| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2440000000061 |
| Дугаар | 2025/ДШМ/06 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/06
2025 01 17 2025/ДШМ/06
Ч.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Э.А /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ц.И-ийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн 2440000000061 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” маркийн 24-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А-аас шүүгдэгч Ж.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: 1.Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий Ц.И давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэсэн хуулийн заалтыг хэрэглэлгүй 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 32 цагийг хасаж нийт эдлэх ялыг 688 цагаар тогтоох нь “хууль ёсны зарчим”-д нийцэх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүхийн шийдвэрийг зөвтгөнө гэж дүгнэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэзээнээс эхэлж тоолохыг дурдаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна. Шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ялын хэрэгжих хугацааг шүүхийн шийдвэрт тусгахгүй байх нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой гарсан тодорхой биш зүйлийг тодруулах ажиллагаа хийгдэх үндэслэл болно гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх, мөн шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ялыг тоолж эхлэх хугацааг шийтгэх тогтоолд тусгуулан өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-ын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Ч.Б т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн, 2,600,000 төргөгийн үлдэгдэлтэй талаар Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны 01/1947 дугаартай албан бичиг /хх-ийн 55 дугаар хуудас/ хэрэгт хавсаргагдсан байхад шүүх хуралдаан дээр амаар хэлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн тайлбар зэргийг үндэслэн өмнө оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь хуульд нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ...шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ...-г тусгана...” гэж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байхад шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн тайлбарыг хуульд заасан журмын дагуу тодруулж шалгалгүйгээр бүрэн бус дүгнэлт хийсэн, мөн шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял буюу эрх хасах ялыг хэрхэн нэмж нэгтгэх талаар шийтгэх тогтоолдоо тусгаж дүгнэлгүй дээрх хуулийн заалтыг зөрчсөнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж удаа дараа ял шийтгэгдсэн талаар шийтгэх тогтоолдоо тусгасан атлаа өмнө оногдуулсан ялаас хөнгөн ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэсэн журмыг зөрчсөн, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдсан эсэргүүцэлд дурдсан асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.ГАНЗОРИГ