Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 159/ШШ2026/0022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.М*******,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга,

            Гуравдагч этгээд: Б.О*******,

            Маргааны төрөл: Эзэмшил газартай давхцуулан газар олгосныг эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадамгарав /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжав /цахим/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1.1. Нэхэмжлэгч Б.М******* Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Нэхэмжлэгч Б.М*******д Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжаар нэгж талбарын 430800******* дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрх олгож, гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

            2.2. Б.М******* тухайн газрыг өмчлөх хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамжаар дээрх 700 м.кв газрыг түүнд өмчлүүлжээ.

            2.3. Гуравдагч этгээд Б.О*******аас дээрх газар өмчлүүлсэн 2018 оны А/378 дугаар захирамж нь газар эзэмших эрхийг зөрчсөн гэж маргаж, Б.М*******д газар өмчлүүлсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/378 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/378 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            2.4. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/306 дугаар захирамжаар Б.М*******д маргаан бүхий 700 мк.в газрыг өмчлүүлсэн 2018 оны А/378 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

            2.5. Үүний өмнө Б.М******* Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “газар өмчлөх эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, газар өмчлөх эрх олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0037 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2-т заасныг баримтлан дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан байна.

            2.6. Уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 282 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

            2.7. Улмаар Б.О*******ын хүсэлтээр Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар нэгж талбарын 430800******* дугаартай 700 м.кв газрыг гэр, орон сууцны зориулалтаар Б.О*******т эзэмшүүлсэн байна.

            2.8. Нэхэмжлэгчээс О*******т газар эзэмшүүлсэн захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д нийцсэн байх тул захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

               Гурав. Нэхэмжлэгчийн тайлбар, маргаж буй үндэслэл:

            3.1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны А/125 дугаар захирамжаар эзэмших эрх одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа, газар өмчлөх эрх хүчингүй болсон хэдий ч хууль ёсоор үүссэн эрхийг Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн захирамж гараагүй учир газар эзэмшүүлсэн А/125 дугаар захирамж хүчинтэй хэвээр байгаа.

            Хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй газраа өмчлөх эрхтэй болгуулахаар 2025 оны 08 дугаар сард Засаг даргад хандан хүсэлт гаргасан боловч одоог хүртэл огт шийдвэрлээгүй, нуун дарагдуулж хариу өгөөгүй хэрнээ миний эзэмшиж буй газрыг Б.О*******т давхардуулан эзэмшүүлсэн болохыг олж мэдсэн. 

            Шүүхийн шийдвэрээр газар эзэмших захирамжгүй ч гэсэн газар эзэмших гэрчилгээтэй байгаа нь маргаантай байсан гэж үзэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан байтал уг газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа уг газрыг өмчлөх эрх бүхий этгээд мөн болохыг нотлоогүй гэж үзсэн. Гэтэл уг шийдвэрийг үндэслэж Б.О*******т эзэмшүүлсэн байна.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар надад газар эзэмших эрх олгосон захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр бөгөөд Сүхбаатар сумын Засаг даргын тайлбарласан шиг эзэмших эрх нь өмчлөх эрхээр солигдож хүчингүй болоогүй, ийм хуулийн зохицуулалт ч байхгүй бөгөөд уг эзэмших эрхийг хүчингүй болгосон хүчин төгөлдөр захирамж байхгүй атлаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А/304 дугаартай захирамжаар Б.О*******т хууль бусаар газар давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадамгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М******* нь анх 1969 оноос  хойш гэр бүлийн  хамтаар маргаан бүхий газар дээр амьдарч байгаад 1996 оны газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ захирамжийн үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 756 м.кв газар 60 жилийн хугацаагаар эзэмшсэн. Энэ газрын хаяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хот суурин газар, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсаар баталгаажуулалт кадастрын зураг хийгдсэн байдаг. Энэ нь 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 54 дүгээр тогтоолоор нэршил нь “Буур хээр” гэж өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхдөө Б.М*******н нэр дээр болж өөрчлөгдсөн байдаг. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/125 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг дахин баталгаажуулж гэрээ гэрчилгээг шинэчлэн баталгаажуулсан. Уг эзэмших эрхтэй газраа 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Газар өмчлүүлэх тухай” А/378 дугаар захирамжаар уг газраа өмчлөх эрхтэй болгосон байдаг.

            Гэтэл уг газар дээр тухайн хугацаанд Ш.Б******* газар давхцуулан олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээ байсан. Үүнийг хожим сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаар захирамжаар хүчингүйд тооцуулаад 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/203 дугаар захирамжаар дахин хүчингүй болгож Ш.Б******* олгосон газар эзэмшүүлэх захирамж хүчингүй болсон байдаг.

            Талуудын хооронд маргаан үргэлжилж Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 314 дүгээр тогтоолын дагуу уг газар өмчлөх эрх олгосон А/378 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ газар өмчлөх эрхийг хүчингүй болгосноос биш, эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлээгүй юм.

            Шүүхээс шийдвэр гаргахдаа Ш.Б нь газрыг эзэмших захирамжгүй ч гэсэн газар эзэмших гэрчилгээтэй байгаа гэж үзсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан тул өмчлөх эрх бүхий этгээд мөн болохыг нотлоогүй гэж хүчингүй болгосон байдаг. Өмчлөх эрх хүчингүй  болсон ч гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс нийт 15 жилийн хугацаатай буюу 2031 он хүртэл газрыг эзэмших эрхийг Б.М*******д олгосон хэвээр үлдсэн. Үүний дагуу 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргад уг газраа өмчлөх эрхтэй болгохоор хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Дараа нь хүсэлт гаргахад эзэмших эрх нь өмчлөх эрхээр солигдож хүчингүй болсон гэж тайлбарласан. Ингээд үүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. 2016 оны газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсаар байтал А/304 дугаартай захирамжаар Б.О*******т газар эзэмших эрх олгосон байсан. Гэтэл Б.М******* 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уг газрыг өмчлөх хүсэлтээ гаргасан байсан ч шийдвэрлээгүй уг хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Тиймээс Сүхбаатар сумын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/304 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дараах үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан энэ актаар 2016 оны А/125 дугаар захирамж хүчинтэй гэж үзэж байна.

            Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл газар эзэмших гэрээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан. Гэтэл эдгээр үндэслэлээр А/125 дугаар захирамжийг цуцлаагүй. Иймээс хүчинтэй гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэж шийдэх ёстой 4.2.5-т бодит нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах зарчимтай захиргааны байгууллага өөрийнхөө тайлбараар өмнөх захиргааны актыг байхгүй болсон гэж үзэж болохгүй.

            Газрын мэдээллийн санд оруулсан төлөв түүнийг үндэслэж гэж тайлбарлаад байна. Нотлох баримтыг шинжлэн судлахад газрын мэдээллийн санд түүний тайлбар тодорхойлолтоор Б.М*******д газар нь байгаад байдаг. Мэдээллийн сангийн асуудал өөрөө захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох гэж заасан. 24 дүгээр зүйлийн 24.2-т шаардлагатай ажиллагаа хийж нотлох баримтыг цуглуулж үнэлэх ёстой гэж заасан. 24 дүгээр зүйлийн 24.4-т тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл бүрийг үндэслэлийг нарийвчлан шинжилж тогтоох үүрэгтэй гээд заасан.

            Гэтэл эсрэгээрээ ямар үндэслэлээр газрын төлөв өөрчилсөн асуудал нь ямар захиргааны акт хүчингүй болгоод байгаа нь тодорхойгүй өөрсдөө төлөвөө бичсэн зүйл яриад байдаг. Тийм учраас Сүхбаатар сумын Засаг дараа иргэн Б.О*******т газар эзэмшүүлэх А/304 гэх захирамжийг гаргахдаа А/125 гэх захирамж хүчин төгөлдөр байсан эсэхийг шалгаагүй. А/125 дугаартай захирамжийг хүчингүй болгосон эрх зүйн акт байгаа эсэхийг шалгаагүй. А/378 дугаартай захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй. 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б.М*******н эзэмших нь хүчинтэй гэж ойлгоод газраа өмчлөх гэж гаргасан хүсэлтийг шийдээгүй. Тухайн газрын эрхийн түүхийг судлаагүй. Гуравдагч этгээдийн хүсэлт давхцаж байгааг тогтоолгүйгээр Б.О*******т А/304 дугаартай захирамжийг гаргасан нь захиргааны хуулийг зөрчсөн акт болсон. Нэг хаяг дээр байгаа газрыг Сүхбаатар сумыг төлөөлж байгаа газрын албаны хүн нь өмнөх А/125 дугаартай захирамж хүчинтэй байхад А/304 олгож байгаа нь хууль зөрчихгүй гэж тайлбарлаж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд байж боломжгүй гэж үзэж байна.

            Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна гээд заасан. Нэг дугаартай, нэг хаягтай нэгж талбар дээр давхцаад байхад гаргасан байгаа тул хуулийн заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т бичгээр гаргасан захиргааны акт нь түүний гаргах бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэл заасан байхыг шаарддаг. 40.3-т тодорхой байхыг шаарддаг, 40.4-т тухайн актыг гаргах шаардлага болсон бодит нөхцөл байдал байхыг шаарддаг. Гэтэл А/304 дугаар захирамжийн үндэслэл зөвхөн 2018 оны А/378 захирамж өмчлөх эрх авсан бөгөөд өмчлөх эрх хүчингүй болсон гэх шүүхийн магадлалыг үндэслэсэн. Хуульд заагаад байгаа хариуцагчаас асуугаад байгаа тэр заалтууд байхгүй байгаа юм. Байхгүй учраас зөрчиж байна гэж ойлгож байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тусгасан. Б.М*******д нэг удаа шинээр үүсэн эрхийн асуудал биш. 1960 оноос энд амьдарсан бөгөөд иргэний өөр хэрэгт байгаа 1960 оны гэрчилгээ байдаг. Хамгийн сүүлд 1996 оны гэрчилгээ 60 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ хууль шинэчлээд 2016 онд 15 жилийн хугацаатай 2031 онд эрхээ баталгаажуулсан газар эзэмших гэрээ гэрчилгээтэй. Үүнийг баталгаажуулсан шийдвэр хууль ёсных байгаад байдаг үүнийг хүчингүй болгосон захиргааны акт гаргахгүйгээр, газрын албаны мэргэжилтний тайлбарлаж байгаагаар өөрөө байхгүй болчихдог юм гэдэг тайлбараар асуудлыг шийдсэн нь итгэл хамгаалах зарчимтай нийцэхгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-т бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх захиргааны шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэж оролцоог нь хангах ёстой. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдалд тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7-д ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах оролцогчийг сонсох, гуравдагч этгээдээс тайлбар авах, бичиг баримттай танилцах зэрэг ажиллагааг зохион байгуулна гээд заасан. Гэтэл энэ ажил байхгүй, амаараа нэг мэдэгдсэн үг хэлсэн нөгөөдөх нь мэдээгүй, мэдээгүй битгий хэл зөрүүлээд өмчилнө гэж хүсэлтээ гаргаад явж байдаг. 

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа зорилгодоо  нийцсэн байх ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдох юм бол хүчингүй болгоно гэж заасан. Энэ бүх асуудал нь өөрөө актыг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна. Б.О*******т эзэмшүүлэх А/304 дугаартай захирамж гарахад тухайн үеийн газрын эрх зүйн байдлыг захиргаа бүрэн тогтоогоогүй. Газрын мэдээллийн санд бүртгэл гэдэг баримтаар олгогдоод 2031 он хүртэл хүчинтэй гээд байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт нь эрх зүйн үндэслэл байгаагүй, түүний бодит байдал биелэгдэх боломжгүй бол захиргааны акт илт хууль бус  болно гэж заагдсан учраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож Б.М*******н зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсье.” гэжээ.

            Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            4.1. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн эзэшиж байсан газраа өмчилж авах хүсэлтийн дагуу газрыг эзэмшүүлсэн учир өмнөх эзэмших эрх нь өмчлөх эрхээр солигдсон, газар өмчлүүлсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/378 дугаар захирамж шүүхийн шийдвэрээр хүчингүй болсоноор өмнөх газар эзэмших эрх автоматаар сэргэх тухай хууль, шүүхийн шийдвэрт тусгайлсан зохицуулалт байхгүй.

            Сүхбаатар сумын Буурхээрийн 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоотод оршин суух Б.О******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин /өмгөөлөгч/ нар 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0360 дугаартай магадлалыг үндэслэн Б.О*******т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн А/304 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 360 дугаар магадлалыг үндэслэн Б.О*******т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Б.О*******т газар эзэмшүүлэх захирамжийг гаргахдаа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт, нэгж талбарын мэдээллүүдийг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Б.О*******т газар эзэмшүүлсэн 2025 оны А/304 дүгээр захирамжийг гаргахтай холбоотойгоор нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар аваагүй.

            4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дугаар захирамжийг хүчингүй гэж үзэж байна. Учир нь 2023 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал гарсан. Уг магадлалаар Б.М*******н өмчлөх эрхийн захирамжийг хүчингүй болгосон нь хэвээр байхаар магадлал гарсан. Гуравдагч этгээд Б.О*******ыг 3 шатны шүүхээр шударга өмчлөгчөөр тогтоосон байдаг. Газрын  тухай хууль, Иргэний хуулийн заалт бүрийг барьдаг. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” гэж заасан. Б.О*******ын газар эзэмшүүлэх захирамжийг гаргахдаа 2023 оны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш олгосон 2 жилийн хугацаанд бид судалсан. Эхний ээлжид Б.М*******н нэр дээр гаргасан өмчлөлийн захирамжийг хүчингүй болгосон. Дараа нь Б.О*******ын өмгөөлөгч Г.Амартүвшингийн хүсэлтийн дагуу Б.О*******ыг шударга өмчлөгчөөр тогтоосон учраас Газрын тухай хууль, Иргэний хууль, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үндэслээд аймгийн Засаг даргын Б.М*******н нэр дээр гаргасан өмчлөлийн захирамжийг үндэслээд Б.О*******ыг газар эзэмшигчээр тогтоосон байдаг.

            Эзэмших эрх сэргээхтэй холбоотой бид шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргаж байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэрт газар өмчлөлийн захирамж хүчингүй болсонтой холбоотой эзэмших эрх сэргэнэ гэсэн заалт байхгүй. 2016 онд авсан Б.М*******н эзэмших эрхийг 2018 онд өмчлөх гэсэн өөрөө хүсэлт гаргасан байдаг. Шийдвэр гаргахдаа эзэмших эрхийг өмчлөхөөр сольж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өмчлөлийн шийдвэр хүчингүй боллоо гээд эзэмшил сэргэх хуулийн заалт байхгүй. Иргэн Б.о******* газар эзэмшүүлсэн 2025 оны А/304 дүгээр захирамжийг гаргахад Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлоогүй бөгөөп мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй гэжээ.

            Тав. Гуравдагч этгээдийн тайлбар:

            5.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан үндэслэлдээ: Миний аав Ж.Болдбаатар, ээж Ш.Б нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшин, 576.2 м.кв газрыг 2004 онд М.Бахтжанаас худалдаж авч, Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Бийн нэр дээр авсан. Манай гэр бүл тухайн газарт байсан хуучин байшинг буулгаж, шинээр байшин барин амьдарч ирсэн. Эх Ш.Б 2012 онд нас барсны дараа түүний газар эзэмших эрхийг өвлөхөөр нотариатчид хандаж, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан.

            Б.М******* нь 2016 оноос маргаан бүхий газар, байшинг өөрийн эзэмшлийнх гэж маргасан бөгөөд байшингийн өмчлөлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэж, маргаан бүхий байшингийн өмчлөгч нь миний эцэг Ж.Болдбаатар болохыг тогтоосон. Үүний дараа Б.М******* захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Ш.Б******* олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг даргад даалгасан. Уг шийдвэрийг үндэслэн Сүхбаатар сумын Засаг дарга 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Ш.Бийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.М*******д газар өмчлөх эрх олгосон.

Гэвч Ж.Болдбаатар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Иймд шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болоогүй байхад Сүхбаатар сумын Засаг дарга уг шийдвэрийг үндэслэн захирамж гаргасан гэж үзэж байна. Улмаар Б.М******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн Б.М******* маргаан бүхий байшингийн өмчлөлтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШТ2021/00211 дугаар тогтоолоор уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Миний эцэг Ж.Болдбаатар маргаан бүхий газар дээр баригдсан байшингийн өмчлөгчөөр тогтоогдсон тул газрыг өөрийн өмчид бүртгүүлэхээр 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр газрын албанд хандах үед Б.М*******д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар маргаан бүхий газрыг өмчлүүлсэн байсныг мэдсэн.

Миний аав Ж.Болдбаатар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барсны дараа би үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанд үргэлжлүүлэн оролцож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар ‘Газар өмчлүүлэх тухай’ захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Б.М*******н давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Иймд дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар ‘Газар өмчлүүлэх тухай’ захирамжийг хүчингүй болгох, маргаан бүхий газрын өмчлөгчөөр намайг тогтоолгох хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан. Миний хүсэлтийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулсны үндсэн дээр Засаг дарга хүсэлтийг хангаж, А/378 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

            5.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмчлөлийн асуудлыг 3 шатны шүүх иргэний журмаар шийдээд явсан. Энэ асуудал захиргааны хэргийн шүүхийн хүчингүй болгож байгаа асуудал шийдвэр, магадлалд бүгдэд нь дурдагдаж байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн өмчийн асуудал шийдэгдсэн байхад өмчлөгчөөр олгож байгаа нь буруу юм гэдэг ч юм уу дандаа 3 шатны иргэний шүүхийн шийдвэр иш үндэс татсан байгаа. Хэрвээ энэ асуудлыг иш татахгүй бол аль хэдийн өмчлөлийн асуудал дуусаад явсан энэ хэрэг дууссан дараагийн асуудалдаа орсон байна. Хоорондоо хамаарал бүхий асуудал байна.

Мэдэгдэх асуудал байна, бид нар хөөн хэлэлцэх асуудлаар маргаагүй. Ямар ч байсан хэрэгт авагдсан баримтаар мэдэгдэх газрын алба, аймгийн Засаг дарга хариу өгөөд явсан юм байна лээ. Тэгэхээр Б.О*******т өгсөн гэдгээ мэдэгдээд урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийгээд шүүхэд хандаж байна гэж ойлгож байна.

Эзэмших, өмчлөх гэдэг бол угтаа ялгаатай юм шиг мөртлөө энэ хэргийн агуулгын хувьд нэг. Нэг үйл баримтын хувьд бид 10 жил маргасан байна. Өөр хүний нэр дээр шилжүүлээд явсан бол өөр асуудал. Эзэмших гэдэг асуудалтай явж байгаад бид нар эзэмшихгүй, эзэмших чинь хугацаатай юм байна хугацаагүйгээр өмчлөх хүсэлтээ удаа дараа тавиад. Эзэмшихийг хүсээгүй гэсэн үг. Эрх зүйн байдлыг дээрдүүлээд хугацаагүйгээр өмчлөх хүсэлтийг нь хангаад хугацаагүйгээр олголоо, захирамж гарлаа энд аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа эзэмшиж байгаа газрыг олгосон учраас Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Газар эзэмшигч байж байгаад газар өмчлөх эрхтэй болгосон хүний газар эзэмших эрх хадгалагдаад явна гэсэн зүйл байж болохгүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг барих боломжгүй, ямар заалт барих вэ гэдэг зүйл байхгүй. Өмчилж байгаа бол эзэмшихийг хүчингүй болгоно гэж яаж ч бодсон байх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Ш.Б******* олгосон захирамж энэ хэрэгт хамааралгүй. Ш.Б******* олгосон байсан гэдэг үндэслэлээр Б.О*******т гэрчилгээ олгоод явсан асуудал байхгүй. Тухайн байранд нэхэмжлэгч ерөөсөө амьдарч байгаагүй. М.Бахтжан  гэж хүнд зараад манай тал буюу талийгаач эхнэр, нөхөр хоёр М.Бахтжан гэж хүнээс худалдаж аваад аваад тэр байшинг засаад 12 жил амьдраад эхнэр нь нас барсан. 12 жил өөрийнх нь газар дээр амьдарч байхад нэг ч нэхэмжлэл гаргаагүй. Эхнэр нь нас бараад цус харвасан нөхөр, хүүхэд хоёр үлдэхэд нас барсан юм чинь гээд 12 жилийн дараа манайх М.Бахтжанд зарсан юм гэж гомдол гаргаж явсан маргаан юм. Шүүх М.Бахтжаанаас манай үйлчлүүлэгч нар худалдаж авсан эд нарын хооронд харилцаа байхгүй байсан гэх үйл баримт тогтоогоод шийдсэн асуудал.

Эцсийн бүлэгт энэ дунд Л.Батжав өмгөөлөгч ирээд сумын Засаг даргатай уулзаад л нэг захирамж гаргуулна. Тэгээд тэрийг нь дахиж хүчингүй болгоод жижиг жижиг захирамж гаргаад үүнээс болж хэрэг их удааширсан. Угтаа эзэмших үү, өмчлөх үү хэн амьдрах вэ гэдэг нэг л үндсэн маргаан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломжтой. Шийдсэн үйл баримтын асуудлыг өнөөдөр бид нар шийдээд байна. Одоо дахиад өмчлөхтэй холбоотой асуудал яригдахгүй. Яагаад гэвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдсэн өмчлөхтэй холбоотой асуудал яригдахгүй. Өмчлөх яригдахгүй байхад эзэмших яригдах боломжгүй. Бүртгэлээс хассан уу үгүй юу энэ асуудлаа нэг мөр болгож 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар түдгэлзүүлж байж л шийдэх боломжтой. Тэрнээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг харьцуулан үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий газарт үүссэн эрхийн талаар: 

1.1. Маргаан бүхий газрыг анх нэхэмжлэгч Б.М*******д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамжаар орон сууцны хашааны зориулалтаар 756 м.кв, хүнсний ногооны зориулалтаар 200 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 700 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулж, нэгж талбарын 430800******* дугаарт бүртгэсэн байна. 

Б.М******* уг газрыг өмчлөх хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамжаар дээрх 700 м.кв газрыг түүнд өмчлүүлжээ.

1.2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот шийдвэрийг үндэслэн Ш.Б******* 576,2 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 0122 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд Ш.Б нас барсны дараа Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатчийн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний газар эзэмших эрхийг Б.О******* өвлөн авсан байна. /1 хх-ийн 187 дахь тал/  

Хоёр. Маргаан бүхий газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дараах маргаанууд шүүхээр шийдвэрлэгдсэн талаар:   

2.1. Б.М*******, Ж.Болдбаатар нар маргаанд хамаарах газар дээр байрлах 57 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийн талаар маргаж, Б.М******* хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх, хувийн орон сууцны байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Ж.Болдбаатар мөн хувийн орон сууцны байшингийн өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус  гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/01235 дугаар тогтоолоор Б.М*******н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.Болдбаатарыг Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, шийдвэрлэсэн. /1 хх-ийн 97-114 дэх тал/

2.2. Ж.Болдбаатар нь дээрх 57 м.кв талбайтай хувийн сууцыг Б.М*******н нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-131700 дугаарт бүртгэсэн бүртгэлтэй маргаж, уг бүртгэл болон Б.М*******д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийдвэр,  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор  Б.М*******н нэр дээр хувийн сууцыг бүртгэсэн бүртгэлийн Ү-131700 дугаарт бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /1 хх-ийн 115-128 дахь тал/

2.3. Б.М******* нь өөрийн эзэмшлийн газартай давхцуулан Ш.Б******* газар эзэмшүүлсэн гэж маргаж, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн талаар 2023 оны шүүхийн шийдвэрт дурдсан байна. Мөн уг шийдвэрт 2018 оны 10 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан талаар дүгнэжээ. /1 хх-ийн 135-137 дахь тал, 2023 оны 29 дүгээр шийдвэрийн 7-9 хуудас/

2.4. Ж.Болдбаатар Сүхбаатар сумын Засаг даргын А/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар захирамжид Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаар захирамжаар А/107 дугаар захирамжийг хүчингүй болгосон талаар дурдсан байна. Уг шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /1 хх-ийн 13, 23-27 дахь тал/

2.5. Б.О******* Б.М*******д нэгж талбарын 430800******* дугаартай 700 м.кв газрыг өмчлүүлсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, А/378 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2023/0360 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /1 хх-ийн 129-149 дэх тал/

2.6. Б.М******* нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “газар өмчлөх эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, газар өмчлөх эрх олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 159/ШЗ2024/0037 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийн үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. 

Уг захирамжийг Б.М******* эс зөвшөөрч гомдол гаргасныг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /2 хх-ийн 1-4 дэх тал/

2.7. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/306 дугаар захирамжаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.М*******д нэгж талбарын 430800******* дугаартай 700 м.кв газрыг өмчлүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/378 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. /1 хх-ийн 192 дахь тал/

Үүний дараа Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар нэгж талбарын 430800******* дугаартай 700 м.кв газрыг Б.О*******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Гурав. Маргаж буй үндэслэл, А/304 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар: 

3.1. Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны А/125 дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр эсэх талаар:

Нэхэмжлэгч Б.М******* нь Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны А/125 дугаар захирамжаар маргаан бүхий 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд уг захирамжийг хүчингүй болгосон, эсхүл газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тусгайлсан шийдвэр гараагүй тул газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр гэж маргажээ.

Хариуцагчаас А/125 дугаар захирамжийг хүчингүй болгосон тусдаа захирамж гараагүй боловч нэхэмжлэгч уг захирамжаар эзэмшиж байсан газраа өмчлөх хүсэлт гаргаж, Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны А/378 дугаар захирамжаар тухайн газрыг түүнд өмчлүүлснээр өмнөх газар эзэмших эрхийн харилцаа өмчлөх эрхийн харилцаагаар солигдсон, харин А/378 дугаар захирамж хожим шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь өмнөх газар эзэмших эрхийг автоматаар сэргээх үндэслэл болохгүй гэж тайлбарласан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор тус тус заасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ” гээд 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэжээ.

Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны А/125 дугаар захирамжаар Б.М*******н эзэмшиж байсан газраас 700 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулж, нэгж талбарын 430800******* дугаарт бүртгэсэн, түүний хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/378 дугаар захирамжаар мөн газрыг түүнд өмчлүүлсэн байна. /1 хх-ийн 78-86 дахь тал/

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, журмыг тус тус заасан боловч газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд өмнөх газар эзэмших эрх сэргэх талаар хуульд зохицуулаагүй байна.

Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны А/125 дугаар захирамжийг хүчингүй болгосон, эсхүл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон захиргааны акт гаргаагүй байна.  /1 хх-ийн 183-186 дахь тал/

Б.М******* өөрийн эзэмшиж байсан газрыг өмчлөх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/378 дугаар захирамжаар тухайн газрыг түүнд өмчлүүлсэн тул уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд А/125 дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг өмчлөх эрхтэй зэрэгцэн хэрэгжиж байсан гэж үзэхгүй.

Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/378 дугаар захирамж шүүхийн шийдвэр гарч хүчингүй болсноор өмнөх газар эзэмших эрх сэргэхээр хуульд зохицуулаагүй, мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. Иймд А/125 дугаар захирамжийг тусгайлан хүчингүй болгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч А/304 дүгээр захирамж гарах үед маргаан бүхий газрын эзэмших эрх хүчин төгөлдөр байсан гэж үзэх үндэслэлгүй.  

3.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заажээ.

Б.О*******т эзэмшүүлсэн 700 м.кв газар нь Б.М*******д А/125 дугаар захирамжаар эзэмшүүлж байсан газартай бүхэлдээ давхцаж байгаа талаар талууд маргаагүй. Маргаан бүхий А/304 дүгээр захирамж гарах үед Б.М*******г А/125 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газрыг хүчин төгөлдөр эрхээр эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй тул Б.О*******т газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй байна.

3.3. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий А/304 дүгээр захирамжийг гаргахдаа хариуцагч нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гээд 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заажээ.

Б.О*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин нар 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг үндэслэн Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар Б.О*******т тухайн газрыг эзэмшүүлжээ. Уг захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30, 31 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 360 дугаар магадлалыг тус тус үндэслэсэн байна.

Иймд захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй” гэж заасан.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр маргаан бүхий газар дээр байрлах 57 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Ж.Болдбаатарыг тогтоосон, уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.М*******н өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон, мөн Б.М*******д маргаан бүхий 700 м.кв газрыг өмчлүүлсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/378 дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримтууд нэгэнт тогтоогдсон байна.

Түүнчлэн маргаан бүхий А/304 дүгээр захирамжаар Ш.Бийн газар эзэмших эрхийг Б.О*******т өв залгамжлалаар шилжүүлээгүй, харин маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тухайн газартай холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн газар эзэмшүүлсэн гэж тайлбарласан.

Иймд хариуцагч маргаан бүхий газартай холбоотой нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий мэдээлэл, баримтыг цуглуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3.5. Сонсох ажиллагаа болон нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтийн тухайд: 

Нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий газрыг өмчлөх хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр Б.О*******т газар эзэмшүүлсэн, мөн А/304 дүгээр захирамжийг гаргахын өмнө өөрт нь мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж маргажээ.

Б.М******* 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад маргаан бүхий 700 м.кв газрыг өмчлөх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд бичгээр хариу өгөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсаны дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/307 тоот албан бичигт Б.М*******г өөрийн биеэр ирж уулзахад хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар амаар тайлбар, мэдээлэл өгсөн боловч бичгээр хариу хүргүүлээгүй гэж тайлбарлажээ. /1 хх-ийн 201-203 дахь тал/

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гээд, 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж заасан.

Б.М******* А/304 дүгээр захирамж гарахаас өмнө маргаан бүхий газрыг өмчлөх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтэд бичгээр хариу өгөөгүй байна. Гэвч нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй уг нөхцөл нь дангаараа Б.О*******т газар эзэмшүүлсэн А/304 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн маргаан бүхий газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой үйл баримтууд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байна. Хариуцагч Б.О*******ын хүсэлтийг ханган шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг үндэслэн сонсох ажиллагаа хийгээгүй байх бөгөөд хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэх үндэслэлээр А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан.

Дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий А/304 дүгээр захирамж гарах үед Б.М*******г А/125 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газрыг хүчин төгөлдөр эрхээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй, түүнд уг газрыг өмчлүүлсэн А/378 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байна.

Иймд А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор Б.М*******н А/125 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх шууд сэргэх, эсхүл маргаан бүхий газрыг өмчлөх эрх үүсэх үр дагавар тогтоогдохгүй байх тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3 дахь заалт, 39, 40 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 43.8, 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/304  дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.М*******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Я.АРИУНЦЭЦЭГ