Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 

2025       01          15                                        2025/ДШМ/01

 

 

Д.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    прокурор Б.Д, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б, Ц.О /цахимаар/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л, түүний өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Д.О-т холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, Ш ургийн овогт Д-н О (Регистрийн дугаар:).

1.    Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 23 цагийн үед  аймгийн М сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ойролцоох гудамжинд иргэн С.А-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

    2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолоор:

    - шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

    - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т арван хоёр жил хорих ял шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан шүүгдэгч Д.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 177 (нэг зуун далан долоо) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан, оногдуулсан хорих ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 11 (арван нэг) жил 05 (тав) сар 13 (арван гурав) хоногийн хугацаагаар тогтоож,

   - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

     - шүүгдэгч Д.О-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон аймгийн    сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

      - шүүгдэгч Д.О-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн талаар Хил хамгаалах ерөнхий газарт даруй мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж,

    - Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар шүүгдэгч Д.О-аас 86,477,300 (наян зургаан сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуу) төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л-т олгож,

     - хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Д.О-ын зүүн гарын хумс 3 ширхэг, баруун гарын хумс 5 ширхэг, амь хохирогч С.А-гийн цусны дээж, яллагдагч Д.О-ын цусны дээж, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан архины шил 1 ширхэг, цусны дээж 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон “ариун цэврийн цаас” 1 ширхэг, “даавуу” 1 ширхэг, хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан 1, 3, 6, 7, 8, 10 дугаартай цэгүүдээс бэхжүүлж авсан дээж 6 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд баримт шийдвэрлэх комисст даалгаж, гар утсанд хийсэн шинжилгээний хариутай сиди диск 3 ширхэг, Б У ШТС, Б хүнсний дэлгүүр, Х хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий флаш диск 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

   4. Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны 2024/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Анхан шатны шүүх Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: “...шүүгдэгч олон удаагийн үйлдлээр хохирогчийн биед халдаж алсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан” 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

    Учир нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтийн /2-р хавтас 40-45 талд/ дүгнэлт хэсгийн 3-т: амь хохирогчийн толгойн хэсэгт учирсан гэмтлүүд нь нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шинжээч эмч Н.Одбаярын мэдүүлэгт /2-р хавтас 50-51 талд/ “... амь хохирогч С.А-гийн биед учирсан тархины битүү гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэжээ.

   Гэтэл анхан шатны шүүх Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй үндэслэлээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай холбож үзсэн бөгөөд түүнийг олон удаагийн үйлдлээр амь хохирогчийн биед халдсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт амь хохирогчийн тархины битүү гэмтлүүд нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй.

   Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүл мэндийн хувьд элэгний архаг өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг төлсөн ба үлдэх сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах боломжтой байсан гэж үзэн ял хүндэдсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

   Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү гэжээ.

    5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Надад шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан гаргаж өгөх баримт байна. Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр амь хохирогчийн охин А.Н-гийн дансанд 10,000,000 шилжүүлсэн баримт, бусад нь Д.О-ын хувийн байдалтай холбоотой багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг 5 хуудас баримт гаргаж өгье. 

     Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх Д.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг 12 жилийн хугацаагаар тогтоосон гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь олон удаагийн үйлдлээр, онц хэрцгий аргаар хохирогчийн амь насыг хохироосон гэж дүгнэсэн байдаг. Хэрэв онц хэрцгий аргаар хохирогчийн амь насыг хохироосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйчлэгдэх ёстой байсан.

     Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн. Тухайн хэрэгт амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор шинжээч эмч Н.О дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс мэдүүлэг авахад хохирогчийн биед үүссэн гэмтэл нь 1 удаагийн буюу олон удаагийн хүчний үйлчлэлээр, аль алинаар нь үүсэх боломжтой, мөн хэвтээ, хөндлөн байрлалд унах явцдаа тухайн гэмтлүүд үүсэх боломжтой гэх дүгнэлт гаргасан талаар хэлсэн. Шинжээчийн хийсэн дүгнэлт болон мэдүүлэгтэй холбоотой 1 удаагийн хүчний үйлчлэлээр дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэх талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8-15 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс 10 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан, өмгөөлөгчийн зүгээс хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялыг оногдуулж өгөөч гэх саналыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр саналуудыг хүлээн авахгүй байх үндэслэлээ тайлбарлаагүй гэж үзэж байгаа.

     Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмшиж байгаа. Урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүл мэндийн хувьд элэгний архаг өвчтэй, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг төлсөн байсан, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр амь хохирогчийн насанд хүрээгүй охин А.Н-гийн дансанд 10,000,000 төгрөг төлсөн.

      Шүүхээс тогтоосон хохирлоос 10,000,000 төгрөг төлөгдсөн, 76,000,000 төгрөг үлдсэн харагдаж байгаа боловч миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөл байдал, өөрт ногдох хөрөнгө, төлбөр төлөх чадвар муу байгаатай холбоотой цаашид ах дүү нарынх нь зүгээс хамтран дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулахаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талд удаа дараа илэрхийлж байгаа. Амьдралын нөхцөл байдал, эдийн засгийн чадамжгүй байдал нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж харж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

      6. Шүүгдэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л болон шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж, маш их харамсаж, гэмшиж байна. Би өөрийн буруугаа хүлээж байна. Цаашид шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна, ялаа эдэлж гарч ирсэн ч талийгаачийн 3 хүүхэдтэй холбоотой байж, үлдсэн амьдралдаа байгаа боломжоороо тусалж дэмжиж явна гэж бодож байгаа. Миний ар гэр болон хувийн байдал, эрүүл мэндийг харгалзан үзэж надад хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс гуйж байна гэв.

     7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлын хувьд дүүгийн данс руу 10,000,000 төгрөг хийсэн. Миний хувьд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Би гомдолтой байна гэв.

      8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон бусад бүх зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой яригдсан. Шүүгдэгчийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба маргадаггүй.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл нь гэм буруугийн талаар маргаан байдаггүй. Зөвхөн анхан шатны шүүхээс оногдуулсан ял буюу эрүүгийн хариуцлага болох 11 жил, 6 сарын хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргадаг. Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэрэгт баримтаар авагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дүүгийн дансанд 10,000,000 төгрөг орж ирсэн. Шүүгдэгч өмгөөлөгчөөрөө дамжуулж утсаар холбогдоод шүүхээс тогтоосон хохирол төлбөрийн 50 хувийг төлөхөө шүүгдэгчийн зүгээс илэрхийлсэн байгаа. Өвчний учир нотлох баримтууд хавсаргаж өгөөд байх шиг байна. Шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгааны талаарх баримтуудыг анхан шатны шүүх дээр ч гаргаж өгсөн. Өвчний учир ялаас чөлөөлөх талаар хуульд нарийвчлан тодорхой заасан бөгөөд хорих байгууллагын саналын үндсэн дээр шүүх шийдвэрлэх ёстой. Өнөөдөр шүүх өвчний учир ялаас чөлөөлөх асуудал байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ялыг багасгуулах талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хэлэх санал байхгүй. Эрүүгийн хариуцлагыг хуульд заасны дагуу багасгаж оногдуулах нь эсэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх учраас тусгайлан гаргах санал байхгүй гэв.

       9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд ялын доод хэмжээг оногдуулах боломжтой байсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх 6 үндэслэлээс шүүгдэгч Д.О 3 үндэслэлийг хангасан. Үүнд: тохиолдлын журмаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Д.О-ын хувийн байдлаар талаар, өмнө нь хөнгөн болон хүнд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөн хэрэг гарсны дараа амь хохирогчийн охин уруу залгаж, хохирогчид туслалцаа үзүүлэх гэж оролдсон болох нь гэрчийн мэдүүлэгт авагдсан. Үүнийг би амь хохирогчид туслалцаа үзүүлэх гэж оролдсон шүүгдэгчийн үйлдэл гэж харж байгаа. Хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарах нөхцөл шалтгаан болсон. Учир нь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог.

         Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр 3 үндэслэлийг хангалттай харгалзаж үзээгүй. Шүүгдэгч гэм буруугийн талаар огт маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Одоогийн байдлаар хохиролд 30,000,000 төгрөг төлсөн байгаа. Мөн өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөгийг өмгөөлөгч рүү шилжүүлсэн. Цаашид хохирлыг төлнө гэдгээ анхан шатны шүүх дээр болон одоо ч илэрхийлж байна. 

      Миний хувьд шүүгдэгчийг багаас нь таньж, мэднэ. Хувийн байдлын хувьд хүнтэй хэрэлдэж, зодоон хийдэггүй, хүнийг алах хэмжээний хүмүүжилтэй хүн биш. Хаана, хэн болохгүй байгаад очиж тусалж байдаг тусархуу, багаасаа зөв төлөвшилтэй, гэр бүлийн хувьд тогтсон амьдралтай, эхнэр, 13 наснаас доош 5 охинтой, шулаан шударга зантай, хэзээ ч худал хэлдэггүй, хүнтэй хүн ёсоор харьцдаг, монгол эр хүнд байх чанарыг агуулсан гэж үнэлж, дүгнэдэг учраас би энэ хүнийг өмгөөлөөд явж байна. 

        Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс ял гуйж гомдол гаргаж байна гэв.

      10. Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогч С.Агийн амь насыг хохироосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хүний амь насыг хохироосон хохирол, хор уршгийн асуудлыг юутай ч зүйрлэх боломжгүй. 30,000,000 төгрөг өгөөд хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Одоо ч хохирол, хор уршиг арилаагүй хэвээр байгаа. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг 86,000,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Сэтгэцэд учирсан хохирлыг үнэлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийг үнэлж баршгүй гэж үзэж байгаа.

      Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 243500000042 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

     2. Шүүгдэгч Д.О нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   аймгийн М сумын  дугаар баг, цэцэрлэгийн ойролцоох гудамжинд иргэн С.А-тай маргалдах явцдаа түүний гавал тархинд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

      - амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би    аймгийн Ө сумын төвд гэртээ байхад 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 01 цаг 30 минутын үед охин дүү А.Н гар утсаар залгаад “ аав С.А Увс аймгийн М сумын эрүүл мэндийн төвд ухаангүй хүргэгдэж ирсэн байна” гэж хэлсэн. Би Ө сумын төвөөс гарч тухайн шөнийн 02 цагийн үед М сумын эрүүл мэндийн төвд очиход эцэг С.А нь сумын эрүүл мэндийн төвд тархины хүнд гэмтэл, гавал тархины цөмөрсөн хугарал гэх оноштой ухаангүй эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 43 минутад нас барсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас),

      - амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ээж 2021 онд элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш аав маань охин дүү, эрэгтэй дүү бид гурвын амьдралыг үүрч, колонкид түгээгчээр ажилладаг байсан. Би энэ хүнд маш их гомдолтой байгаа. Хууль ёсны дагуу хуулийн дээд шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 205 дугаар хуудас);

      - гэрч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг 30 минутын үед С.А нь ажлаасаа ирж байна гэж хэлээд нэлээн согтуу, цэнхэр өнгийн 0.75 литрийн экс нэртэй задалчихсан архитай манайд хүрч ирсэн. С.А орж ирээд удаагүй байтал 22:15 цагийн үед С сумаас миний төрсөн ах Ц.Ч, эхнэр н.Х, зээ охин н.Ц нарын хамт замын унаанд сууж ирсэн. С.А манай гэрийн унтлагын арын өрөө рүү ороод авч ирсэн архиа ганцаараа ууж байгаад 23:00 цагийн үед манай гэрийнхэн бүгд унтаж амрахаар ор дэрээ зассан бөгөөд С.А нь нэлээд согтсон байсан тул би унтлагын өрөөнд матрас дэвсэж ор засаж өгсөн. Бид гэрлээ унтраагаад хэвтэж байтал С.А тусдаа хэвтэж байснаа гэнэт охин бид хоёрын унтаж байсан ор луу мөлхөж ирээд миний хөнжил татахаар нь би босоод гал тогооны өрөөнд ороод уйлж байтал манай ах Ц.Ч бэргэн эгч н.Х нар надад хандаж “одоо орж унтъя, битгий уйл” гэж хэлсэн. Би өөрийн охин О.Э-гаар С.А-гийн охин А.Н руу фейсбүүкээр “аавыгаа ирж ав” гэсэн утгатай чат бичүүлсэн. С.А нь өөрийнхөө орноос мөлхөөд миний хөнжил татах үедээ өмсөж явсан бүх хувцсаа тайлчихсан байсан ба дотоожоо мөн тайлаад бэлэг эрхтэнээ гаргачихсан байсан. Тэгээд манай охин О.Э нь С.А-д хандаж хувцсаа өмс гэж хэлээд түүний хувцсыг өмсүүлсэн, тэгээд би С.А-г гэрээсээ дагуулж гараад гэрийн дээд талын бетон зам дээр хүргэж өгөөд за одоо хариад унтаж амар гэж хэлээд авч ирсэн үлдэгдэл архийг нь өгөөд явуулсан. Тэгчхээд шууд гэртээ орж ирсэн юм. С.А нь манай гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл шархгүй гарсан бөгөөд манайд ямар нэгэн зодоон цохион болоогүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас);

    - насанд хүрээгүй гэрч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.А ахад би хувцсыг нь дөхүүлж өгөөд зарим хувцсыг нь өмсгөж өгсөн. Тэгээд С.А ах ээж бид гурав гэрээс хамт алхаж гараад ээж С.А ахыг түшээд тэр хоёр алхаад хашааны хаалгаар урагшаа явсан ...би ээжээс “С.А ах яасан бэ” гэхэд ээж маань “зүгээр дээшээ алхаад явж байна, зүгээр байх шиг байна” гэж хэлсэн. ...С.А ах манайхаас 23 цаг 50 минутын үед гарч явсан. ...би А.Н-д хандаж явчихлаа гэж араас нь чат бичсэн юм. ...Тухайн орой манай гэрт ямар нэгэн маргаан гарсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас);

     - гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны 00:50 цагийн үед сумын төв рүү орж ирээд. ...гэр хороолол руу орсон зам руу эргэхэд хажууд нь 1 архины шил, мөн булган малгай, куртиктэй хүн газарт хэвтэж байсан. Тэр үед би бууж үзэхгүй шууд зөрөөд өнгөрсөн. Тэгээд би хороололд 2 хүн буулгаад буцаад дээрээс зам дагаад төв зам руу явсан ба хажуугаар нь зөрөхөд нөгөө хэвтэж байсан хүн нөгөө газартаа хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...би автомашинаа 10 орчим метрийн зайтай зогсоочхоод би тэр хүн дээр очоод хувцаснаас нь татаад сэрээчихье гээд татаад үзэхэд тэр хүний доод талын хэсэг, толгойн хэсэгт 30 орчим см диаметртэй цусны толбо байсан, тэгээд би буцаж ирээд автомашиндаа суугаад эргэж яваад цагдаагийн газарт ирж цагдаад биеэрээ дуудлага өгсөн юм. ...тухайн хүний толгой нь зүүн тийш буюу төв зам дагуу харсан, 2 хөл нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан, цээж, нүүр хэвлий хэсэг доошоо харсан, татаж сөхөж харахад газарт цус тогтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас);

     - гэрч М.Д /анхны тусламж үзүүлсэн эмч/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг 45 минутын үед ээлжийн сувилагч над руу утсаар залгаж “гудамд нэг хүн ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлага цагдаа өглөө” гэж хэлсэн. Дуудлагын дагуу тус эрүүл мэндийн төвийн дотрын эмч Б.О-гийн хамт М сумын    дугаар баг дугуй засварын урд талын гэр хороолол доторх шороон зам дээр толгой хэсэг нь зүүн хойд зүгт, хоёр хөл нь баруун урд зүгт харсан, куртикээрээ толгойгоо бүтээсэн байрлалтай, баруун хажуугаараа хэвтсэн байдалтай ухаангүй, баруун хөлөө тахийсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүн хурхирсан гүнзгий амьсгалтай байсан, очиж дуудахад хариу урвал үзүүлэхгүй, пульс буюу зүрхний цохилтын тоо 114 удаа, амьсгал 22 удаа, артерийн даралт 80x50, 2 гар хөрсөн, хүйтэн, мөчнүүд хөшингө болсон байдалтай байсныг тухайн газраас сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж 02:00 цагт эмнэлэг дээр авч ирж анхны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн....тухайн өвчтөн болох С.А-г эмнэлэгт хэвтүүлэн оношлоход гэмтлийн гаралтай тархины хүнд гэмтэл, суурь яс гэмтсэн, баруун талын чамархайн ясны цөмрөл гэсэн онош тавьж эмчилгээ хийж, аймгийн нэгдсэн эмнэлгээс өнөөдөр буюу 2024 оны 02 сарын 17-ны өдөр 14:00 цагийн үед ирж өвчтөнг үзээд тархины хүнд гэмтэл, суурь ясны хугарал, чамархайн ясны цөмрөл, ил шархтай байна гэж онош тавьж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэх боломжгүй, тээвэрлэх гэсэн боловч хөдөлгөхөөр амьсгал тасалдаад байгаа тул тээвэрлээгүй болно. ...С.А-гийн биед учирсан гэмтлүүд нь маш хүчтэй унах, шидэгдэх үед үүсэх боломжтой, мөн С.А-гийн баруун талын чамархайн ясанд 3x5 см орчим хэмжээтэй хотойж цөмөрч орсон байдалтай, хуйхны арьсанд хамгийн том шарх нь 1x1.5 см орчим хэмжээтэй түүнийг тойроод олон тооны жижиг чулуу шигдэж үүсэгдсэн шархтай байсан. ...ер нь гар, нүүр, толгойн хэсэг нэлэнхийдээ цусаар бохирлогдож хатсан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226 дугаар хуудас);

       - гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эмч М.Д-гийн хамт М сумын   дугаар баг дугуй засварын урд талын гэр хороолол доторх шороон зам дээр толгой хэсэг нь зүүн хойд зүгт, хоёр хөл нь баруун урд зүгт харсан, куртикээрээ толгойгоо бүтээсэн байрлалтай, баруун хажуугаараа хэвтсэн байдалтай ухаангүй, баруун хөлөө тахийсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 228 дугаар хуудас);

      - гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний төрсөн охин Б.Л надад хандаж “таны утас дуугарахаар нь би авч ярьсан чинь С.А ах уначихлаа, та ирээд авчих” гэж хүн хэлэхээр нь би аав байхгүй, та хэн бэ гэж асуухад нөгөө хүн ямар нэгэн зүйл хэлэлгүй утсаа салгасан гэж хэлсэн. Би юу болсон юм бол гэж бодож байхад С.А ах эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн гэж сонсогдож эмнэлэг рүү явсан ба охин Б.Л-ийн хэлсэн үгийг мартчихсан байна. Өнөөдөр охин Б.Л-ийн хэлсэн үгийг санаж гар утасны дуудлага шүүж үзэхэд Д.О өөрийн 90447979 дугаарын утаснаас над руу утасны цагаар 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 59 минутад, орон нутгийн цагаар...23 цаг 59 минутад залгасан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 232 дугаар хуудас);

      - насанд хүрээгүй гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 16-ны орой цагийг мэдэхгүй байна. ...төрсөн эцэг Ж.Б-ын гэрт цэнэглэж үлдээсэн гар утас дуугарахаар нь очиж харахад 90447979 гэх дугаар залгаж байсан. Би дуудлагыг авахад “С.А ах уначихлаа, та ирээд авчих” гэж хэлэхээр нь би хариуд нь “аав байхгүй, та хэн бэ” гэж асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй нөгөө хүн утсаа салгасан. Энэ талаар төрсөн эцэг Ж.Б гэртээ ирэх үед нь хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234 дүгээр хуудас);

      - гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн үед төрсөн дүү Ц.Э нь манай гэрт ирээд “урьд шөнө Д.О, С.А-тай зодолдсон, хамар руугаа цохиулаад хамраас нь цус гарчихсан ирсэн, С.А одоо сумын төвийн эмнэлэгт биеийн байдал муу байгаа гэж байна, бид нар одоо 5 хүүхдээ яана, Д.О согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна, яах вэ эгчээ” гэж хэлээд уйлж байгаад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас);

        - гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр Д.О нь 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад хамраас нь их хэмжээний цус гарч цус нь тогтоогүй гэрт орж ирээд гэрийн 00 цаас байдаг тавиур дээрээс 00 цаас авч хамар руугаа чихсэн. Би нөхөр Д.О-аас юу болсон талаар асуухад “би архи уугаад салхинд гараад тасарчихсан байна, зарим зүйлийг санахгүй байна, сумын гудамжинд С.А миний хамар руу цохиж цус гаргахаар нь би С.А-г цохичхоод ирлээ” гэж хэлээд утсаа хайсан. Утсаа олохгүй болохоороо утсаа хайгаад гэрээс гараад удалгүй буцаж орж ирээд “хашааны гадна буланд уначихсан байна” гэж хэлээд унтаж амарсан. Маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сумын хүмүүсийн ярианаас С.А хүнд цохиулаад сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал нь хүнд эмчилгээ хийлгэж байгаа талаар сонсоод өөрийн төрсөн эгч Ц.Б-т очиж хэлсэн. Тухайн өдөр М сумын хөдөө байдаг төрсөн эгч Ц.Л миний гар утас руу залгаж “юу болоод байгаа юм бэ” гэж асуухаар нь “Д.О ыг цагдаа нар сая дуудаад аваад явчихлаа” гэж хэлсэн. ...2024 оны 02 дугаар сарын 18-ны өглөө С.А нас барсан талаар сонсоод их айсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас);

        - гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнө гэртээ унтаж байхад 02 цагийн үед нөхөр С.Н-ийн гар утас дуугарсан. Нөхөр С.Н-ийн гар утсыг авч ярихад “сумын цагдаагаас ярьж байна, С.А гэх хүн сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал хүнд эмчилгээ хийлгэж байна, та хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн үед нөхөр С.Н М сумын  дугаар багийн хөдөө байдаг айлын цайнд яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирчхээд унтаж байсан учир би нөхрийг сэрээлгүй ганцаараа өөрсдийн эзэмшлийн Приус-20 маркийн 0000 улсын дугаартай автомашиныг жолоодож сумын эрүүл мэндийн төв орж эмч нартай нь уулзахад сумын эмч нар “өвчтөний биеийн байдал хүнд байна, ах дүү нарыг нь дууд” гэж хэлэхээр нь Приус-20 маркийн 0000 улсын дугаартай автомашиныг жолоодож нөхөр С.Н-ийн төрсөн ах С.А-ийн гэр рүү явсан. Ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгийн чиглэлд явж, М сумын ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо байдаг автомашины дөрвөн замын уулзвараар хойд зүг эргэх үед явган хүн ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүгт автомашины замын явган хүний гарцгүй хэсгээс зам хөндлөн гарах гэж байсан. Уг хүн нь автомашин хараад зам хөндлөн гарахаа больж зогссон, би тухайн явган хүнийг зам хөндлөн гарахыг хүлээж зогссон бөгөөд уг явган хүн нь Д.О болохыг би хараад таньсан. Д.О зам хөндлөн гарахгүй байхаар нь би урдуур нь яваад өнгөрсөн. ...би Д.О-ыг сайн танина” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

        - цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10 дугаартай “...Амь хохирогч С.А-гийн биед уртавтар тархи, гүүрний няцрал, багана тархины анхдагч цус харвалт буюу 4 дүгээр ховдолд цусан хураа, их тархины баруун, зүүн зулайн дэлбэнд, бага тархины 2 тал бөмбөлөгт аалзан хальсны доорх цус харвалт, зүүн чихний дэлбэнд язарсан шарх, зүүн чамархайн хөхлөг сэртэнд зулгаралт, тус хэсгийн хуйхны няцрал, цус хуралт, духны баруун хэсэгт язарсан олон жижиг шарх, зулгаралт, тус хэсгийн хуйхны няцрал, цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн шанаа, чих чамархай, хүзүүний зүүн дээд хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд болон 2 нүдний доод талаар буюу баруун, зүүн хацарт цэгчилсэн цус хуралт, зүүн гарын 3, 4 дүгээр хурууны ард зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн хэсэгт учирсан гэмтлүүд нь нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх тархины гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. 5. Амь хохирогч С.Агийн биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. ...7. Амь хохирогч С.А нь дээрх тархины битүү гэмтлүүдийн улмаас багана тархины анхдагч цус харвалт үүсэж амьсгал, зүрх судасны төвийн хурц дутагдлаар нас барсан байна. 8. Амь хохирогч С.А нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны 00 цаг 43 минутад нас барсан талаар М сумын сум дундын эмнэлгийн №2024- 86 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн байна. 9. Амь хохирогч нь дээрх тархины гэмтлийн улмаас үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. ...11. Амь хохирогч нь дээрх тархины гэмтлүүдийн улмаас эмнэлгийн ямар нэгэн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас);

    - шинжээч эмч Н.О-ын “...Амь хохирогч С.А-гийн зүүн чихний орчимд язарсан шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон ба духны баруун хэсэгт олон жижиг язарсан шарх, зулгаралт гэмтэл болон тус хэсгийн хуйхан доор, баруун чамархайн булчингийн урд хэсгээр жижиг хэмжээний хайрга, чулуунууд байрласан байгаа нь духны баруун хэсэгт учирсан гэмтлээр газрын хөрстэй харьцсаныг харуулж байгаа тул хэвтээ байрлал буюу газартай хавсрагдаж толгойн хоёр талд гэмтэл үүссэн байх боломжтой. ...Амь хохирогч С.Агийн биед учирсан дээрх гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарна. Уртавтар тархи, гүүрний няцрал, багана тархины анхдагч цус харвалт буюу 4 дүгээр ховдолд цусан хураа гэмтэл нь эмчилгээгээр шимэгдэх боломжгүй, мэс заслаар цусан хурааг авах боломжгүй, амин чухал эрхтнүүдийн төвийг хамарсан байгаа тул амь аврагдах боломжгүй юм. Иймээс амь хохирогч нь энэ тохиолдолд эмнэлгийн ямар нэгэн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй гэж дүгнэсэн юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас);

    - шүүх химийн шинжилгээний 14 дугаартай “...С.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. С.Агаас авсан гэх 00553016 дугаартай хуруу шилтэй цусанд 2.1 процент промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);

     - ДНХ-ийн шинжилгээний 1884 дугаартай “...Ариун цэврийн цаас, даавууны хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Д.Оын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас);

      - ДНХ-ийн шинжилгээний 1885 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр А цэгээс бэхжүүлж хурааж авсан гэх арчдас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч С.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газрын үзлэгээр А цэгээс бэхжүүлж авсан гэх арчдас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо яллагдагч Д.Оын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас);

     - нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний 1886 дугаартай “...Амь хохирогч С.Агаас хураан авсан гэх жийнсэн өмд, куртик зэргээс цус илэрч байна, дотуур өмд, оймс, дотоож зэрэгт цус илрээгүй. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 23 локусаар тогтоов. 2. Куртикны баруун зүүн ханцуйнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч С.Агийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3. Куртикны энгэр, жийнсэн өмд зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Д.Оын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас);

      - хэргийн газарт үзлэг хийсэн “...Үзлэг хийж буй газар нь  аймгийн М сумын  дугаар баг,  тоот хашаа болон түүний зэргэлдээ байх цэцэрлэгийн урд талын гэр хороолол дундах ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт, зүүн зүгээс баруун зүгт явах эсрэг хөдөлгөөнтэй нэг эгнээтэй автомашины хөрсөн зам байх бөгөөд ...Хэргийн газрын үзлэгт оролцогч цагдаагийн ахлах ахлагч С.Э “би дуудлага мэдээлэлд анх очиход цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон газарт ухаангүй, толгой нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт, хөл нь ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан эрэгтэй хүн байсан” гэж заасан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас);

   - хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...талийгаачийн анх хэвтэж байсан гэх “А” цэгээс зүүн талд гэр хорооллын зүүн талд, дугуй засварын ертөнцийн зүгээр хойд зүгт гэр хорооллын гудамжны хэсэгт “А” цэгээс 68 метр зайтай газрын хөрсөнд цус мэт хүрэн өнгийн зүйлүүд дусаж хатсан байх ба тухайн цус мэт хүрэн өнгийн зүйлүүдийн газрын хөрсөнд дуссан хэсгүүд нь харилцан адилгүй ба дуссан цус мэт хүрэн өнгийн зүйлс нь ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй үргэлжилсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас);

    - амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 21-38 дугаар хуудас);

     - амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас);

       - шүүгдэгч Д.О-ын биед үзлэг хийсэн “...үзлэг хийхэд Д.О-ын нурууны ар талд сээрний түвшинд 2.5 см урттай шинээр үүссэн зулгаралт шархтай, ...4 дүгээр хурууны харалдаа, мөн сарвууны ар талд 3 дугаар хурууны 3 дугаар үений хажууд 0.2 см өнгөц, шинэ зулгаралттай, ...мөн Д.О-ын хамрын хянга ясны зүүн талд 0.4 см зулгарсан шинэ шархтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 77-84 дүгээр хуудас);

      - амь хохирогчийн охин, насанд хүрээгүй гэрч А.Н-гийн насанд хүрээгүй гэрч О.Э-тай харилцсан фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 87-94 дүгээр хуудас);

        - шүүгдэгч Д.О-ын       дугаарын гар утасны ярианы “...шүүгдэгч Д.О гэрч Ж.Б-той 2024 оны 02 дугаар сарын 17-ны шөнө ярьсан” гэх агуулгатай билл (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас);

       - шүүгдэгч Д.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...амь хохирогч С.А-гийн анх хэвтэж байсан гэх “А” цэг дээр зааж “тухайн шөнө С.А ах бид хоёр энэ газарт таарсан, С.А ах намайг дуудахаар нь яваад очиход согтуу, ганцаараа энд зогсож байсан. Мөн намайг очиход С.А ах намайг энд цохиж миний хамраас цус гарсан” гэж хэлж байв. ...“би С.А ахыг тэр газарт үлдээж, Ж.Б-ын утас руу залгачхаад энэ замаар хойшоо явж сумын цагдаагийн кобаны урд талын замаар хойшоо гэр рүүгээ явсан” гэж хэлээд хойд зүг рүү алхав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 185-194 дүгээр хуудас);

         - Д.О-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би засмал зам руу гарч явтал замын дээд талд гэр хороололд нэг согтуу хүн орилоод хөөе гээд дуудсан. Би алхаад очиход талийгаач С.А ах байсан ба нэлээн ууртай “та нар битгий хүнд гай болоод бай” гэж хэлсэн. Би С.А ахад “би таныг Н-гийнд хүргээд өгье” гэж хэлэхэд шууд миний хамрын баруун болон зүүн тал руу хоёр гараараа нэг нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гоожихоор нь би доош тонгойход С.А ах миний элэгний орчимд хөлөөрөө өшиглөсөн. Миний бие өвдөж хамраас маш их цус гарсан, тэр үед урд өмнө эмчийн хэлж байсан “чи их хэмжээгээр цус алдах юм бол амь насаа алдах эрсдэлтэй” гэж хэлж байсныг санаад тухайн үедээ би өөрийгөө цус алдаад үхэх юм байна гэж бодоод ухаан санаа балартсан. Нэг мэдэхэд С.А ах газарт уначихсан байсан. Би өөрийнхөө    дугаараас тэр үед Ж.Б руу залгаж “С.А ах уначихлаа ирээд авчих” гэж хэлэхэд хариу юм хэлэлгүй утас тасарсан. ...би тэр газарт С.А ахыг орхиод тэндээсээ дээшээ шууд цэцэрлэгийн урд талаар дээш гарч цагдаагийн кабоны урд талаар хойшоо гэр рүүгээ явсан бөгөөд тухайн үед миний хамраас цус гарч байсан учраас өмсөж явсан малгай, цамцны захаараа хамраа дарж алхаад гэртээ очсон. ...би гэрийнхээ гоожуурт хамраас гарсан цусаа угаагаад нойлын цаасаар хамраа бөглөөд байсан. ..бараг 1 цаг орчим болсон байх тэгж байгаад цус маань тогтсон. ...нэлээн орой болсон 00 цаг өнгөрчихсөн байсан. Тэр үед эхнэр маань надаас “яасан, юу болсон бэ” гэхээр нь би эхнэр Ц.Э-т “С.А ах намайг цохичихлоо” гэж хэлсэн. ..буцаад гэрээсээ гарч сумын төвийн бетонон замаар урагшаа явж цэцэрлэгийн урд талын гэр хорооллын гудамж дээр очиж яваад гэр хорооллын булангаас С.А ахын унасан газрыг харахад С.А ах байгаагүй болохоор нь би босоод явчихсан юм байна гэж бодсон. ...шөнийн 02 цаг болж байсан байх. ...тэр үед би эхнэрт утас уначихсан байсныг олж авлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

         3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

     Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

      4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.О-ыг хохирогч С.А-гийн амь насыг санаатайгаар хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байна.

       Шүүгдэгч Д.О нь амь хохирогч С.А-г цохисон үйлдлийн улмаас хохирогчид гавал тархины гэмтэл учирсан, тус учирсан гавал тархины гэмтлээс шалтгаантайгаар хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь хэргийн баримтаар нотлогдсон байна. Шүүгдэгчийн амь хохирогчийн биед халдаж зодсон энэхүү үйл баримтаас өмнө С.А нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

        5. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Иргэний хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

      6. Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

     6.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

      6.2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

     Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван хоёр жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна. 

      7. Шүүгдэгч Д.О-тоногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

        8. Д.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 79 /далан ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                                       ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ  

                                                       ШҮҮГЧ                                                   Н.МӨНХЖАРГАЛ