Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

2025           01          17                                          2025/ДШМ/07                         

 

 

 

Б.М-д  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор   Э.А  /цахимаар/,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Л.Н,

Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүхийн ерөнхий шүүгч М.Э-ын даргалж, шүүгч Р.Б , Б.Б  нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Л.Н  нарын давж заалдах гомдлоор, Б.М-д холбогдох 2340000490065 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч О.Б-н илтгэснээр хянан хэлэлцэв.

 

3. Шүүгдэгч Б.М  нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд .............. 6 дугаар баг Цамбацагааны 01-04 тоотод оршин суух Б.Д-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.М-ыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”   гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар шүүгдэгч Б.М-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 111 (нэг зуун арван нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгч Б.М-аас 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулан хохирогч М.М-д олгож, эрүүгийн 2340000490065 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч  Б.М-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай нийт урт 21 см, ажлын хэсэг 10 см, ажлын өргөн 4 см, ажлын зузаан 2 мм 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт  шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Л.Н нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зорчсон гэх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх намайг 2023 оны 10 дугаар сарын 2-ны орой 17-18 цагийн хооронд .............. .............. тоотод оршин суух Б.Д-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.М-г хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний зүүн гуян тус газар хутгалж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Үүнд: Шүүгдэгч Б.М-н мэдүүлэг, хохирогч М.М-н мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл, зургууд, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Д-н мэдүүлэг, гэрч М.О-ий мэдүүлэг, гэрч Ч.Э-ийн мэдүүлэг, Б.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11-р сарын 20-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч А.Ш-н мэдүүлэг, гэрч Х.Э-н мэдүүлэг, гэрч Б.П-н мэдүүлэг, гэрч С.Т-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрнө. Үүнд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд 1.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн хэлбэрийг санаатай болон болгоомжгүй гэсэн 2 хэлбэртэй байхаар хуульчилсан бөгөөд санаатай хэлбэр нь шууд ба шууд бус санаатай гэж ангилагдана. Санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа болгоомжгүй хэргүүдээс ялгагддаг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь хөнгөмсгөөр хандах, хайхрамжгүй хандах гэсэн гэсэн хэлбэртэй байх бөгөөд хайхрамжгүй хандах хэлбэр нь гэмт хэрэг үйлдэгч этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хийсэн үйлдэл байна гэж хуульчилсан. Дээрх хууль зүйн ойлголттой холбогдуулан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд хохирогч М.М... маргаан нээх болоогүй гэж бодож байна. Гэрч Б.Д-н... М.М, Б.М хоёр нээх маргалдсан зүйл байхгүй. М.М нь жоохон үгээр идээд байгаа бололтой, уул нь энэ хоёр ах дүүсийн хүүхдүүд болохоор би нээх тоогоогүй. Б.М уушны хажууд мах идээд сууж байхаар нь би архи хийж өгөх гээд архи газраас авах гээд тонгойтол нудний үзүүрт М.М  өндийж босоод М  руу очих шиг болоход Б.М наашаа гээд түлхэх шиг болсон. Би архиа аваад эргээд хартал М.М-н гуянаас цус гарч байсан гэж, Б.Д-н модон байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгт... М  гэрийн зүүн талд миний хажууд сууж байхад ирээд л өдөөд чи аавгүй, танай дав үхсэн биз дээ танай ээж чинь хүн биш танайхан бол хүн чанаргүй гээд их зүйл яриад байсан... ер нь хоромхон зуурт л болж өнгөрсөн. Намайг ширээн доороос архи аваад өндийх хооронд болсон гэж, Гэрч М.О ... М.М  ах жоохон агсрах маягтай нилээд согтолттой харагдаж байсан. Тэгэхэд М.М  ууцны мах идээд сууж байсан. М.М  ах босох гэтэл Б.М  цаашаа гээд түлхэх шиг болсон. Тэгтэл М-н холоос цус гараад сүйд болохоор нь Б.М эмнэлэг дуудсан байх гэж, Б.М  Д , М.О  нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б. М  нь тухайн үед ширээний ард суугаад мах огтолж идэж байсан бөгөөд мах огтолж идэж байгаа хүн хажууд нь байгаа хүмүүс рүү харж мах зүсэх боломжгүй, мөн тодруулан хэлбэл Б.М-г доошоо хараад мах огтолж байх явцад хохирогч М.М  нь агсрах маягтай түүнээс хоёр хүний доод талд над руу болон миний эцэг, эх, ах дүү нар руу дайрсан үг хэлдэг хэлээд сууж байсан хүнийг миний бие хормохон зуурт миний хажууд хүрээд ирнэ гэж төсөөлөөгүй байсан. Гэтэл М.М гэнэт миний хажууд хүрч ирсэн байхад нь би айж сандарч түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэхдээ өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандаж, хутга барьсан гараараа хүчтэй түлхэж холдуулахдаа түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай хүнд учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд Хохирогч М.М  нь ...тухайн цаг хугацаанд маргаан болоогүй гэж, харин гэрч Б.Д  нар нь ....М гэрийн зүүн талд миний хажууд сууж байхад М.М  одоод чи завгүй, танай аав үхсэн биз дээ танай ээж чинь хүн биш танайхан бол хүн чанаргүй гээд их зүйл яриад байсан гэж, Гэрч М.О  нь... М.М  ах жоохон агсрах маягтай нилээд согтолттой харагдаж байсан гэх мэт хохирогчоос зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг бөгөөд тус мэдүүлгүүдийн зөрүүг арилгахгүйгээр анхан шатны шүүх гэрч хохирогч нарыг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Хохирогч Б.М-н мэдүүлгээс үзэхэд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр цай уухаар босох үед нь би хутгалсан юм шиг зүйлийг ярьдаг гэтэл тухайн үед хохирогч Б.М  нь надад агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, энгэрээс минь заамдах үйлдэл ч гаргаж байсан. Мөрдөн байцаалтын шатанд гэрч хохирогч нар ноцтой зөрүүтэй мэдүүлэг өгч байхад мэдүүлгийн баримтаар үнэгэн үнэлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1.2.3 дахь заалтыг зөрчсөн зөрчил болно. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 хуудас), тус хутгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-11-12 хуудас /-нд авагдсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үед тус хутгыг эд мөрийн баримтаар шинжлэн судалсан. Мөрдөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн хутгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол үйлдэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд зүйл буюу хар бариултай нийт 21 см, ажлын хэсгийн урт 10 см ажлын хэсгийн өргөн 4 см, ажлын хэсгийн зузаан нь 2 мм хэмжээтэй хутгыг 2023 оны 10-р сарын 03-ны өдөр 11 цаг 05 минутад хураан авч тэмдэглэл үйлдсэн ингэхдээ мөрдөгч тус мөрдөн шалгах ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бөгөөд Тодруулан хэлбэл прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдолд мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон нотлох баримтыг хяналтын прокурорт бичгээр танилцуулж мөрдөн шалгах ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар хуульчилсан. Тухайн хутгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хутгыг эд мөрийн баримтаар хураан авах санал прокурорт гаргах бөгөөд, прокурорын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зуйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрөл олгохоор хуульчилсан. Гэтэл дээрх хуулийн зохицуулалт зөрчигдсөн нь эрүүгийн хэрэг ханан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна гэж дүгнэж байна” гэв.

 

7. Прокурор Э.А  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

8. Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  түүний өмгөөлөгч Л.Н-н  давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч  Б.М-д  холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах гомдолд заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянав.

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тодруулан хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй байх тул  прокуророос шүүхэд шилжүүлсэн  яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

11. Шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой 17-18 цагийн хооронд ..........................тоотод оршин суух Б.Д-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.М-г “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүний зүүн гуянд нь  хутгалж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь  дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан  дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:  

- хохирогч М.М-н: “... 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найрын хоёр дахь өдөр үргэлжилж байсан юм. Би О-, Э-нарын дор  М- дээд талд нь суугаад мах идэж байх шиг байсан. Би босоод аягатай цай аваад суух гэтэл өөдөөс нойтон юм үсрэх шиг болохоор нь цайгаа асгасан уу гэтэл гуянаас цус олгойдож байсан. Би тэгээд л ухаан алдсан. Маргаж муудсан зүйл бол байгаагүй. Нийт 21,955,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх /1хх-16, 140, 206-207, 216х/

 

- гэрч Б.Д-н: “... Би тусдаа гараад гэрийн найр хийж байсан юм. Найрын хоёр дахь өдөр байсан юм. Манай гэрт М , М , О  бид 4 сууж байсан. Эхнэрүүд нь гадуур гал тогоо хавиар нөгөө гэрээр байсан. М.М  бол 10 дугаар сарын 01-ний орой ирээд ууж эхэлсэн. Өглөө босоод л шууд уусан болохоор нэлээн согтолттой байсан. Би гэрийн хойд талд суугаад миний хажууд М , цаана нь О ,түүний цаана нь М  сууж байсан юм.  М  нь жаахан үгээр идээд байгаа бололтой. Энэ хоёр бол ах дүүсийн хүүхдүүд.  М ууцнаас мах идээд сууж байхаар нь архи хийж өгөх гээд тонгойтол нүдний үзүүрт М  өндийж босоход М  цаашаа гээд түлхэх шиг л болсон, эргээд хартал М-н гуянаас цус гарч байсан. М бид хоёр хамт өргөлцөөд машинд суулгаж өгөөд эмнэлэг явуулсан.  Тэд нарт мөнгөн аягаар гурав, гурав уулгаад сууж байсан юм...” гэх /1хх-19х/,

 

- гэрч М.О-н: “... М найзтайгаа  орой 16 цагийн үед найз Д-н гэрийн найранд очсон. Ороход М-, Д- хоёр сууж байсан. Ороод М- бид хоёр хоол цай идээд  мөнгөн аягаар 3, 3 аяга уугаад сууж байхад М- ах  агсрах маягтай нилээн согтолттой харагдаж байсан. Тэгэхэд М- ууцнаас мах идээд сууж байсан. М- ах босох гэхэд М- цаашаа cyy гээд түлхэх шиг болоход хөлөөс нь цус гарахаар  Ч.Э- орж ирээд хөлийг маарлаар боогоод М- өргөөд  машинд суулгаад явсан. Энэ хоёр ах дүүгийн хүүхдүүд. Тухайн үед сүртэй маргалдаж  муудсан зүйл байхгүй. Цаашаа суу гээд түлхэхдээ хутгаараа дүрчихсэн юм шиг байгаа юм.” гэх /1хх-23-24х/,

 

- гэрч Ч.Э-н: “...эмнэлгийн гадаа М-“найз нь мах идээд сууж байгаад цаашаа гэхдээ хутгатай гараараа дүрчихсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд /1хх- 27-28х/,

 

- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ж.А-н 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56  дугаар  “М.М-н биед зүүн гуяны дунд 1/3 хэсгээр артерийн судсыг гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх тогтоогдож, уг гэмтэл  нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын 65 хувь алдагдана” гэх дүгнэлт  /1хх-39-42х/,

 

              - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Д-, Э.Э-нарын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дүгээр “М.М  2023 оны 10 дугаар 02-ны өдөр бусдад хутгалуулж зүүн хөлөө тайруулсан гэх гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байна.” гэх дүгнэлт /1хх-173-174х/

              - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4-7х/

-  хутганд хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-10х/

Шүүгдэгч Б.М-с хохирогч М.М-н эмчилгээний зардалд 10,780,000 төгрөг шилжүүлсэн баримт  /2хх-71,76х/

-хохирогч М.М “prius-30” маркийн тээврийн хэрэгсэл хохиролдоо авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт  /3хх-90х/зэрэг нотлох баримт болно.

 

12. Прокуророос шүүгдэгч Б.М-н хүндрүүлэх нөхцөл байдал буюу хүйтэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  үйлдлийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй байна.

 

13. Хохирогч М.М  нь  Б.Даваадоржийн шинэ гэрийн найранд очиж, хоёр өдөр дараалан архи ууж их согтолтын улмаас үеэл  Б.М-д агсамнах, хэл амаар доромжлох үйлдэл гаргасан хэдий ч Б.М-д  архи хэтрүүлэн хэрэглэсэн байдал,  харилцааны үл ойлголцол, гомдлыг  далимдуулан хүний эрүүл мэндэд буюу бие махбодид нь  амь насанд аюултай хүнд гэмтэл  учруулах эрх хуулиар олгогдоогүй. Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Б.М- нь  жижиг мөнгөн аягаар гурав татсаны дараа найрын ширээний ууцны махыг  хутгаар идэж байхдаа М.М-г суудлаасаа өндийх үед зүүн гуянд  нь хутгалснаар дунд чөмөгний доод гуравны нэг дэх хэсгээр тайрах мэс засал хийгдсэн  үйл баримт тогтоогдсон байдаг. 

 

14. Шүүгдэгч Б.М-г хүйтэн зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа  түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

           15. Анхан шатны шүүхээс Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага  буюу ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  6 жилийн хорих ял оногдуулж, түүний эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

           16. Хохирогч М.М-  нь шүүх хуралдаанд  ирсэн, буцсан зардал 280,000 төгрөг нэхэмжилснийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

17. Хэрэгт авагдсан хохирогч М.М-, гэрч М.О- нарын мэдүүлгийн хооронд зөрөө гараагүй, эд мөрийн баримтаар хутгыг хураан авахдаа хуульд заасан журмыг зөрчсөн хэдий ч энэ нь  хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй байх тул шүүгдэгч Б.М- түүний өмгөөлөгч Л.Н- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Л.Н- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ

 

              ШҮҮГЧИД                                                    Г.БОЛОРМАА

 

                                                                                   О.БААТАРСҮХ