| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435001260243 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | А.А |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
2025 01 15 2025/ДШМ/03
И.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.А, шүүгдэгч И.Г, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, И.Г-ад холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Б ургийн овогт И-ын Г (Регистрийн дугаар:).
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б ургийн овогт И.Г нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас шүүгдэгч И.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч И.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ыг нэг жил зургаан сар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ад оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
- шүүгдэгч И.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
- шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц: хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сумны хошуу 1 ширхэг, сумын хонгио 1 ширхэг, ТОЗ-8 загварын, 0 дугаарын гом төмөртэй, 7дугаарын замагтай бууг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт;
- амь хохирогч Ц.О, гэрч Г.Б, Г.Б, өсвөр насны яллагдагч Ц.О, шүүгдэгч И.Г нарын баруун зүүн гарын арчдас, шүүгдэгч И.Г-ын хумснууд, амь хохирогч Ц.О-ийн цогцсоос авсан 2 ширхэг арчдас, цусны дээж, бууны гол төмрөөс авсан арчдас 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч И.Г, түүний өмгөөлөгч Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх И.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “ тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан учруулсан хохирлоо нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх хууль зүйн ойлголт буюу тэнсэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх урьдач нөхцөл үүсэхгүй” гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ” гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг ба нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилжээ.
Анхан шатны шүүх И.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 төрлийн ялаас хорих ялыг сонгон хэрэглэх болсон үндэслэлээ тайлбарлаагүй, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүй байх шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй ба энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, амь хохирогчийн төрсөн эцэг, эхийн санал хүсэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, дүгнэлт хийсний эцэст оногдуулах ялыг сонгох шаардлагатай гэж үзэж байна.
Гэтэл шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй ба И.Г-ад хорих ял оногдуулах нь яагаад тохирно гэж үзсэнээ тайлбарлаагүй, хүний амь нас хохирсон бол зайлшгүй хорих ял оногдуулах ёстой гэсэн дүгнэлт хийж байгаа нь өрөөсгөл юм. Учир нь хууль тогтоогчийн зүгээс тухайн төрлийн гэмт хэрэгт ял шийтгэлийг сонгон оногдуулж болохоор хуульчилсан ба хүний амь насыг хохироох шууд санаа зорилгыг агуулаагүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагддаг.
И.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, ЭХТА-ийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж, ял хүндэдсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, И.Г-ад зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял бүхэн өөртөө эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах нөхцөл байдлыг агуулж байдаг. Зөвхөн хорих ял оногдуулснаар эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл, үндэслэлгүй ойлголт байна.
Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулах үндэслэл болон зорчих эрх хязгаарлах ялыг яагаад оногдуулах боломжгүй талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хуульд заасан төрлийн төрлөөс хорих ялыг сонгон хэрэглэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ёстой. Гэтэл шийтгэх тогтоолоос үзэхэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байгаа нь тодорхой бус байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон насанд хүрээгүй хохирогчийн ээж шүүгдэгчийн эхнэр нар нь хоорондоо төрөл садны холбоотой хүмүүс байдаг. Энэ гэмт хэргийн улмаас И.Г-ад өөрт нь төрөл садных нь хүний амь нас хохирсон хохирол бас учирсан байгаа. Түүний идэвхтэй үйлдлийн улмаас гэмт хэрэг гараагүй, эс үйлдэхүйтэй холбоотойгоор гарсан гэмт хэрэг тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж харж байна.
Талийгаачийн буяны ажлыг И.Г болон түүний гэр бүлийн зүгээс хийсэн бөгөөд 4,500,000 төгрөг зарцуулсан талаараа хэлдэг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар авагдсан. Хүний амь нас хохирсон учраас заавал хорих ял оногдуулах ёстой гэх хатуу байр суурийг баримталж байгаа нь үндэслэлгүй байна. Хэт туйлширсан байдлаар хандаж болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх саналтай байна гэв.
6. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: И.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа.
Анхан шатны шүүх шүүгдэгч И.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлөөс хорих ялыг оногдуулж байгаа талаар дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч зорчих эрхийг хязгаарлах ял яагаад оногдуулаагүй талаар дүгнэлт хийгээгүй гэж яриад байна. Яагаад хорих ял оногдуулж байгаа талаараа шүүхээс дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж прокурорын хувьд дүгнэж байгаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн практикт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа гэх агуулга бүхий зүйлийг ярьж байна. Монгол улсын шүүх шүүхийн прецедент хэрэглэдэггүй. Зүйлчлэл адил болохоос хэрэг бүр харилцан адилгүй. Хэрэгт авагдсан нөхцөл байдал, нотлох баримт, учруулсан хор уршиг харилцан адилгүй байдаг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зарчим, хэм хэмжээний дотор дүгнэлт хийж 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн дотоод итгэлийн асуудал гэж үзэж байна.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох боловч прокурорын хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч И.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн, дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч И.Г-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.
2.1.Шүүгдэгч И.Г нь Галт зэвсгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан: “Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-д хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална” гэх үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн эзэмшилд байсан 0 дугаар бүхий гол төмөртэй, 7 дугаар бүхий замагтай, ТОЗ-8 загварын бууны замгийг нь салгахгүйгээр хүхээгт нь сум үлдээсэн, мөн зориулалтын гох цоожлогч хэрэглээгүйн улмаас бага насны хүүхэд Ц.О нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэрч Ц.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед би өөрийн эзэмшлийн “” загварын, улсын дугааргүй мотоциклтой хадам эцэг Ч.Б-гийн гэрээс өөрийн гэр рүү явж байхад И.Г-ын гэрээс урд зүгт 400 орчим метрийн зайд нэг нутгийн, хөрш зэргэлдээ зусланд байдаг Б.Х-тэй тааралдсан. Б.Х надад хандаж, “И.Г-ын гэрт хоёр эрэгтэй хүүхэд нэгнээ буудчихсан байна, ойр хавьд чамаас өөр эрэгтэй хүн алга, чи очооч” гэж хэлэхээр нь би И.Г-ын гэрт очсон. Намайг гэрт ороход Б.Д, И.Б нар байсан ба гэрийн зүүн талын баганын дээд хэсэгт Л хотоос ирсэн хоёр эрэгтэй хүүхдийн ах нь дүүгээ цээж хэсгээр нь тэвэрчихсэн, цамцыг нь дээш сөхөж, цээж хэсэгт нь 00-ийн цаасаар дарчихсан уйлж байсан, мөн И.Б уйлж байсан. Л хотоос ирсэн гэх хоёр эрэгтэй хүүхдийн ах нь надад хандаж “би дүүгээ буудчихлаа, миний дүү амьд байна уу, та үзээд өгөөч” гээд уйлж хэлэхээр нь би уг хүүхдэд хандаж “дүүгийнхээ цамцыг доош нь хийчих, дүүгээ тэврэхээ болиод газар хэвтүүлчих, битгий уйл” гэж хэлэхэд уг хүүхэд миний хэлснээр хийсэн. Тэгэхээр нь би И.Г-ын гэрийн зүүн талд байх хувцасны шкафаас даавуу авч уг хүүхдийг бүтээсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),
- насанд хүрээгүй гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.О гэрийн баруун талын хэсэг рүү явж авдрын доод талд хана түшүүлээд тавьсан калибр бууг авчхаад надад: “танай аавын бууг чинь би үзчих үү” гэхээр нь би “болохгүй ээ, наадах чинь сумтай байж магадгүй, аюултай шүү” гэхэд Ц.О нь “за тэгвэл би ганцхан удаа харчихъя” гэж хэлсэн. Тэгээд Ц.О нь аавын калибр бууг аваад жижиг сандал дээр суугаад бууны хошууг доош нь болгож байгаад бууны хажуу талын татдаг жижиг төмрийг хойш нь жаахан татаад буцааж урагш нь түлхээд жижиг татдаг төмрийг доош нь болгосон. Ц.О нь бууг хоёр гараараа бариад сууж байсан сандлаасаа урагшаа чиглүүлсэн, тухайн үед Ц.О гэрийн зүүн талын баганын хажууд зогсож байсан бөгөөд Ц.О нь буугаа Ц.О-ийн нурууны араар чиглүүлж байтал гэнэт буу түс гээд дуугарсан, тэр үед Ц.О “агаа” гэж хэлээд газарт унасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),
- гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед нөхөр Б.Н-гийн хамт гэртээ байхад гэрийн гадна хоёр хүүхэд гүйж ирээд гэрт оролгүй гэрийн үүднээс “би дүүгээ буудаад алчихлаа” гэж хэлээд уйлсан ба би “юу ярьж байгаа хүүхэд вэ” гэж хэлээд гэрээс гарахад И.Г-ын эрэгтэй хүүхэд, Л хотоос ирсэн эрэгтэй хүүхэд 2 байсан. Л хотоос ирсэн эрэгтэй хүүхэд надад хандаж, дахин “би дүүгээ буудаад алчихлаа, буунд сум байгааг би мэдээгүй” гэж хэлэхээр нь “ алив танай гэрт очъё” гэж хэлээд И.Г-ын гэр рүү явсан. Явах замдаа морьтой үхэр тууж явсан Б.Д-тай тааралдаж болсон явдлыг хэлж, морьтой учир түрүүлээд яв гэж хэлээд түрүүлж явуулаад би өөрөө И.Г-ад гар утсаар хэл дуулгах гэж сүлжээ барьдаг газарт очиж И.Г руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би И.Г-ын гэр рүү очиж үүдний хэсэгт орж зогсоход гэрийн зүүн талын баганын хэсэгт Л хотоос ирсэн 2 хүүхдийн нэг нь нас барчихсан, эгц дээш харсан байрлалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-90 дүгээр хуудас),
- гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед малын ажлаа хийж дуусгачхаад морьтой Б.Н-гийн гэр рүү явсан. Намайг Б.Н-гийн гэрийн үүдэнд очих үед хоёр эрэгтэй хүүхэд уйлчихсан, тэдний үүдэнд юм хэлээд зогсож байсан. Энэ үед Б.Х гэрээсээ гарч ирэхээр нь юу болсон бэ гэж асуухад Б.Х “энэ хүүхэд дүүгээ буудчихлаа гэж хэллээ, чи түрүүлээд очиж бай, би гар утсаар хүмүүст хэл дуулгаад дараа нь яваад очно” гэж хэлсэн. Би И.Г-ын гэрт ороод харахад гэрийн зүүн талын баганын дээд талд нэг эрэгтэй хүүхэд ухаангүй, нэг эрэгтэй хүүхэд тэвэрчихсэн “би дүүгээ алчихлаа, би сумтай байна гэж мэдээгүй ш дээ” гэж хэлээд уйлаад байсан. Ухаангүй байгаа хүүхдийг харахад нас барсан болох нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас),
- өсвөр насны яллагдагч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэрт Г.Б, дүү Ц.О бид нар үлдсэн ба тогооч болж тоглож, цай уусан аягаа угаачхаад би гэрийн дээд хэсэгт хөлдөөгч, авдар хоёрын гол хэсэгт байх И.Г ахын бууг харчхаад Г.Б-т хандаж: “би И.Г ахын бууг үзэж болох уу” гэхэд Г.Б ямар нэгэн зүйл дугараагүй учир би гэрийн баруун талын дээд хэсэгт буу байсны хажууд сандал дээр сууж байгаад бууг /галт зэвсгийг/ авахад нэг төмөр нь хойшоо болчихсон байхаар уг төмрийг урагш нь түлхэж, хажуу тийш нь болгоод гэрийн зүүн талын баганын дээд талд, гэрийн үүд рүү хараад зогсож байсан дүү Ц.О-ийн нурууны араар, гэрийн зүүн талд байх орны доогуур бууны хошууг чиглүүлж байгаад гохыг нь дарахад дүү Ц.О “яая агаа” гэж хэлээд над руу хараад газар унасан. Би дүү Ц.О-ийн хажууд очиж цамцыг сөхөж үзэхэд цээжнээс нь цус гарч байсан болохоор цусыг нь ариун цэврийн цаасаар дарж тогтоосон. Түүнээс хойш хөрш зэргэлдээ айлын хүмүүсээс тусламж гуйж дуудаад ирэхэд дүү Ц.О нас барчихсан байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
- хэргийн газарт үзлэг хийсэн “... аймгийн Ү сумын 0 дүгээр багийн нутаг “Х”гэх газар хэрэг учрал болсон байх ба гэрийн орны баруун талд толгойн орой хэсэг гэрийн хоймор хэсэг рүү дух хэсэг дээшээ харсан байдалтай хар өнгийн үстэй эрэгтэй хүүхдийн цогцсыг шаргал өнгийн даавуугаар бүрхсэн байдалтай байна. ...Цогцсын баруун зүгт толгойн баруун чамархай орчмоос 70 см зайд төмөр материалаар хийсэн мөнгөл саарал өнгийн сумны хонгио 1 ширхэг, хонгионы амсар хэсэг нь зүүн хойд чиглэлд харсан байдалтай байсан. ...Хонгионы арын хэсэгт “V" гэсэн бичиглэлтэй байна. Галт зэвсэгт нарийвчлан үзлэг хийхэд 112 см урттай, гол төмрийн урт 77.5 см, гол төмрийн дугаар 0, замгийн дугаар 7гэх серитэй байна. Уг бууны арын модон бариул хэсэгт суран сум хадгалах гэр буюу суран материалаар хийсэн эдлэл бэхэлсэн байх ба “V” гэсэн тэмдэглэлтэй 1 ширхэг сум байна. Уг буу бор өнгийн савхин оосортой байв. Бууны замгийг урагш түлхсэн байдалтай байх тул сумны байранд сум байгаа эсэхийг ...шалгахад ямар нэг сум, хонгио байхгүй байлаа. ...прокурорт танилцуулан мөрдөгчийн шийдвэрээр гол төмөр 0, замаг 7дугаартай ТОЗ-8 загварын буу 1 ширхэг, “V” гэсэн бичиглэлтэй сумны хонгио 1 ширхэг зэргийг хураан авлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас),
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 18-29 дүгээр хуудас),
- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 60 дугаартай “...Амь хохирогч Ц.О-ийн биед бүсэлхийн баруун ар дээд хэсэгт сумны хошуу нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархай, ходоодыг нэвт гарсан шарх, зүүн талын 6, 7 дугаар хавирганы мөгөөрсөн хэсгийн завсраар нэвт гарсан буюу цээжний зүүн урд доод хэсэгт сумны хошуу гарсан шарх, шархнуудын эргэн тойронд цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн буудалтаар буюу сумны хошуугаар үүсгэгдэнэ. ...Амь хохирогч Ц.О нь дээрх хэвлийн хөндийн эрхтнүүдийн гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. ...Амь хохирогчийн биед бүсэлхийн баруун ар дээд хэсэгт сумны хошуу орсон 1 ширхэг, цээжний зүүн доод хэсэгт сумны хошуу гарсан 1 ширхэг шархтай байна. Уг шарх нь нарийн гэдэс, чацархай, ходоодыг нэвт гарсан суваг үүсгэсэн байна. Дээрх гэмтлийн байрлалаас үзэхэд баруун ардаас зүүн урагш, доороос дээш ташуу, чиглэлтэй байна. Сумны хошуу орсон шархнаас үзэхэд ойрын зайн буудалтаар үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 124-127 дугаар хуудас),
- Ц.О-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 63 дугаар хуудас
- хэргийн газраас хурааж авсан ТОЗ-8 загварын буунд хийсэн криминалистикийн шинжилгээний 2622 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн буу нь 1995 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5.6x1514 мм-ийн калибртай ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хэвийн буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дараагүй үед доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь Оросын холбооны улсын Климовскийн сумны үйлдвэрт /климовский специализированный патронный завод/ ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15Р мм /221г/ калибрын сумны буудлагад хэрэглэгдсэн хонгио байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь сангийн анги 0 дугаартай, замаг 7дугаартай галт зэвсгээр буудагдсан байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 165- 174 дүгээр хуудас),
- хэргийн газраас хураан авсан сумны хошуунд хийсэн криминалистикийн шинжилгээний 2623 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, 5.6x15К мм-ийн калибртай, буудлагад хэрэглэгдсэн сумны хошуу байна. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь сангийн анги 0 дугаартай, замаг 7дугаартай галт зэвсгээр буудагдсан байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 181-185 дугаар хуудас),
- амь хохирогчийн хувцсанд хийсэн криминалистикийн шинжилгээний 2619 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцны ар талд доод ирмэгээс эгц дээш 12.3 см, баруун хажуугийн оёдлоос зүүн тийш 14.2 см зайд 5x6 мм хэмжээтэй хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролт, цагаан өнгийн футболкны ар талд доод ирмэгээс эгц дээш 13 см, баруун хажуугийн оёдлоос зүүн тийш 9 см зайд 3x5 мм хэмжээтэй хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ цооролт байна. ...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамц, цагаан өнгийн футболконд үүссэн цооролтууд нь буудлагын улмаас үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 139-142 дугаар хуудас),
- амь хохирогчийн биеэс авсан арчдаст хийсэн шүүх физикийн шинжилгээний 4795 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 0 дугаарын гол төмөр, 7дугаарын замагтай бууны гол төмрөөс илэрсэн дарь тортгийн элемент нь шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн нурууны баруун доод хэсгээс авсан арчдасаас илэрсэн дарь тортгийн элементтэй найрлагын хувьд төсөөтэй байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 193-196 дугаар хуудас),
- шүүгдэгч И.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ТОЗ-8 /калибр/ гэх нэршилтэй галт зэвсэгтэй бөгөөд тухайн галт зэвсгийг миний төрсөн эцэг Ч.И 2000 оны эхэнд худалдан авч байсан. Хаанаас, хэн гэдэг хүнээс, хэдэн төгрөгөөр худалдан авч байсан болохыг би мэдэхгүй. 2009 онд төрсөн эцэг Ч.И-нас барахад би уг ТОЗ-8 /калибр/ загварын галт зэвсгийг өвлөж авсан ба уг галт зэвсэг төрсөн эцэг Ч.И анх худалдан авч байхад л гэрчилгээ байгаагүй. Одоо ч ямар нэгэн гэрчилгээ, бүртгэл байхгүй. Би 2024 оны 06 дугаар сарын эхээр тус аймгийн Ү сумын төвд байрлах өөрийн амбаараас ТОЗ-8 /калибр загварын галт зэвсгийг авч хөдөө байх гэртээ авч ирсэн. 2024 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай хот руу чоно орж ирэхээр нь би тухайн галт зэвсгийг ашиглаж чоно хөөх гэж галт зэвсгийн хоолойнд нь нэг сум, дайз буюу арьсан оосорт нь бас нэг сумтай үлдээж хоночхоод өглөө уг галт зэвсгийг гэрийн хойморт байрлах авдар хөлдөөгч хоёрын дунд байрлуулчхаад гэрээсээ гарч хашаа барих ажилд явсан юм. Ийм юм болсонд маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хөөрхөн хүүгээ алдсандаа маш их харамсаж байна, уучлаарай ” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 26-27, 142-149 дэх тал зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч И.Г-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосноор хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учруулсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж шийдвэрлэдэг.
Хэргийн баримтаар, шүүгдэгч И.Г нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчиж, ан агнуур, спорт сургалтын зориулалттай, ТОЗ-8 загварын, бага калибрын винтов бууг эзэмшиж, ашиглаж байсан байх ба тэрээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан журмын дагуу галт зэвсэг хадгалах үүргээ биелүүлээгүй буюу өөрийн эзэмшиж байсан ТОЗ-8 загварын бууны замгийг салгахгүйгээр хүхээгт нь сум үлдээж, зориулалтын гох цоожлогч хэрэглэхгүйгээр ил задгай орхисны улмаас бага насны хүүхэд Ц.О нь уг бууг сонирхон үзэж, барьж байх явцдаа бууны гохыг дарснаар бага насны хүүхэд Ц.О бууны суманд оногдож, амь нас нь хохирсон болох нь тогтоогдсон байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэг хүлээсэн этгээд уг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар бий болсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулна.
Шүүгдэгч И.Г нь Галт зэвсгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүний амь нас хохирох нөхцлийг бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх бөгөөд хохирогчийн амь нас хохирсон үйл баримт шүүгдэгч И.Г-ын болгоомжгүй гэм буруутай шалтгаант холбоотой байна.
Тодруулбал, шүүгдэгч И.Г нь уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч тэрээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүний амь нас хохирсон үр дагаварт хүргэсэн байх тул болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзнэ.
5. Шүүгдэгч И.Г, түүний өмгөөлөгч Б.Б нар давж заалдах шатны шүүхэд: “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хангах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5.1. Анхан шатны шүүх шийдвэртээ, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, нөхөн төлөгдөх боломжгүй хохирол учирсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх урьдач нөхцөл буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөл хангагдаагүй гэж үзнэ гэж дүгнэж, учирсан хохирлын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан шүүгдэгчид хорих ялыг сонгон оногдуулж шийдвэрлэжээ.
Хэдийгээр, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, нөхөгдөж сэргээгдэхгүй хохирол учирсан боловч хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл байгааг харгалзахгүй байх, эрүүгийн хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалтуудыг хэрэглэхгүй, улмаар тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс зөвхөн хорих ялыг сонгон оногдуулах зэргээр хязгаарлах буюу хэт явцуу агуулгаар хэрэглэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журам, зорилгод нийцэхгүй тохиолдол гарч болзошгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал болон гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэрийг анхаарвал зохино.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч И.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирлыг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, түүнд нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчихгүй гэж дүгнэж, ял хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгч И.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдсан гомдлыг хангаж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т: Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол....” гэж Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн хэд хэдэн бие даасан шинжийг тодорхойлж хуульчилсан.
Анхан шатны шүүх дүгнэлтдээ шүүгдэгчийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай талаар зөв, үндэслэлтэй дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад: шүүгдэгч И.Г-ыг гэм буруутайд тооцохдоо, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль бүрэлдэхүүний шинжээр гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байх тул зөвтгөх үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх тал /дээрээсээ 5 дахь мөр/-д: 10.6 дугаар зүйлийн 2 гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
7. Шүүгдэгч И.Г нь анхан шатны шүүх хуралдааны шийтгэх тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон, биеэр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг /1/ жил, дөрвөн /4/ сар, зургаа /6/ хоногоор тогтоох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Шүүгдэгч Б ургийн овогт И-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,
- 2 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ыг нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй гэж тус тус өөрчилж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар И.Г-ыг шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух аймгийн Ү сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай гэсэн нэмэлт ,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч И.Г нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч И.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 54 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон ял эдлэх хугацаанд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг /1/ жил, дөрвөн /4/ сар, зургаа /6/ хоногоор тогтоосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч И.Г-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН