| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0582/З |
| Дугаар | 128/ШШ2026/0690 |
| Огноо | 2026-07-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0690
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, шүүгч А.Ганзориг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:/,
Хариуцагч: ******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э
Маргааны төрөл: Татварын маргаан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.А, Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, иргэдийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас ******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын тэмдэглэх хэсгийн 2, 4 дэх хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн байна.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. ******* дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-оор Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарыг “Т” ХХК //-ны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлын 30 өдөр хийхээр томилжээ.
2.2. Дээрх томилолтын дагуу улсын байцаагч нар “Т” ХХК-ийн 2020-2022 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг хийж 2024 оны 11 дүгээр сарын 13, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Ттой хийсэн ярилцлагын тэмдэглэл, “Т” ХХК-нд хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо, “Т” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулсан тооцоо зэргийг хийж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар бүхий нөхөн ногдуулалтын актаар 775,127,894.10 төгрөгийн зөрчилд нийт 101,978,661.54 төгрөгийн төлбөр ногдуулж, Татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэлийг үйлджээ.
2.3. Тус НА- актын тэмдэглэх нь хэсгийн 1-д “2021 онд ******* дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн Засаг даргын 2018.04.20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ гэрээний үнээр тооцон 648,120,320.00 төгрөгийн хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд: 7.1. Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад...олсон орлогод албан татвар ногдоно...7.4. Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно....7.4.3. хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;..., 10 дугаар зүйлд: 10.1. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна: ... 10.1.2.төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого;..., 18 дугаар зүйлд ...18.7. Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно: 18.7.1.төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;, 18.7.2. бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр.., 20 дугаар зүйлд: ...20.2. Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна: 20.2.1.энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод 10 хувиар:..., 30 дугаар зүйлд 30.1. “Эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно. 30.2. Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно.... 30.5. Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно. 30.6.Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална., Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад ... 2.1. Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна. гэж заасан /Татварын ногдуулалтыг хийхдээ эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн газрын дуудлага худалдааны төлбөрийг хасч татвар ногдуулах орлогыг тооцсон/,
тэмдэглэх хэсгийн 2-т “2020 онд 4,810,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973,83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6-д 14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй... 14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэж заасан”,
тэмдэглэх хэсгийн 4-т “2020 онд 7,589,317.80 төгрөг, 2021 онд 27,349,357.43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төгрөг, нийт 53,911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан нь 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд: 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:... 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт,...-аар баталгаажсан байх: 13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;,..., 16 дугаар зүйлд: 16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал.... заасан зөрчсөн нь тогтоогдлоо гэжээ.
2.4. Нэхэмжлэгчээс дээрхи нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдолд гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар “Т” ХХК-ийн гомдлын тухай” тогтоолоор “...гомдол гаргагч дээврийн хар цаас болон сантехникийн хэрэгслийг цааш аливаа хэлбэрээр борлуулаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа барилгад урсгал засвар үйлчилгээ хийхэд зориулж худалдан авсан тул нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш харин албан татвар төлөгч байна... энэ нь борлуулалтын орлого олохтой шууд холбоотой худалдан авалт юм гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй... Татварын удирдлагын нэгдсэн системд хадгалагдсан мэдээллээс үзэхэд 2020 онд төлбөрийн баримттай худалдан авалтын дүн 47,595,708.14 төгрөг, ажилчдад олгохоор тайлагнасан цалин хөдөлмөрийн хөлс 15,600,000.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1,950,000.00 төгрөг, хөрөнгийн албан татвар 3,675,500.00 төгрөг, нийт 68,821,208.14 төгрөгийн хасагдах зардал, 2021 онд төлбөрийн баримттай худалдан авалтын дүн 104,616,889.83 төгрөг, ажилчдад олгохоор тайлагнасан цалин хөдөлмөрийн хөлс 15,600,000.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 2,106,000.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 3,500,000.00 төгрөг, газрын төлбөр 15,227,808.00 төгрөг, нийт 141,050,697.83 төгрөгийн хасагдах зардал, 2022 онд төлбөрийн баримттай худалдан авалтын дүн 76,903,320.89 төгрөг, ажилчдад олгохоор тайлагнасан цалин хөдөлмөрийн хөлс 15,600,000.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1,950,000.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 3,500,000.00 төгрөг, нийт 97,953,320.89 төгрөгийн хасагдах зардал нь тус тус баримтаар нотлогдож байна. Иймд татварын улсын байцаагчид 2020 онд 7,589,317.80 төгрөг, 2021 онд 27,349,357.43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төгрөг, нийт 53,911,145.71 төгрөгөөр хасагдах зардлыг илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан нь тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй“ гэж дүгнэн улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нар “Т” ХХК-ийн 2020-2024 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн НА- дугаар актаар нийт 101,978,661,54 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Татварын улсын байцаагчийн актаар нийт 4 зөрчил гэх зүйлийг илрүүлж акт тогтоосон. Манай компани татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 2-т “2020 онд 4,310,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973.83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил” гаргасан гэжээ.
Манай компани 59,242,973.83 төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дэх хэсэгт зааснаар (албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх) гэж заасан байх бөгөөд уг зардлыг бизнесийн үйл ажиллагаанд зориулж гаргасан.
Түүнчлэн, татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 3-т “2020 онд 535,272.73 төгрөг, 2021 онд 10,113,727.27 төгрөг, 2022 онд 3,200,454.56 төгрөг нийт 13,853,454,56 төгрөгийг суудлын автомашины сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан” гэх үндэслэлээр төлбөр ногдуулжээ.
Манай компани тус тээврийн хэрэгслийг үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд ашигладаг. Учир нь суудлын автомашины бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангахын тулд хэрэгцээтэй сэлбэг хэрэгслийг худалдаж авсан.
Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 4-т “2020 онд 7,589,317,80 төгрөг, 2021 онд 27,349,357,43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төргөг, нийт 53, 911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдох орлогыг бууруулсан” гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д 3.1.3. “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, гэж мөн хуулийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно мөн зүйлийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасан.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэх заалтын дагуу борлуулагчаас төлбөрийн баримт гэж шаарддаг боловч уг хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс болж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “албан татвар вар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” зардлыг хасаж тооцох боломжгүй нөхцөл байдлыг татварын улсын байцаагчийн актаар бий болгож байна.
Иймд ******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын 2,4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: “Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 1-д “2021 онд ******* дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай. Нийслэлийн Засаг даргын 2018.04.20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ гэрээний үнээр тооцон 648,120,320.00 хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж, төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр 48,212,032.00 төгрөгийн нөхөн татвар, 14,463,609.60 төгрөгийн торгууль, 21,114,459.41 төгрөгийн алданги нийт 83,790,101.01 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
“Т” ХХК нь 2021 онд ******* дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг “Б” ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21/02 дугаар худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Газрын эрх шилжүүлэх гэрээний үнэ 1,200,000.00 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөг байсан бөгөөд татварын улсын байцаагч нар Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна гэж заасныг үндэслэн нөхөн татвар ногдуулсан.
Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.1-д “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна” гэж заасан. “Т” ХХК-ийн хувьд газрын эрхийг анх дуудлага худалдаанд оролцож 180,000,000 (нэг зуун наян сая) төгрөгөөр худалдаж авсан.
Гэтэл татварын улсын байцаагч нар дээрх аргачлалын 2.2-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэсний дагуу худалдах-худалдан авах гэрээний үнийг үл харгалзаж үндэслэлгүйгээр татвар ногдуулсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагчийн актын нэгдүгээр хэсэгт, газрын эрх шилжүүлэхтэй холбогдуулан 1.2 тэрбум төгрөгөөр газрын эрхийг Барилгачин Групп компанид шилжүүлсэнтэй холбогдуулан нөхөн татвар, торгуулийг ногдуулсан байгаа. Газрын эрхийн үнэлгээ нь 1.848 тэрбум төгрөг байх ёстой байсан бол уг зөрүүгээр акт тогтоосон. Тухайн үед газрын эрх шилжүүлэх төлөвлөгөө хийхтэй холбогдуулан, татварын байцаагч нар газрын эрх шилжүүлэхтэй холбоотой баримтаар нотлогдож байгаа хасагдах зардлыг бодитойгоор тодорхойлж, хасаж тооцоогүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд зохих ёсоор төлөгдсөн зардлыг хасах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн байцаагчийн акт нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсантай холбогдуулан, хэрэв газрын эрхийг шилжүүлэх төлөвлөгөө хийгдэхээс өмнө татвар төлөгч энэ нөхцөл байдлыг мэдэж хасагдах зардал болон эрхийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан газрын эрхийн суурь үнэлгээ болох 1.8 тэрбум төгрөгийн дагуу тухайн үед татварын албанаас татвар төлөгчид мэдэгдсэн нөхцөлд хожим торгууль, алдангийн өрд орохгүй байх нөхцөл байдал байсан. Татварын алба энэхүү эрхийн шилжилт хөдөлгөөний татвар ногдуулалтын байдалд тодорхойлолт өгсний үндсэн дээр холбогдох Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлсэн. Иймд энэ дээр татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Зөвхөн татварын хяналт шалгалтын байцаагч хяналт шалгалт буюу өнгөрсөн үйл явдлын араас ийм байна гэж ногдуулахаас илүүтэйгээр тухайн эрх шилжилт хөдөлгөөн хийгдэж байх үед татвар төлөгчийг хожим өр, нэмэлт дарамтад оруулахгүй байх үүднээс үүнийг татварын улсын байцаагч буюу тодорхойлолт олгож байгаа байцаагч хянан ялгаж, тодорхойлолт өгөх боломжтой байсан. Энэ үндэслэлээр бид маргаж байгаа. Дараагийнх нь, татварын улсын байцаагчийн актын хоёрдугаар болон дөрөвдүгээр хэсэгтэй холбогдуулан компани автомашин болон хувийн хэрэглээний зардал гэж үзэж байгаа. Компани өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал болно. Эдгээр хасах зардлыг хасаж тооцсоноор компани хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж байгаа. Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарах зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар хасаж тооцох зохицуулалттай байдаг. Иймд эдгээр зардлыг хувийн хэрэглээний зардал гэж үзэх нь өрөөсгөл болно. Тухайлбал, томилолтоор автомашинаар хөдөө явах тохиолдолд зайлшгүй бензин, шатахууны зардал гардаг бөгөөд үүнийг хувийн хэрэглээний зардал гэж үзэх нь учир дутагдалтай. Түүнчлэн шинэ бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан зочин, төлөөлөгчийг урих, бэлэг дурсгалын зүйл өгөх зэрэг зайлшгүй зардал гардаг бөгөөд эдгээр зардлыг хувийн хэрэглээний зардал гэж үзэж хасахгүй гэдэг хоёрдугаар болон дөрөвдүгээр зөрчлийн байцаагчийн актын агуулга ийм байгаа. Иймд “Т” ХХК-ийн хувьд бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан ёс хүндэтгэлийн зардал зэргийг хасах зардалд хамааруулан хасаж тооцох зохицуулалт байдаг. Энэ хүрээнд хасагдаж болох зардлыг хасахгүй акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан” гэжээ.
4.1. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “******* дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Т” ХХК (РД:)-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий болон тусгай удирдамж”, Татварын хяналт шалгалт хийх тоот томилолтын дагуу эрсдэлд суурилсан - бүрэн хяналт шалгалтыг татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд хийж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр НА- тоот нөхөн ногдуулалтын актаар 58,522,228.46 төгрөгийн нөхөн татвар, 17,830,162.11 төгрөгийн торгууль, 25,626,270.97 төгрөгийн алданги, нийт 101,978,661.54 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Татварын ерөнхий хуулийн 12, 28 болон 41.12 дугаар зүйлийн дагуу татвар төлөгчид “хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, нотолгоо, үндэслэл гаргах” эрх, үүргийг 2024.11.13-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулан, холбогдох нотлох баримт, тайлбар, мэдүүлэг, хууль журамд үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
1. ААНОАТ-ын тухай хуулийн “30.5. Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно.” Газрын тухай хуулийн 38.6. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.”, Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын “2.1. Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн... “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна.”, “2.2. Газрын эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцсон, эсхүл дуудлага худалдаагаар олгогдоогүй газрын эрх борлуулж, шилжүүлж байгаа тохиолдолд газрын эрхийн үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасан үнэ болон татвар төлөгчөөс ирүүлсэн газрын эрх борлуулах, шилжүүлэх гэрээний үнийн дүнгийн аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно.”
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бус), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлол аргачлал”-ын дагуу ******* дүүргийн 20-р хороонд байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 1,848,120,320 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан баримт, газрын эрх шилжүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх хууль тогтоомж, аргачлал хүчин төгөлдөр хэрэгжиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01-06/5055 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч тал газар эзэмших эрхээ Б ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нь, Төрийн сангийн дансанд “Газрын дуудлага худалдааны орлого” гэж 2021.05.18-ны өдөр 106,000,000 төгрөг, 2021.05.25-ны өдөр 60,000,000 төгрөг, нийт 166,000,000 төгрөгийг төлсөн баримтыг хяналт шалгалтын хугацаанд ирүүлсэн ба дээрх төлсөн дүнг нийт төлөх зөрүү төлбөрөөс хасаж тооцсон болно.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ”-нд төлсөн албан татварыг төлөх албан татварын дүнгээс хасахгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Хуулийн этгээдийн 2020-2022 онуудын худалдан авалтын баримтыг нэг бүрчлэн тулган тооцоолол хийхэд холбогдох баримт нотолгоогүй, санхүүгийн баримтгүй, хувийн хэрэгцээний худалдан авалт байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон захирал Д.Ттой 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн “Ярилцлагын тэмдэглэл”-ээр нотлогдоно.
Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаагаа үнэн зөв хөтлөхөд үндсэн 6 зарчмыг баримталдаг бөгөөд тухайлбал, бие даасан байх зарчим (ААН-ийн данс, бүртгэл нь эзний хувийн хэрэглээ болон бусад бизнесийн үйл ажиллагаанаас тусдаа, салангид байна), зохицох зарчим (Орлогыг бүртгэсэн цаг хугацаанд тухайн орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг бүртгэх шаардлагатай) байна гэж заасан байдаг.
3. ААНОАТ-ын тухай хуулийн “13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, “13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 16.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал”-ыг албан татвар ногдох орлогоос хасахгүй гэсэн хуулийн зохицуулалттай.
Хуулийн этгээд нь 2020-2022 онуудад дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцсон зөрчил үйлдсэн нь ярилцлагын тэмдэглэл, санхүү, татварын зардлын тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон.
Жич: ААНОАТ-ын тухай хуулийн “22,9. Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө.” хуулийн зохицуулалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн ба хяналт шалгалтын томилолтын хугацаанд хамааралгүй болно.
Иймд нөхөн ногдуулалтын акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм.” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий болон тусгай удирдамж, татварын хяналт шалгалт хийх тоот томилолтын дагуу эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалт хийгдсэн. Энэ нь зөвхөн газрын асуудал бус, эрсдэлийн үнэлгээ, хөндлөнгийн мэдээлэлд тулгуурласан бүрэн хяналт шалгалтыг улсын байцаагч Ц.А, Ч.Э нар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нэг сар гаруй хугацаанд хяналт шалгалтыг хийж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалтын тоот нөхөн ногдуулалтын актаар 58.5 сая төгрөгийн нөхөн татвар, 17.8 сая төгрөгийн торгууль, 25.6 сая төгрөгийн алданги, нийт 101.9 сая төгрөгийн төлбөр ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл, 28 дугаар зүйл, мөн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь заалтын дагуу татвар төлөгчид хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, нотолгоо, үндэслэл гаргах эрх, үүргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулан холбогдох нотлох баримт, тайлбар, мэдүүлэг, хууль, журамд үндэслэн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Актын үндэслэх хэсгийн нэгдүгээр заалтын хувьд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтад газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтад заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно гэж заасан. Газрын тухай хуулийн 38.6 дахь заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж заасан байна. Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.1 дэх заалтад, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна гэсэн зохицуулалттай. Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд газрын үнэлгээ, тойрог, зэрэглэл, бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг тогтоох тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын дагуу ******* дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай 2 га газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 1.8 тэрбум төгрөг байна гэдэг нь хэрэгт авагдсан баримт, газрыг шилжүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дээрх хууль тогтоомж, аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нь хэрэгт авагдсан баримт, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч тал газар эзэмших эрхээ Барилгачин Групп компанид 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бөгөөд Төрийн сангийн дансанд газрын дуудлага худалдааны орлого гэж 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 106 сая төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 60 сая төгрөг нийт 166 сая төгрөгийг төлсөн баримтыг хяналт шалгалтын хугацаанд ирүүлсэн ба дээрх төлсөн дүнг төлөх зөрүү төлбөрөөс хасаж тооцсон болно. Мөн хэрэгт авагдсан 12 дугаар сарын 13-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд 166 сая төгрөгийг төлсөн тухай Д.Ттой хийсэн ярилцлагаар мөн нотлогдож байна. Актын үндэслэх хэсгийн хоёрдугаар заалтын хувьд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2 дахь заалтад хувийн болон ажилтан, ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээнд төлсөн албан татварыг төлөх албан татварын дүнгээс хасахгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн үйл ажиллагааг үнэн зөв хөтлөх үндсэн зургаан зарчмыг баримталдаг бөгөөд тухайлбал, бие даасан байх зарчмын дагуу аж ахуйн нэгжийн дансны бүртгэл нь өмчлөгчийн хувийн хэрэгцээ, бусад бизнесийн үйл ажиллагаанаас тусдаа, салангид байна. Мөн зохицох зарчмын дагуу орлогыг бүртгэсэн цаг хугацаанд тухайн орлого олохтой холбогдон гарсан зардлыг бүртгэх шаардлагатай гэсэн зохицуулалт байдаг. Үүний дагуу хуулийн этгээд 2020-2022 оны худалдан авалтын баримтыг нэг бүрчлэн тулгаж тооцоолол хийхэд холбогдох баримт, нотолгоогүй, санхүүгийн баримтгүй, хувийн хэрэгцээний худалдан авалт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт, мөн захирал Д.Ттой 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн ярилцлагын тэмдэглэлийн 2, 4, 5 дугаар асуултаар нотлогдож байна. Компанийн үндсэн орлого нь түрээсийн орлого бөгөөд гарах зардал нь ус, дулаан, мөн хөдөө ямар нэгэн бизнес, салбар нэгж байхгүй гэдэг нь ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байна. Актын үндэслэх хэсгийн дөрөвдүгээр заалтын хувьд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад заасны дагуу дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. Мөн хуулийн 13.1.4 дэх заалтад заасны дагуу доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтад заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын барааны хувьд гаалийн байгууллагад татвар төлсөн баримтаар баталгаажсан байх. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад энэ хуулийн 13.1, 13.2 дахь заалтад заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Хуулийн этгээд 2020-2022 онуудад дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож зөрчил үйлдсэн нь ярилцлагын тэмдэглэл, санхүүгийн болон татварын зардлын тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож энэ нь хэрэгт авагдсан болно. Жич, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх заалтад, албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаанд хамааралгүй, доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтад заасны дагуу ногдуулах албан татвараас чөлөөлнө гэсэн зохицуулалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлт нь татварын хяналт шалгалтын томилолтын хугацаанд хамааралгүй болно. Ийм байдлаар татварын нөхөн ногдуулалтын акт нь үндэслэл бүхий, хууль зүйн үндэслэлтэй болно” гэв.
4.3. Хариуцагч Ч.Эгаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Актын хоёрдугаар болон дөрөвдүгээр заалтын хоорондын ялгааг тодруулбал, Хоёрдугаар заалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчил болно. Дөрөвдүгээр заалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зөрчил болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчил нь хувийн хэрэглээ байгаа. Хувийн хэрэглээний зардал хасагдахгүй гэж хуульд заасан. Дөрөвдүгээр зүйлийн, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зөрчил нь баримтгүй зардал гэсэн үг. Түүнээс биш хувийн хэрэглээ гэдэг утгаараа зөрчил гаргаагүй. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй” гэв.
5. Иргэдийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Татварын зөрүү үүссэн асуудлын хувьд, түрүүн тайлбарласанчлан нөхөн татвар ноогдуулах нь миний хувьд буруу гэж санагдаж байна. Үйл ажиллагааны зардлыг тооцохгүй байх нь аливаа байгууллагын одоогийн үйл ажиллагааг хязгаарлаж, байгууллагын өсөн дэвжих боломжийг хязгаарласан хэрэг болно. Иймд шатахууны зардлыг үйл ажиллагааны зардалд тооцохгүй гэдэг нь буруу гэж бодож байна. Баримтаар нотлогдохгүй зардал гэж байгаа боловч, 2021 онд одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад цахим (е-баримт) баримт шивэх систем Монгол Улсын хэмжээнд нийтдээ маш муу хөгжсөн байсан. Тухайн үед бид тайландаа гараар бичсэн баримтыг хавсаргадаг байсан. Уг систем нь 2023 оноос л жигдрэн хэрэгжиж эхэлсэн. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзалгүйгээр, 2024 онд хяналт шалгалт хийж, 2021 оны цахим баримтаар нотлогдоогүй зардлыг үйл ажиллагааны зардлаас хасаж байгаа нь мөн буруу гэж бодож байна. Тухайн үеийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд энэхүү үйл ажиллагааны зардал нь баримтаар хавсаргагдсан байгаа ч, магадгүй цахим (е-баримт) хэлбэрийн бус байсан тул хасах гэж байгаа мэт харагдаж байна. Иймд энэхүү зардлыг үйл ажиллагааны зардалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед цахим баримт шивэгдэх систем бүрэн нэвтрээгүй байсан нөхцөл байдал байсан болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас ******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэлийн “Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.1. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын татварын улсын байцаагч Н.Цын мэйл хаягаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Газрын эрх шилжүүлсний орлогоос татвар төлөөгүй, дутуу төлсөн татвар төлөгчид эрсдэл тооцож нийслэл, дүүргийн татварын албанд бүртгэлтэй зарим татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Эрх шилжүүлсэн газрын мэдээллийг Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас авна уу.” гэж ******* дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын газрын дарга Б.Бгийн ******* мэйл хаягт хүргүүлжээ.
2.2. Газрын эрх шилжүүлсний орлогоос татвар төлөөгүй татвар төлөгчийн судалгаа ******* гэсний хүснэгтийн 2-т Регистр:, Нэр:*******, Газрын тоо:1, он.2021, Татварын мэдээлэл – ДХАҮ: 1,848,120,320, Төлбөл зохих:184,812,032, Төлсөн:120,000,000, Зөрүү:64,812,032 гэж тэмдэглэсэн байна.
2.3. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар томилолтоор Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нар нь “Т” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг хийхээр томилогдон хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актыг гаргажээ.
2.4. Маргаан бүхий, нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д “2021 онд ******* дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ гэрээний үнээр тооцон 648,120,320.00 төгрөгийн хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй”, зөрчил гаргасан гэж шийдвэрлэсэн байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд
2.5.1. ******* дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 303 дугаар “Хур хог цэвэрлүүлж, газрын зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Т” ХХК-нд Аж ахуйн зориулалтаар, 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 906 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар “Т” ХХК-нд ******* дүүргийн 20-р хороонд аж ахуйн зориулалтаар 20000 м.кв 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн 168023/0124 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан,
2.5.2. Улмаар нэхэмжлэгчид 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож, мөн өдрийн улсын бүртгэлийн ******* дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан,
2.5.3. Нийслэлийн газрын албанаас ******* гэрээний дугаар бүхий 20000 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэ 211,200,000 төгрөгийг нэхэмжилсэн баримтууд хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогддог.
2.6. Нэхэмжлэгч “Т” ХХК болон “Б” ХХК нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 21/02 дугаар Худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээний 1.1-д “Т” ХХК нь Нийслэлийн ******* дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, аж ахуйн хашаа байршиж буй Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 тоот захирамж шийдвэртэй, 15 жилийн хугацаатай олгосон 2 га газрыг эзэмших эрхийн хамт “Б” ХХК-д шилжүүлэх-ээр, 4.1-д талуудын худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөр нь 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөг байна гэж тохиролцсон, уг гэрээний төлбөрийг нэхэмжлэгч нь ******* дугаар дансаар хүлээн авсан байна.
2.6.1 Улмаар нэхэмжлэгчээс газрын эрхийг шилжүүлэх татвараа дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар гэж тооцож, гэрээний үнээр буюу 1.200.000.000 төгрөгөөс тооцон татвар ногдуулан төлсөн байна.
3. Нэхэмжлэгчээс “...“Т” ХХК-ийн хувьд газрын эрхийг анх дуудлага худалдаанд оролцож 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...газар эзэмших эрхийг “Б” ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21/02 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлсэн бөгөөд гэрээний үнэ 1,200,000.00 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөг байсан. Уг үнийн дүнгээс татвар ногдуулан төлсөн, энэ нь Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.2-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж заасантай нийцсэн. ...гэтэл татварын улсын байцаагч нар худалдах худалдан авах гэрээний үнийг үл харгалзан үндэслэлгүйгээр татвар ногдуулсан, Би татвар төлөхөөс зайлсхийгээгүй..., 1.848 тэрбум төгрөг байсныг нь мэдсэн бол шууд татварыг нь төлөх байсан. 2021 онд зөвшөөрөл гарч бүх зүйл болсны дараа 3 жилийн дараа торгууль, алданги бодож байгаа нь татвар төлөгчийг хүндрүүлж байна...” гэж,
3.1. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно”, Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан аргачлалд мөн гэрээний үнэ дуудлага худалдааны анхны үнийг аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тогтооно гэж заасан. ... “Т” ХХК-ийн борлуулсан 2 га газрын дуудлага худалдааны анхны үнэ 1,843,120,320 төгрөг /дундын мэдээллийн сан egazar.gov.mn/ байгаа. ...итгэлцүүр болон суурь үнэлгээгээр авч үзэх юм бол 2018 онд ч одоо ч 1,8 тэрбум төгрөг байгаа бөгөөд нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан дүн хууль журам, аргачлалын дагуу үндэслэлтэй тогтоогдсон. Нэхэмжлэгч нь эрх шилжүүлж, төрийн байгууллагаас эрх хүлээж авч байгаа харилцааны мөнгө 180,000,000 төгрөг биш 166,000,000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл өөрсдөө дуудлага худалдааны анхны үнээр авсан гэж тайлбарлаад байдаг. Уг 166,000,000 төгрөгийг акт тогтоохдоо хасч тооцсон...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:”, 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого” гэж, 18 дугаар зүйлийн 18.7-д “Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно”, 18.7.1-д “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж” гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т “Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна”, 20.2.1-д “энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод 10 хувиар” гэж, 30.5-д “Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно”, 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж газрын эрхийг бусдад шилжүүлэхэд орлого олсон гэж тооцож татвар ногдуулахаар хуульчилжээ.
4.1. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.” гэж зааснаар иргэд дуудлага худалдааны анхны үнээс доош үнээр тооцож татвар ногдуулан төлөхийг хязгаарласан зохицуулалтыг хууль тогтоогчоос баталжээ.
4.2. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно.” гэж, мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын 2.1-д “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна” гэж, 2.2-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж нарийвчлан зохицуулсан байна., 2.3.Бусдаас үнэ төлбөргүй авсан газрын эрхэд албан татвар ногдуулах орлогыг Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тодорхойлно. гэж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцож, тодорхойлон төлөхөөр уг журамд тодруулан тайлбарласан байна.
5. Хариуцагч нар нь “Т” ХХК-иас 176.000.000 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэ гэж төлж, үүнээс багагүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн гэрээгээр тохирсон үнэ болох 1.200.000.000 төгрөгөөс тооцож 120.000.000 төгрөгийг татварт төлснийг буруутгаж, газрын мэдээллийн санд /egazar.gov.mn/ 1,843,120,320 төгрөгөөр дуудлага худалдааны анхны үнийг тэмдэглэсэн байх тул уг дүнгээс эрх шилжүүлсний орлогыг тооцож төлөх байсан гэж акт тавьсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрх анх 2008 онд үүссэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнэд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 106,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 60,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа нь Сангийн яамны 100******* дугаар дансны дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон.
7. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01-05/3868 дугаар албан бичигт “...дээрх компани 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10000000 (Арван сая), 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 106000000 (Нэг зуун зургаан сая) төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 60000000 (Жаран сая) төгрөг, нийт 176 000 000 (Нэг зуун далан зургаан сая) төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ төлсөн байна...” гэж,
7.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01-05/5056 дугаар албан бичигт “...“Т” ХХК нь ******* дүүргийн Засаг даргын 2008 оны 303 дугаар захирамжаар 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 20000 м.кв анх газар эзэмших эрх үүсч баталгаажсан байна. Дээрх газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 136 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээний 3 дугаар зэрэглэл (бүс)-д хамаарч 1 м.кв х 8800 төгрөг буюу 20000 м.кв талбайд 176,000,000 (нэг зуун далан зургаан сая) төгрөгийг “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-д бүрэн төлж барагдуулсан байна...” гэж тус тус дурдсан,
7.2. Өөрөөр хэлбэл нийслэлийн Газрын албанаас шүүхэд дуудлага худалдааны анхны үнийг тухайн үед мөрдөгдөж байсан аргачлалаар тооцон бүрэн төлүүлсэн талаар тодорхой тайлбаруудыг ирүүлсэн.
7.3. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газрын эрхийг шилжүүлэхээс өмнө дуудлага худалдааны анхны үнийг төлсөн. Нийслэлийн газрын албанаас дуудлага худалдааны анхны үнэ төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
7.4. Харин хариуцагч нараас дуудлага худалдааны анхны үнийг тухайн эрхийг шилжүүлэх үеийн аргачлалаар тооцно, дуудлага худалдааны анхны үнэ төлсөн байвал тэр дүнг хасаад үлдсэн дүнгээр татвар ногдох орлогын тооцдог гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцэхгүй байна.
7.5. Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д дуудлага худалдааны анхны үнээс багагүй үнээр тооцон татвар ногдуулах тухай зохицуулсан, гэтэл хариуцагч нараас дуудлага худалдааны үнийг газар ашиглах эрхийг шилжүүлэх үед үйлчилж буй аргачлалаар дахин тооцож, өмнө нь дуудлага худалдааны анхны үнэ төлсөн бол сүүлийн аргачлалаар тооцсон дүнгээс хасаж татвар ногдох орлогыг тооцохоор уг заалтыг ойлгож хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.
7.6. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно,” 18.7.1-д “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж” гэж заасныг нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнийг төлсөн атал төрийн байгууллагаас эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн төлбөрт тооцож хасах үндэслэлгүй, нэгэнт дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд дахин дуудлага худалдааны анхны үнэ тооцож, эрх шилжүүлсний орлогын татвар төлөх дүнг тогтоох нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцэхгүй гэж шүүх үзлээ.
7.7. Харин нэхэмжлэгч газрыг шилжүүлэхээс өмнө буюу 2021 онд дуудлага худалдааны анхны үнийг төлсөн үйл баримт тогтоогддог боловч нэхэмжлэгчээс “...газрын алба уг дүнгээр дуудлага худалдааны үнийг төл гэсний дагуу л төлсөн, бид дур мэдэн төлөх боломжгүй...” гэж тайлбарласан болон нийслэлийн Газрын албанаас 1997 оны дуудлага худалдааны анхны үнэ тооцох аргачлалын дагуу 176.000.000 төгрөгийг төлсөн, дуудлага худалдааны үнийг бүрэн төлж барагдуулсан гэх хариуг ирүүлсэн тул байцаагч нар нь уг дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн Газрын алба тооцож төлүүлэхдээ хэдэн онд батлагдсан аргачлалаар бодох байсан эсэхэд дүгнэлт өгөх, зөвтгөх эрх хуулиар олгоогүй байна.
7.8. Хариуцагч талаас газрын үнэлгээ өсөж байдаг болохоор тухайн шилжүүлэх үеийн дуудлага худалдааны анхны үнийг бодох аргачлалаар тооцож, татвар ногдуулдаг, өмнө нь дуудлага худалдааны анхны үнэ төлсөн байсан ч тэр дүнгээр тооцох боломжгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, хуульд дуудлага худалдааны анхны үнээс багагүй байх талаар заасан, шилжүүлэх болгонд дуудлага худалдааны анхны үнийг дахин тухайн үед мөрдөгдөж буй аргачлалаар тооцох агуулга байхгүй, хэм хэмжээний акт нь мөн адил ийм агуулгаар хэрэглэгдэхээргүй байх тул актыг уг зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.9. Түүнчлэн нэхэмжлэгч бид газрыг шилжүүлэх үед нийслэлийн Газрын алба уг үнээр шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн, тухайн үед 1,843,120,320 төгрөгөөс төлөх ёстой байсан гэдгийг хэлсэн бол бид өнөөдөр татварын өрөнд орохгүй байх байсан гэж маргадаг бөгөөд хариуцагч нар “....тухайн үед Нийслэлийн газрын алба татвар ногдуулахыг хариуцаж байсан учраас бид мэдэхгүй...” гэж тайлбарлаж байна.
7.10. Газрын эрхийг шилжүүлэх тухайн үед нийслэлийн Газрын алба дуудлага худалдааны анхны үнээс бага үнэ буюу гэрээний үнээс тооцож төлүүлж, холбогдох баримтуудыг хянаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь татвар ногдох орлогоо зориудаар бууруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнээс багагүй байх заалтын дагуу гэрээгээр эрх шилжүүлсэн үнийн дүнгээс тооцож төлсөн тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, орлогоо зориудаар бууруулсны зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.
7.11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэлийн “Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
8.1. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 2-т “2020 онд 4,810,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973,83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй..., 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон гэжээ.
8.2. Нэхэмжлэгчээс дээрхи шаардлагын үндэслэлээ “Манай компани тус тээврийн хэрэгслийг үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд ашигладаг. Учир нь суудлын автомашины бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангахын тулд хэрэгцээтэй сэлбэг хэрэгслийг худалдаж авсан...Тухайлбал, томилолтоор автомашинаар хөдөө явах тохиолдолд зайлшгүй бензин, шатахууны зардал гардаг бөгөөд үүнийг хувийн хэрэглээний зардал гэж үзэх нь учир дутагдалтай. Түүнчлэн шинэ бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан зочин, төлөөлөгчийг урих, бэлэг дурсгалын зүйл өгөх зэрэг зайлшгүй зардал гардаг бөгөөд эдгээр зардлыг хувийн хэрэглээний зардал гэж үзэж хасахгүй гээд байгаа” гэж тайлбарласан.
8.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ”. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор бараанд төлсөн”, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.
8.4. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагаатай холбогдолгүй, хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж төсөвт төлөх татварыг бууруулсан нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзлээ.
8.5. Тодруулбал, нэхэмжлэгч нь татварын тайлант хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ******* улсын дугаартай Land cruiser маркын автомашины өмчлөгч байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчээс тус тээврийн хэрэгслийн холбогдох зардлууд нь ямар борлуулалттай холбогдуулан гарсан талаар холбогдох тайлбар, санхүүгийн анхан шатны нотлох баримтыг хяналт шалгалт хийх үед ирүүлээгүй, мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлээгүй байх бөгөөд түүнтэй холбоотой баримт байхгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан байна.
8.6. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэх заалтад хамаарахыг дурдах нь зүйтэй.
8.7. Иймд нэхэмжлэлийн дээрхи шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэлийн “Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
9.1. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 4-т “2020 онд 7,589,317.80 төгрөг, 2021 онд 27,349,357.43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төгрөг, нийт 53,911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан нь.... гэжээ.
9.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:” 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:”, 13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;, тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:” 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;” гэж дээрх 5 нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд хасагдах зардалд тооцохоор буюу хангаагүй тохиолдолд татвар ногдох орлогоос хасахгүй талаар тодорхойлон хуульчилсан.
9.3. Татварын улсын байцаагч Ц.Э, Ц.А нараас “Т” ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт хасагдах зардлын мэдээнд тусгасан зардлуудыг и-баримтын мэдээтэй тулган шалгахад зөрүүтэй тайлагнасан буюу дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг хасагдах зардалд тооцсон нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасан шаардлага хангасан зардлыг хасагдах зардалд тайлагнахаар заасан байна.
9.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журмыг зохицуулсан ба 18.4-т Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасан.
9.5. Хуулийн уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн хасагдах зардал нь агуулгын хувьд тухайн орлогыг олохтой холбоотой байх бөгөөд тухайн зардал нь хэлбэрийн хувьд дээрх хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан байхаар заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх орлогыг олохтой холбогдож гарсан зардал мөн эсэхийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, анхан шатны өөр бусад баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
10. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд “Татварын зөрүү үүссэн асуудлын хувьд, түрүүн тайлбарласанчлан нөхөн татвар ноогдуулах нь миний хувьд буруу гэж санагдаж байна. Үйл ажиллагааны зардлыг тооцохгүй байх нь аливаа байгууллагын одоогийн үйл ажиллагааг хязгаарлаж, байгууллагын өсөн дэвжих боломжийг хязгаарласан хэрэг болно. Иймд шатахууны зардлыг үйл ажиллагааны зардалд тооцохгүй гэдэг нь буруу гэж бодож байна. Баримтаар нотлогдохгүй зардал гэж байгаа боловч, 2021 онд одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад цахим (е-баримт) баримт шивэх систем Монгол Улсын хэмжээнд нийтдээ маш муу хөгжсөн байсан. Тухайн үед бид тайландаа гараар бичсэн баримтыг хавсаргадаг байсан. Уг систем нь 2023 оноос л жигдрэн хэрэгжиж эхэлсэн. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзалгүйгээр, 2024 онд хяналт шалгалт хийж, 2021 оны цахим баримтаар нотлогдоогүй зардлыг үйл ажиллагааны зардлаас хасаж байгаа нь мөн буруу гэж бодож байна. Тухайн үеийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд энэхүү үйл ажиллагааны зардал нь баримтаар хавсаргагдсан байгаа ч, магадгүй цахим (е-баримт) хэлбэрийн бус байсан тул хасах гэж байгаа мэт харагдаж байна. Иймд энэхүү зардлыг үйл ажиллагааны зардалд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь тухайн үед цахим баримт шивэгдэх систем бүрэн нэвтрээгүй байсан нөхцөл байдал байсан болно” гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн зарим хэсгийг хүлээн авсан бөгөөд шүүхийн энэхүү шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, 30 дугаар зүйлийн 30.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.6, 14.6.2 дах заалт, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас ******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан гаргасан “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “******* дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- дугаар актын тэмдэглэх хэсгийн 2, 4 дэх хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ