, тендерт шалгарсан атлаа, уг хичээлийн 2 дугаар байрны модон материалыг “Эко зуслангийн байр” барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн төсөвт төвлөрүүлээгүй, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолоор уг хичээлийн 2 дугаар байрыг “актлах, худалдах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Аймгийн засаг даргад үүрэг болгосон, улмаар Аймгийн Засаr дарга 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжаар ажлын хэсэг байгуулсан байхад, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, ......... Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг “Биндэр Алтай Оюу” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “Биндэр Алтай Оюу” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Б-аас 1,245,000 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч П.А-ээс 3.620.279 (гурван сая зургаан зуун хорин мянга хоёр зуун далан ес) төгрөгийг тус тус гаргуулж .................. төрийн санд олгож,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг буруутгахдаа “...Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай "Эд хөрөнгө актлах, худалдах тухай тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн засаг даргын 2020 оны 09 сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай захирамж, Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг зэргийг гарахаас өмнө ..23,253,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, ... 2020 оны 06 дугаар сараас эхэлж уг хичээлийн байрыг Биндэр Алтай Оюу ХХК-д ямар нэгэн шалгуур өртөггүй олгож, Биндэр Алтай Оюу ХХК-д давуу байдал бий болгосон нь ...шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. ..." гэж шийдвэрлэжээ. Миний хувьд Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг эко зуслангийн барилгад ашиглуулах талаар албан ёсны шийдвэрийг гаргаагүй бөгөөд хэн нэгэн рүү чиглүүлж тодорхой үүрэг, чиглэл огт өгөөгүй юм. Тухайн үед хичээлийн 2 дугаар байрыг актлуулах талаар санал сургуулийн удирдлагаас гаргаж байсныг холбогдох журмын дагуу акталж, ашиглаж болох талаар У-тэй санал солилцож байсан төдий л зүйл болсон. Тухайн үед хичээлийн 2 дугаар байрыг актлах асуудал шийдэгдсэн гэж сургуулийн захирал хэлсэн учир би бүх асуудал нь хууль журмынхаа дагуу шийдвэрлэгдсэн юм байна л гэж ойлгосон. Төсвийн тухай хуульд зааснаар сургуулийн захирал төсвийн шууд захирагч учир сургуулийн захирал миний өмнө ажил хариуцаж байгаа эрх үүрэг бүхий нэг байгууллагын дарга юм. Миний хувьд төсвийн ерөнхийлөн захирагч учир сургуулийн өмч хөрөнгө захиран зарцуулахад оролцох эрх байхгүй учраас асуудлаа дотооддоо шийдвэрлэ, хөөцөлд гэсэн яриа л болж байсан. Гэтэл тэд ажлаа хийхгүй орхигдуулж, дан ганц намайг шийдвэр гаргасан мэтээр өөрсдөөсөө зайлуулж мэдүүлэг өгсөн нь намайг буруутгах үндэслэл болсонд харамсаж байна. Миний хувьд гүйцэтгэгч С.Б-тай ярилцаж байхдаа сургуулийн хуучин байрыг ашиглах шийдвэр гарсан гэсэн тэрийг ашиглах байх, сургуулийн захиралтай уулзаарай л гэсэн. Хичээлийн 2 дугаар байрыг актлах шийдвэрийг сургуулийн өмч хамгаалах зөвлөл шийдвэрлэсэн. Миний хувьд сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, чиглэл өгч байгаагүй, тэд хуулийн хүрээнд шийдвэрээ гаргаад байгууллагын даргадаа танилцуулж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэх үндсэн үүрэг бүхий ажлын хэсэг байсан. Гэтэл өмч хамгаалах зөвлөл энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй, орхигдуулсан. Миний хувьд ажлын санал солилцож хуулийн дагуу хийхийг л чиглэл болгож Х.У , С.Б нартай уулзаж ярилцаж байснаас цаашгүй юм. Бид бүгд хөдөлмөр зуслантай болох чин хүсэл байснаас биш, миний хувьд өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох гэсэн санаа зорилго огт байгаагүй гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Иймд Эрхэм шүүгчид та бүхэн хэргийн материалд авагдсан баримтуудад нэгбүрчлэн дүгнэлт хийж, П.А надад холбогдох хэргийг үнэн зөвөөр бодитой шийдвэрлэж, надад холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д , Э.Ш нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх иргэний хариуцагч С.Б , гэрч Б.Э нарын "... У эко зуслангийн барилга барих модыг сургуулийн хичээлийн байрнаас авч ашиглаж болно..." гэсэн мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэснээ тогтоолдоо заагаагүй байна. Шүүх хуралдаанд 2024-10-01-ний өдөр биечлэн оролцсон иргэний хариуцагч болох С.Б нь "...сумын засаг дарга байсан П.А нь өөртөө давуу байдал олж аваагүй, хэн нэгэнд мөнгөн шан харамж өгөөгүй, зөв зүйл хийсэн..." гэсэн агуулгатай мэдүүлгийг мэдүүлж байсан болно. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд П.А-ийн зүгээс хууль, журмын зохицуулалтаар Сумын засаг дарга нь сумын өмчийн хөрөнгийг худалдан борлуулах, бусдад шилжүүлэх эрхгүй, түүний бүрэн эрхэд эл асуудал хамаарахгүй талаараа мөн сургуулийн өмч хамгаалах зөвлөл хууль, журамд заасны дагуу ажиллаагүй, аймгийн Засаг даргын албан тоотууд сургуулийн захирал н. У-т хаяглагдаж байсан учраас сумын Засаг дарга мэдэх боломжгүй байсан, мөн Ууганцэцэг өмч хамгаалах зөвлөлийн шийдвэр гарсан талаарх мэдээллийг Сумын засаг даргад өгсөн тухай маш дэлгэрэнгүй мэдүүлгүүд өгсөн. Гэтэл шүүх мөн л иргэний хариуцагч С.Б , П.А нарын мэдүүлгийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаарх үндэслэлээ тогтоолдоо заагаагүй...
Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/46 дугаартай магадлалын Тодорхойлох хэсэгт "...Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах үүрэг бүхий этгээд хэн болох, уг этгээд нь үүргээ холбогдох хууль, журмын дагуу биелүүлж чадсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл үйлдэл, гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. " гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ." гэж заажээ. Гэтэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 3 хх-ийн 76-р талаас 118-р талд авагдсан баримтуудаар П.А-ийн гэм бурууг нотолсон нэг ч баримт байхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ түүний гэм буруугүйг нотолсон, эргэлзээтэй нотлох баримтууд авагдсан нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хангалттай болж байна.
П.А нь хичээлийн 2 дугаар байрыг нураах, модон материалыг ашиглуулах тухай захирамжилсан шийдвэр огт гаргаагүй бөгөөд хэрэгт энэ талаар авагдсан нэг ч баримт байхгүй, нэгэнт акталсан байрыг сургуулийн өмч хамгаалах зөвлөл зохих хууль, журмын дагуу шийдвэрээ гаргасанд П.А-ийн зүгээс хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ямар ч зорилго сэдэл байгаагүй ба тэрээр ямар ч хууль, тэр тусмаа Эрүүгийн хууль зөрчөөгүй юм. Түүнийг буруутгаж буй гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан. П.А нь тухайн үйлдлээ хууль бус гэж ойлгоогүй, одоо ч тэгж үзэхгүй байгаа. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг (Авлигын гэмт хэрэг)-ийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн шинжийг "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол" гэж тодорхойлжээ. Харин Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад: "авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно" гэж, 3.1.2-т "ашиг хонжоо" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал" гэж, 3.1.3-т: "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг" ойлгоно гэжээ. П.А-ийн тухайд хувийн эрх ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилго ч байгаагүй, бусдад давуу байдал бий болгох хүсэл ч байгаагүй, гагцхүү хүүхдүүдийг хөдөлмөр зуслантай болгоё гэсэн чин хүсэл л байсан. Хэдийгээр уг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй биш боловч авлигын гэмт хэрэг учраас хувийн ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох сэдэлт, зорилго заавал байх ёстой. Гагцхүү үүнийг нь тодорхой баримтаар нотолсон байх учиртай. Гэтэл хэрэгт энэ талаар нотолсон нэг ч баримт байхгүй байгааг анхааралдаа авахыг хүсэж байна. Хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгах, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааж, гэмт хэрэг гэж тодорхойлсон байх явдал. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан үйлдэл л гэмт хэрэг болохоос бус түүний бусдад амаар хэлсэн үйлдлийг албан ёсны шийдвэр гэж буруутган яллах ёсгүй юм. Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.А-д холбогдох ...хэргийг ЭХХШТХ-ийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар өмгөөлөгч нараас дурдаж байна. Хариуцан хамгаалах үүрэг бүхий этгээд хэн болох талаар магадлалд дурдсан. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө нь ч тогтоогдсон, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болгосон. Тухайн хичээлийн 2 дугаар байрыг хариуцан хамгаалах сургуулийн өмч хамгаалах зөвлөл гэж байгаа. Тухайн өмч хамгаалах зөвлөл хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлж чадсан эсэх гэдэг асуудал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэдэг дээр эко зуслан барих хэрэгцээ шаардлага буюу мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу эко зуслан барих ийм асуудал байсан. Эко зуслангийн барилгын зураг төслийг 2020 оны 03 сард зуруулсан байдаг. Ингэхдээ аж ахуйн аргаар гэж зуруулсан байсан. Ах ахуйн арга гэхээр шаардлагатай бусад зардлыг хасаж, танасан хэлбэрээр зураг төсөл гаргуулсныг аж ахуйн арга гэж хэлдэг юм байна. Энийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар зураг төслийг хийсэн албан тушаалтнууд хэлсэн байгаа.
Эко зуслан барих зураг төслөөр 43 сая төгрөгөөр эко зуслан баригдах боломжгүй гэдгийг П.А мэдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон... Үүн дээр модон материалыг оруулж эко зуслан барина гэдэг ийм асуудлыг 2020 оны 3 сараас эхлээд зураг төслийг гаргасан. Мөн 6 сараас эхэлж нураалгаж эхэлсэн. Тэгэхэд тухайн эко зуслангийн барилгыг актлах, холбогдох дүрэм журамд заасны дагуу худалдан борлуулах процедурын ажил, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэргүүлэгчдийн тогтоол гараад мөн Засаг дарга П.А-ийн шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гараад ингээд аймгийн өмч хамгаалах Төрийн өмчийн газар руу албан бичиг хүргүүлсэн. Төрийн өмчийн газар нь мөн сумууд руу 10 сард албан бичиг хүргүүлсэн. Ийм үйл баримтаар процедурын дагуу явж байсан. Гэтэл өмнөх цаг хугацаанд буюу 2020 оны 3 сард эко зуслангийн барилга барих зураг төслийг гаргуулах явцад хичээлийн 2 дугаар байрны модон барилгыг эко зуслан барихад ашиглана. 43 сая төгрөгөөр эко зуслан баригдах боломжгүй зэрэг ийм асуудлууд болсон байдаг. Энэ талаар өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эдгээр нөхцөл байдлууд тогтоогдсон.
Эндээс юу хэлэх гээд байна гэхээр, тухайн эко зуслангийн барилгыг барихдаа хичээлийн 2 дугаар байрны модон материалыг ашиглана гээд П.А өмнө нь гаргасан. Процедурын дагуу ажил явахаас өмнө тухайн шийдвэрүүд гарсан байгаа. Өмгөөлөгч нар амаар шийдвэр гарсан гээд хэлж байна. Тийм амаар хэлсэн.
Мөн У-г яагаад буруутгаагүй юм бэ гэдэг асуудал ярьж байна. У Хөдөлмөр зуслангийн зураг төслийг гаргах батлуулах ажлыг огт хийгээгүй. Харин өмч хамгаалах зөвлөл зохих журмын дагуу ажлаа хийхээс өмнө энэ шийдвэрүүд гаргаад нураагаад модон материалыг ашигласан. Тэр бол бүхэлдээ өмхийрсөн ялзарсан байсан мэтээр иймэрхүү асуудал яригддаг.
Энэ барилга анх 59 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаад ялзарсан хэсэг нь хасагдаж 23 сая төгрөгөөр үнэлгээ тогтоогоод зохих журмын дагуу актлах шийдвэр гаргаад процедурын дагуу явсан бол дуудлага худалдаанд оруулаад зарагдах ёстой байсан. Гэтэл одоо модон материалыг ашигласан гэдэг талаар гэрчүүд мэдүүлдэг. Харин үлдэгдэл мод нь айлын өвөлжөөний ард халхавч маягаар ашиглаж байгаа, зарим нь сумын төвийн хашаанд байгаа талаар гэрэл зургийг нь аваад хэргийн газрын нөхөн үзлэг хийгээд баримтжуулаад үнэлгээг нь гаргаад ингээд нотолбол зохих байдлыг тогтоосон.
Эдгээр нөхцөл байдал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад анхан шатны шүүх дүгнэлт хийж, шүүгдэгч А-д эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Оролцогчийн эрхийг хязгаарласан ийм нөхцөл байдал байхгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдэлд таарч тохирохоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Нэмж хэлэхэд сургуулийн өмч хамгаалах зөвлөлд яг процедурын дагуу ажлаа хийх боломж олгоогүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч Э.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр Б , А нар сургуулийн өмч хамгаалах зөвлөл хууль, журамд заасны дагуу ажиллаагүй талаар хэлдэг. Тухайн үед У гэдэг хүн сургуулийн захирал байсан бөгөөд өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг хуульд заасан зохих журмын дагуу гарсан талаар тухайн үед сумын засаг дарга байсан А-д хэлсэн байдаг. А-ийн хувьд тухайн үед өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэр гарсан гэж ойлгосон учраас амаар зааварчилгаа өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс А-г захирамжилсан шийдвэр гаргасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад А-ийн гэм бурууг нотолсон нэг ч баримт хэрэгт огт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэмэлт ажиллагаа хийсэн баримтуудад А-ийн гэм буруугүйг үгүйсгэх ийм эргэлзээтэй баримтууд орж ирсэн байхад шүүх энэ талаар холбогдох дүгнэлтийг хийлгүй орхисон нь А-д холбогдох хэргийг цагаатгах үндэслэл болж байгаа гэж үзэж байгаа юм.
А-ийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд заасан гэмт санаа сэдэл огт байгаагүй. ...А хичээлийн 2 дугаар байрыг нураах захирамжилсан шийдвэрийг огт гаргаагүй. Акт ч гаргаагүй ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан байдаг. Гагцхүү сургуулийн өмч хамгаалах зөвлөлөөс зохих журмын дагуу шийдвэрээ гаргасанд нь А-ийн зүгээс ямар нэгэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, хэн нэг албан тушаалтанд давуу байдал олгосон ийм зорилго сэдэл байгаагүй юм гэж үзэж байна.
Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар “...энэ гэмт хэргийн шинжийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж тодорхойлсон байдаг /2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх зохицуулалт юм/. Энэ тодорхойлолтыг үзвэл А-ийн хувьд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилго байсан юм уу? Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон юм уу гэвэл энэ нөхцөл байдал огт тогтоогдоогүй. А-ийн хувьд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилго огт байгаагүй. Гагцхүү Хөдөлмөр зуслантай болгоё гэсэн нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн ажил байсан юм гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг өөрөө Авилгалын гэмт хэрэг гэсэн бүлэгт хамаардаг. Тэгэхээр энэ гэмт хэргийг гэм буруутай гэж тодорхойлохын тулд эхлээд А-ийн ямар хувийн ашиг сонирхол зөрчигдсөн, мөн ямар хувийн ашиг сонжоо олсон юм. Сэдэл санаа зорилго байсан юм уу? гэдэг нөхцөл байдлыг заавал тогтоож байж гэм буруутай эсэх шийдвэрийг гаргах байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар энэ нөхцөл байдал огт тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж гомдол гаргасан байгаа.
Эцэст нь хэлэхэд П.А-ийн хэрэгжүүлсэн үйлдлийн шинж, санаа зорилго хувийн эрх ашгийн төлөө бус гагцхүү нийтийн эрх ашигт чиглэсэн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Тиймээс шүүх бүрэлдэхүүн үүнд анхаарлаа хандуулаад А-ийн үйлдэл хувийн эрх ашгийн төлөө байсан юм уу? эсвэл нийтийн эрх ашгийн төлөө хийсэн үйлдэл байсан юм уу? гэдэгт ялгаж салгаж дүгнэлт хийхийг хүсэж байна. Хэрвээ А-ийн үйлдлийг гэм буруутай гэж үзэж байгаа бол ажилдаа хайнга хандсан үйлдэл байсан эсэхийг бидний зүгээс үгүйсгэхгүй байгаа. Хэрвээ А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзвэл энэ гэмт хэрэг нь “их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг”. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар их хэмжээний хохиролд хамаарахгүй байгаа учраас энэ үйлдэл нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг биш, гагцхүү зөрчлийн шинжтэй байхыг ч үгүйсгэхгүй юм гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байгаа...” гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А-ийн хувьд эко зуслангийн барилга барих ажлын гэрээг баталж тендер зарласан байдаг. Энэ үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг. Уг гэрээгээр “эко зуслангийн барилга барихад хичээлийн 2 дугаар байрны модыг буулгаж ашиглана” гэсэг нэг ч үг өгүүлбэр байхгүй. Гэтэл “Биндэр Алтай Оюу” ХХК-аас уг хичээлийн байрыг нураалгаж нөхөн төлбөрийг компани авах шийдвэр гарсан мэтээр шийтгэл оногдуулсан байгаа.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас акталсан хичээлийн 2 дугаар байрыг сургуулийн захирал өмч хамгаалах зөвлөлөө томилоод, өмч хамгаалах зөвлөл нь актлах уу, худалдан борлуулах уу гэсэн шийдвэр гаргах ёстой. Хэрвээ худалдан борлуулах эсвэл актлах шийдвэр гаргаж байгаа бол худалдан борлуулах, данснаас хасуулах тухай гомдлыг аймгийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь тухайн хөрөнгийг данснаас хасах, эсвэл актлах эсэхийг шийдвэрлэх ажиллагаа явуулах байсан.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад А-н хувьд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулаад цаашид хүүхдүүдэд хэрэгтэй Хөдөлмөр зуслантай болъё гэдэг асуудал яригдаж байсан. Энэ хүрээнд үйл баримт явагддаг. А-ийн хувьд ямар нэгэн байдлаар үүнийг нураа, актал гэсэн шийдвэрийг гаргаагүй. Гэтэл амаар хоорондоо ярилцсан энэ яриаг захирамжилсан шийдвэр гаргасан мэтээр түүнийг буруутгаад хийх ёсгүй үйлдэл хийсэн мэтээр яриад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд байгааг өмгөөлөгчдийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа юм.
Мөн авлигын эсрэг конвенцын 2-т чиг үүргээ урвуулан ашигласан талаар зохицуулсан. Энэ конвенцод юу гэж заасан бэ гэхээр? Оролцогч тус бүр нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсвэл өөр этгээдэд шууд болон шууд бусаар давуу байдал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашигласан... үйлдлийг ...авч үзнэ гэсэн байдаг.
Өөрөө хэлбэл энэ конвенцын агуулгаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг сэдэл санаа зорилгыг агуулсан байхын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдана. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтуудаар А-ийн үйлдэл бол албан тушаалын байдлаа ашиглах сэдэл санаа зорилго ерөөсөө байхгүй. Энэ гэмт хэргийн субьектив талын шинж байхгүй гэж өмгөөлөгчдийн зүгээс үзээд байгаа юм. Яагаад вэ гэхээр А-ийн энэ үйлдлээс болж ямар эрх ашиг хөндөгдөж, ямар хохирол учирсан юм бэ? гэдгийг хөдөлгөөнгүй тогтоосон байх ёстой. Тэгэхээр хүүхдүүдэд зориулсан Хөдөлмөр зуслан барьж хүүхдүүдийг зуслантай л болгоё гэсэн ийм л хүсэл санаа зорилго сургуулийн захирлын хувьд ч байсан. Тухайн багш ажилчдын хувьд ч байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар ажил үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн шинж байгаа юм биш биз гэж үзэж болохоор байгаа юм.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн магадлалаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, шалгаж тогтоогоогүй, энэ байдлуудыг тодруул гээд хэргийг буцаасан. Магадлалд заасан энэ ажиллагаанууд хийгдээд тодруулаад явсан ч дахиад А-г буруутай байна гэсэн нотлох баримт хэрэгт нэг ч авагдаагүй. Энэ баримтуудыг харахаар өмч хамгаалах зөвлөл нь хууль ёсны дагуу ажлаа хийгээгүй юм байна. Хийгээгүй байгаа энэ үйлдэл нь өөрөө ажил үүрэгтээ хайнга хандсан ийм үйлдэл байна уу гэхээс яг ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглая гэсэн санаа зорилго байхгүй байсан юм байна гэдэг нь харагддаг. Сургуулийн захирал болон өмч хамгаалах зөвлөлийн хувьд ч тэр. Гэтэл тэнд хууль ёсны дагуу ажлаа хийгээгүйн төлөө А гэдэг хүнийг холбогдуулаад буруутгаад байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзээд байгаа юм.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор бусдад давуу байдал олгосон ийм л сэдэл зорилго агуулсан байхыг шаарддаг. Тэгэхээр үүнийг баримтаар л нотлох ёстой. Хавтаст хэрэгт энэ талаар нотолсон баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг заавал тогтоосон байж энэ албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан юм байна гэдэг нь тогтоогдоно.
Тэгэхээр А гэдэг хүн албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийгээгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй.
Хамгийн гол нь субьектив санаа зорилгыг тогтоосон байх ёстой. Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцоор ч тэр гол нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ямар үйлдэл хийсэн юм бэ гэдгийг тогтоосон байх ёстой. Тэгж байж авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн юм байна гэдэг нь тогтоогдоно.
Энэ гэмт хэрэг өөрөө санаатай үйлдэгддэг гэмт хэрэг. Үйлдэл нь санаатай байж энэ гэмт хэргийн шинж нь тодорхойлогдоно. Энд хэн нэгэн нийтийн эрх ашиг огт зөрчигдөөгүй. Энэ асуудлыг онцгойлон харж, хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Иргэний хариуцагч С.Б давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Миний хувьд ч тэр А-ийн хувьд ч тэр хариуцлага яригдах ийм хэмжээний буруутгагдах зүйл хийгээгүй. Гол нь бид нийтийн эрх ашгийн төлөө үнэнч шударга хөдөлмөрлөсөн. А даргын хувьд нийтийн эрх ашгийн төлөө ямар ч хувийн ашиг сонирхолгүй хэрнээ энэ хэргээс болж цаг хугацаа, хөрөнгө мөнгө бүхий л зүйлээрээ хохирч байна. Тухайн байшин нь сургуулийн 2 дугаар байр гэж яригдаад байгаа болохоос биш өчнөөн жил болсон тийм ч сайн байшин байгаагүй. Буулгахад хүртэл болохгүй юм байна гэж яригдаж байсан. Нам солигдсон учраас иймэрхүү байдалтай байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.П давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд: “гаргах тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч С.Д , Э.Ш нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч П.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад... гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/... гэмт хэргийг хэн үйлдсэн... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр... зэргийг нотолно...” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/46 дугаартай магадлалаар П.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянаад “...Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах үүрэг бүхий этгээд хэн болох, уг этгээд нь үүргээ холбогдох хууль, журмын дагуу биелүүлж чадсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл үйлдэл, гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна..." гэж дүгнээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаажээ.
Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын өмчийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө: “...Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газартай орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг жил болгон байгуулдаг... эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага өөрөө хариуцна. Гэрээний нэг хувь нь тухайн байгууллагад, нэг хувь нь манай байгууллагад байгаа...” гэж /4хх-ийн 79 хуудас/ мэдүүлсэн байхад хэрэгт ач холбогдол бүхий байж болзошгүй нотлох баримт болох уг гэрээг хэрэгт хавсаргаж холбогдох шалгалтыг хийгээгүй байна.
Түүнчлэн прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...Тухайн хичээлийн 2 дугаар байрыг хариуцан хамгаалах сургуулийн өмч хамгаалах зөвлөл гэж байгаа...” гэж тайлбарлаж байгаа тул уг зөвлөлийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон баримт бичгийг хэрэгт хавсаргах, шаардлагатай бол холбогдох шалгалтыг хийх,
Мөн гэрч Х.У нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “...Хөдөлмөр зуслангийн барилгын ажил удаашралтай байсан. Тэр үед сумын засаг даргатай би очиж уулзаад барилгын ажил удаашралтай байна, хичээлийн хоёрдугаар байр актлагдах юм. Шаардлагатай модон материалыг хөдөлмөр зусландаа өгөх үү, яах уу гэж ярилцахад Засаг дарга П.А үнэхээр актлагдаж байгаа юм бол журмын дагуу өгнө биз дээ, мод модон материал дутагдана, барилгын төсөвт угаасаа суусан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шаардлагатай модон материалыг өгч болох юм байна гэж ойлгоод олгосон юм...” гэж мэдүүлсэн үйл баримтад зохих журмын дагуу хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл аливаа нэг нийтийн албан тушаалтан нь өөрийн хариуцсан ажил үүргийг хууль дүрэм журамд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй ба хариуцсан ажил үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон эсэх талаар бодит байдалд нийцсэн, бүрэн гүйцэд дүгнэлт өгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, П.А-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.