Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 


2025          01             24                                2025/ДШМ/02


Ц.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Хохирогч С.Б, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч О.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Ц.Ц-т холбогдох эрүүгийн 2416000000256 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Б ургийн овгийн Ц.Ц нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ************ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, *********** мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл ***,  эхнэр, *** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ************* сумын ************* дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д************** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-ыг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн ************** сумын **********-ийн урд С.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 
Шүүгдэгч Б овгийн Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц-т мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Ц-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд 67,741 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ Ц.Ц нь хэрүүл маргааныг өдөөн хатгаж улмаар зүй бус байдал гаргасан нь хөдөлбөргүй нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх хуулийн шаардлага хангахгүй гэж дүгнэн Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж ял оногдуулж байгааг эс хүлээн зөвшөөрч байна.
Гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нар маргалдсаны дараа хохирогч С.Б нь шүүгдэгч Ц.Ц-ын биед нь эхэлж хүч хэрэглэж довтолсон болох нь нотлогддог бөгөөд тухайн хүч хэрэглэн довтолсон үйлдлийг таслан зогсоох үйлдлийг эсэргүүцэх явцдаа Ц.Ц нь хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтыг шүүх  дүгнэхдээ хэрүүл маргааныг өдөөн хатгаж улмаар зүй бус байдал гаргасан нь хөдөлбөргүй нотлогдож байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрүүл маргааныг өдөөн хатгаж улмаар зүй бус байдал гаргасан нь хөдөлбөргүй нотлогдсон, шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж согтуу хүнтэй маргалдахгүй явчих боломжтой байсан мэтээр хэтэрхий нэг талыг барьж тус хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч нь хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн хэсэгт чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд толгойн оройд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо гэж дүгнэдэг. 
Гэтэл харилцан заамдалцсан байхад тухайн гэмтэл учруулж цохьсон чулууг хэрхэн газраас авсан байх боломжтой эсэх, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогч С.Б нь Ц.Ц-ыг мөргөж унагаад доороо хийгээд зодож, дэвсэх үйлдлийг нь эсэргүүцсэн бодит байдлыг сэргээн тогтоож үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар: 

4.1. Шүүгдэгч Ц.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн ************ сумын ***********-ийн урд С.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой хэсэгт чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед төвд Иргэн Б-ын хамт сумын **********-ийн урд машинаар явж байхад Ц.Ц машинтайгаа ирж зогсоод машин дотроосоо мэнд мэдэлцээд, аймгийн ИТХ-д сонгогдсонд баяр хүргэе гээд ярилцаж байтал хажууд сууж байсан Б нь  Ц-тай маргалдаад эхлэхээр нь би та хоёр боль гээд хөдлөх гэхэд Ц нь машин руу нулимаж, машины урдуур зам хааж зогсоод газраас чулуу авахад нь машинаа зогсоогоод буух хооронд Б, Ц хоёр заамдалцаж Б нь Ц-ыг толгойгоороо мөргөж, Ц нь Б-ын толгойн зүүн дээд хэсэгт чулуугаар цохиж, Б нь Ц-ыг мордож газар унагааж дээр гарсан байхад нь Б-ыг татаж босгоход Б-ын толгойноос цус гоожиж байсан.” тухай мэдүүлэг (хх 27-28),

5.2. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ******** Д.Д-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн: “С.Б-ын биед толгойн оройд шарх гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2024.10.12-ны өдөр үүссэн байх боломжтой бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах” тухай 268 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх 32-33), 

5.3. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн ************ сумын ***********-ийн урд маргалдах явцад Ц.Ц түүний толгойд чулуугаар цохьсон тухай” мэдүүлэг (хх 21, 111) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Ц.Ц нь чулуугаар хүний толгой руу цохих нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан хууль бус үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдсээр байж цохиж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл болно.
 
6.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
 
6.3. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс торгох ялыг сонгож дундаж хэмжээгээр оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна.

6.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан сэтгэл санаа эд материалын хохирлыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 67741 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсан нь үндэслэлтэй байна.

6.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А нь шүүгдэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах талаар давж заалдах гомдол, тайлбар гаргасан байна.

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасанчлан аргагүй хамгаалалт нь өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг.

6.7. Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг эрхээ эдлэх, энэ эрхэд нь халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдол бүхий, эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн гэмт хэргийг үгүйсгэх онцгой нөхцөл байдал юм. 

6.8. Гэвч шүүгдэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

6.9 Учир нь тухайн үйл явдал болох үед хажууд нь байсан цорын ганц гэрч болох Б.Б нь хохирогч шүүгдэгч нар маргалдаж эхлэхээр нь машинаа хөдөлгөөд явах гэхэд шүүгдэгч машины урдуур зам хааж зогсоод газраас чулуу авч ирсний улмаас шүүгдэгч хохирогч нар заамдалцаж хохирогч толгойгоороо шүүгдэгчийг мөргөж, шүүгдэгч нь хохирогчийн толгойд чулуугаар цохиж харилцан зодолдсон талаар мэдүүлсэн байна. 

6.10. Тиймээс хохирогчтой маргалдсанаас болж хохирогчийн сууж явсан авто машины замыг хааж зогсоон, газраас чулуу авч хохирогчийг чиглэн ирж түүнтэй барилцан авч харилцан цохилцсон тохиолдолд шүүгдэгчийн үйлдлийг өөрийн амь, нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн, аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй.

6.11. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                 Ч.ЭНХТӨР