| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2439001510265 |
| Дугаар | 2025/ДШМ/09 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/09
2025 01 22 2025/ДШМ/09
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Н.А ,
Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.О-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 277 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-н бичсэн эсэргүүцлээр Д.Б-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч О.Б-н илтгэснээр хянан хэлэлцэв.
2.
3.1 Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ................. Есүсийн сүмийн хашаанд байх хохирогч Х.А-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн хаалгаар хууль бусаар нэвтэрч 2 цүнхтэй хувцас буюу цэнхэр өнгийн цүнх, илгэн хар гутал, бор шаргал өнгийн өсгийтэй гутал, ногоон өнгийн пүүз, цагаан өнгийн арьсан кейт, ягаан өнгийн тавчиг, улаан өнгийн тавчиг, цагаан өнгийн кейт, эрэгтэй хүний хагас түрийтэй гутал, эрэгтэй хүний улбар шар өнгийн пүүз, цагаан өнгийн пүүз, ягаан өнгийн эрээн цүнх, ягаан өнгийн костюм пиджак, зуны хар плаж, бүдэг ягаан өнгийн плаж, улаан өнгийн плаж, хар савхин өмд, заантай өмд, хар өнгийн торон цамц, цагаан арьсан гутал, арьсан бэйж гутал, сандаал, улаан өнгийн цув зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.2 Мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр .............. байрлах хохирогч Б.Д-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн хаалгаар хууль бусаар нэвтрэн, "Riland" маркийн хагас автомат гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Б нь үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-г цагаатгаж, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт 22 /хорин хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6. Прокурор Н.А нь бичсэн эсэргүүцэлдээ: “ Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг 2024 оны 11 сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Б нь яллах дүгнэлтэд тусгасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна” гэж дүгнээд шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-г цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокуророос Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 277 дугаартай цагаатгах тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа “Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь яллах дүгнэлтэд тусгасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна” гэж, үзээд хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Мөрдөгч анх гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, улмаар үзлэгээр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр .................. Есүсийн хашаанд байх Х.А-н хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан этгээд нь Д.Б гэдгийг уг камерын бичлэг бүхий нотлох баримтаар тогтоон түүнийг гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжилж ажилласан байдаг. Улмаар уг этгээдийг олж илрүүлэн яллагдагчаар татан мэдүүлэг авсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө дээрх үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрөхөөс гадна түүний дээрх үйлдэл нь хяналтын камерын бичлэг давхар нотлогдсон байдаг. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:, 1.1. гэмт хэргийн шинжгүй; бол гэж хуульчилсан. Үүнээс дүгнэж үзэхэд хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгах тохиолдолд тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байхыг шаардаж байх бөгөөд үүний дүнд шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээ гарсан, эсхүл илтэд гэмт хэргийн шинжгүй бол дээрх шийдвэрийг гаргах нь хуульд нийцэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх уг хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцэхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хүрэлцээтэй эсэхэд дүгнэлт хийлгүйгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь ерөнхий заалтуудыг үндэслэн шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 277 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
7. Прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А-н эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
9. Хэнтий аймгийн Прокурорын газраас Д.Б-г 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Х................Есүсийн сүмийн хашаанд байх иргэн Х.А-н байшингаас хоёр цүнхтэй хувцас авч, 1,614,000 төгрөгийн, иргэн Б.Д-н байшингаас хагас автомат гагнуурын аппаратыг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
10. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан гурван үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Тодруулбал:
10.1 Яллагдагч Д.Б нь олон удаагийн ял шийтгүүлсэн тогтоолоос харахад бүрэн бус дунд боловсролтой байх бөгөөд мөрдөгч сэжигтнээс нэгдүгээр хавтаст хэргийн материалын 227, хоёрдугаар хавтаст хэргийн материалын 55 дугаар хуудсанд байгаа “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх тухай” бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд мэдүүлэг авсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж заасанд нийцсэн тул яллагдагчийн бусдаас хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй байна. /1хх-23-26, 2хх-34-38х/,
10.2 Хэрэгт авагдсан материалаас дүгнэхэд яллагдагчийн хоёр удаагийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлж авсан хохирогч Х.А, Б.Д нарын мэдүүлэг /1хх-17-22, 2хх-26-33х/, хэргийн газарт үзлэг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-16х, 2хх-19-25х/, “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх-31-33, 2хх-45-49х/ зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
10.3 Прокурор яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт хохирогч Б.Д-н байшингаасаа эд зүйлээ алдсан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэж, тогтоох хэсэгт хохирогч Х.А-н эд зүйлийн бодит үнэлгээ 1,614,000 төгрөг гарсан байхад 1,830,000 төгрөг гэж тус тус буруу бичсэнийг шүүх хуралдааны үед зөвтгөх боломжтой. /1хх-33, 2хх-95, 98х/,
11. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг ханган цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/277 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох 2439001510265 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
О.БААТАРСҮХ