Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 71

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч*******,

Шүүгдэгч Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г-од холбогдох эрүүгийн 201709000046 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г-, -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 1 856 250 төгрөгөөр торгох ялаар,

3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух иргэн *******гийн хашаанд байх амбаарт нэвтрэн орж 380 вольтын хүчин чадалтай цахилгааны моторыг нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух иргэн*******ийн байшинд нэвтэрч үстэй дээл, будаа агшаагч, эмээлийн мод зэргийг нууцаар, хууль бусаар авч 930.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух иргэн *******гийн хашаанд байх амбаарт нэвтрэн орж 380 вольтын хүчин чадалтай цахилгааны моторыг нууцаар, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух иргэн*******ийн байшинд нэвтэрч үстэй дээл, будаа агшаагч, эмээлийн мод зэргийг нууцаар, хууль бусаар авч 930 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Г-ын өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *******той нэг шил архи хувааж уугаад бүрэнхий болж байхад ******* гэртээ орсон. Тэгэхээр нь би харих замдаа Сэргэлэнгийн гудамжинд шатсан айл байхаар нь хашаа руу нь орж шатсан байшин руу урд талынх нь шатаж хагарсан цонхоор нь орж дотор нь байсан шатаар дамжиж мансаарт руу нь гарахад шатны зүүн талд ханан дагуу нэг эмээлийн мод байхаар нь авч гараад хашаандаа нуусан. Тэгээд гэртээ орж амраад өглөө нь *******ийн гэрт очиж *******ид манай гэрт эмээлийн мод байгаа түүнийг зах руу аваачиж заръя гээд хамт явсан. Зах дээр 30 000 төгрөгөөр зараад мөнгөөрөө 15 000 төгрөгөөр нэг нэг нокиа гар утас, нэг литрийн 1 шил Түмний хишиг архи аваад түүнийгээ гудамжинд хувааж уусан. Архиа уучихаад орой нь 16-17 цагийн орчим гэртээ харих гэж яваад *******ийн хамт дахиад нөгөө шатсан айл руу орж  1 давхраас нь 1 ширхэг будаа агшаагч аваад түүнийгээ зах дээр аваачиж 7 000 төгрөгөөр зарж нэг шил Түмний хишиг нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд ******* бид 2 хамтдаа гэртээ харьцгаагаад амарцгаасан. Эмээлийн мод зарах гээд явж байхдаа *******ид эмээл хулгайлсан талаараа хэлсэн. Тэр байшингийн гадна хэсэг болон дотор хэсэг нь галд шатсан 2 дугаар давхар нь бараг галд өртөөгүй байсан. Тэгэхээр нь би 2 дугаар давхраас нь эмээл хулгайлсан.

            2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө би найз *******тай уулзаад бид хоёр Хөтөл хороололд байдаг айлд очиж барилгын халтуурын ажил хийсэн. Ажлаа дуусгаад ажлын хөлсөндөө 25 000 төгрөг авч 1 шил 0.75 литрийн архи, хайрцаг тамхи аваад *******гийн гэр лүү явсан. ******* гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр архи хувааж уучихаад дахин архи уумаар санагдсан боловч мөнгө байгаагүй. ******* надад миний таньдаг Эрхэмээ гэж нэртэй айлд 380 вольтын цахилгаан мотор байгаа хоёулаа түүнийг хулгайлж зараад мөнгө олж архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд зөвшөөрөөд ******* бид хоёр хамт түүний яриад байсан айлын хашаа руу ороод амбаар дотор байсан моторыг нь авч сүхээр хагалж зэсийг нь аваад маргааш өдөр зэсийг нь зах дээр байдаг түүхий эд авдаг ченжид 17 000 төгрөгөөр зарж моторын гаднахыг төмөр авдаг хүнд 25 000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг,

 

   Хохирогч*******ийн өгсөн: Би Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод байдаг гэртээ байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум руу хүүхдүүдийн хамт явсан. Тухайн үед Дарханд манай том охин ******* үлдсэн. Тэгээд би хөдөө очоод байж байхад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай том хүү ******* манай гэрийн ******* дугаарын утас руу залгаж та мэдсэн үү гэж 2-3 удаа асууж байгаад сүүлд нь гэр шатчихлаа гэхээр нь би хэн шатаасан юм бэ гэж асуухад өчигдөр орой шатчихлаа гэж байсан. Тэгэхээр нь тэр өдрөө Орхоноос гараад шөнөдөө ирээд маргааш нь очиж үзэхэд манай мансаарттай байшингийн доод давхар нь бүрэн шатчихсан, дээд мансаарт хэсгийн шаталт нь бага нэлэнхийдээ ус болж хөлдсөн байсан. Тэгээд онцгой байдал дээр ирэхэд дүгнэлт гараагүй байна хэрэв гомдолтой байгаа бол Цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн үед байгаагүй учраас хардсан сэрдсэн хүн байхгүй цагдаад гомдол гаргаагүй. Тэгээд Онцгой байдлын газраас дүгнэлт гарч байшингийн үнэлгээ хэрэгтэй гэсэн учраас би Ашид билгүүн ХХК-иар үнэлгээг гаргуулахад манай байшингийн зураг хөрөг бүгдийг авсан. Бид нар байшингаа цэвэрлэхээр болж байшингийн 2 давхарт би өөрөө гарч эд зүйлээ бүртгэхэд авдарын ёроолд байсан сэгсүүргэн дотортой дээл,  төмөр поошиг дотор байсан эмээл байхгүй байсан. Харин 1 давхраас юу алга болсныг мэдэх боломжгүй байсан. Тэгээд бид нар 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зах дээр явж байхад манай нөхөр эмээл зардаг хүнээс өөрийн эмээлийг асуухад манай нөхрийн эмээл байсан учраас бид нар хаанаас авсан, хэн зарсан талаар асуухад зарсан хүмүүсийн зургийг дарахад нэг хүн нь даруулаагүй нөгөө хүнийхэн зургийг дарж үлдсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хэсгийн цагдаад мэдэгдэж хэсгийн цагдаагийн хамт тэр хүмүүсийг барьсан гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

   Хохирогч *******гийн өгсөн: Би нөхөр, хүүхдийнхээ хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 7-р баг ******* тоотод амьдардаг. Манайд суурин хөрөө раманд ашигладаг ОХУ-д үйлдвэрлэгдсэн 380 вольтын цахилгаан мотор байсан. Тухайн моторыг манайх 2016 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг сайн санахгүй байна ашиглаж байгаад хашаан дотор  байсан амбаар дотроо хийгээд хадгалсан. Мөнгөний хэрэг гараад мотороо зарах гэсэн чинь мотор маань байхгүй байсан. Тэгээд би дотроо манай гэрийн ойр орчмоор хулгай хийдэг Г-,  ******* нараас гарцаа байхгүй гэж бодоод Г-той уулзаад чи манай моторыг хулгайлсан чамайг цагдаад цагдаад өгнө гэсэн чинь тэрээр би танай моторыг *******тай нийлээд хулгайлж зараад архи уучихсан. Цагдаад битгий өгөөч 2016 оны 02 дугаар сарын 20-ны дотор хохирлыг чинь  барагдуулна гээд бичиг хийж өгхөөр нь би итгээд хохирол барагдуулахыг хүлээсэн боловч Г-, ******* нар миний хохирлыг барагдуулаагүй. Тэгэхээр нь би аргаа бараад  Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Манай алдагдсан моторыг 1 хүн яагаад ч өргөж дийлэхгүй 2 хүн л авч явна гэх мэдүүлэг /хх 230/,

  Гэрч *******ын өгсөн: Би малаа маллаад хөдөө байдаг. Манай эхнэр ******* хүүхдүүдийн хамт Дархан хөдөөгийн хооронд  ирж очин байдаг юм. Тэгээд оны өмнө хөдөө хүүхдүүдээ авч ирчихээд байж байхад 2017 оны 01 сарын 10-ны өдөр манай хүү ******* ******* дугаарын утас руу залгаад Сэргэлэнд байдаг байшин шатчихсан байна та мэдсэн үү гэж асуухаар нь би мэдээгүй гэсэн. Тэгээд 10-ны үүрээр ирж найзындаа хоночихоод маргааш нь байшин дээрээ очих үед байшингийн доод тал нь нэлэнхийдээ шатчихсан тааз нь 2-3 газраа цөмөрчихсөн, дээд талын мансаарт хэсэг галд бага өртсөн байсан. Ингээд маргааш нь би байшингаа цэвэрлэж байхад манай эхнэр дээд давхарт байдаг 2 авдартай хувцсаа үзэхэд авдарын таг онгойчихсон дотор нь байсан зарим хувцас ил гарчихсан байхад манай эхнэр энд байсан үстэй дээл байхгүй болчихсон байна гэхээр нь би 2 давхарт байсан эмээлээ үзэхэд эмээл байхгүй байсан. Тэгээд тэр хавиар үзэхэд гал унтраах үед ус цацагдаад хамаг юм хөлдчихсөн байсан. Тэр үедээ би эмээлээ шатчихсан гэж бодож байгаад гэртээ харьчихаад бодоод байсан чинь манай гэрийн 2 давхар ер нь галд бага өртсөн байсан юм чинь эмээл шатаагүй алга болсон юм байна гэж бодсон. Тэгээд би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зах дээр явж байгаад өөрийн зүс таних залуугаас ганзагатай, бааваргүй, улаан өнгийн дэвстэй эмээл хүн зарна гэж явсан уу гэж асуухад над дээр 3 хүн ирээд яг тийм эмээл зарсан. Би тэнд байсан 2 хүнийх нь зургийг нь аваад үлдсэн гээд зураг үзүүлэхээр нь би тэр хүнээс юу гэж хэлж зарсан юм гэхэд манай аавын эмээл байгаа юм гэж зарсан гэж хэлэхээр нь би эмээлээ үзэхэд миний эмээл мөн байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би 2013 онд манайд Улаанбаатар хотоос эмээл зарна гээд баавартай дөрөө гөлөмтэй эмээлийг 12 хониор өгнө гэхээр нь би дан модыг нь 400 000 төгрөгөөр бодож 4 хонь өгч худалдан авч байсан. Одоо тэр үед авч байсан чигээрээ байгаа ямар нэг тоног нэмээгүй гэх мэдүүлэг /хх 27/,

Гэрч М.*******ын өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос 16 цагийн орчим ирээд гэрийнхээ довжоон доор нуусан түлхүүрээ авах гэсэн чинь түлхүүр байхгүй болохоор нь Төмөр замд байдаг ах *******ын гэрт очоод илүү түлхүүрээ аваад гэртээ буцаж ирээд гал түлж дулаацаад унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод галаа түлчихээд буцаад унтаад босож ирээд халуун тогоон дээр хоол хийж идчихээд буцаад унтаж байгаад 16 цаг өнгөрч байхад гараад явсан. Гарах үедээ цахилгаан тогоогоо салгаад оронд нь хөргөгчөө залгасан, мөн том өрөөнд байсан разеткинд уртасгагч залгагдаж үлдсэн өөр ямар нэг цахилгаан хэрэгсэл залгагдаагүй юм. Тэгээд би өөрийн найз залуу Тамиртай уулзаад кино үзээд байж байхад утас руу манай хойд талын айлын Болороо гэдэг эгч залгаад байшин чинь шатаад байна гэхээр нь би ахдаа байшин шатаж байна гэж хэлчихээд байшин руугаа очих үед байшин шатаад онцгой байдал унтрааж байсан юм гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч М.*******ын өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай дүү ******* залгаад манай гэрт гал гарсан байна гэж хэлэхээр нь би Онцгой байдал ирсэн юм уу гэж асуухад ирчихсэн байна гэж хэлэхээр нь би гал гарч байгаа ******* тоотод очиход Онцгой байдал ирчихсэн гал унтраагаад дуусаж байсан. Тэгээд галыг унтрааж дууссаны дараа манай дүү бид 2-т байшинг хүлээлгэж өгсөн. Байшинг хүлээлгэж өгөхөд дотор талын 1 давхарын тааз нь шатаад 2 давхрын хэсэг рүү бага зэрэг орсон байсан гэх мэдүүлэг /хх 34/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 55-56, 234-235/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 150-155/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 97-101, 2-р хх 11-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д  450 000 төгрөгийн, хохирогч*******т 930 000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч *******гийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь *******гийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож /2-р хх 43/, хохирогч*******ийн 930 000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г- нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 10/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 14-15/-аар тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуульд дүйцүүлэн хасах талаар тухайлан зохицуулаагүй тул шүүгдэгч Г-ын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.  

     Шүүгдэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс /2-р хх 71/ 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн монгол эмээлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч*******т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г-ыг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 заасан бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г-оос 930 000 /есөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багт оршин суух хохирогч******* /ТЗ71020505/-т олгосугай.

 

            3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч Г-од энэ тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г-од оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г-ын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэрэл зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, монгол эмээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч*******т буцаан олгосугай.

 

            8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ