Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 72

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г-т холбогдох эрүүгийн 181800009031 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г-, -ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг “Төхөм” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, -  регистрийн дугаартай

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г- нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх *******ХХК-ний үтрэмийн хашаанд, иргэн *******ийн гэрт хохирогч *******тай ямар ч шалтаг шалтгаангүй маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч Г- нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх *******ХХК-ний үтрэмийн хашаанд иргэн *******ийн гэрт хохирогч *******тай шалтаг шалтгаангүй маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Г-ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр эхнэрийнхээ хамт Хонгор сум руу орж эхнэрийгээ Хонгор суманд байдаг ах болох *******ийн гэрт үлдээгээд өөрөө Дархан руу машины сэлбэг авах гэж яваад зах дээр зүс таних залуутай 2 шил архи хувааж уугаад Хонгор сум руу явсан. Тэгээд ахын гэрт ирэхэд нэг залуу байсан. Би тэр залуутай маргалдсан. Тэр үед намайг цохих үед нь би машинаасаа хутга авч ороод нөгөө залуутай барьцалдаж авсан. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна.  Би хохирогчид учирсан хохирол төлбөрт 300 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

   Хохирогч *******н өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой Манай Хонгор сумын 2 дугаар багийн малчдын шинэ жилийн баярын үйл ажиллагаа Хонгор сумын соёлын төвд болсон. Тэгээд би шинэ жилийн арга хэмжээнд оролцоод сугалааны азтанаар шалгараад 5 шуудай будаа авахаар болсон. 2017 оны 12 дугаар сарын 24-ны орой сугалаанд хожсон будаагаа авахаар Дархан тоором ХХК-ны хашаа руу очиж уулзахад манаач ******* надад 5 шуудай будааг өгсөн. Тэгээд будаагаа авчихаад явах гэж байтал ******* ахын эхнэр нь намайг ороод цай амсаад яв гэж хэлэхээр нь за гээд гэр лүү нь ороход гэрт нь хүн ирчихсэн нэг шил архи хувааж уугаад дуусаж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад дэлгүүрээс нэг шил архи авч ирээд бид нар хувааж уугаад сууж байтал гаднаас нэг согтуу залуу орж ирээд гэрээс түрүүлээд гараад явсан. Тэгээд би үүдний хаалганы харалдаа сандал дээр сууж байхад гэрт байсан хүмүүсээс нэг нь хутга гээд орилоход нь би эргэж харах үед нөгөө залуу гартаа хутга барьчихсан над руу далайхаар нь би гарыг нь барьж аваад нөгөө залуутай зууралдаад миний гарыг зүсчих гээд байхаар нь өөрөөсөө холдуулж түлхэх үед нөгөө залуу миний баруун хавирганы орчим хатгаад би түүнийг хажуу тийшээ газар луу унагачихаад гараад явсан. Тэгээд би шууд хажуухан талын дэлгүүр орж хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Эмнэлэг ирээд намайг аваад явсан. Гомдолтой байна. Шүүгдэгчээс фермерийн аж ахуй эрхэлдэг түүний олох байсан орлого 4 140 000 төгрөг, малчны цалин 450 000 төгрөг, утас сэргээсний төлбөр 35 000 төгрөг, шатахууны зардал 413 450 төгрөг, эмчилгээний төлбөр 266 250 төгрөг, хувцасны үнэ 58 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг, нийт 5 627 200 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч *******гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 24-ны орой гэртээ байж байхад дүү ******* ирсэн. Тэгээд би хоол цай хийгээд бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байтал ******* манай гэрээс тэжээлийн будаа авахаар орж ирээд будаагаа машин дээрээ аччихаад бид нартай юм яриад сууж байсан. Тэгээд би нөгөө өрөө рүү ороод унтаж байтал манай нөхөр намайг дуудаад *******, Г- хоёр муудалцаад байна гэж хэлсэн. Намайг босоход ******* явчихсан байсан. Тэр үед би Г-ыг *******г хутгалсан талаар огт мэдээгүй сүүлд цагдаа ирэх үед нь мэдсэн гэх мэдүүлэг /хх 23/,

 

Гэрч С.*******гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарны 24-ны орой хамаатан болох ******* ахын гэрт очиж хоол цай идээд *******, ******* нарын хамт 1 шил архи уугаад сууж байтал гаднаас ******* гэх залуу тэжээлийн будаа авах гэж ирээд түүнийгээ авчихаад буцаж орж ирээд юм яриад сууж байгаад унтчихсан юм. Тэгээд сэрэхэд манай нөхөр ирчихсэн байж байсан. Тэр үед гаднаас цагдаа нар ирээд Г- хүн хутгалсан байна гээд аваад гарсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 24/,

 

Гэрч *******ийн өгсөн: ...******* ирж надаас 5 шуудай будаа аваад нэг шил 0.5 литрийн архи гаргаад түүнийг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд би муудаад нөгөө талын өрөөнд ороод хэвтсэн. Тэр үед ******* гадаа харанхуй боллоо би явлаа гэж хэлсэн. Тэгээд нэг сэрэхэд Г- ороод ирчихсэн ******* явлаа гээд уурлангүй байхаар нь юу болсон юм бэ та хоёр маргалдаж муудалцсан юм уу гэж хэлэхэд ямар нэг зүйл хэлэлгүй гараад явсан. Тэгээд удаагүй цагдаа нар орж ирээд *******г Г- хутгалсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч *******гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 24-ны орой 22 цагийн үед дэлгүүртээ зогсож байсан. Манай дэлгүүрт 4-р бригад гэх газар гэр нь байдаг малчин ******* гэх залуу согтуу орж ирээд намайг баячууд хутгалчихлаа гээд орилоод ороод ирсэн. Тэгэхээр би эмнэлэг дуудаад бас цагдаа руу залгахад сумын эмнэлэг ирээд аваад явсан. Тэр үед *******н цээжнээс нь цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх 26/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны 107 дугаар дүгнэлт:

 

“1.*******гийн биед цээжний баруун талын шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 35/,

 

өвчний түүх /хх 53-60/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч ******* нь  гэмт хэргийн улмаас хохирогчоос фермерийн аж ахуй эрхэлдэг түүнээс олох байсан орлого 4 140 000 төгрөг, малчны цалин 450 000 төгрөг, утас сэргээсний төлбөр 35 000 төгрөг, шатахууны зардал 413 450 төгрөг, эмчилгээний төлбөр 266 250 төгрөг, хувцасны үнэ 58 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг, нийт 5 927 200 төгрөг нэхэмжилснээс 300 000 төгрөг авч үлдэх 5 627 200 төгрөг нэхэмжилсэн байна.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардал 626 510 төгрөг, унааны зардал 160 736 төгрөг, хувцасны төлбөр 58 500 төгрөг, малчны цалин гэх 450 000 төгрөг, нийт 1 295 746 төгрөгийн хангаж шийдвэрлэн үүнээс хохирогч 300 000 төгрөгийг авсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл муутай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй үндэслэлээр шатахууны зардлаас 160 736 төгрөг, утас сэргээсэн гэх 35 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг нийт 796 736 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, фермерийн аж ахуйгаас олох байсан орлого гэх 4 140 000 төгрөгийг хэрэгт авагдсан баримт нь бүрэн дүүрэн нотлогдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчээс 995 746 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогч *******н фермерийн аж ахуйгаас олох байсан орлого гэх 4 140 000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь эрхийг  нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдогүй дурдаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

            битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г-аас 995 746 /есөн зуун ерэн таван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн 4-р бригадад оршин суух  ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 795 736 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4 140 000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г-  нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 14 см, өргөн нь 1,5 см, бариул хэсэг нь 11 см урттай, өргөн нь 2,5 см, бариул хэсгийн хоёр талд төмөр оруулагатай, бариул хэсгийн урд талд хязгаарлагчтай шовх үзүүртэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ