Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0742

 

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0742

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б******* /РД:*******/,

Хариуцагч: ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, гэрч Б.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Х.Б*******гийн ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар байрны 15 тоот хаягт байх үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Х.Б******* нь 2004 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон *******-гаас хамтран хэрэгжүүлж буй М*******н айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар байрны 15 тоот хаягт байрлах 75.68 м.кв, 3 өрөө орон сууцыг худалдан авчээ.

2.2.Улмаар, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар хүсэлт гаргасныг улсын бүртгэлээс ... *******-тай 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц зээлээр, худалдах, худалдан авах гэрээ болон тус орон сууцыг худалдан авч төлбөр тооцоо дууссан талаарх баримтыг ирүүлээгүй, мөн орон сууцны план зураг дутуу ... гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.

2.3. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг хянан шийдвэрлэлээ.

2.4. Нэхэмжлэгч Х.Б******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариу авсан өдрөөс 9 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэв.

3. Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

3.1. Миний бие 2004 онд *******-гаас ******* дүүргийн 6 дугаар хороонд баригдсан ******* дугаар байрны 5 давхраас 3 өрөө байр буюу 15 тоотыг худалдаж авсан бөгөөд одоо хүртэл тэнд амьдарч байна. Худалдан авсан байрны үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ авах талаар ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч *******-гаас төлбөр тооцоо дууссан гэсэн бичиг авч ир гэж миний хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан.

3.2 *******-гийн 3 өрөө сууцны нийт үнэ 14,975.27 ам долларыг 100 хувь төлсөн тул уг сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгов гэсэн 149 дугаартай гэрчилгээ байгаа боловч дахин бичиг авч ирэхийг шаардсан. *******-гаас бичиг авахын тулд олон жил хөөцөлдсөн боловч энэ байгууллага болон түүний захирал Б.Батбаяр олдоогүй бөгөөд уулзах боломж гараагүй. Иймд уг орон сууцыг худалдан авсан талаарх миний бүрдүүлсэн материалыг хянан үзэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гаргаж өгнө үү гээд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр тайлбар гаргажээ.

4.1. Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн хуулийн этгээдийн анхны бүртгэлийг бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслэн бүртгэдэг болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу өмчлөх эрхийг нотлох баримт, газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг, барилгын батлагдсан зураг төсөл, гэрэл зураг эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны хаяг, ЭУБ-8 дугаар маягтын дагуу үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрс, хаалганы тоот, хэмжээ хөрөнгийн үнэ зэрэг мэдээллийг агуулсан захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, холбогдох баримтыг барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлтийн хамт" тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу харьяа дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн иргэн мэдүүлэг гарган холбогдох гэрээ хэлцэл, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг.

4.2. Иргэн Х.Б******* нь *******-тай 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, дээрх орон сууцыг зээлээр худалдан авч төлбөр тооцоо дуусаж өөрийн өмчлөлд бүртгүүлэх эрх үүссэнийг нотлох албан бичгийг хавсарган өгөөгүй байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах заалтуудыг тус тус үндэслэн татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэгч Х.Б*******н хариуцагч ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ...маргаан бүхий орон сууцыг худалдан авч төлбөр тооцоо дууссан гэх албан бичгийг мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан 2001/05/07 дугаартай гэрээ, түүнчлэн орон сууцны план зургийг мэдүүлэг гаргагчаас хавсаргаж өгөөгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б*******н гаргасан мэдүүлгийг буцааж, бүртгэл хийхээс татгалзсан байх ба хариуцагчаас үндэслэлээ ... нэгэнт хуульд заасан бүрдүүлэх материалын жагсаалтад заасан баримт бичгийг дутуу хавсаргаж мэдүүлэг гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг мэдүүлэг гаргагчийн нэр дээр гаргаж өгөх боломжгүй, хэрвээ дутуу бүрдэлтэй баримт бичгийг үндэслэж бүртгэл хийсэн тохиолдолд энэ нь хууль бус бүртгэл болно... гэж тайлбарлаж байна.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас маргаж буй үндэслэл хэвээр эсэхийг тодруулахад нэхэмжлэгч Х.Б*******гаас Архивын ерөнхий газарт хандаж *******, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах *******гийн ******* дугаар байрны барилга архитектурын ажлын зураг, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комиссын дүгнэлтийг гаргуулан авсантай холбогдуулан барилга, орон сууцны план зургийг хүсэлтдээ хавсаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага план зураг-тай холбоотой баримтыг дахин шаардахгүй, харин Х.Б*******н орон сууц зээлээр худалдан авсантай холбоотой 2001 оны гэрээ, төлбөр тооцоо дууссан талаарх захиалагч компанийн албан бичгийг гаргуулж авах шаардлагатай талаар хариуцагч тал тайлбарлана.

3. ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар байрны 15 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг Х.Б******* нь *******-тай байгуулсан бөгөөд захиалагчаас өмчлөх эрхийн гэрчилгээ гардаж авсан, улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр нэхэмжлэгчээс ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан болох нь тус тус тогтоогдсон, энэ талаар маргаангүй.

4. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, *******-аас хамтран хэрэгжүүлж буй М*******н айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* дугаар байрны 5 давхрын 15 тоот хаягт байрлах 72.68 м.кв, 3 өрөө орон сууцны нийт үнийг бүрэн төлж дууссан тул 2004 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 149 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

4.1. Уг гэрчилгээний агуулга нь Улаанбаатар хотын ******* дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон дугаар байрны 1 орцны 5 давхрын 15 тоот 72,68 мкв нийт талбай бүхий 47.5 мкв ашигтай талбайтай 3 өрөө орон сууцны нийт үнэ 14975.27$ ам.долларыг 100 хувь төлсөн тул иргэн Хавдан овогтой Б******* танд уг сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгов гэсэн байх ба үүнээс нэхэмжлэгч нь бүртгүүлэхээр маргаж буй орон сууцны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.[1]

4.2. Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан Б.Б*******оос маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гэрчээр оролцуулсан бөгөөд тэрээр гэрчийн мэдүүлэгтээ ...Тухайн үед төлбөр тооцоо дууссан айл өрхүүдэд Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байсан, тус сан нь одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулахаа больсон бөгөөд тамга, тэмдэг бүгд байхгүй байгаа. Залуу гэр бүлийг орон сууцтай болгох хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төсөл, Х.Б*******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй ... Одоог хүртэл шүүхийн болон бусад журмаар төлбөр тооцооны асуудал үүсээгүй байгаа учир төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна гэж тайлбарладаг.

4.3. Мөн нэхэмжлэгч Х.Б*******гаас бүртгүүлэхийг хүсэж буй үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг худалдаж аваад тухайн үед татварын байгууллагад хөнгөлөлт эдлэхээр материал бүрдүүлж өгөхдөө анх орон сууцны захиалга өгөхдөө байгуулж байсан 2001 оны гэрээгээ хавсаргаж өгсөн талаараа тайлбарладаг тул шүүхээс ...нэхэмжлэгч Х.Б******* нь ******* дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, ******* дугаар байрны 15 тоотод байрлах орон сууцыг худалдаж авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу анх удаа орон сууц авах хөнгөлөлтөд хамрагдсан эсэх, хамрагдсан бол уг хөнгөлөлттэй холбоотойгоор тус албанд бүрдүүлж өгсөн материалыг бүхэлд нь ирүүлэх...-ийг ******* дүүргийн татварын хэлтсээс шаардахад, тус газрын 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/3059 дугаартай албан бичгээр Х.Б******* нь орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаж байсан ба татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн иргэдийн баримт бичиг хадгалах хугацаа 5 жил байдаг тул Х.Б*******гийн бүрдүүлж өгсөн материалын хадгалах хугацаа дууссан тул устгалд оруулсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

4.4. Хэрэгт авагдсан татварын албаны тодорхойлолтуудаас үзвэл, Монгол улс, Улаанбаатар, *******, ******* хороо, хороолол, , к7, 15 хаяг байршил бүхий орон сууцны буцаан олголтоор 2004 онд 452,000 төгрөг, 2005 онд 83,960 төгрөг, 2006 онд 25,560 төгрөг тус тус авсан болох нь тогтоогдож байх ба хавсаргаж өгсөн баримт бичгийг устгасан тул 2001 оны гэрээг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдалтай байна. Захиалагч компаниас өгсөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан 2002 оны 109 дугаартай Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, түүнчлэн татварын байгууллагын буцаан олголтын лавлагаа, тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, ******* дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт зэргээр нэхэмжлэгч Х.Б******* нь өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж авсан, төлбөрөө төлж барагдуулсан, 2004 оноос хойш 22 жил амьдарч байгаа зэрэг нь тогтоогдож байна.

5. Хэдийгээр хариуцагчаас төлбөр тооцоо дууссан албан бичиг байхгүй, анх байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хавсаргаагүй гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалздаг боловч дээр дурдсан өмчлөх эрхийн гэрчилгээ, нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, түүнчлэн бүртгүүлэхээр маргаж буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авсантай холбоотой татварын буцаан олголтыг нэхэмжлэгч нь 2004-2006 онуудын хооронд авсан, гэрчийн мэдүүлгээр захиалагч нь бодит байдалд үйл ажиллагаа явуулахаа больсон бөгөөд албан бичиг тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй, гарын үсэг зурах хүн байхгүй, тамга, тэмдэг ч байхгүй талаараа илэрхийлсээр байтал нэхэмжлэгчээс заавал захиалагчийн албан бичиг, 2001 оны гэрээг гаргуулан авах шаардлагагүй байна.

6. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:3.1.4.эд хөрөнгийн улсын бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийг үйл ажиллагааг; гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 4.1.6.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах гэж зарчмын агуулгыг тусгасан бол, 8 дугаар зүйлийн 8.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:8.1.1.эд хөрөнгө өмчлөх эрх гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: 20.1.1.улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаар бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно., 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: гээд 10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, 10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр, 10.6.3.газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, 10.6.4.иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 10.6.5.барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг, 10.6.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, 10.6.7.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт, 10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт гэж тус тус хуульчлан тогтоожээ.

6.1. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4.1-д Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг энэ журмын 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8, 3.1.1-д заасны дагуу нягтлан шалгахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 8.1-д заасан татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг буцаана гэж тус тус заасан байна.

7. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан бичиг баримтын бүрдэл хангахыг шаардаж буй зорилго, шалтгаан, үндэслэл нь бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэх зэрэг зарчмыг хангахад чиглэж байх ба хэрэгт авагдсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээ, татварын албаны тодорхойлолт, холбогдох албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Х.Б******* нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, төлбөр тооцоог төлж барагдуулсан болох нь; мөн ийнхүү гэрээ, хэлцлийн үүргээ биелүүлэх үндэслэл нь захиалагчтай байгуулсан гэрээ бөгөөд тэрхүү гэрээнд үндэслэж татварын буцаан олголтыг 3 жилийн хугацаатай авсан болох нь; түүнчлэн захиалагчийг төлөөлж байсан этгээдийг гэрчээр шүүхэд дуудаж нөхцөл байдлыг тодруулахад өөр бусад байдлаар нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөлийн маргаангүй зэрэг нь тус тус тогтоогдож байна.

7.1. Гэтэл хариуцагч байгууллага заавал хуулиар шаардаж байгаа учир анхны гэрээг, захиалагчийн албан бичгийн[2] хамт шаардаж байгаа нь 22 жилийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгөө худалдан авч, одоог хүртэл оршин сууж, эзэмшилдээ байлгаж байгаа нэхэмжлэгчид байхгүй баримт, материалыг гаргуулах үр дагавартай тул бүртгэхээс татгалзсан шийдвэр нь бодит байдалд тохироогүй, өөр бусад баримтаар төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болон тухайн орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон, гэрээлсэн, улмаар татварын буцаан олголт авсан[3] байхад эдгээр баримтыг үнэлэх боломжгүй гэж үзсэнээс шийдвэр нь зорилгодоо нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж шүүх үзлээ.

7.2. Өөрөөр тайлбарлавал, эдгээр баримт бичгийг шаардаад байгаа үндэслэл шалтгаан нь өмчлөлдөө эд хөрөнгөө бүртгүүлэх гээд байгаа иргэний эд хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг үүссэн эсэх, гэрээ хэлцлээр хүлээсэн эрх, үүрэг дуусгавар болсон буюу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан эсэх, маргаан байхгүй нөхцөл байдлыг нотлуулах хуулийн зорилготой байна.

8. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Х.Б*******н мэдүүлэгт дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

9. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, нэхэмжлэгч Х.Б******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлгийг дахин гаргаж, харин ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн (2004 оны 149 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, татварын байгууллагын тодорхойлолт, 2002 оны гэрээ) өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл үүссэн талаар шүүхийн дүгнэсэн хэсэг буюу хариуцагч байгууллагын бүртгэл хийхээс татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй гэж дүгнэсэн хэсгийн дагуу бүрдэл дутуу гэж дахиж бүртгэхээс татгалзахгүйгээр ******* дүүргийн 6 дугаар хороо дугаар байрны 1 дүгээр орц, 5 давхрын 15 тоот 72,68 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.Б*******н нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг үүрэг болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1.1, 3.1.4, 4.1.5, 4.1.6, 8.1.1, 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8.2, 10.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б*******н ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн 6 дугаар хороо дугаар байрны 1 дүгээр орц, 5 давхрын 15 тоот 72,68 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг хариуцагч ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА