Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0792

 

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0792

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б*******

Хариуцагч: Монополын эсрэг газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* нарын хоорондын өрсөлдөөнтэй холбоотой гомдлыг үндэслэлгүй татгалзсан эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч С******* ХХК нь Монополын эсрэг газрын даргад холбогдуулан С******* ХХК-аас 2026 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 01/283 дугаартай албан бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэхийг даалгах-аар нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ТХААГ/******* дугаартай Зарим эмнэлгийн хэрэгсэл /хугацаа сунгах/ ерөнхий гэрээгээр худалдан авах ТХААГ/*******/02/01 урилгын дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтын зарлалыг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нээхээр 2025 оны 10 дугаар сарын 27-ний өдөр зарласан байна.

2.2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас сонирхогч этгээд буюу нэхэмжлэгчид хандсан 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/4360 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр сонирхогч этгээдийн 4-т заасан тодруулгад буюу манай компани нь өмнөх ТХААГ/*******/01/01 дугаартай тендер шалгаруулалтад оролцож шалгарсан багцууд дээр дахин оролцох эрхтэй эсэхийг тодруулна уу. Хэрэв оролцох боломжгүй гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэлтэй тайлбар, заалтыг бичгээр нотлох баримтын хамтаар хүргүүлнэ үү гэсэнд Өмнө нь оролцож шалгарсан багцад оролцогч тендер ирүүлсэн тохиолдолд хуулийн 7.1-д заасны дагуу ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэх тодруулгыг хүргүүлсэн байна.

2.3. Энэхүү тодруулгыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч тус газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4227 дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Өрсөлдөөний хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар тухайн асуудлыг хариуцсан холбогдох байгууллагад хандах нь зүйтэй байна гэх хариуг өгсөн байна.

2.4. Нэхэмжлэгч С******* ХХК нь дээрх тодруулгад дурдсан асуудлыг тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнд хамаарна гэж үзэн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Монополын эсрэг газарт гомдол гаргасан.

2.5. Үүний дагуу Монополын эсрэг газрын 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/2046 тоот албан бичиг (Хавтаст хэрэг 1-ийн 43 дахь талд) ...Монополын эсрэг газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна гэж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 3.1-т Өрсөлдөөний байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг хуулийн 58.1-д заасан хугацаанд хүлээн авна гэж тус тус заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэдэг. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд танай гомдолд дурдсан асуудлыг хянан шийдвэрлэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг өгсөн.

2.6. Нэхэмжлэгч С******* ХХК нь Монополын эсрэг газрын 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/2046 тоот албан бичгийг хүлээн авч, 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй, бусад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдээгүй байна.

4. Нэхэмжлэлийн үндэслэл:

4.1. Манай компанийн оролцож байгаа ерөнхий гэрээний тендерийн баримт бичиг нь тендерт оролцогч манай компанийг тендерт шалгаруулахгүй хасах талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/4360 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр урьдчилан мэдэгдсэн, энэ тухайгаа хуульд заасан журмын дагуу тайлбарлаагүй, мөн тендерийг шалгаруулж үр дүн гаргахдаа оролцогчийн нэгдүгээр шатанд авсан чанарын оноог үнэлэхгүй, зөвхөн хоёрдугаар шатанд авсан үнийн оноог үнэлж шалгаруулалт явуулж байгаа тухай дурдсан.

4.2. Өөрөөр хэлбэл нэгдүгээр шатанд хамгийн өндөр оноо авсан, өндөр чанартай бүтээгдэхүүн нь хоёрдугаар шатанд чанар муутай бүтээгдэхүүнүүдтэй зөвхөн үнээрээ өрсөлдөх ямар ч боломжгүй, өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудыг шударгаар өрсөлдөх боломжийг илтэд хязгаарласан шинжтэй байна.

4.3. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар өрсөлдөөнийг хязгаарласан аливаа хууль бус үйлдэлд Монополын эсрэг газар нь хяналт тавьж ажиллах ёстой ба манай компанийн гаргасан гомдлыг хянан үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах боломжтой байхад хянан шийдвэрлэхээс татгалзсаны улмаас бидний тендерээ шударгаар үнэлүүлэх эрх зөрчигдөж, тендерт шалгарч гэрээ байгуулах боломжгүй болох нөхцөл байдалд хүрээд байна.

4.4. Монополын эсрэг газар нь гомдлыг хянан үзээд үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт зааснаар тендерийн ажиллагааг түдгэлзүүлэх, зөрчлийг арилгахыг даалгах, тендерийн үнэлгээг дахин хийлгэх, шаардлагатай бол тендерийг хүчингүй болгох зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлж манай компанийн эрх ашиг хамгаалагдах боломжтой байсан.

4.5. Харин Монополын эсрэг газар гомдлыг хянан шийдвэрлэхээс татгалзсаны улмаас тендерийн ажиллагаа үргэлжилж, үнэлгээ хийгдэж, улмаар манай компанийн тендер шударгаар үнэлэгдэх боломж бүрэн алдагдсан. Манай компани 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15:30 цагт нээлт хийх тендерт 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр буюу ажлын 7 хоногийн өмнө гомдол гаргасан байхад хянан шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус байна.

4.6. Монополын эсрэг газрын дарга нь хуулийн хугацаанд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар гомдлыг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлээгүйн улмаас С******* ХХК нь өрсөлдөөнийг хязгаарласан тендерт оролцож, улмаар тендерт оролцох, тендерээ шударгаар үнэлүүлэх, тендерт шалгарч гэрээ байгуулах, өрсөлдөх эрхийг илтэд зөрчсөн.

4.7. Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Монополын эсрэг газрын татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн тайлбар:

5.1. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан асуудлууд нь тендер шалгаруулалтын баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл, шаардлага тусгасан эсэхтэй холбоогүй, харин захиалагчийн оролцогчийг тендерээс хасах тухай байр суурь, өмнөх тендерийн үнэлгээ болон үнэлгээний үр дүнг дараагийн шатанд хэрхэн хэрэглэхтэй холбоотой асуудал байна. Иймд эдгээр асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан Монополын эсрэг газрын хянан шийдвэрлэх эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй.

5.2. Нэхэмжлэгч нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 3.7, 3.8-д заасан баримт бичиг цуглуулах, талуудаас тайлбар авах ажиллагааг явуулаагүй гэж маргаж байгаа боловч эдгээр нь эрх хэмжээний хүрээнд хамаарах гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжих зохицуулалт юм. Тухайн гомдол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 болон журмын 3.1-д заасан асуудалд хамаарахгүй болохыг тогтоосон тохиолдолд дээрх ажиллагааг заавал явуулах үндэслэл үүсэхгүй.

5.3. Мөн журмын 3.9-д заасан шийдвэрийг гаргахын өмнө тухайн гомдол нь Монополын эсрэг газрын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамаарах эсэхийг тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгчийн гомдол нь тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан эсэхэд чиглээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58.5-д заасан шийдвэр гаргах нөхцөл бүрдээгүй болно.

5.4. Иймээс Монополын эсрэг газар нь нэхэмжлэгчийн гомдлыг анхаарч үзээгүй буюу эс үйлдэл гаргасан бус, харин тухайн асуудал нь тус газарт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй болохыг тогтоож, 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/2046 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Монополын эсрэг газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин тендерийн баримт бичиг/тодруулга/ нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэх агуулга бүхий гомдлыг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэх асуудлаар маргаж байх тул энэ хэрэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/цаашид Тендерийн хууль гэх/ болон Өрсөлдөөний тухай хууль хэрэглэгдэнэ.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна гэж заасан байна.

8. Уг хуулийн заалтын урьдчилсан нөхцөлийн дагуу үзэхэд хариуцагч өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авах тухай зохицуулсан байна.

9. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гомдолдоо тодорхойлсон Төрийн худалдан авах ажиллагааны газраас сонирхогч этгээд буюу нэхэмжлэгчид хандсан 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/4360 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг (Хавтаст хэрэг 1-ийн 22-25 дахь талд) буюу тодруулгаар тендерийн баримт бичигт заагдаагүй асуудлаар шинэ нөхцөл шаардлага үүсгэсэн тохиолдолд түүнтэй холбоотой гомдлыг хариуцагч байгууллага хүлээн авч шийдвэрлэх боломжтой эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

10. Тендерийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д тендер шалгаруулалтын баримт бичиг гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор, мөн хуулийн 5.1-д худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломж, ил тод байдлыг хангах зарчмыг баримтлахаар тус тус зохицуулсан байна.

11. Эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд тендер шалгаруулалтын явцад оролцогчийн тендерт оролцох боломж, түүнд тавигдах шаардлага, тендерийг үнэлэх нөхцөлд нөлөөлөх аливаа нөхцөл нь хуульд нийцсэн үндэслэлтэй, оролцогчдод урьдчилан тодорхой бөгөөд адил тэгш үйлчлэх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчид 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-1/4360 дугаар албан бичгээр өмнөх тендерт шалгарсан багцад дахин оролцох эрхийн талаар өгсөн хариунд өмнө нь оролцож шалгарсан багцад оролцогч тендер ирүүлсэн тохиолдолд хуулийн 7.1-д заасны дагуу ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэж мэдэгдсэн байна.

12. Уг агуулга нь нэхэмжлэгчийн тендерт оролцох эсэх, тендер ирүүлсэн тохиолдолд шаардлага хангасан эсэхэд шууд эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна. Иймээс уг албан бичиг нь нэршлийн хувьд тодруулга боловч агуулгын хувьд тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлж байгаа эсэх асуудлыг тусгайлан тогтоох шаардлагатай.

13. Тендер шалгаруулалтын баримт бичигт тухайн хязгаарлалт анх тусгагдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь дээрх тодруулгын агуулгатай харилцан уялдаатай байна. Өөрөөр хэлбэл анх батлагдсан баримт бичигт байгаагүй нөхцөлийг дараа нь тодруулга нэрээр бий болгосон бол уг ажиллагаа нь тендерийн баримт бичгийг тодруулах хүрээнд байсан уу, эсхүл түүнд шинээр нөхцөл, шаардлага нэмсэн үү гэдгийг ялган тогтоох нь зүйтэй.

14. Хэрэв тодруулгаар анх тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хязгаарлах шинэ нөхцөл бий болгосон нь тогтоогдвол уг нөхцөлийг хуульд заасан журмын дагуу тендерийн баримт бичигт тусгасан эсэх, нийтэд ижил нөхцөлөөр хүргэсэн эсэх нь өрсөлдөөний хууль ёсны байдлыг үнэлэхэд ач холбогдолтой.

15. Харин Тендерийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан өрсөлдөөний асуудал хариуцсан байгууллагын эрх хэмжээ нь зөвхөн тендерийн үндсэн баримт бичгийн анх батлагдсан хувилбарт бичигдсэн шаардлагыг шалгах байдлаар хязгаарлагдахгүй. Хуулийн 58.1-д тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг хүлээн авахаар зохицуулсан нь гомдолд дурдсан нөхцөл байдал нь үнэхээр тендерийн баримт бичгийн агуулгад хамаарч байгаа эсэхийг тогтоож, улмаар өрсөлдөөн хязгаарласан эсэхийг шийдвэрлэхийг шаардаж байна.

16. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх тодруулгаар тендерт оролцох эрхийг хязгаарласан нөхцөл бий болсон гэж үзэн гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг тендер нээхээс хуульд заасан хугацааны өмнө гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас өмнө уг тодруулгыг тендерийн баримт бичгийн хүрээнд хамаарахгүй гэж эцэслэн дүгнэх бус, харин гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд холбогдох баримтыг авч, тодруулгын эрх зүйн агуулга, түүнийг гаргах эрх зүйн үндэслэл, тендерийн баримт бичигт хэрхэн туссан байдал болон оролцогчдын өрсөлдөх боломжид үзүүлсэн нөлөөг шалгах шаардлагатай байжээ.

17. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг эдгээр нөхцөл байдлыг тогтоолгүйгээр тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан асуудалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан байна. Хариуцагчийн энэхүү байр суурь нь гомдлын үндэслэлд хариулж, түүнийг хянан шийдвэрлэсэн бус, харин гомдлын гол асуудлыг урьдчилан дүгнэж, шалгах ажиллагаа явуулахаас татгалзсан агуулгатай байна. Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгагдаагүй нөхцөлөөр оролцогчийн тендерт оролцох боломжийг хязгаарласан эсэх нь өөрөө өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл бий болсон эсэхийг тогтоохтой шууд холбоотой байна.

18. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, 15 дугаар зүйлийн 15.1.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэж заасан болон дээр дурдсан Тендерийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь хариуцагчид хуулиар хүлээлгэсэн чиг үүрэг байх тул энэ үүргээ биелүүлэх нь зүйтэй байна.

19. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ уг тодруулга нь тендерийн баримт бичгийг тайлбарласан шинжтэй байсан уу, эсхүл оролцогчид тавигдах шинэ шаардлага тогтоосон уу гэдгийг шалгахгүйгээр нэхэмжлэгчийн гомдол нь Тендерийн тухай хуулийн 58 дугаар зүйлд хамаарахгүй гэж үзэх боломжгүй, тодруулгыг тендерийн баримт бичгийн нэг хэсэг мөн эсэхийг эцэслэн тогтоох нь хариуцагчийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн болохоос, уг асуудлыг хянан шийдвэрлэхээс татгалзах урьдчилсан үндэслэл биш юм.

20. Тендерийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д гомдлыг хянан үзэж, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх, зөрчлийг арилгуулах, тендерийн үнэлгээг дахин хийлгэх, шаардлагатай тохиолдолд тендер шалгаруулалтыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах боломжийг хуульчилсан байна.

21. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан нөхцөл байдал үнэхээр өрсөлдөөнийг хязгаарласан эсэх, тухайн тодруулга хуульд нийцсэн эсэх, түүнээс тендер шалгаруулалтын үр дүнд эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг хянан тогтоосны дараа л хуульд заасан шийдвэрийг гаргах боломжтой байжээ.

22. Энэ хэрэгт шүүхээс тухайн тодруулгаар өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гарсан эсэхийг эцэслэн шийдвэрлэхгүй бөгөөд харин хариуцагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, гомдлын хүрээнд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох үүрэгтэй байсан эсэхийг дүгнэж байна.

23. Нэхэмжлэгчийн гомдол нь тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулгаар тодорхой оролцогчийн тендерт оролцож тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан гэх тодорхой үндэслэлд тулгуурласан, мөн хуульд заасан хугацаанд гаргасан байх тул Тендерийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан хянан шийдвэрлэх ажиллагааны урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ. Иймээс хариуцагч гомдлыг хянан шалгах ажиллагаа явуулалгүйгээр эрх хэмжээний гадна гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь Тендерийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасантай нийцээгүй байна.

24. Мөн гомдолд дурдсан 2 дахь асуудал болох ...Оролцогчийн тендер чанарын үнэлгээнд нийт 70 онооноос 40-өөс доош оноо авсан бол уг оноог ерөнхий гэрээний хоёр дахь шатны үнэлгээнд үргэлжлүүлэн үнэлнэ гэж заасан боловч Сангийн яамнаас ерөнхий гэрээний 2 дахь шатны худалдан авах ажиллагаанд чанарын үнэлгээний оноог ашиглахгүй гэсэн тайлбар ирүүлсэн, тендерийн чанарын оноог анхнаасаа буруу үнэлж, шалгаруулалтын 2 дахь шатанд ашиглахгүй өнөөдрийг хүрсэн нь тендерийн өрсөлдөөний тэгш боломжийг алдагдуулах эрсдэлийг үүсгэхээр байна гэх агуулга бүхий хэсэг нь өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл, шаардлага тусгасан эсэхтэй холбоогүй, өмнө нь энэ асуудлыг нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гомдол гаргах тухай албан бичгээр хандсаныг хариуцагчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2398 дугаар Тендерийн баримт бичиг хянасан тухай албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 198-199 дахь талд)-ээр өрсөлдөөн хязгаарлаагүй гэж үзэхээр байна гэж шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогдсон ба хариуцагчаас өмнө нь хянан шийдвэрлэх гомдолд хамаарна гэж шийдвэрлэсэн атлаа энэ удаад хамаарахгүй гэж байгаа нь үндэслэлгүй, өмнө нь гаргасан шийдвэртэй нь нийцэхгүй байх тул мөн хүлээн авч хуулийн дагуу хянан шийдвэрлэж хариу өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Нэгтгэн дүгнэхэд Монополын эсрэг газрын 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/2046 дугаар албан бичгээр С******* ХХК-ийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/283 дугаар гомдлыг хянан шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, уг гомдлыг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан С******* ХХК-аас Монополын эсрэг газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* ХХК-аас 2026 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 01/283 дугаартай албан бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэхийг хариуцагч Монополын эсрэг газарт даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг өрсөлдөөнийг хязгаарласан үндэслэл байгаа эсэхийг хуульд зааснаар хянан шийдвэрлэж, зохих хариуг түүнд хүргүүлэх байдлаар биелүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ