Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 78

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О-холбогдох эрүүгийн 1818000040054 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О-, 1961 оны 3 дугаар сарын 13-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч О- нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Автотээврийн төвийн гадна иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О- нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Автотээврийн төвийн гадна иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 1 шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч О-ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед авто вакзол дээр Улаанбаатар хот явах гэж очоод ачаагаа ачих тээшний мөнгөнөөс болоод ******* болон түүний эхнэртэй маргалдаж эхнэр *******ийг түлхэж унагааснаас болж ******* бид хоёр зодолдсон. Би хаашаа нь яаж цохисноо санахгүй байна. Бид хоёр барьцалдаж аваад гараараа бие биенээ цохисон. *******ыг хаашаа нь хэдэн удаа цохисноо санахгүй байгаа. Түүнийг бас намайг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Барьцалдаж аваад бие биенээ цохиж зодолдсон. Ойролцоогоор 5-6 удаа цохилцсон. Эхнэр *******ийг нь түлхэж унагаасандаа гэмшиж байсан. ...маргалдаж зодолдсоныхоо дараа гар гараа бариад ******* цаг болчихлоо гээд явсан. Гэтэл тээвэр зохицуулагч ******* гэх эмэгтэй цагдаа дуудсан байсан. Энэ автобусыг Улаанбаатарынх гэж мэдээгүй Дарханых л юм байх гэж бодсон. Урьд нь Дарханы автобусанд хөгжмөө үнэгүй ачаад явчихдаг байсан гэх мэдүүлэг,  

 

   Хохирогч *******ын өгсөн: 2017 оны 12-р сарын 07-ны өдөр би Улаанбаатар чиглэлд явах ээлжтэй байсан. Ингээд 14 цагийн үед автобус дотроо сууж байхад ачаан дээрээ 2 ширхэг хөгжмийн өсгөгч ачсан Портер машин ирээд Улаанбаатар явах машин байна уу гэхээр нь би гараад хүн явах юм уу, ачаа өгөх юм уу гэтэл хүн ч явна ачаа нь энэ байна гэхээр нь би ачаа чинь овор ихтэй юм байна ачааны мөнгө авна гэтэл би хот хооронд олон явдаг ачааны мөнгө төлдөггүй яагаад ачааны мөнгө авдаг юм, хэзээ ийм болсон юм гэхээр нь би билетээ аваа билетны ард нь үнэгүй авч явах ачааны хэмжээ кг-г заасан байдаг гэж хэлээд автобусныхаа багаажаа хаагаад буцаад ирэхэд энэ хүн уурлаж шунаг сувдгаар загнаад манай эхнэрийг цохиод унагаачихсан. Тэгээд намайг очиход намайг бас цохиж унагаасан. Манай тээвэр зохицуулагч Баярмагнай ирээд салгаад цагдаа ирэхээр учраа ол гээд байсан. Хугарсан хамрын ясаа тэгшлүүлэх, шүдээ янзлуулах шаардлагатай. Боломжгүй болохоор эмчилгээгээ хийлгүүлээгүй байна гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс.

 

   Гэрч *******ийн өгсөн:  2017 оны 12-р сарын 07-ны өдөр аав О-ын хамт автовокзал руу Улаанбаатар явах гэж очсон. Тухайн үед том овортой хөгжмийн өсгөгч аваад явж байсан. Тэгээд ирээд Улаанбаатар явах автобус байна уу гэхэд нэг жолооч гарч ирээд би явна гэсэн. Тэгээд та нар ачаатай яваа юм уу ачаа чинь том юм байна ачааны мөнгө төлөх юм байна шүү гэхээр нь яагаад ачаанаас мөнгө авдаг юм бэ гэж хэлээд билетээ бичүүлэх гэж дотогшоо ороод касс дээр нь очоод билетээ бичүүлж байхдаа ачааны мөнгө гэж авдаг юм уу гэж асуухад касс дээр сууж байсан эмэгтэй энд мөнгө төлөхгүй харин автобусны жолооч нартай л тохирдог. Автобус жолооч нарын эзэмшлийн унаа болохоор бид нар шийдэхгүй гэхээр нь би жолоочтой тохиролцож болох юм байна гээд гараад иртэл манай аавыг олон хүн тойрчихсон зарим нэг нь барьчихсан байдалтай зогсож байсан. Тэгээд би юу болоод байна гээд очоод салгах гэхэд нэг залуу манай аавын араас нь цохиод авсан. Тэгээд би яаж байгаа юм гээд тэр хүмүүсийн дунд ороод ноцолдож эхэлсэн. Тухайн үед хэн нь хэнтэй маргалдаж зодолдоод байгааг ойлгоход их хэцүү байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Намайг очиход аавыг тухайн хүмүүс чи эмэгтэй хүн зодлоо гээд дайраад байсан гэх мэдүүлэг /хх 23/,

   Гэрч Д.*******ийн өгсөн: Өнөөдөр буюу 2017 оны 12-р сарын 07-ны өдрийн 14:20 цагийн үед би нөхөр *******ын хамт Дархан-Уул аймгийн тээврийн газар болох автовакзол дээрээс Улаанбаатар-Дархан чиглэлд хүн тээвэр хийх гээд хуваарийн дагуу өөрсдийн ******* улсын дугаартай автобусандаа хүн суулгаж байтал нэг хөх өнгийн портертой эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд надаас “Автобусанд ачаа өгье“ гэхээр нь би “Хүн явах юм уу ачаа явуулах юм уу” гэж асуусан чинь тэр эмэгтэй “Хүн явах гэж байгаа юмаа. Юун ачаа ачих“ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүний ачааг хараад овор ихтэй болохоор нь “Наадах чинь овор хэмжээ ихтэй хоёр хэсэг юм байна. Та нар ачаандаа мөнгө төлөх юм байна“ гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй уурлаад намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд автобусны билетээ бичүүлнэ гээд явсан. Тэгсэн тэр эмэгтэйтэй цуг явж байгаа аав нь бололтой эрэгтэй хүн “Юу яриад байгаа юм бэ. Би хэд хэдэн удаа ийм ачааг ачаад явсан. Угаасаа наад автобусны чинь доод багаж нь хоосон явдаг биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хүмүүс ачаагаа ачдаг юм аа. Та нарын ачаа чинь овор хэмжээ нь ихтэй байна. Автобусны билетэн дээр нь зорчигчийн авч явах ачааны хэмжээг нь заасан байдаг юм“ гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр ******* “Бид нарын ачаагаа ачина уу, хоосон явна уу хамаагүй“ гэж хэлээд автобусныхаа урд талд нь гараад зогссон. Би тэгээд тэр эрэгтэйд “Зорчигчийн билетэн дээр чинь 25 кг-с дээш ачаа ачихгүй гээд заачихсан байгаа“ гэж хэлсэн .Тэгсэн тэр эрэгтэй хүн намайг “Чи муу тэгдэг юм уу” гэж хэлээд миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгсэн би тэр дороо мөсөн дээр халтираад уначихсан. Тэгээд тэнд байсан манай нөхөр ******* намайг өмөөрч тэр эрэгтэй хүнтэй барилцаж аваад ноцолдож эхэлсэн. Тэгсэн манай нөхөр *******ын нүүр ам нь цус болчихсон, хамар ам нь хавдчихсан. Тэгээд автобус явах цагийн хуваарь нь болоод хүмүүсээ суулгаад Улаанбаатар хот руу явсан. Би тэнд автовакзол дээр үлдсэн гэх мэдүүлэг /хх 25/,

Гэрч*******ийн өгсөн:  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад хотын жолооч ******* хүнээ ачаад 15 цагаар явах гэж байсан. Би машин дотор сууж байтал *******ын эхнэрийг нэг эрэгтэй хүн түлхээд унагаасан. Тэгтэл ******* нөгөө хүнтэй барьцалдаж аваад маргалдаад цохилцоод унасан хүмүүс ч тойроод ирсэн. Би очоод юу болоод байгаа юм гэсэн чинь миний үгийг ч сонсоогүй. Тэгэхээр нь би тээвэр зохицуулагч Баярмагнайг цагдаа дууд гэж хэлсэн. ******* тэр хоёрыг Баярмагнай салгаад, салгах явцад тэр хүн газар уначихсан. Тэр хүнийг цохиж унагаасан хүн байхгүй. ******* тэр хүн хоёр барьцалдаж аваад бие биенээ гараараа цохиод тавихгүй байхад нь Баярмагнай салгасан гэх мэдүүлэг /хх 29/,   

Гэрч *******гийн өгсөн: 2017 оны 12-р сарын 07-ны өдөр 14 цагийн үед санагдаж байна ажил дээрээ байж байхад зогсоол дээр ******* ахын эхнэр нь газар хэвтэж байсан хажууд нь нэг үл таних залуу /О-/ ******* ахтай зууралдаад байж байсан. Тэгээд намайг очиход ******* болон үл таних залуу /О-/ 2 харилцан цохилцоод байхаар нь би очоод дундуур ороод салгатал тэр залуу /О-/ ахиад зодолдох гээд байхаар нь би дэгээдэж унагаагаад хүн ойртуулахгүй гэж дээр гарыг нь бариад жолооч нарт хандаж битгий ойрт цагдаа ирэхээр шийдвэрлүүлье гэж хэлээд тэр залууг тайвшруулсан. Тэгээд хүмүүс ч гайгүй тайвширахаар нь дотогшоо цагдаад дуудлага өгөхөөр ороод буцаад гараад ирэхэд ахиад ******* тус үл таних залуу /О-/ 2 хоорондоо зодолдож байсан хажууд нь охин нь гэх эмэгтэй орилж тэнд байсан жолооч нар луу үсэрч дайрч хэл амаар доромжилж байсан. Тэгээд би Чойдон, Нарангэрэл нарын хамтаар очиж салгаад тухайн үл таних хүнийг хамгаалсан учир нь тэнд байсан жолооч нар зодох гээд байсан. Ингээд удалгүй цагдаа ирсэн. Яг юунаас болж зодоон болсныг нь мэдэхгүй, нэг харахад ******* ахын эхнэр газар хэвтсэн, ******* ах чи эмэгтэй хүн зодлоо гээд зодолдож байсан. Тэгээд яг хэн нь эхэлж цохисныг би хараагүй, харин дараа нь камер шүүж үзэхэд үл таних залуу ******* ахын эхнэрийг түлхэж унагаатал ******* ах цохиж байгаа бичлэг байсан гэх мэдүүлэг /хх 31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

      “1.*******ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 1 шүдний булгарал бүхий  гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдуулна.” /хх 36/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

            Хохирогч *******т шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, 1 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, цаашид эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгааг нь харгалзан хохирогчийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

  

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтас хэргийн 88-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хамрын ясны рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч *******т буцаан олгохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О-  нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг хамрын ясны рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ