Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00259

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00259

 

 

Г.Баянжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02956 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Баянжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газарт холбогдох

 

Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 380 047 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх 1 131 377 төгрөгийг зохих даатгалын санд шилжүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинжаргал, О.Мөнхзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Баянжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхэд Г.Баянжаргал миний бие Төв аймгийн шүүхийн Тамгын хэлтэс байх үед 2004 оны 5 дугаар сарын 13-нд нягтлан бодогчоор ажилд орсон. Энэ хугацаанд аудитын байгууллагаас дандаа зөрчилгүй дүгнэлтийг авсан. Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 тоот тушаалаар намайг Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг надад өгсөн. Би санхүүгийн программыг шинэчлүүлж, санхүүжилт ирсэн тул 3 дугаар сарын урьдчилгаа цалинг олгож ирсэн нэхэмжлэлүүдийг гүйлгээ хийгээд 3 дугаар сарын 10-ны өглөө даргатай уулзсан. Дарга өнөөдөр өөрийн чинь ажлын сүүлийн өдөр, ажлын цаг дуусахаас өмнө шүүгч нартай уулзаад тэд нартай ойлголцож чадвал энэ талаар ярилцаж болох юм гэсэн. Би ажлын өрөөндөө байсан 11 шүүгчтэй нэг бүрчлэн биечлэн уулзаад өмнөх 11 жилийнх шигээ сайхан ажиллацгаая гэхэд ихэнх нь чи шүүгчдийн салбар хороонд албан ёсоор өргөдлөө бичээд өгчих гэсэн. Би 3 дугаар сарын 13-наас 17-ныг дуустал ажлаа хийсэн. Төв аймаг дахь шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны ажлын хэсгийн явуулсан ажиллагаа нь хэний хэзээ гаргасан ямар гомдол асуудлаар ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шалгуулах болсон талаар надад ямар ч мэдэгдэл ирээгүй, юунаас болж намайг байцааж, мөрдөн шалгаж байгааг нь ойлгоогүй. Намайг тухайн хуралд оруулаад ярилцсан, асуудлууд ихэнх нь ховын шинж чанартай, нотолгоо үндэслэл муутай, зөрүү буруу зүйлүүд яригдсан. Хурлын тэмдэглэлд миний хариултуудыг өөрсдийн үгээр өөрчлөн бичсэн, үйл явцыг үнэнээр бүрэн тусгаагүй байсан. Дүгнэлт нь асуудлуудыг нарийвчлан шинжлэн бүрэн судлаагүй, миний хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохыг эргэлзээгүй байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн бүх зааврыг хэрэгжүүлж ажилласан, Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 104 тоот тушаал гарсан. Энэ нь цахим цагийн бүртгэлийг хэрэгжүүлэх байсан. 2014 онд Тамгын газрын даргын тушаалаар түлээ нүүрсний хөнгөлөлт олгосон. Шүүгч нар тушаалыг хавсарган гаргасан. Дансанд нь орсон мөнгөний баримтан дээр гарын үсгээ зурж танилцсан байдаг. Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 онд шалгаад акт тавигдаж 216 000 төгрөгийг 2016 оны 12 сарын цалингаас суутгаж барагдуулсан. Энд шүүгч н.Отгонжаргалыг доромжилсон гэдгийг бичиг хүргэгч Б.Гансүх үгүйсгэсэн байдаг. Шүүгч н.Болормааг зандарсан гэдгийг өөр нэг хуудсанд шүүгч н.Өрнөндэлгэрийг болгоод ч бичсэн байх жишээтэй алдаанууд гарсан байна. Шүүгч Ц.Отгонжаргалыг шүүгч Л.Оюунцэцэг юмаа мэддэггүй, мангар хүүхэн гэж хэлсэн гэхэд ёс зүйн салбар хорооны 5 хүн тэрийгээ нотолвол таныг ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэнэ гэхээр нь би гар утсан дээр бичсэн бичлэгийг анх удаа тэр 5 хүнд л сонсгосон. Ёс зүйн хорооны 5 хүн өөрсдөө хуралдааныхаа нууцлалыг алдагдуулж, тарааж ярьсан асуудлыг Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх тушаалдаа шүүгчийн хувийн ярианд бичлэг хийж хамт олны дунд эерэг бус уур амьсгал бий болгосон гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй юм. Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил мэргэжлийн доголдол гаргаж хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчил яаж тогтоогдсон талаар тодорхойгүй байгаа. 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ээлжийн амралт олгох 6 дугаар мэдэгдлээр надад ээлжийн амралтыг 20 өдрөөр олгож, 4 дүгээр сарын 6-ны өдөр ажилдаа орохыг мэдэгдсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, ажлаас халах тухай шийдвэрт тусгахдаа буруу заасан нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсанаар ойлгогдож байгаа юм. Төв аймаг дахь шүүхийн тамгын даргын  2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 16 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтаар миний ажпын ур чадвар болон захиргааны ажилтны ёс зүйг сахиж ажиллах тал дээр 1, 2 дугаар сард хангалттай 100 хувь ажилласан гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, ажлын 60 хоногийн хугацаанд ноогдох 3 726 790 төгрөгийг гаргуулах хүсэлт байсан. 2017 оны 10 дугаар сарын  3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан нийт 140 хоногийн цалин хөлс 11 477 293 төгрөгнөөс ээлжийн амралтын олговор 1 192 049 төгрөгийг суутгаж 10 285 244 төгрөгийг нийт цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимгэлд 1 028 524 төгрөг, хүн амын орлогын албан татварт 876 672 төгрөгийг тус тус суутгуулан, нийгмийн даатгалаа төлүүлж 8 380 047 төгрөгийг гарт олгуулж, нийгмийн даатгалд ажил олгогчоос 1 131 377 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа: 

Нэхэмжлэгч Г.Баянжаргалыг Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаартай тушаалаар Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дор дурьдсан үндэслэлээр цуцалсан. Шүүхийн ажилтын ёс зүйн дүрэмд "шүүхийн ажилтны үйл ажиллагаа, зан байдал нь шүүхийн талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул шүүхийн ажилтан бүр шүүхийн нэр хүндэд харшлах ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй" гэж заасныг ноцтой зөрчсөн. Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 2.1.2, 2.1.3-д заасныг удаа дараа зөрчин шүүгч, шүүхийн захиргааны илчидтай зүй бус харьцсан, шүүгчийн хувийн ярианд бичлэг хийж хамт олны дунд эвсэг бус уур амьсгал бий болгон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ёс суртахуун, ажил мэргэжпийн доголдол гаргаж төрийн албан хаагчид байж боломгүй алдаа, дутагдлыг удаа дараа гаргаж хөдөлмөрийн дотоод журам ноцтойгоор зөрчсөн нь Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн хорооны 2017 оны 02 дүгнэлтээр тогтоогдсон. Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн ёс зүйн хорооноос тус шүүхийн тамгын газарт хийсэн шалгалтын явцад хийгдсэн ёс зүйтэй холбоотой судалгаа зэргийг үндэслэн дээрх тушаалыг холбогдох хуулийн заалтыг удирдлага олгон гаргасан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулиудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 140 хоногийн цалин хөлс 11 477 293 төгрөгнөөс ээлжийн амралтын олговор 1 192 049 төгрөгийг суутгаж 10 285 244 төгрөгийг нийт цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимгэлд 1 028 524 төгрөг, хүн амын орлогын албан татварт 876 672 төгрөгийг тус тус суутгуулан, нийгмийн даатгалаа төлүүлж 8 380 047 төгрөгийг гарт олгуулж, нийгмийн даатгалд ажил олгогчоос 1 131 377 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Баянжаргалыг хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 380 047 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Баянжаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 1 028 524 төгрөг, хүн амын орлогын албан татварт 876 672 төгрөгийг тус тус хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 149 030 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, О.Мөнхзул нар давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Г.Баянжаргалын гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.10.5, 8.10.6-д заасанд багтаж байгаа бөгөөд энэ ч үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Гэтэл анхан шатны шүүх журмуудыг зөрчсөн үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.10.5-д багтаж байгаа нь тодорхойгүй гэх мэтээр зөвхөн 8.10.5-д заасныг тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж дүгнэсэн байна. Учир нь Төв аймаг дахь шүүхийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.10.6-д заасан бусад хэм хэмжээ гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан "Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм", "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам"-ууд нь багтах бөгөөд шүүхийн байгууллагад ажиллаж байгаа ажилтны хувьд эдгээр журмуудыг дагаж мөрдөх нь зүйн хэрэг. Төв аймаг дахь шүүхийн шүүгч, нийт захиргааны ажилтан, ажилчдын хөдөлмөрлөх цалин хөлс авах эрх болон шүүгч нарын нэр хүндэд харш үйлдлийг тус шүүхийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Баянжаргал удаа дараа гаргаж байсан. Энэ нь Төв аймаг дахь шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт зэргээр тогтоогдож байсан. Ёс зүйн хорооны хуралдаанд Г.Баянжаргал орж тайлбар гаргахдаа шүүгчийн яриа, үйлдлийг бичсэн олон тооны бичлэг байгааг өөрөө хэлж, зарим бичлэгийг тус хуралдаанд сонсгосон байдаг. Г.Баянжаргалын хууль бус үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийн талаар манай шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд гэрчийн мэдүүлэг өгсөөр байхад үнэлээгүй байна. Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, О.Мөнхзул нараас тус хэргийн материалтай танилцахад 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичиг нар гарын үсэг зурж албажуулаагүй, шүүх хуралдааныг товлон зарласан захирамж хэрэгт байгаагүй, шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг баримтлалгүй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шийдвэрлэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хугацааг шүүх баримтлалгүй хугацаа хэтэрсэнтэй холбоотой нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч талыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Баянжаргал нь хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газарт холбогдуулан Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 380 047 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх 1 131 377 төгрөгийг зохих даатгалын санд шилжүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлан маргасан байна.

Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Баянжаргалыг Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэжээ. /хх-ийн 6 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Монголын шүүгчдийн холбооны Төв аймаг дахь Шүүхийн салбар хорооны шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 тоот тогтоолд шүүгч, шүүхийн захиргааны ажилчнуудаас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн ... нягтлан бодогч Г.Баянжаргал нь шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээний төсөв, санхүүгийн тайлан тавихыг удаа дараа шаардахад татгалзсан, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ирүүлсэн зааврыг хэрэгжүүлдэггүй, шүүгч, ажилчдыг ажлын цагаа бүртгүүлээгүй гэж баримтгүйгээр хоол, унааны мөнгийг хассан, шүүгч, албан хаагчдын цалинг хугацаанд нь олгодоггүй, цалин, амралтын мөнгийг дутуу бодож олгодог, үндэслэлгүй шийдвэрээр зарлага гаргаснаар зарим шүүгчийн нэрээр шүүхэд нийгмийн даатгалын газраас акт тавигдсан, шүүгч нарыг хууль бус юм хийдэг, юу ч мэдэхгүй гэх зэргээр байнга олон нийтийн дунд доромжлон ёс зүйгүй авирладаг зэрэг байдлыг харгалзан тус шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч хууль, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй, зан харьцааны болон ёс суртахууны зөрчилтэйг шалган тогтоож, зохих ёсоор хариуцлага тооцож, хариу мэдэгдэх-ийг үүрэг болгосон тогтоолыг Шүүхийн Тамгын газарт хүргүүлж байсан, мөн Төв аймаг дахь Шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 02 тоот дүгнэлтээр нягтлан бодогч Г.Баянжаргал нь Шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.1, 4.1.6, 4.1.8, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журмын 2.1.3, 4.1.1, 5.1 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна. /хх-ийн 13-14, 35-36 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч Г.Баянжаргал нь хэрэгт авагдсан ёс зүйн зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоосон эдгээр баримтуудыг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Баянжаргал нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчжээ.

Төв аймаг дахь шүүхүүдийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.10.5-д шүүх байгууллагын болон шүүгчийн нэр хүнд, ажил хэрэгт харшилсан зан үйлийн болон ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. /хх-ийн 48-53 тал/

Нэхэмжлэгч Г.Баянжаргал нь хөдөлмөрийн дотоод журамд тухайлан дээрх ноцтой зөрчлийг гаргасан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул ажил олгогч дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамааруулан ажилтанг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Баянжаргалын Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 380 047 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх 1 131 377 төгрөг гаргуулан нийгмийн даатгалд шилжүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул Г.Баянжаргалын Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8 380 047 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх 1 131 377 төгрөгийг зохих даатгалын санд шилжүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО