Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 86

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г- холбогдох эрүүгийн 1818000880074 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г-, 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн -  багийн -  тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******ХХК-ийн манаачийн гэрт *******гийн толгойн тус газар заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******ХХК-ийн манаачийн гэрт *******гийн толгойн тус газар заазуураар цохиж эрүүл мэндэд нь “дагз, хүзүү хоолойны ар хэсгийн шарх, бүсэлхийн зүүн талын зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Г-ийн өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр *******гэдэг газар луу алт олохоор найз *******, *******, *******, *******, ******* нарын хамт явсан. Бид нар ухсан нүхэн дээр ажиллаж байхад ******* нэг шил архи, нэг пиво аваад ирсэн байсан. *******ын авчирсан нэг шил архи, пивийг *******, *******, ******* нартай хувааж уусан. Архиа ууж дуусчихаад хүний машин гуйгаад *******гийн хамт Шарын гол сумын төвд орж дэлгүүрээс нэг шил архи, нэг том пиво аваад буцаад алтны нүх рүү явсан. Тэгээд алтан дээр очиход хамт явсан хүмүүс маань алт ерөөсөө гарахгүй байна гэж хэлсэн. Бид нар нүхнээс татсан 5 үүрэг шороогоо аваад *******, *******,*******, ******* нар Шарын голын төв рүү явсан. *******, ******* бид нар үлдээд авчирсан архи, пиво хувааж уугаад Шарын голын төв рүү явсан хэд ирэхгүй болохоор нь *******ХХК-ний манаачийн байранд очиж дулаацахаар явсан. Тэгтэл өөдөөс *******,******* хоёр машинтай ирсэн. Бид гурав машинд нь суугаад *******ХХК-ний манаачийн гэрт очсон. Бид гурав дээрээс нь бага зэрэг уусан нэг шил архиа аваад гэрт орсон. Гэрт хоёр манаач *******,*******нар байсан. Би *******, ******* нарын хамт манаачийн гэрт унтлаа гэхэд *******,******* хоёр явлаа гэж хэлээд гэрлүүгээ буюу Шарын гол руу яваад өгсөн. Бид гурав хоёр манаачийн хамт нэг шил архиа хувааж уугаад дуусгасан. Би хүйтэнд даарч ирээд халуун гэрт ороод архи уусан болохоор нилээд согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд *******тэй маргалдаад хуц нохой, пизда гээд бие биенийгээ хараагаад маргалдаж байсан. Тэгээд босоод ирэхэд ******* ах бид хоёрын дундуур ороод салгахад нь үүдний шүүгээн дээр байсан эрээн иштэй заазуурыг аваад *******гийн толгой руу хоёр удаа цохиод авсан. Тэгэхэд ******* ах заазуур булааж аваад намайг дараад хэвтсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэж та бүхний өмнө амлаж байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

     Хохирогч *******гийн өгсөн: ...Бид гурав архины талыг нь уугаад талыг нь аваад *******ХХК-ийн манаачийн байр луу явсан. Г- ******* бид гурав манаачийн гэрт хонохоор болж*******, ******* нар гэрлүүгээ явсан. Би Г-эй юунаас болж маргалдсан юм мэдэхгүй хэрэлдээд байсан. Гэтэл Г- үүдний доороо шургуулгатай ширээн дээрээс эрээн иштэй заазуур аваад хүзүү рүү хоёр удаа цохисон. Бидний дундуур *******, ******* нар орж ирж салгасан. Тэгээд цусаа тогтоочихоод тэндээ хоноод маргааш өглөө нь гэртээ хариад эмнэлэгт үзүүлсэн. Би Г-ээс эмчилгээний зардал болох 300 000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хөдөө ажлаар явах тул шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх 11-13/,

            Гэрч Ч.*******ын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 23-ний орой намайг ажил дээрээ байж байхад манай *******ХХК-ийн манаачийн байранд Г-, *******, *******,*******, ******* нар ирсэн. *******,******* хоёр эрүүл бусад нь согтуу байсан. Орж ирчихээд Г- нь согтуу нөгөө хэдтэйгээ маргалдаад байсан. Ингээд *******,******* хоёр яваад өгсөн. Удаагүй 01 цаг болж байхад  хоорондоо маргалдаж байгаад Г- нь манай ширээн дээр байсан заазуурыг аваад ална гэхэд нь ******* гараараа цохисон. Тэгээд баруун талд нь сууж байсан *******г толгой шилэн хүзүү рүү цохисон. *******гийн хүзүү толгойноос цус гойжоод байхаар нь хүйтэн усаар угаагаад алчуураар боосон. Тэгээд эмнэлэг дуудах гэтэл гар утастай хүн байгаагүй. Бүгд манайд хоноод маргааш нь******* ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх 19/,

Гэрч  *******ын өгсөн: Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг *******ХХК-нд Ч.*******ын хамт манаачаар ажилладаг. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******тай хамт ажлынхаа байранд Монгол гэрт байж байхад гаднаас 22 цагийн орчим *******, *******, Г- нар халамцуу харин*******, ******* нар эрүүл нэг шил архи барьчихсан орж ирсэн. Бид хоёр тэр *******халуун цай хийж өгөөд байж байхад нэг шил архи гаргаад уусан. Тэгээд удалгүй*******, ******* хоёр цайгаа уучаад яваад өгсөн. Харин *******, *******, Г- нар манай гэрт үлдээд бид хоёр тавуулаа архиа хувааж уугаад дуусгасан. Миний гэдэс өвдөөд байхаар нь гэрээсээ гараад 00 орчихоод ороод ирэхэд *******гийн толгойноос цус гарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад ******* *******, Г- нар хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь ******* салгах гэхэд Г- *******г түлхээд *******г заазуураар толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд *******гийн толгойноос гарсан цусыг тогтоох гээд ******* нүүр гарын алчуур норгоод толгой дээр нь тавьсан байсан. Би эмнэлэг болон Цагдаагийн газарт дуудлага өгөх гэхэд ******* хэрэггүй миний толгой зүгээр гэж хэлсэн. Тэгж байгаад манай гэрт тэр гурав хоноод маргааш өглөө нь машин дуудаж гэрлүүгээ явцгаасан гэх мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Д.*******гийн өгсөн: ....Би манаач *******, ******* нарын хамт гурвуулаа архи хувааж уусан. Дулаан гэрт ороод нэлээд согтсон. Тэгээд доошоо хараад сууж байхад*******ахын гэдэс өвдөөд байна гэж хэлээд гараад явсан. Харин *******, Г- нар хоорондоо юунаас болсон юм мэдэхгүй хэрэлдэж маргалдаад байсан. Тэр хоёр босож ирээд хоорондоо барьцалдаад авахаар нь дундуур нь ороод салгах гэхэд Г- үүдний шургуулгатай ширээн дээр байсан заазуурыг аваад *******гийн толгойны ар хэсэг рүү нь цохисон. ******* ах салгаж байх шиг байсан гэх мэдүүлэг /хх 21/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            “1.*******гийн биед дагз, хүзүү хоолойны ар хэсгийн шархнууд, бүсэлхийн зүүн талын зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх шарх, зулгаралт нь хурц ир, үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 24/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, мөрдөгчийн 2018.02.14-ний өдрийн тогтоолоор хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар эрээн иштэй, 27,5 см урт заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон тухай /хх 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “эмчилгээний зардал болох 300 000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлгээр /хх 12/ шүүгдэгч Г-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 41-42 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

 эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн иштэй 27.5 см урттай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн иштэй 27.5 см урттай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ