Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01494

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01494

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/01343 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол болох 51 660 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ болон түүний өмгөөлөгч ХХХХ тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие талийгаач нөхөр ХХХ-тэй ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХХ тоотод 5 хүүгийн хамт амьдарч байсан бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нөхөр маань гэнэт нас барж, надад нөхөж баршгүй их хохирол учирсан. Намайг, энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас сэжиглэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 201201000482 тоот эрүүгийн үүсгэн сэжигтэн, яллагдагчаар татаж, илт гэм буруугүй байхад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, олон сараар ар гэр, үр хүүхдүүдээс минь тусгаарлаж, цагдан хорьсон. Анх нөхрийгөө гэнэт ухаан алдан татаж унахад би маш их сандарч, эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхдөө цочролд орсны улмаас автомашинаас унасан гэдгийг тухайн үед хэлж чадаагүй, харин эмнэлэг дээр ах, дүү, төрөл садангийн хүмүүс ирсний дараагаар энэ талаар хэлсэн ба цагдаагийн байгууллагаас үүнийг үндэслэн намайг шалгах болсон юм. Цагдаагийн байгууллагаас тухайн хэрэгт намайг сэжиглэн шалгаж байхдаа Эрүүгийн хуулийн 95, 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би, Нарантуул зах дээр лангуу түрээслэж, бараа бүтээгдэхүүн худалдах бизнес эрхэлдэг байсан бөгөөд сарын 2 000 000 гаруй төгрөгийн орлоготой байсан, энэ талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа болно. Миний бие 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 50 хоног хоригдсон ба энэ хугацаанд болон анх хэрэгт сэжиглэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бизнесийн үйл ажиллагаагаа огт эрхэлж чадаагүй ба үүний улмаас олох ёстой байсан орлогод 22 000 000 төгрөгийн хохирол учирсан. Мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчид 10 000 000 төгрөг, одоогийн иргэний хэрэгт 4 500 000 төгрөг, нийт 14 500 000 00 төгрөгийг төлсөн, намайг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байхад хүүхэд асруулахаар ХХХХ-т 8 400 000 төгрөг, нийт 22 400 000 төгрөгийг өмгөөлөгч болон хүүхэд асрагч нарт төлсөн. Түүнчлэн намайг 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 50 хоног цагдан хоригдож байхад эргэлт, хувийн хэрэглээний зардалд 760 000 төгрөг гарсан ба энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдсанаас хойш сэтгэл санаагаар маш их унаж, гүн цочролд орсон ба үүнээс болж бие муутай болж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, гүн хямралын байдалтай амьдарч байгаагаа үндэслэн сэтгэл санааны хохиролд 6 000 000 төгрөгийг мөн адил нэхэмжилж байна. Би, ард хоцорсон 5 хүүхдээ цаашид хэрхэн тэжээн тэтгэх вэ гэдэг нөхцөл байдалтай тулгарч байгаагаас гадна бизнес хийхэд болон орон байр худалдан авахад зориулж авсан зээлийн төлбөрийг ямар ч орлогогүй учраас төлж чадахгүй амьдарч байгаа ба хэдийгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг хэрэгт сэжиглэгдэн, гэм буруутай мэтээр хандсанд туйлын ихээр гомдож байна. Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол болох 51 660 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ХХХХ, ХХХХ болон прокурор ХХХХ нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө ХХХХХХ дүүргийн 8 дугаар хорооны нутаг буюу офицеруудын ордноос Улаанхуарангийн эцэс явах замд иргэн ХХХХ-ын жолоодож явсан 91-25 УНГ улсын дугаартай автомашинаас түүний нөхөр ХХХХ унаж, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс ХХХХг нас барсан асуудалд 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд ХХХХ-ыг шалгах болсон үндэслэл нь тэрээр талийгаачийн гэмтлийн талаар ах, дүү, төрөл садангийн хүмүүст болон эмнэлгийн байгууллагад худал хэлж, төөрөгдөлд оруулсан үйлдэл гаргасан учраас түүнийг шалгах болсон юм. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед гавлын оройн яс заадас хэсгийн зүүн талаар гол хэсгээс урагшаа болон арагшаа чиглэсэн 20 см урттай шугаман хугарал, их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн суурийн хэсэгт үүссэн цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал зэрэг гэмтэл тогтоогдож, уг гэмтлийн улмаас нас барсан бөгөөд энэхүү гэмтэл автомашинаас унахад үүсэх боломжгүй, харин цохилтын улмаас үүссэн гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар аливаа этгээд сэжиг бүхий байдлаар амь насаа алдсан тохиолдолд үүнийг шалган тогтоох үүргийг цагдаа, прокурорын байгууллагад хуулиар шууд олгосон. Тус хэргийг эрх бүхий байгууллагаас шалгах явцад хэд хэдэн шинжээчийн дүгнэлтээр автомашинаас унаж бус харин цохилтын улмаас нас барсан хэмээн дүгнэсэн бөгөөд гагцхүү нэхэмжлэгчийг ийм гэмтэл учруулсан учруулсан гэдгийг тогтоож чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1152 тоот тогтоолд дурьдсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1.1, 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тогтоолоос харж болно. Нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч ХХХХт эрүүгийн хэрэгт 10 000 000 төгрөг, иргэний хэрэгт 4 500 000 төгрөг төлсөн хэмээн дурьдсан. Гэвч ХХХХ-ын ээж ХХХХ 2014 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ХХХХтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч ХХХХ-аар өмгөөлүүлэх хүсэлт гаргаж, улмаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд түүнийг оролцуулсан байдаг. Эрүүгийн хэргийн 2014250000090 тоот хэрэгтэй танилцахад өмгөөлөгч ХХХХ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй, хууль зүйн туслалцаа үзүүлсэн талаар тодорхой баримт байхгүй ба зөвхөн ХХХХ байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна. Эргэлт, уулзалтын зардал болон хүүхэд харуулсан үйлчилгээний зардлын тухайд ХХХХ-ыг 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ХХХХ 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих тухай тогтоол гаргаж, түүний ах ХХХ-ыг томилсон байхад харгалзан дэмжигчийн эхнэрт 8 400 000 төгрөг төлсөн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн 760 000 төгрөгийн хувьд өөрийн ахуйн хэрэгцээнд гаргасан зардал учраас зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй бөгөөд олох ёстой байсан орлогыг тодорхойлж, нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Сэтгэл санааны хохирлын үнэлгээний шаардлагын хувьд эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан алдар нэр, нэр хүнд болон сэтгэл санааны ямар хохирол учирсан талаар тооцоолсон баримт, үнэлгээ алга байна. Иймд иргэн ХХХХ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д тус тус зааснаар Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас нийт 10 766 666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 893 334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар ХХХХ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:...Өмгөөлөгчийн зардлын хувьд өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн ар гэртэй хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ мөнгөний баримт ХХ-43 талд Цагдан хорих 461 дүгээр ангийн лавлагаа өмгөөлөгч ХХХХ нь тухайн үед Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсож яллагдагаар татагдан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 4,5,6,9,10,11,12,16,18,19,20,23,25,26 өдрүүдэд амралтын өдрүүдийг хасвал бараг өдөр болгон шахуу очиж ганцаарчлан уулзаж хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгсөн нотлох баримт байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Эдийн бус хохиролд сэтгэл санааны хохирлын хувьд гэм буруугүй хүнийг онц хүнд хэрэгт сэжигтэн яллагдагчаар татан 1 жил 13 хоног шалгаж 50 хоног цагдан хорьж эцэст нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 гэмт хэргийн бүрэлдхүүнгүй, мөн хуулийн 208.1,2 нэмэлт нотлох баримтыг цуглуулар бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. ХХХХ нь маш их сэтгэл санааны хохирол амссан бөгөөд наймхан сартай хөхнөөсөө гараагүй нялх үрээ 5 хүүхдээ орхин хоригдож эх үр бүгдээрээ амьдын хагацалд унаж жил гаруй онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан нь сэтгэл санааны хохирол биш эдийн бус хохирол гэж үзээгүй нь хууль зүйн үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Эдгээр өмгөөлөгчийн зардал. Сэтгэл санааны зардал зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байсаар байтал хэрэгсэхгүй болгосон нь шүүх тал бүрээс нь бодитой шийднэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлд холбогдох хэсгийг өөрчлөн анхан шатны шүүхээс хангасан мөнгө дээр нэмж хариуцагчаас сэтгэл санааны хохирол болон эдийн бус хохирол болох 6 000 000 00 төгрөг, өмгөөлөгчийн зардал нийт 14 000 000 00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгчид 10 000 000 төгрөг, иргэний хэрэгт 4 500 000 төгрөгийг тус тус төлсөн, хүүхэд асруулахаар ХХХХ-т 8 400 000 төгрөг, олох байсан орлого 22 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 6 000 000 төгрөг, эргэлт, хувийн хэрэглээний зардалд 760 000 төгрөг нийт 51 660 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ХХХХ-ыг түүний нөхөр ХХХХгийн нас барсан явдалд сэжигтнээр тооцож, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар татагдсан байна.

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 303-2 тоот захирамжаар ХХХХ-ыг цагдан хорьж, мөн шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 303-3 тоот захирамжаар цагдан хорих арга хэмжээг өөрчлөн батлан даалтад гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч, улмаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 1152 тоот Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогдоогджээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 50 хоног цагдан хоригдсон үйл баримтын талаар гуравдагч этгээдүүд няцаагаагүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3т зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хуульд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан тул нэхэмжлэгч ХХХХ нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь сар бүр тогтмол 2 000 000 төгрөгийн орлоготой байсан болохоо нотлох үүрэгтэй бөгөөд уг байдлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 192 000 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгчид нэг өдөрт 192 000 төгрөгөөр тооцож 50 хоногт 9 600 000 төгрөгийг олгохоор шийдвэрлсэнийг буруутгах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд 14 500 000 төгрөг, ахуйн хэрэглээний зардалд 760 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчид хөлс төлсөн болохыг нотолсон болон хүний хэрэглээний уг зардал гарсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорын хохирлыг төлөхийг зохицуулсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/01343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХийн давж залдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтад зааснаар ХХХХ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО