| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0056/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 65
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д-д холбогдох эрүүгийн 1818000630032 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д-, -ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, комьпютерийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг - тоотод түр оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д- нь 2017 оны 10 дугаар сарын 22, 2017 оны 12 дугаар сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай У-ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д- нь 2017 оны 10 дугаар сарын 22, 2017 оны 12 дугаар сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У- зодсон болох нь
Шүүгдэгч Д-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...2018 оны 01 сарын 09-ны өглөө 09 цагийн орчим хамтран амьдрагч ******* болон дагавар хүү ******* нарын хамт гэртээ байхад миний санаж байгаагаар найз ******* алтанд явах уу гээд ороод ирсэн. Би урьд өдөр нь алтан яваад ирсэн бөгөөд Дархан руу явах гээд хувцсаа бэлдээд тавьсан байсан. Тэгээд эргэж ороод хувцсаа авах гэхэд ******* намайг Дархан луу явуулахгүй гээд миний халаасанд байсан 6000 төгрөгөөр нэг шил архи аваад ороод ирсэн. Тухайн үед ******* гэр рүүгээ яваад өгсөн байсан. Харин гэрт би ******* дагавар хүү ******* бид гурав байсан. Би ******* ийн хамт нөгөө архиа хуваагаад ууж байсан. Тэгээд юунаас болоод маргалдсан талаар сайн санахгүй байна. Би нэлээд согтуу байсан хүмүүстэй хардаад гараараа цохиод түлхээд сандал дээр суулгасан. Түүнээс биш учиргүй зодоод байсан зүйл байхгүй. ...Би ******* ийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дагавар хүүгээсээ болоод маргалдаад сүхээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулж Дархан-Уул аймгийн шүүхээр 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. Би тэр хэрэг дээрээ шүүхээр шийдүүлээгүй байхдаа 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз ******* тай хардаад зодож байсан. ...Бид хоёр маргалдаад ******* гэрээс гараад явсан. Тэгээд эргэж орж ирээд намайг хайраа хоёулаа архи уучихаад амрах уу гээд байхаар нь архиа уугаад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлсэн. Би маргалдаад хүнтэй хардаад гараараа нэг удаа цохисон байх нээх сүртэй зодоод байсан зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч У-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өглөө хамтран амьдрагч Д- болон хүү ******* нарын хамт орноосоо босох гээд байж байхад Д-ын найз ******* орж ирээд хамт алтан явах уу гээд Д-ыг аваад гэрээс гараад явсан. Би хүүгийн хамт гэртээ байж байхад орой 15 цагийн орчим Д- ганцаараа согтуу орж ирсэн. Миний уур хүрээд Д-д хандаж чи гэрт хоол, цай, түлээ нүүрс байхгүй байхад архи уулаа гээд уурлаад хэрэлдсэн. Би хэрэлдэж байгаад хүүгээ гэрээсээ аваад гарах гэхэд Д- намайг хаашаа явах гэж байгаа юм гээд гэрээс гарахгүй сандал руу гараараа түлхээд газарт унагаасан. Би босоод модон сандал дээр суухад гараараа толгой руу нэлээд хэдэн цохиод авсан. Би чимээгүй дуугүй зодуулж байгаад Д-ыг унтахаар нь Цагдаагийн газарт байнга зоддог талаар дуудлага өгсөн. Удаагүй Цагдаагийн алба хаагч нар ирээд Д-ыг авч явж эрүүлжүүлсэн. Намайг Д- зодох үед миний толгой энд тэндээ нэлээд хавдсан байсан. Түүнээс биш нүүр нүд рүү цохиж зодсон зүйл байхгүй Намайг хамтран амьдрагч Д- нь 2017оны 10 дугаар сарын 22-ны өдөр архидан согтуурсан үедээ хүүгээсээ болж маргалдаад төмөр сүхээр толгой тус газарт цохиж гэмтээж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж Шүүхээр орж 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Мөн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад 2017 оны 12-р сарын 24-ний өдөр хамт архи ууж байгаад ******* тай хардаад намайг нэлээд зодсон. Миний нүүр лүү гараараа нэлээд хэдэн удаа цохиж байсан. Намайг архи уухаараа хэрүүл хийж байгаад зодоод байдаг. Би одоо хэдэн удаа зодуулж байгаагаа ч мэдэхгүй байна. Намайг байнга зоддог гэх мэдүүлэг /хх 14-15/,
Насанд хүрээгүй гэрч Б- мөрдөн байцаалтад өгсөн:
...Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өглөө хойд аав Д- алтанд явна гээд найз ******* ын хамт гараад явсан. Тэгээд өдөр 16 цагийн орчим хойд аав Д- согтуу ганцаараа орж ирсэн. Тэгэхэд ээж Д- ахыг архи уулаа гээд уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд ээж намайг аваад гэрээс гарах гэсэн чинь Д- аав ээжийг хаашаа явах гээд байгаа юм гээд уурлаад түлхээд унагаасан. Тэгээд ээжийн толгой руу гараараа цохиод байсан. Би боль гээд ээжийгээ өмөөрөөд уйлсан. Тэгээд нэлээд байж байгаад аав Д- унтаад өгөхөөр нь ээж аавыг Цагдаагийн газарт дуудаад өгсөн. Аав Д- архи уухаараа ээжийг байнга зодоод байдаг. Тэр 2 байнга хэрэлддэг гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч ******* гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Миний хүү Д- нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр миний 5 хүүхэд болон мэндэлсэн юм. Миний хамгийн бага хүү байгаа юм. Миний хүү 1988 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын бага сургуульд 1-р ангид элсэн ороод Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийн 8-р ангийг 1996 онд төгсөөд Өвөрхангай аймгийн Техник мэргэжлийн сургууль төгсөөд 1999 онд Дархан-Уул аймагт шилжиж ирсэн. Миний хүү 2000 оноос Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт ачигчаар яваад 2001 онд Цэргийн албанд татагдаж 2002 онд халагдаж ирсэн. Тэгээд эргэж Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад 1 жил орчим ажиллаад ажлаасаа гараад Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нэг хүүхэнтэй хамт амьдарч байгаад салсан. Миний бага хүү Д- нь архи, тамхи хэрэглэдэг. Гэхдээ архи уугаад гэртээ ирэхээрээ эцэг, эхээ зовоогоод агсам согтуу тавиад байдаггүй. Сүүлийн хэдэн жил гэр орондоо тогтохгүй байгаа гэх мэдүүлэг /хх 18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт:
“1.У-ийн биед баруун нүдний зовхины цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 74/, аюулын зэргийн үнэлгээ /хх 6-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн уг ялаа эдлээгүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 1 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 1 сарын 1 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 7 сар 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ