Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 79

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч З.Болдбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч Г-, Н-, М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г-, М- нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000300 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г-, -ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн, Н-, 1954 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Залуучуудын - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, -  регистрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн, М-, 1958 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, яс үндэс дархад, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, -  тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, -  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г- нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 31 483 048 төгрөгийг,

Шүүгдэгч Н- нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүртэл нийт 57 865 190 төгрөгийг,

Шүүгдэгч М- нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 40 807 018 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Г-ын өгсөн: Анх 2008 онд Сүрэн гэдэг хүн надад санал тавьсан. Тэр надад 1.500.000 төгрөг бэлдээд байж бай би таныг тэтгэвэрт гаргаад өгье гэсэн. Тэгээд түүнд мөнгөө өгөөд би тэтгэврийн дэвтэр авсан. Сая 4 сард ийм хэрэг боллоо намайг дуудаад байна гээд Сүрэнд хэлсэн чинь “-Та байж бай зүгээр би зохицуулна” гэж хэлсэн. Би хэлснээр нь байгаад байсан. Тэгээд одоо хамгийн сүүлд өөрөө хийгээгүй хэрэг дээр уначихлаа. Хүн  надад санал тавиад л ийм зүйл боллоо. Өөрөө хийсэн хэрэг бол би хэргээ хүлээнэ гэх мэдүүлэг,  

 

            Шүүгдэгч Н-гийн өгсөн: Би 2007 онд тэтгэвэрт гарсан. Тухайн үед Сүрэн гэдэг хүн надад “- Чи тэтгэвэрт гарах боломж байна. Нийгмийн даатгалд таньдаг хүн байна. Мөнгөө бэлдээд тэтгэврийн дэвтрээ бэлдээд байж бай” гэж хэлсэн. Надад тэтгэврийн дэвтэр мөнгө нь бэлэн байсан болохоор би өгсөн, тухайн үед ингэж болдог л юм байх гэж бодсон. Хэдэн сарын дараа надад Сүрэн тэтгэврийн дэвтэр авчирч өгсөн. Би хууль бус үйлдэл хийснээ мэдээгүй, болж байгаа болохоор болж л байгаа юм байх гэж бодсон. Дараа нь цагдаа дээр байцаагдсан. Сүрэн надад “-Та хамаагүй юм ярьж болохгүй шүү, ажиллаж байсан л гээд байгаарай” гэж хэлсэн. Би худал мэдүүлэг өгч байсандаа харамсаж байна гэх мэдүүлэг,

 

   Шүүгдэгч М-ын өгсөн: Би бас энэ хоёртой адилхан. Өөрийгөө залилан хийгээгүй гэж бодож байна. Сүрэн гэж авгай ирээд л мөнгө төгрөг өгчих тэтгэвэрт гаргаад өгье гэсэн. Би болж байгаа юм уу гэж асуухад болно л гээд байсан. Нийгмийн даатгалд дээрээсээ ингэж болдог болсон гэж тэр хэлсэн. Би хаанаас тэтгэвэрт гарснаа ч мэдээгүй байсан тэгсэн чинь Сэлэнгэ аймгаас гарсан байсан. Би Сэлэнгэ аймгийг архив орж бичиг аваагүй. Хавар болоод дуудагдаад ирсэн чинь Сүрэн гэж хүн “-Та нар тийшээ очиж болохгүй шүү” гээд байсан. Тэгж байтал Авилгатай тэмцэх газраас бас дуудсан. Сүрэн “-Та нар байж бай тэнд очоод хамаагүй юм ярьж болохгүй шүү, бид нар өөрсдөө тэр архивын бичгийг авсан гэж хэлээрэй” гээд байсан. Бид нар хаанаас хэнээс юу авснаа ч сайн ойлгоогүй. Нийгмийн даатгал ч яагаад тэтгэвэр тогтоогоод өгчихдөг юм бүү мэд гэх мэдүүлэг,

 

   Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч З.Болдбаатарын өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаал гарч улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр тогтоолтод шалгалт хийсэн байгаа. Энэ аяны хүрээн 02 дугаар сарын 15-ны өдрөөс Дархан-Уул аймгийн хэмжээнд 13719 хүний тэтгэврийн хувийн хэрэгт нэг бүрчлэн шалгалт хийсэн. Энэ аянаар тэтгэвэр тогтоолт болон тэтгэвэр олголтонд хяналт тавьсан байгаа. Нийт 9 хүний тэтгэвэр дутуу олгосон материал, 8 хүний илүү олгосон зөрчил илэрсэн байгаа. Үүнээс Г-, Н-,М-, Мөнхбаяр гэсэн 4 хүний хувьд бол мөнгөн дүн их байсан учир шүүх хяналтын байгууллагад өгсөн. Бусад илүү авсан 4 хүнийг акт тогтоогоод актын биелэлтийг хангуулсан. Энэ 4 хүний хувьд бүгдээрээ Сэлэнгэ аймгийн архивын лавлагаатай байсан. Мөн цалин нь тухайн үеийнхээс их байсан учир Сэлэнгэ аймгаас лавлагаа авахад хуурамч гэдэг нь илэрсэн. Тухайн үед манай хуулийн зөвлөх Оюунболд гэдэг хүн байсан. Хуулийн зөвлөхөөс эдгээр хүмүүсийг утсаар дуудаж уулзсан, дараа нь дахиж уулзах хүсэлт гаргахад биеийн байдал муу байна гэх шалтгаанаар уулзахаас зайлсхийж байсан. Манай зүгээс тухайн үед хөтөлсөн тэмдэглэлийг бүгдийг танилцуулаад хавтаст хэрэгт өгсөн байгаа гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Г-ын өгсөн: 1974-1996 он хүртэл Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт тракторчнаар ажиллаж байгаад аавын бие муудаж нутаг яваад буцаж ажилдаа ороогүй. Ингээд Дархан-Уул аймагт шилжин ирээд хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. 2008 онд хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч болдог талаар сонссон бөгөөд тракторчны ажил хүнд нөхцөлд ордог учир тэтгэврээ тогтоолгоё гэж бодоод тогтоолгосон. Сэлэнгэ аймгийн Архивын тасгийн баримтыг үндэслэж улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 46 тоот акт тавьсан гэж байсан. Яагаад баримт гарч ирэхгүй байгаа  талаар мэдэхгүй байна. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө Сэлэнгэ аймгийн Архивын тасгаас очиж лавлагаа авч үүнийхээ дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Уг лавлагааг хуурамч гэж би мэдээгүй. 10-аад жил болж байхад өчнөөн олон жил шалгачихаад гэнэт яагаад хуурамч болсныг ойлгохгүй байна. Надад санаатайгаар хуурамч баримт бүрдүүлсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх 84-86, 171, 2-р хх 7/,   

 

Шүүгдэгч Н-гийн өгсөн: Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт 1972-1994 он хүртэл хүхэр найруулагчаар ажилласан. 2007 оны 11 дүгээр сарын 01-нд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. Их хортой нөхцөлд өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллаж байсан. Хортой нөхцөлд ажиллаж байсан болохоор бие дийлэхээ больсон, үүнээс гадна зах зээл ороод ажил багасаад ирсэн. Ингээд биеийн эрүүл мэндийн байдлаас 1-2 жил ажилгүй байсан. Дараа нь 1996-1997 оны үед Дархан хотын Тусгай үйлчилгээний автобаазад жолоочоор ажилд орж 3 жил ажилласан. Тухайн үед цагийн үйлчилгээний тэрэг барьж аж ахуйн нэгжүүдийн захиалгаар үйлчилгээнд явдаг байсан. Үүний дараа Хүнсний үйлдвэрт 2000 оны үед ажилд орж механик цехэд механикаар 2008 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон. Нийтдээ 36 орчим жил ажилласан. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Би төрийн байгууллагаас гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Бичиг баримтыг хуурамч гэж мэдээгүй гэх мэдүүлэг /1-р хх 90-91, 178-179, 2-р хх 4/,   

 

Шүүгдэгч М-ын өгсөн: 1972-1993 оны 10 дугаар сарын хооронд Сэлэнгэ аймгийн Усны аж ахуйд бохир усны дээж авагчаар ажиллаж байсан. Сэлэнгэ аймгийн Архивын тасгаас 2008 онд тухайн үед ажиллаж байсан байгууллагынхаа цалингийн тодорхойлолтыг аваад түүнийгээ Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгөөд тэтгэвэр тогтоолгож байсан. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс дуудаж Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт танилцуулаад лавлагаа хуурамч байна гэж хэлсэн. Яагаад тийм материал гарч ирсэн талаар мэдэхгүй. Миний хувьд ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /1-р хх 93-97, 173/,  

 

            Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч З.Болдбаатарын өгсөн: М- гэх хүний тэтгэвэр тогтоолтыг Цагаадай гэж байцаагч тогтоогоод ахлах байцаагч Эрдэнэбилэг өөрөө хянасан байна. Энэ хүнийг 55 настай тэтгэвэрт гарах байсан бол Сэлэнгэ аймгаас авсан хүнд нөхцөлөөр ажлаас гарсан гэх тодорхойлолтыг үндэслэж 50 настайгаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоосон. Цалингийн тодорхойлолтыг харахад 1990 оноос өмнө маш өндөр цалин авсан нь харагдаж байна. Н-гийн тэтгэврийг тогтоосон байцаагч нь Лхам-Эрдэнэ, хянасан нь Эрдэнэбилэг байна. Энэ хүний хортой нөхцөл гэж эрх үүсгэн 53 насанд тэтгэвэр тогтоож өгсөн байна. Сэлэнгэ аймгаас авсан цалингийн тодорхойлолт, лавлагаа мөн адил тухайн үед энэ хүний хийж байсан ажлын цалин хэзээ ч мянга гаргаж авахгүй байсан.  Цэгмэдийн Г-ын хувьд тэтгэвэр тогтоосон байцаагчийн гарын үсэг байхгүй хянасан байцаагч нь Эрдэнэбилэг. Тэтгэвэр тогтоосон байцаагчийн гарын үсэг зураагүй байхад хянасан байцаагч хэзээ ч гарын үсэг зурахгүй. Заавал тогтоосон байцаагч гарын үсэг зурж байж хянасан байцаагч гарын үсэг зурах ёстой. Мөн хувийн хэргийг өөрөө тоолоод гарын үсэг зурсан байсан. Сэлэнгэ аймгаас авсан архивын лавлагаа болон цалингийн тодорхойлолт яг өмнөх хүмүүстэй адилхан мөн эдгээр 4 хүний архивын лавлагааг гаргаж өгсөн хүн З.Хишигжаргал. Г-ын булдозерчин хийдэг хүн 1990 оноос өмнө хэзээ ч 2 000 төгрөг гаргаж авахгүй л дээ. Эдгээр хүмүүс 1990 оноос өмнөх цалингийн тодорхойлолт гаргуулж авсан байна лээ. Учир нь 1995 оноос хойш болохоор нийгмийн даатгал дээр хадгалагдаж байгаа санхүүгийн баримтаас шүүж харж болох учир түүнийг мэдээд эсвэл мэддэг хүн түүнд зөвлөж түүнээс өмнөх цаг хугацааг сонгосон байна лээ гэх мэдүүлэг /1-р хх 122-124/,   

Гэрч Л.Эрдэнэбилэгийн өгсөн: Г-, М-, Н- гэх хүмүүсийг танихгүй. Эдгээр хүмүүсийн тэтгэврийг хуурамч баримт бүрдүүлж тогтоосон асуудал байхгүй. Тэтгэвэр авагч нар өөрсдөө материалаа бүрдүүлж ирсэн материалыг хүлээн аваад тэтгэврийг боддог. Засвартай юмуу тамга, тэмдэг бүдэг байвал эх хувь материалыг шаарддаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан журмаар тодорхой заасан байдаг. Тодруулбал: тухайн иргэний тэтгэвэрт гарах өргөдөл, оршин сууж байгаа багийн даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлах эдгээр байхгүй бол архивын лавлагаа, иргэн ажиллаж байсан байгууллагуудаасаа аль нэг өдөр цалинтай ажиллаж байсан байгууллагын 5 жилийн цалингийн тодорхойлолт, байгууллагаас ажилласан хугацааны тушаал, 2 хувь зураг зэрэг материал бүрдүүлж баг хариуцсан тэтгэврийн байцаагчид материалыг өгдөг гэх мэдүүлэг /1-р хх 61-62/,  

 

Гэрч Д.Эрдэнийн өгсөн: 2017 оны 1, 2 дугаар сарын хооронд улсын хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тэтгэврийн тогтоолт, олголтын талаар шалгах аян зохиогдсон. Аяны хүрээнд Дархан-Уул аймагт байгаа тэтгэвэр авагчдын хувийн хэрэг, баримт материалыг дахин нягтлан шалгасан. Хувийн хэргийг шалгахад С.Мөнхбаяр, Н- гэж хоёр хүний тэтгэврийн материал зөрчилтэй байсан. Долгормаа байцаагчийн шалгасан тэтгэвэр авагчаасМ-, Г- гэж хоёр хүний зөрчил илэрсэн. Тэтгэвэр тогтоолтын байцаагч болон ахлах байцаагч нар илт өндөр цалинтай цалингийн тодорхойлолт бариад ирсэн тохиолдолд шалгах бүрэн эрхтэй гэх мэдүүлэг /1-р хх 76-77/,

 

Гэрч З.Хишигжаргалын өгсөн:  Уг газрын архивын тасгийн даргаар 1994-2016 оныг хүртэл ажилласан. Архивчаар ажиллаж байгаагүй. Харин манай архивчаар Нанзадын Дүүрэнбаяр гэдэг залуу 2004-2011 оныг хүртэл байна ажилласан. Одоо аймгийн тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар ажилладаг. Ер нь бол архивч, сан хөмрөгийн эрхлэгч нар тухайн байгууллагын архивт өгсөн хадгалуулсан баримт материалуудаас цалингийн тодорхойлолтыг шүүж гаргаж ирээд сүүлийн 5 жилээр тодорхойлолтыг үйлдэж даргаар гарын үсэг, тэмдгийг даруулан тухайн иргэнд өгдөг. Тухайн иргэний хүсэлтээр дээрх тодорхойлолтыг гаргаж өгдөг гэж ойлгоно. Тэгэхээр М- гэдэг хүнд гаргаж өгсөн 2007-12-18-ны цалингийн тодорхойлолтыг үзэхэд архивч З.Хишигжаргал гэж бичээд гарын үсэг зурсан. Гэтэл архивчаар Дүүрэнбаяр гэдэг залуу байсан. Миний бие даргаар ажиллаж байсан бөгөөд миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. ...Мөн манай байгууллагын тэмдэг дарагдсан харагдаж байна. Миний бие 2008 онд даргаар ажиллаж байсан, гэхдээ гадуур ажилтай үедээ өрөөндөө тамга тэмдгээ үлдээдэг. Миний өрөөнд ганцхан архивч л орж гарна гэж ойлгож байна. ...Цэгмэдийн Г- гэж хүнд 2008-3-20-ны өдөр хийж өгсөн цалингийн тодорхойлолтод зурагдсан архивч З.Хишигжаргал гэж бичээд миний гарын үсгийг дуурайлган зуржээ. Тэмдэг бол мөн байна гэж үзэж байна. Н- гэж хүнд 2007-10-22-ны өдөр хийж өгсөн цалингийн тодорхойлолтод зурагдсан дарга З.Хишигжаргал гэж бичээд миний гарын үсгийг дуурайлган зуржээ. Тэмдэг бол мөн байна гэж үзэж байна. Цалингийн тодорхойлолтод байгууллагын нэрийг тусгаагүй, тодорхойлолтод хаана гаргаж байгаа талаар тусгаагүй тодорхойгүй байна. Миний бие дээрх хүмүүст ямар нэг байдлаар хуурамчаар цалингийн тодорхойлолт гаргаж өгч байгаагүй, танихгүй хүмүүс байна гэх мэдүүлэг /1-р хх 126/,

Гэрч Н.Дүүрэнбаярын өгсөн: Миний бие тус газрын архивын албанд 2003 оны 7 дугаар сараас 2004 оны 3 дугаар сар хүртэл туслах архивч, мөн оны 4 дүгээр сараас 2005 оны 5, 6 дугаар сар хүртэл архивч, түүнээс хойш 2009 оны 01 дүгээр сар хүртэл сан хөмрөгийн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэж байсан. Гэхдээ энэ хугацаанд ажлын ачаалал ихтэй, архивч байхгүй үед иргэдэд лавлагаа гаргаж өгдөг, дарга гарын үсгээ зурна. Хэсэг чөлөө аваад эргээд 2010 оны 4 дүгээр сараас 2012 оны 5 дугаар сарыг хүртэл архивч, мөн оны 5 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд сан хөмрөгийн эрхлэгчээр ажилласан. Архивч бол иргэдэд лавлагаа гаргаж өгнө, Сан хөмрөгийн эрхлэгч лавлагаа өгөхгүй, судалгаа шинжилгээний ажил, дотоод ажлаа хариуцаад явдаг. Тухайн хугацаанд даргаар З.Хишигжаргал гуай ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Архивын лавлагаанд дарга гарын үсэг зурж тэмдэг дардаг. Энэ бол албан бланкан дээр үйлдэгддэг. Мөн даргын зөвшөөрлөөр сан хөмрөгийн эрхлэгч өөрийн нэр албан тушаалаар тодорхойлолт гаргаж өгдөг. Энэ бол даргын эзгүй явсан үед түүний зөвшөөрлөөр лавлагаа олгоно. Байгууллагын тэмдэг даргын өрөөнд байдаг, даргын эзгүйд өрөөнд орж тэмдгийг аваад тодорхойлолт дээр дарж өгдөг. Тодорхойлолт 2 хувь үйлдэгддэг. Нэг нь архивын нэгж болдог. Баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтаар 10 жил болоод архиваас гаргаж өгсөн лавлагаа, тодорхойлолтын хувийг устгадаг. 2007 оноос алба, тасаг гэж өөрчлөгдсөн, тэмдэг солигдсон байдаг. Одоо надад үзүүлж буй М-т холбогдох Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын архивын албаны 2007-12-18-ны өдрийн 388 дугаартай цалингийн тодорхойлолт, 2007-12-28-ны өдрийн 387 дугаартай архивын магадлагаа, Цэгмэдийн Г-ад холбогдох Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын архивын албаны 2008-3-24-ний өдрийн 56 дугаартай цалингийн тодорхойлолт, 2008-3-24-ний өдрийн 59 дугаартай архивын магадлагаа, Н-д холбогдох Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын архивын албаны 2007-10-22-ны өдрийн 501 дугаартай цалингийн тодорхойлолт, 2007-10-15-ны өдрийн 463 дугаартай лавлагаа зэргийг эх хувиар нь үзэж харлаа. Мөн уг баримтууд дээр зурагдсан архивын албаны дарга, архивч З.Хишигжаргал гэсэн гарын үсгийг харлаа. Түүний гарын үсэгтэй төстэй байна. Гэхдээ би яаж мэдэх вэ, албан ёсоор шинжилгээ томилж үзсэн нь дээр байх. Харин миний зүгээс дээрх баримтад түүний гарын үсгийг дуурайлган зурсан зүйл байхгүй. Хэн нэгний гуйлтаар дээрх баримтыг үйлдэж өгөөгүй, тэмдэг дарж өгөөгүй. Дээрх нэр бүхий хүмүүсийг танихгүй юм байна. Байгууллагын албан бланктай төстэй юм, гэхдээ мэдэхгүй байна. Мөн зарим лавлагаанд архивч З.Хишигжаргал гэж гарын үсэг зурагдсан байна, тэрээр архивчаар ажиллаж байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх 127-128/,

           Гэрч М.Лхам-Эрдэнийн өгсөн: Н-гийн тэтгэвэр тогтоох хуудсанд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тухайн үед Л.Эрдэнэбилэг хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Хяналтыг Л.Эрдэнэбилэг тавьж байсан. Мөн 2009 онд НДЕГ-аас шалгалт хийгээд зөрчилгүй гэж үзээд тамга дарсан байна. Архивын баримт нь тэтгэвэр тогтоох үндсэн баримт болно. Эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн баримтыг үндэслэж тэтгэвэр тогтоосон шүү дээ. Архивын байгууллага нь яагаад 2 өөр баримт гаргаж өгөөд байгааг ойлгохгүй байна. Архивын лавлагаа болгоныг бид үнэн зөв эсэхийг дахин шалгах нь цаг хугацааны хувьд боломжгүй шүү дээ. Архивын байгууллагын хариуцлагагүй асуудал байна гэж үзэж байна. Хуурамч баримт бүрдүүлсэн бол хуулийнхаа дагуу хуурамч баримт бүрдүүлсэн тэтгэвэр авагчаас буцаан төлүүлэх ёстой. Ямар ч байсан санг хохиролгүй болгох ёстой. Хууль хяналтын байгууллага хэрхэн шалгадаг болохыг хэлж мэдэхгүй байна. Хуурамч баримт бичиг үйлдсэн архивын ажилтныг хяналтын улсын байцаагч мөн торгох эрхтэй байдаг. Н- нь хуурамч баримтаар тэтгэвэр авсныг одоо л мэдэж байна гэх мэдүүлэг /1-р хх 131-132/,

           Гэрч Ш.Цагаадайн өгсөн: Г-ын тэтгэвэр тогтоолтыг Л.Эрдэнэбилэг хяналтын улсын байцаагч хянаж, манай орлогч дарга Д.Гансүх баталсан байна. Архивын лавлагааг үндэслэж тэтгэвэр тогтоох боломжтой. Тухайн үед би нягталж үзсэн зүйл байхгүй. Би дөнгөж тэтгэврийн байцаагч болж өөрчлөгдсөн. Тухайн үедээ ийм хуурамч баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгож байна гэж бодоогүй гэх мэдүүлэг /1-р хх 133-134/,

            Гэрч Х.Долгормаагийн өгсөн: Энэ хүмүүсийн хувийн хэрэгт Сэлэнгэ аймгийн архивын газраас авсан лавлагаанаас өөр зүйл байгаагүй учир эргэлзээ төрсөн. Архивын газраас лавлагаа олгож байгаа бол тухайн үндэслэл болгосон тушаалын хуулбаруудыг хуулбарлан хуулбар үнэн тэмдэг дараад, албан бичгийн хамт хүргүүлдэг. Тэгтэл энэ хүмүүсийн хувийн хэрэгт тушаалын хуулбар байхгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байсан. Хамгийн гол гэх юм бол тухайн хүн хуулинд заасан тэтгэврийн насанд хүрсэн байх ёстой. Ингээд дараагаар нь хуулийн хүрээнд 20-с дээш жил ажилласан байхыг шаарддаг. 20-с дээш жил ажилласан гэдгийг тухайн хүний нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоодог бөгөөд эдгээр нь алга болсон, устсан тохиолдолд харьяалах газрын архивын газраас лавлагаа авч, эсхүл шүүхээр ажилласан жилийг тогтоолгож тэтгэвэр тогтоодог гэх мэдүүлэг /1-р хх 176-177/,   

            Гэрч Б.Хишигнямын өгсөн: 2017 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс нэр бүхий 3-н хүний материал ирсэн. Уг материалд холбогдох лавлагаа, тодорхойлолтыг нь гаргаж өгсөн. Г-ын хувьд Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан бөгөөд 1974-1975 оны тушаалыг шүүж үзэхэд Г-ад холбогдох архивын баримт олдоогүй, мөн тус архивын сан хөмрөгт тухайн байгууллагын 1990 оноос хойш баримт ирээгүй тул Г-ад холбогдох ажлаас чөлөөлсөн тухай архивын баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Н- нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Шүдэнзний үйлдвэрт ажиллаж байсан. Тухайн уйлдвэрийн санхүүгийн баримт шилжин ирээгүй учраас Н-гийн цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй байсан. Тухайн байгууллагын 1972, 1973, 1993 оны баримтуудыг шүүж үзэхэд иргэн Н-д холбогдох архивын баримт олдоогүй.М- нь Сэлэнгэ аймгийн Усны аж ахуйд ажиллаж байсан бөгөөд 1973 оны Усны аж ахуйн даргын тушаалыг шүүж үзэхэд Банзрагч овогтойМ-т холбогдох баримт олдоогүй. Усны аж ахуйн 1973 оноос өмнөх болон 1990 оноос хойш баримт нь төрийн архивт шилжин ирээгүй байсан учраас албан тоотыг тухайн цаг хугацаанд хүргүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх 165-166/,

         Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн улсын байцаагч  Б.Зулын 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлт:

 

4. ...Нийгмийн даатгалын тэтгэврийн тооцоо хариуцсан байцаагч нь иргэн Г-, М-, Н- нарын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж ирүүлсэн бичиг баримтыг хянаж, баталгаажуулсны үндсэн дээр өндөр насны тэтгэврийг тогтоох бөгөөд Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас гаргасан магадлагаа /архивын тодорхойлолт/-г үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоосон нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмын 5 дугаар бүлгийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу архивын тасаг, хэлтэс, газар нь иргэний ажилласан хугацааны лавлагааг олгохдоо архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа тушаал шийдвэрийг хуулбарлаж, хуулбарласан тушаал дээр хуулбар үнэн тамга дарж, баталгаажуулсан архивын лавлагаагаар ажилласан жилийг тооцож өндөр насны тэтгэврийг олгох нь зүйтэй байсан.

Шалгалтаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гаргасан лавлагааг дахин нягтлан шалгахад тус архивын тасгаас иргэн Г-, М-, Н- нарт холбогдох тушаал, цалингийн цэс олдоогүй тухай албан бичиг ирүүлсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно", Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтад Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуй нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэж заасны дагуу үндэслэлгүй буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 46, 48, 49 тоот акт тогтоож иргэн Г-аар 31 483 048 төгрөг, иргэн М-аар 40 807 018 төгрөг, иргэн Н-гээр 57 865 190 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            ...Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх журмын 4 дүгээр бүлгийн 4.1 дэх хэсэгт тэтгэвэр тогтоох ба хянах хэсгийн 4.1.1 дэх хэсэгт “Сум (хороо)-ны нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1, 3.2, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалгаж уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж, тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан" гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг (НД№15) нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэний гарын үсэг зурна гэжээ /1-р хх 106-107/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3533 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 111-121/,

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 46 дугаартай акт:

 

"1.Хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр авсан 31 483 048 төгрөгийг иргэн Цэгмэдийн Г-аар төлүүлсүгэй.

2.Актаар тогтоосон 31 483 048  төгрөгийн төлбөрийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банкан дахь тэтгэврийн даатгалын сангийн 5045246378 тоот дансанд 2016.4.28-ний дотор Г-аар төлүүлэн санг хохиролгүй болгох арга хэмжээ авч ажиллахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг хариуцсан тэтгэврийн байцаагч Б.Оюун-Эрдэнэд даалгасугай.

3.Дээрх актын хэрэгжилтийг хангуулж, хамтран ажиллахыг хуулийн зөвлөх Д.Оюунболдод даалгасугай.

4.Энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү бүртгэлийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч Л.Баярнямд хариуцуулсугай" гэжээ /1-р хх 34/, 

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 48 дугаартай акт:

 

"1.Хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр авсан 57 865 190 төгрөгийг иргэн Н-гээр төлүүлсүгэй.

2.Актаар тогтоосон 57 865 190 төгрөгийн төлбөрийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банк дахь тэтгэврийн даатгалын сангийн 5045246378 тоот дансанд 2016.4.28-ний дотор Н-гээр төлүүлэн санг хохиролгүй болгох арга хэмжээ авч ажиллахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг хариуцсан тэтгэврийн байцаагч Ц.Мандахбаярт даалгасугай.

3.Дээрх актын хэрэгжилтийг хангуулж, хамтран ажиллахыг хуулийн зөвлөх Д.Оюунболдод даалгасугай.

4.Энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү бүртгэлийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч Л.Баярнямд хариуцуулсугай" гэжээ /1-р хх 44-45/, 

 

 Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 49 дугаартай акт:

 

"1.Хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр авсан 40 807 018 төгрөгийг иргэн М-аар төлүүлсүгэй.

2.Актаар тогтоосон 40 807 018 төгрөгийн төлбөрийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банкан дахь тэтгэврийн даатгалын сангийн 5045246378 тоот дансанд 2016.4.28-ний дотор Н-гээр төлүүлэн санг хохиролгүй болгох арга хэмжээ авч ажиллахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг хариуцсан тэтгэврийн байцаагч Б.Оюун-Эрдэнэд даалгасугай.

3.Дээрх актын хэрэгжилтийг хангуулж, хамтран ажиллахыг хуулийн зөвлөх Д.Оюунболдод даалгасугай.

4.Энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү бүртгэлийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч Л.Баярнямд хариуцуулсугай" гэжээ /1-р хх 54/, 

 

            Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 тоот "Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян зохион байгуулах тухай" албан тоот /1-р хх 12-15/, шүүгдэгч Г-ын тэтгэврийн хувийн хэрэг /1-р хх 197-206/, шүүгдэгч Н-гийн тэтгэврийн хувийн хэрэг /1-р хх 207-221/, шүүгдэгч М-ын тэтгэврийн хувийн хэрэг /1-р хх 185-196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 181, 182, 184/, эд мөрийн баримтаар шүүгдэгч Г-ын 0127880, Н-гийн 0086552, М-ын 0128231 дугаартай тэтгэврийн дэвтрийг хураан авсан тухай мөрдөгчийн 2018.01.03-ны өдрийн тогтоол /2-р хх 44/, шүүгдэгч Г-ын эзэмшлийн 2 178 000 төгрөгийн үнэтэй эрхийн улсын бүртгэлийн Г-2004001873 дугаарт бүртгэгдсэн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор 14-р гудамжны 1410 тоотод байрлах 726.0м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, шүүгдэгч Н-, М- нарын эзэмшлийн 2 938 500 төгрөгийн үнэтэй эрхийн улсын бүртгэлийн Г-2003002920 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 3-р гудамжны 25 тоотод байрлах 653.0м.кв талбай бүхий газрыг тус тус битүүмжилсэн прокурорын 2016.01.29-ний өдрийн 03 дугаар тогтоол /2-р хх 70/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх 54, 58/, шүүгдэгч М-ын эмчлүүлэгсдийн карт 1 дэвтэр, шинжилгээний 2 хуудас, шүүгдэгч Н-гийн эмчлүүлэгсдийн карт 1 дэвтэр зэрэг болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г-ыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 31 483 048 төгрөгийг залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар,

шүүгдэгч Н-г Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүртэл нийт 57 865 190 төгрөгийг залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар,

шүүгдэгч М-ыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуурамч баримт материал бүрдүүлж өгөх байдлаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгон 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 40 807 018 төгрөгийг залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.

Хуурч мэхлэх гэдэг нь эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, хадгалах үүрэгтэй хүмүүсийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэдэг, үнэн бодит мэдээлэл фактыг гуйвуулсан, тухайлбал: залилагч өөрийн ажил албан тушаал, үйл ажиллагааны боломжийг дөвийлгөн ойлгуулах замаар эд хөрөнгийг нь авах, түүнчлэн хуурамч бичиг баримт, тусгай албаны хувцас, цол, тэмдэг ашиглан төөрөгдүүлэх үнэмшүүлэх замаар эд хөрөнгө, түүний эзэмших эрхийг олж авах хэлбэртэй. Субьект өөрийгөө эрх мэдэл бүхий албан тушаалтан гэж ойлгуулан хахууль авах, төрийн албан хаагч болж торгох, хуурамч бичиг баримт ашиглан тэтгэвэр, тэтгэмж авах зэрэг хэлбэртэй байна.      

 

            Хавтаст хэргийн 122-124-р хуудсанд авагдсан хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч З.Болдбаатарын өгсөн: "М- гэх хүний тэтгэвэр тогтоолтыг Цагаадай гэж байцаагч тогтоогоод ахлах байцаагч Эрдэнэбилэг өөрөө хянасан байна. Цалингийн тодорхойлолтыг харахад 1990 оноос өмнө маш өндөр цалин авсан нь харагдаж байна. Н-гийн тэтгэврийг тогтоосон байцаагч нь Лхам-Эрдэнэ, хянасан нь Эрдэнэбилэг байна. ...цалингийн тодорхойлолт, лавлагаа мөн адил тухайн үед энэ хүний хийж байсан ажлын цалин хэзээ ч мянга гаргаж авахгүй байсан.  Цэгмэдийн Г-ын хувьд тэтгэвэр тогтоосон байцаагчийн гарын үсэг байхгүй хянасан байцаагч нь Эрдэнэбилэг.Тэтгэвэр тогтоосон байцаагчийн гарын үсэг зураагүй байхад хянасан байцаагч хэзээ ч гарын үсэг зурахгүй. Заавал тогтоосон байцаагч гарын үсэг зурж байж хянасан байцаагч гарын үсэг зурах ёстой. Мөн хувийн хэргийг өөрөө тоолоод гарын үсэг зурсан байсан. Сэлэнгэ аймгаас авсан архивын лавлагаа болон цалингийн тодорхойлолт яг өмнөх хүмүүстэй адилхан мөн эдгээр 4 хүний архивын лавлагааг гаргаж өгсөн хүн З.Хишигжаргал. Г-ын булдозерчин хийдэг хүн 1990 оноос өмнө хэзээ ч 2 000 төгрөг гаргаж авахгүй л дээ. Эдгээр хүмүүс 1990 оноос өмнөх цалингийн тодорхойлолт гаргуулж авсан байна лээ. Учир нь 1995 оноос хойш болохоор нийгмийн даатгал дээр хадгалагдаж байгаа санхүүгийн баримтаас шүүж харж болох учир түүнийг мэдээд эсвэл мэддэг хүн түүнд зөвлөж түүнээс өмнөх цаг хугацааг сонгосон байна лээ" гэх мэдүүлэг, шүүгдэгч Г- /1-р хх 197-206/, Н- /1-р хх 207-221/, М- нарын тэтгэврийн хувийн хэрэг /1-р хх 185-196/,

            Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн улсын байцаагч  Б.Зулын 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлтэд "4. ...Нийгмийн даатгалын тэтгэврийн тооцоо хариуцсан байцаагч нь иргэн Г-, М-, Н- нарын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж ирүүлсэн бичиг баримтыг хянаж, баталгаажуулсны үндсэн дээр өндөр насны тэтгэврийг тогтоох бөгөөд Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас гаргасан магадлагаа /архивын тодорхойлолт/-г үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоосон нь эрх зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмын 5 дугаар бүлгийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу архивын тасаг, хэлтэс, газар нь иргэний ажилласан хугацааны лавлагааг олгохдоо архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа тушаал шийдвэрийг хуулбарлаж, хуулбарласан тушаал дээр хуулбар үнэн тамга дарж, баталгаажуулсан архивын лавлагаагаар ажилласан жилийг тооцож өндөр насны тэтгэврийг олгох нь зүйтэй байсан. ...Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх журмын 4 дүгээр бүлгийн 4.1 дэх хэсэгт тэтгэвэр тогтоох ба хянах хэсгийн 4.1.1 дэх хэсэгт “Сум (хороо)-ны нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1, 3.2, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалгаж уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж, тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан" гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг (НД№15) нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэний гарын үсэг зурна." /1-р хх 106-107/ гэснээс дүгнэвэл шүүгдэгч Г-, М-, Н- нарт хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бус тэтгэвэр авах боломжийг төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тухайлбал: архивын ажилтан, нийгмийн даатгалын байцаагч нар бүрдүүлсэн. Төрийн эрх бүхий албан тушаалтнууд шүүгдэгч Г-, М-, Н- нарт үндэслэлгүй цалингийн тодорхойлолт, ажилд томилсон болон чөлөөлөгдсөн албан тоот гаргаж өгөөгүй, улсын байцаагч нар хяналтаа хууль журмын дагуу явуулсан бол гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдэхгүй байсан гэж үзэхээр байна.

 

            Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон бусад хууль, журмаар зохицуулагдаж нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь улсын байцаагчийн актаар хэрэгждэг байна. Тухайлбал: "Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-т "нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно",  

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно", Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтад "Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуй нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна" гэж  заасны дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 46, 48, 49 тоот акт тогтоож иргэн Г-аар 31 483 048 төгрөг, иргэн М-аар 40 807 018 төгрөг, иргэн Н-гээр 57 865 190 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Улсын байцаагчийн дээрх акт хүчин төгөлдөр байна.

 

            Иймд Татварын хууль тогтоомж зөрчсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван наймдугаар бүлгийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг хуульчилсан адил Арван долоодугаар "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг", Арван наймдугаар "Эдийн засгийн гэмт хэрэг" бүлгүүдэд Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн бол хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хуульчлаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т "эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", 2.1 дүгээр зүйлийн 1-т "энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно", 2.1 дүгээр зүйлийн 3-т "энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй", 2.2 дугаар зүйлийн 1-т "энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана" тус тус заасан байна.

            Шүүгдэгч Г-, М-, Н- нарт ын хуурамч баримт бичиг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад нийт 130 155 256 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т зааснаар эрүүгийн 201709000300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Г-аар 31 483 048 төгрөг, Н-гээр 57 865 190 төгрөг, М-аар 40 807 018 төгрөг гаргуулах тухай  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 46, 48, 49 дугаартай акт хүчин төгөлдөр байх тул Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 130 155 256 төгрөгийн нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.  

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Г-ын 0127880, Н-гийн 0086552, М-ын 0128231 дугаартай тэтгэврийн дэвтрийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

             шүүгдэгч Г-ын эзэмшлийн 2 178 000 төгрөгийн үнэтэй эрхийн улсын бүртгэлийн Г-2004001873 дугаарт бүртгэгдсэн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор 14-р гудамжны 1410 тоотод байрлах 726.0м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, шүүгдэгч Н-, М- нарын эзэмшлийн 2 938 500 төгрөгийн үнэтэй эрхийн улсын бүртгэлийн Г-2003002920 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 3-р гудамжны 25 тоотод байрлах 653.0м.кв талбай бүхий газрыг тус тус битүүмжилсэн прокурорын 2016.01.29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож /2-р хх 70/,

            шүүгдэгч М-ын эмчлүүлэгсдийн карт, шинжилгээний 2 хуудас, шүүгдэгч Н-гийн эмчлүүлэгсдийн карт зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож,  

            шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.3, 36.6-36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т заасныг баримтлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г-, М- нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т  зааснаар шүүгдэгч Н-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000300 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г-, М-, Н- нарыг цагаатгасугай.

 

            2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Г-ын 0127880, Н-гийн 0086552, М-ын 0128231 дугаартай тэтгэврийн дэвтрийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

 

3.Г-ын эзэмшлийн 2 178 000 төгрөгийн үнэтэй эрхийн улсын бүртгэлийн Г-2004001873 дугаарт бүртгэгдсэн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор 14-р гудамжны 1410 тоотод байрлах 726.0м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,  Н-, М- нарын эзэмшлийн 2 938 500 төгрөгийн үнэтэй эрхийн улсын бүртгэлийн Г-2003002920 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар баг Залуучуудын 3-р гудамжны 25 тоотод байрлах 653.0м.кв талбай бүхий газрыг тус тус битүүмжилсэн прокурорын 2016.01.29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4.Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, М-ын эмчлүүлэгсдийн карт, шинжилгээний 2 хуудас, Н-гийн эмчлүүлэгсдийн карт зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

 

            5.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, Г-, М-, Н-, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6.Цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ