Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 159/ШШ2026/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Монгол *******” ХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн хоорондох Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, И.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

Хэргийн индекс: 159/2025/0083/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Монгол *******” ХК-иас анх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/403 дугаар захирамж, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1. “Мэдээлэл ******* *******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан манай эзэмшлийн газарт “Монгол *******” ХК нь зөвшөөрөлгүй барьсан гараашийг татан буулгах талаар гомдол гаргаж, улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/403 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулжээ.

            2.2. Ажлын хэсэг хяналт шалгалт явуулж “... зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган газрыг чөлөөлүүлэх шаардлагатай ...” талаар тайлагнаж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн эзэмшил газарт “Монгол *******” ХК нь зохих зөвшөөрөлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээгүй барьсан автомашины гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөх тухай 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар захирамжийг гаргажээ. 

            2.3. Нэхэмжлэгчээс Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр “Хөрөнгө, өр төлбөр шилжүүлэх тухай” тогтоолын дагуу нийт 240 нэрийн барилга байгууламжийн тодорхой хэсгийг “Мэдээлэл ******* *******” ХХК-иас “Монгол *******” ХК-д балансаас балансад шилжүүлсэн бөгөөд тус гарааш нь манай байгууллагын үндсэн хөрөнгөд хамаарах буюу санхүүгийн үндсэн тайланд туссан эд хөрөнгө байсан.

            Хяналт, шалгалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2016 оны А/76, А/19 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар “Монгол *******” ХК нь өөрийн өмчлөлийн барилга, байгууламжийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулах эрхтэй гэж үзэн хамтран эзэмшигчээр бүртгэх чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох газрын албадад хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй талаар тайлбарлаж байсан хэдий ч бодит нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, хууль зүйн үндэслэлгүйгээр албадан чөлөөлөх шийдвэр гаргасан.

            Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны А/403, А/416 дугаар захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчиж байгаа талаар эрх зүйн үндэслэлийг тогтоогоогүй гэж нэхэмжлэл гарган маргадаг.  

            Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч “Монгол *******” ХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч нь аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/403 дугаар захирамжийн дагуу 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус байгууллагын Сэлэнгэ аймаг дахь *******гийн үйлчилгээний газрын арын хашаанд байрлах гараашын барилга, газар эзэмших эрхийн байдалд хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан байх бөгөөд түүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гарч, обьектыг албадан чөлөөлсөн. “Монгол *******” ХК нь төрийн 66 хувийн давамгай оролцоотой буюу төрийн өмчийн оролцоотой компани юм. Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг мөрдөн ажилладаг. Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр “Хөрөнгө, өр төлбөр шилжүүлэх тухай” тогтоолын дагуу нийт 240 нэрийн барилга байгууламжийн тодорхой хэсгийг “Мэдээлэл ******* *******” ХХК-иас “Монгол *******” ХК-д балансаас балансад шилжүүлсэн бөгөөд барилга байгууламжийг шилжүүлэхтэй газартай холбоотой асуудлыг орхигдуулсан байдаг. Манай байгууллагын зүгээс дээрх 240 нэр төрлийн барилгад (Сэлэнгэ аймгийн ******* барилга, газар хамаарна) хамаарах газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тухай бүр гаргаж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2016 оны А/76, А/19 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар “Монгол *******” ХК нь өөрийн өмчлөлийн барилга, байгууламжийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулах эрхтэй гэж үзэн хамтран эзэмшигчээр бүртгэх чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох газрын албадад хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах бүрэн эрхтэй гээд 11.8 дахь хэсэгт “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах” гэж заасны дагуу тус гарааш нь манай байгууллагын үндсэн хөрөнгөд хамаарах буюу санхүүгийн үндсэн тайланд туссан эд хөрөнгө байсан. Энэ тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/403 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хяналт, шалгалтын үеэр тайлбарлаж байсан хэдий ч бодит нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, хууль зүйн үндэслэлгүйгээр албадан чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар “Газар албадан чөлөөлөх” захирамжид Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн дагуу гомдол гарган 2025 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 03/645 тоот албан бичгээр хандсан боловч, гомдлыг хянан шийдвэрлэлгүйгээр захиргааны актад хуулийн дагуу гомдол гаргах эрхийг олголгүйгээр газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан байна.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар “Газар албадан чөлөөлөх” захирамжийн үндэслэх хэсэгт “... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 “газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” хэсгийг үндэслэсэн байх хэдий ч газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй бөгөөд гараашын байр талбайн төлөв байдлыг доройтуулсан нөхцөл байдлыг үүсгээгүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн үйлдэл байна.

            Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1225 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн 1.1 дэх хэсэг дэх “... 1995 онд 1 автомашины гарааш гэх газрын байршил тодорхойгүйгээр бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэсэн хэдий ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчиж байгаа талаар эрх зүйн үндэслэлийг тогтоогоогүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар “Газар албадан чөлөөлөх” захирамж нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсгийг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” 47.1.6 дахь хэсэгт “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/403 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар газар албадан чөлөөлөх тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар мэдээллээ өгсөн байгаа учраас товч дурдана.

            Ажлыг хэсэг байгуулах тухай захирамжийг яагаад хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гаргах, татгалзах гаргах боломжийг хангах буюу захиргааны байгууллагын үйл ажиллагаа ашиг сонрхлын зөрчилгүй байх ёстой гэдэг хуулийн зохицуулалт байна. Манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж газрын асуудлаар маргаж байгаа “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарын удирдлагыг ажлын хэсэгт оруулаад гишүүнээр ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаа болж байна гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т тухайн захиргааны шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу байх хэрэгтэй.

            Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн зохицуулалт буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд хязгаарлалт байгаа. Үүний 14.3.2-т өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө, 14.3.3-т албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө захиргааны байгууллагыг төлөөлж болохгүй гээд хязгаарлалт байгаа. Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг үүсгэж Газрын тухай хуулийн дагуу маргаантай байгаа 2 байгууллагын нэгийг нь буюу захиргааны байгууллагыг төлөөлөх этгээдээр ажлын хэсгийн гишүүнд оруулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг зарчмыг зөрчиж байгаа, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны акт болж байгаа тул хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Албадан чөлөөлөх захирамжид заасан Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлага байхгүй. Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг захирамж дээрээ дурдсан байдаг. Өмнөх шүүх хуралдаанд тодруулаад явахад зүйл заалтын хүрээнд үндэслэл болсон зүйл байхгүй. Мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон газрын төлөв гэх талаахх дүгнэлт шийдвэр байхгүй. Гол үндэслэл нь “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбар нь *******ний цамхаг барихтай холбоотой асуудал үүссэн байдаг. Түүний хүрээнд газар албадан чөлөөлөх ажиллагааг явуулж байгаа. Газар албадан чөлөөлөх ажиллагаа явуулахдаа хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Бүрэн тогтоогоогүйтэй холбоотой асуудал бол ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй хүн орж ирээд хэт нэг талын мэдээллээр шийдвэр гараад явсан байна гэж харж байна.

            Манай байгууллага төрийн өмчийн 66 хувийн оролцоотой хувьцаат компани байдаг. Гарааш байгаа газар нь Мэдээлэл ******* ******* компанийн нэр дээр байдаг боловч “Монгол *******” ХК-д Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хөрөнгө шилжиж ирсэн байдаг. Тэр хөрөнгө юу вэ гэхээр мэдээж “Монгол *******” ХК-ийн эзэмшиж байгаа барилга байдаг. Барилгын тодорхой талбарыг блансаас бланс руу шилжүүлэхдээ Төрийн өмчийн хороо газрын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байдаг. Газрын асуудал шийдэгдээгүй явж байгаад сүүлд холбогдох ажлын хэсгүүд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Барилга хот байгуулалтын яамны ажлын хэсгүүд гараад Монгол ******* компани мэдээлэл ******* ******* компанитай блансаас бланс руу хэрэгжүүлсэн барилгынхаа газрыг хамтран эзэмших эрхтэй юм байна гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбоотой асуудал олон жил үргэлжлээд явж байгаа зүйл байдаг. Үүнийг Монгол ******* компаниас Засаг даргад ажлын хэсэгт нь тухай бүрд нь мэдээлэл өгсөн. Захирамж шийдвэр гарсны дараа бид нар Захиргааны ерөнхий хуулийн дагуу гомдол гаргасан. Гомдол гаргаад байхад манай байгууллалгын гомдол гаргах эрхийг шийдвэрлэхгүйгээр албадан чөлөөлөх ажлыг шууд хийсэн байдаг. Захиргааны акт 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Бид 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан. Гомдол шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр 9 дүгээр сарын 09-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн байдаг. Энэ нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Ийм байдлаар хууль тогтоомж хэрэгжээд хуульд нийцэж байна гэж үзвэл газрын албаны мэргэжилтнүүдийн зүгээс танай байгууллагын нэр дээр байхгүй газар дээр та бүхэн барилга байгууламж бариад байгаа нь хууль бус байна гэсэн дүгнэлт хийдэг. Гэхдээ төрийн өмчийн оролцоотой барилга байгууламж төрийн өмчит компниудын газрын асуудал онцлогтой. Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь заалтанд төрийн өмчийн оролцоотой компаниудын газартай холбоотой шийдвэр гаргахад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас асуудлыг тодруулж саналыг авахаар заасан. Тэгэхээр ажлын хэсэг Засаг даргын зүгээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тухайн мэргэжлийн төрийн өмчтэй холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдсон байгууллагаас тодруулга мэдээлэл аваагүйгээр шийдвэр гаргасан нь буруу байна гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдалтай холбоотой тодруулгыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манай байгууллага тодруулгыг өгсөн шүүхийн зүгээс тодруулга авсан. Төрийн өмчийн оролцоотой компаниудын өмчид хууль бусаар халдсан үйлдэл болж байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            4.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаартай захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэх талаар:

            Тус захиргааны актын хууль зүйн үндэслэл хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 60.1.21, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “газар албадан чөлөөлөх” тухай захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх...” гэх заалтад нийцүүлэн захиргааны акт гаргасан. Аймгийн “Мэдээлэл ******* *******” ХХК нь аймгийн Засаг даргад хандан “Монгол *******” ХК нь “...зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг гарааш барьсан тул газрыг чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/403 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулагдан хяналт шалгалт хийж гүйцэтгэн дараах чиглэлээр бодит нөхцөлүүд тогтоогдсон. Үүнд:

            2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 319 дугаартай захирамжаар “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн 2 дугаар багийн нутагт байрлах албан конторын зориулалттай 171205******* нэгж талбарын дугаар бүхий 2237.9 м.кв газрыг тус тус 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Хяналт шалгалтаар автомашины гарааш нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, газрын гэрээ гэрчилгээгүй ч “Монгол *******” ХК-ийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайланд 1995 онд 1 автомашины гарааш гэх газрын байршил тодорхойгүйгээр бүртгэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн байна. Гараашийн барилга байгууламжийн хийц хэмжээсийг 2021 оны байгууллагын санхүүгийн тайлан бүртгэлд 73.3 м.кв талбай бүхий 3 автомашины гарааш бүртгэн, хяналтын хэмжилтийг хийхэд автомашины 6 гарааш нь 120 м.кв газрыг эзэлж байгаа бөгөөд 2012 онд уг газар дээр шинэ баригдсан байна. “Мэдээлэл ******* *******” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын 120 м.кв газрыг 2012 онд “Монгол *******” ХК нь зөвшөөрөлгүйгээр 6 автомашины гарааш барьсан байх тул эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдсан автомашины гараашийг буулган чөлөөлүүлэхээр Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д нийцэж байх тул аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаартай захирамж нь хууль тогтоомж болон захиргааны акт гарах болсон зорилгодоо нийцүүлэн тус захиргааны актыг хуульд нийцүүлж гаргасан.

            Захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлын тухайд: “Мэдээлэл ******* *******” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2 дахь хэсгийн 4.2.5-т “... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ...”, 4.2.6-т “.. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ... зарчмыг баримтлан мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргахад сонсох ажиллагааг явуулж, Сүхбаатар сумын газрын даамлаас 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай “Газар чөлөөлөх тухай” мэдэгдэх хуудсаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн, захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий, урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан захиргааны акт гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг ханган аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаартай захиргааны актыг гаргасан. Иймд нэхэмжлэгч “Монгол *******” ХК-ийн шүүхэд гаргасан “аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

            4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харилцаа холбоо компани нь анх 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр захирамжаар 3200 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Хуучин цагаан гэрчилгээтэй, сүүлд 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 319 дүгээр захирамжаар “Мэдээлэл холбоо *******” ХХК 2230 м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Сүүлд 2011 он, 2012 онд “Харилцаа холбоо” ХК-ны газар дээр 6 ширхэг гарааш баригдсан. Тухайн үед 2 байгууллагын 2 дарга харилцан тохиролцоод барьсан гэж ойлгож байгаа. Газрын тухай хуулиар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газар дээр зөвшөөрөлгүй гарааш барьсан гэж үзэж байгаа. Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор 196 м.кв ******* ******* барилгыг Монгол ******* компанид олгосон байгаа. Тухайн барилга 1 давхар нь ******* *******х 2 давхар нь Мэдээлэл ******* өмч болдог. Хэрвээ тухайн барилга 1, 2 давхар тэр чигтээ Мэдээлэл  холбоо *******ний газар эсвэл Шууданд байсан бол тухайн тогтоолоо үндэслээд эрхээ шилжүүлэх боломжтой. 1, 2 давхар өөр өөр хүний өмч учраас тэрийг хэн нэгний эзэмшилд шилжүүлэх боломжгүй. 2025 оны 7 дугаар сард Мэдээлэл ******* ******* компаниас удаа дараа манайд албан тоот хүргүүлсэн. Манай эзэмшлийн газарт “Монгол *******” ХК гарааш барьсан, чөлөөлөхгүй байна сум орон нутгийн хөгжилд цамхаг барих шаардлагатай учраас чөлөөлж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Түүний дагуу 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр газар чөлөөлөх мэдэгдлийг би өөрийн биеэр аваачиж өгсөн. Тухайн үед би Сүхбаатар сумын инженер шугам *******г хариуцан ажиллаж байсан учраас өгсөн. Ажлын хэсэг байгуулагдаад 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр албадан чөлөөлөх үйл ажиллагаа болсон. Тухайн үйл ажиллагаанд Мэдээлэл ******* ******* компанийн Д.А******* дарга, “Монгол *******” ХК-иас Д.Очирсайхан дарга, Газрын харилцаанаас миний бие, цагдаагийн бүрэлдэхүүнтэй чөлөөлөх үйл ажиллагаа явагдсан. Миний ойлгосноор 2 тал оролцоод харж байгаа тул хэн хэн нь харилцан зөвшилцсөн гэж ойлгож байна. Бид хоорондоо ажлын хэсэг байгуулах болон албадан чөлөөлүүлэх захирамжаа уншиж танилцуулаад чөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ гээд журмын дагуу чөлөөлсөн.” гэв.

            4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аймгийн Засаг даргын 2 захирамжтай холбоотой тайлбарлаж байна. Манай зүгээс аймгийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/403 дугаартай ажлын хэсэг байгуулах захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж байна. Мэдээлэл холбоо ******* компани нь аймгийн Засаг даргад 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр хүсэлт гаргасны дагуу тус ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг байгуулахдаа Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хуульд зааснаар гаргасан өргөдлийг үндэслээд 403 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тухайн А/403 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамжид аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Иргэдээс төрийн байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу Мэдээлэл холбоо *******ний газрын даргыг оролцуулсан болохоос тухайн төлөөлөлтэй холбогдсон Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Захирамжийн дагуу ажлын хэсэг тухайн газар дээр очиж хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын ажлын хэсгээр “Мэдээлэл холбоо *******” ХХК болон “Монгол *******” ХК-ийн салбарын дарга Д.Очирсайхан даргыг тус тус байлцуулан хяналт шалгалт явуулсан байдаг.

            Аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хууль тогтоомж нь зорилгодоо нийцсэн эсэх Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 60.1.21, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн захиргааны актыг гаргасан байдаг. Захиргааны актыг гаргахдаа тухайн ажлын хэсгийн хяналт шалгалтаар “Мэдээлэл ******* *******” төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэгж талбарын дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр зөвшөөрөлгүй “Монгол *******” хувьцаат компани 6 ширхэг авто машины гарааш барьж 3 автомашины гараашийг иргэдэд худалдан борлуулсан байна гэх тайлбарыг өгсөн байдаг. Аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даамал хяналт шалгалт явуулсны үндсэн дээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна гэж үзсэний үндсэнд аймгийн Засаг даргын газар албадан чөлөөлөх тухай захирамж гарсан байдаг.

            Мөн тухайн аймгийн Засаг даргын захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.1.4.2-т зааснаар сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан байдаг. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даамал И.А*******аас 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг “Монгол *******” ХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарын дарга Д.Очирсайханд өгсөн байдаг. Аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль  тогтоомж болон зорилгодоо нийцсэн байх тул нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

            Тав. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал:

            5.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын төлбөрийг манай компани 2007 оноос хойш байнга төлж байгаа 2 компани хоорондоо зөвшилцөж шийдвэрлэхгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манай өмчийн газрыг зохицуулах эрх байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Монгол *******” ХК-д 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А/13650 гэсэн газар эзэмших эрхийн тухай гэсэн бичигтэй 2007 оны нэхэмжлэгчийн дурдаж байгаа “Өр төлбөр шилжүүлэх тухай” Төрийн өмчийн хорооны тогтоол дээр байгаа талбайн хэмжээнд 10,000,000 төгрөгийн хөрөнгөөр Монгол ******* компани руу шилжинэ гээд Сэлэнгэ аймгийн 3 сумтай төвийн 2 давхар барилгын зөвхөн 1 давхрын булангийн хэсгийг Монгол ******* компани өгөхөөр болж тогтоол гарсан.

            Энэ тогтоолын дагуу бүх газар буюу 2230 м.кв газар манайд 40 жилийн эзэмших хугацаатай гарсан байсан. 2011 онд юм уу 2012 онд Монгол ******* компанийн дарга агсан н.Давааням гэж хүн дураараа 6 гарааш бариад 3-ыг нь хувь хүнд худалдан борлуулсан. Монгол ******* компаниас өгсөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу гаргасан саналуудын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээр шилжүүлсэн барилга байгууламжийн доорх газар бүхэлдээ Мэдээлэл холбоо ******* компанийн эзэмшилд байна гээд А/13650 гэсэн албан бичигт дурдсан. Хэрвээ энэ газар дээр ямар нэг түр ашиглах эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор биш байнгын зориулалттай салшгүй бэхлэгдсэн барилга байгууламж болон бусад зүйлс нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус заасан. Иймд нийслэл дүүрэг, сумын төвүүдэд байгаа Монгол ******* компанийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрыг Мэдээлэл холбоо ******* компанийн зөвшилцөн тогтоож заагийн зургийг гарган газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан эзэмшлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж гарсан болохоос Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас манай газрын гэрчилгээг өөрчилсөн зүйл байхгүй.

            Манай газар дээр дураараа барилга байгууламж барьсан байх тул манай компанийн зүгээс 2025 оны 6 дугаар сард албан бичгээ Засаг даргад хүргүүлсэн. Мөн Засаг даргад хүргүүлэхээс өмнө Монгол ******* ******* компаниас албан тоотыг илгээсэн. Тэр илгээсэн хариу нь хэрэгт хавсаргагдсан байгаа. 2025 оны 5 дугаар сард О.Отгонбаяр гэж хуулийн хүнтэй хамт 2 хүн ирээд би өөрийн биеэр уулзаад манай газар дээр 6 гарааш баригдсан бид нар газар зохицуулах заавал шаардлагатай байна гээд араас нь албан бичгээр хүргүүлж байсан. Газар нь манайх бөгөөд газар дээрээ бид 45 метр цамхаг барьсан нь нийтэд илэрхий баримт бөгөөд харилцаа ******* *******г сайжруулсан аймаг орон нутгийн хөгжилд маш чухал түлхэцтэй ажлын хийсэн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг. “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/403 дугаар захиармжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагын тухайд:

1.1. Гуравдагч этгээд “Мэдээлэл ******* *******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 25/51 тоот албан бичгээр[1] “...цамхаг барих манай төрийн өмчийн эзэмшлийн газарт “Монгол *******” ХК-ийн Сэлэнгэ аймгийн үйлчилгээний газар нь зөвшөөрөлгүй 6 ширхэг гарааш барьсан тул газрыг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/403 дугаар захирамжаар хянан шалгах ажлын хэсгийг байгуулжээ. 

1.2 Нэхэмжлэгч “Монгол *******” ХК-иас тус ажлын хэсэг байгуулсан захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...тус ажлын хэсэгт гомдол гаргасан “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын дарга Д.А*******г оролцуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус” гэж тайлбарласан.

1.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан тул хэргийн оролцогчдын маргаж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь тус захиргааны актын үндсэн шинжүүдийг бүрэн хангасан байвал зохино.

1.4. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/406 дугаар захирамж нь захиргааны актын шинжийг агуулаагүй нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар учруулаагүй захирамжилсан шийдвэр биш байна.

1.5. Тодруулбал, “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон маргаж буй ямар субъектив эрх сэргэх нь тодорхойгүй, Засаг даргаас “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг гаргахдаа дээрх ажлын хэсгийн хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэл болгоогүй, уг ажлын хэсэг нь маргаан бүхий асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй, бие даасан, захирамжилсан шийдвэр биш тул захиргааны хэргийн шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй.   

1.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Монгол *******” ХК-иас гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/406 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            Хоёр. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.  Нэхэмжлэгчээс анх 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай гэж өөрчилсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан боловч энэ тохиолдлын хувьд маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан хугацаанд акт хэрэгжиж газар чөлөөлөх ажиллагаа явагдаж дууссан байх тул нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Тодруулбал, нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар захирамжийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч гомдол хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж дуусан байна.

2.2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлх тухай” А/416 дугаар захирамжаар “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн эзэмшил газарт “Монгол *******” ХК нь зохих зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй барьсан авто гараашийг чөлөөлж, албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр “Хөрөнгө өр төлбөр шилжүүлэх тухай” тогтоолын дагуу нийт 240 нэрийн барилга байгууламжийн тодорхой хэсгийг “Мэдээлэл ******* *******” ХХК-иас “Монгол *******” ХК-д балансаас балансад шилжүүлсэн...,

Барилга хот байгуулалтын яам, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын даргын 2016 оны А/76, А/19 дүгээр хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар “Монгол *******х” ХК нь өөрийн өмчлөлийн барилга байгуудамжийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулах эрхтэй гэж үзсэн.

...тус гарааш нь манай багууллагын үндсэн хөрөнгөд хамаарах буюу санхүүгийн үндсэн тайланд туссан эд хөрөнгө байсан. Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь заалтад төрийн өмчийн оролцоотой компаниудын газартай холбоотой шийдвэр гаргахад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас асуудлыг тодруулж саналыг авахаар заасан. Тэгэхээр ажлын хэсэг Засаг даргын зүгээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тухайн мэргэжлийн төрийн өмчтэй холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдсон байгууллагаас тодруулга мэдээлэл аваагүйгээр шийдвэр гаргасан нь буруу. Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламж дан ганц Газрын тухай хуулийг баримтлан халдах боломжгүй,  

Маргаан бүхий актад гомдол гаргасан байхад гомдлыг хянан шийдвэрлэхгүйгээр шууд албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн нь хууль бус.

Захирамжид Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтыг үндэслэлэсэн байх боловч газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан талаар мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, ажиллагааг хийгээгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчиж байгаа талаар эрх зүйн үндэслэлийг тогтоогоогүй... гэж, 

2.4. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ “...Мэдээлэл ******* *******” ТӨХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 120 м.кв газарт “Монгол шуулан” ХК нь 2012 онд зөвшөөрөлгүйгээр 6 автомашины гарааш барьсан байх тул зохих зөвшөөрөлгүй баригдсан гараашийг албадан чөлөөлсөн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан. ...Сүхбаатар сумын газрын даамлаас 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай “Газар чөлөөлөх тухай” мэдэгдэх хуудсаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаарддлагыг хангасан...” гэж,

2.5. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор аймаг бүрийн байр талбай доторх “Монгол *******” ХК-ийн байр талбайг зааглан шилжүүлсэн ба Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1980 онд ашиглалтад орсон 947.1 м.кв 2 давхар байрны 1 дүгээр давхрын 169.4 м.кв нь “Монгол *******” ХК-ийн өмч гэдгийг баталгаажуулсан болно.

...Маргаанд хамаарагдаад байгаа газар нь 2006 онд “Монголын цахилгаан холбоо” ХК-иас салахад манай компанийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн газар бөгөөд тухайн газарт “Монгол *******” ХК нь албан ёсны зөвшөөрөл, гэрээ, эрхийн бичиггүйгээр автомашины 6 гарааш барьж, 3 гараашийг хувь хүмүүст худалдсан байсан. ...Бид газрыг чөлөөлүүлснээр орон нутгийн харилцаа ******* хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр 45 метрийн өндөр цамхаг барьсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж нь төрийн байгууллагын газар эзэмшил, ашиглалтын талаар хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, хууль ёсны ашиглалтын дэг журмыг хангах зорилготой зөв шийдвэр...” гэж тус тус тайлбарлан маргасан.

Гурав. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Маргаан бүхий гарааш байрлаж байсан газрыг анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр[2] Сэлэнгэ аймаг дахь Харилцаа холбоо компанид 40 жилийн хугацаатай албан хэрэгцээний зориулалтаар олгожээ.

3.2. Монгол улсын Засгийн газрын 2006 оны “Шуудангийн үйлчилгээний зориулалтын байрыг шилжүүлэх тухай” 195 дугаар тогтоол[3] гарч, улмаар Төрийн өмчийн хорооны 2007 оны 11 дүгээр[4] тогтоолоор нийслэл, аймаг, сумын төвүүдэд *******гийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа 240 нэрийн барилга байгууламжийн 10314,05 квадрат метр талбай бүхий хэсгийг “Мэдээлэл ******* *******” ТӨХХК-иас “Монгол *******” ХК-д балансаас балансад шилжүүлсэн бөгөөд уг жагсаалтын 20-д Сэлэнгэ аймгийн Холбооны барилгын 169.4 мкв-ийг “Монгол *******” ХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч газрын асуудлыг шийдвэрлээгүй байна.

3.3. Улмаар “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбар 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Газар эзэмшлийн гэрчилгээ солиулах, мөн шинээр авах тухай” хүсэлт, “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* газар 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Газар эзэмшлийн гэрээ гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт гаргаснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 319 дүгээр захирамжаар[5] 2 дугаар багийн нутагт байрлах “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн албан конторын зориулалттай 171205******* нэгж талбарын дугаар бүхий 2237.9 мкв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрчилгээ олгон 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

3.4. Үүний дараа нэхэмжлэгч “Монгол *******” ХК-ийн Сэлэнгэ аймгийн *******гийн үйлчилгээний газар 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын албанд хандан “...Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоолын дагуу өөрсдийн эзэмшлийн байртай болсон тул зохих газрыг олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот албан бичгээр “2008 оны дээрх хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй тул шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

3.5. Тус гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/368 тоот албан бичгээр[6] “...Засаг даргын 2007 оны 319 тоот захирамжаар 2237,9 мкв газрыг албан конторын зориулалтаар эзэмшүүлэн баталгаажуулсан байна. ...Төрийн өмчийн 2 компанийг зөвшилцүүлэх талаар манай байгууллагын холбогдох мэргэжилтнүүд “Мэдээлэл ******* *******” ХХК-д хандсан боловч одоог хүртэл асуудлыг зөвшилцөн шийдвэрлэхгүй байгаа тул дараагийн шатны хуулийн байгууллагад хандан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэх агуулга бүхий хариу хүргүүлжээ.

3.6. Энэ хугацаанд “Монгол *******” ХК нь 2012 онд “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн эзэмшлийн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг гарааш барьсан бөгөөд “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 25/15 тоот[7] албан бичгээр Сэлэнгэ аймгийн ******* үйлчилгээний газрын дарга Г.Ган-Эрдэнэд хандан  “...өөрийн газарт 45 метр цамхаг барихаар шийдэгдсэн тул манай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгын газрыг яаралтай чөлөөлж өгнө үү” гэж мэдэгдэхэд “Монгол *******” ХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05/383 тоот албан бичгээр[8] газар чөлөөлөх боломжгүй гэх хариу ирүүлсэн байна.  

3.7. “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 25/51 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 25/47 тоот албан бичгээр[9] Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус хандан газар чөлөөлүүлэх хүсэлт гаргаснаар тус газрын  2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр мэдэгдэх хуудсаар[10] 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг нэхэмжлэгч “Монгол *******” ХК-д мэдэгджээ.

3.8. Нэхэмжлэгч мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөх ажиллагааг хийгээгүй тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/403 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжаар газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Дөрөв. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн хувьд:

4.1. Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.6, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1, Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснийг тус тус үндэслэн “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн эзэмшил газарт “Монгол *******” ХК нь зохих зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй барьсан авто гараашийг чөлөөлж, албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч “Монгол *******” ХК-ийн 6 ширхэг гарааш байрлаж байсан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх, ашиглуулах талаар ямар нэг шийдвэр гарч байгаагүй, “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн эзэмшлийн газар дээр зохих зөвшөөрөлгүй дур мэдэн гарааш барьж ашиглаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаар эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.  

  4.3. Тодруулбал, нэгэнт газрыг хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар газрыг албадан чөлөөлөх хуулийн зохицуулалттай.

4.4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Монгол *******” ХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газарт гарааш барьж 2012 оноос хойш эзэмшсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд  гуравдагч этгээд “Мэдээлэл ******* *******” ХХК-ийн гаргасан газар албадан чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж, бусдын “хууль бус” эзэмшлээс газар чөлөөлөх зорилгоор гарсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамж хуульд нийцжээ. 

Тав.  Нэхэмжлэгчээс маргаж буй “...Барилга хот байгуулалтын яам, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын даргын 2016 оны А/76, А/19 дүгээр хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар “Монгол *******х” ХК нь өөрийн өмчлөлийн барилга байгуудамжийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулах эрхтэй гэж үзсэн мөн уг гарааш нь манай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн өмч байсан. Төрийн өмчийг буулгахдаа хариуцагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлсний дараа буулгах байсан” гэх үндэслэлийн тухайд:

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж заасан байна.

5.2. Уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар[11] “...Аймаг, нийслэл, сумын төвүүдэд байгаа “Монгол *******” ХК-ийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “Мэдээлэл ******* *******” ХХК-тай зөвшилцөн тогтоож аймаг, нийслэл сумдын Засаг дарга нарт хандан газрын асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл хүргүүлэхээр” шийдвэрлэж,  улмаар мөн яамны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3732 тоот албан бичиг[12], Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/3650 тоот албан бичгээр[13]  “Монгол *******” ХК-ийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “Мэдээлэл ******* суүлжээ” ХХК-тай зөвшилцөн тогтоож, заагийн зургийг гарган аймаг нийслэл дэх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан эзэмшлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариуг  “Монгол *******” ХК,  “Мэдээлэл ******* *******” ТӨХХК-иудад хүргүүлсэн байна.   

5.3. Гэтэл “Монгол *******” ХК болон “Мэдээлэл ******* *******” ХХК нь газрын асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тул “Монгол *******” ХК-иас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/262 тоот, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/553 тоот, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01/173 тоот албан бичгүүдээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” А-1/537 тоот албан бичгээр[14] Нийслэлийн газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан “...“Мэдээлэл холбоо *******” ХХК, болон “Монгол *******” ХК-ийн хамтран эзэмшиж байгаа барилгын доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээнд “Монгол *******” ХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлж байжээ. 

5.4. Дээрхээс үзэхэд хэдийгээр Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар “Аймаг, нийслэл, сумын төвүүдэд байгаа “Монгол *******” ХК-ийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “Мэдээлэл ******* *******” ХХК-тай зөвшилцөн тогтоож аймаг, нийслэл сумдын Засаг дарга нарт хандан газрын асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэж байсан боловч “Монгол *******” ХК болон “Мэдээлэл ******* *******” ХХК нь одоог хүртэл газрын асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тул  газрын асуудлыг шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

5.5. Мөн нэхэмжлэгч “Монгол *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...холбогдох байгууллагаас эзэмших эрхтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүн дээр Мэдээлэл ******* ******* компаниас шалтгаалаад нэг бол сууриар тодорхой нэгж талбарыг нийцүүлээд газраа хувааж эзэмших нөхцөл байдал яригдаж байсан. Хүсэлт гаргаж кадастр хийлгээд явсан учраас энэ хүрээнд манай байгууллага эзэмшиж ашиглах юм байна гэдэг дүгнэлтээ хийгээд гараашаа барьсан” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар маргаан бүхий гараашийг нэхэмжлэгч дээрх ажлын хэсгийн шийдвэр гарахаас цаг хугацааны хувьд өмнө буюу 2012 онд барьсан болох нь тогтоогдож байх тул энэ талаар тайлбарыг хүлээн боломжгүй. Энэ тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ хамаарахааргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Монгол *******” ХК-ийн үндсэн хөрөнгөд 1995 онд бүртгэгдсэн 1 ширхэг гарааш нь 2012 онд баригдсан 6 ширхэг гараашийн газартай байршлын хувьд өөр, мөн эдгээр гараашууд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

5.6. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан бөгөөд бусдын эзэмшил газар дээр зохих зөвшөөрөлгүй баригдсан үл хөдлөх хөрөнгө нь төрийн өмчийн эд хөрөнгө гэх үндэслэлээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, газар эзэмших, ашиглах талаарх хуульд заасан нөхцөл шаардлага, газар эзэмшигч, ашиглагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гаргасан шийдвэр дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

5.7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах” 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах” гэж тус тус заажээ.

5.8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, данснаас хасах саналыг хянаж батлах шийдвэр гаргах эрх нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт олгогдсон байхад нэхэмжлэгч “Монгол *******” ХК болон гуравдагч этгээд “Мэдээлэл ******* *******” ХХК-иуд нь тухайн маргаан бүхий гараашуудын эзэмшил, ашиглалтын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт нэг ч удаа хандаж байгаагүй атлаа хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь гараашийг албадан буулгахаасаа өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санал, дүгнэлт авах ёстой байсан гэж буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

5.9. Өөрөөр хэлбэл байгууллагууд хоорондын газрын маргаантай асуудлыг эрх бүхий байгууллагууд нь эцэслэн шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн асуудлаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан шийдвэрлүүлэх арга хэмжээг аваагүй болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий гараашийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, дүгнэлт авах нь Засаг даргын үүрэг гэж үзэж, зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан тухай өргөдөл гомдлын дагуу хуульд заасан газар чөлөөлөх үүргээ хэрэгжүүлсэн хариуцагчийг буруутгахааргүй байна.

5.10. Тодруулбал, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д зааснаар газрыг албадан чөлөөлөхдөө төрийн байгууллага болон бусад этгээдээс зөвшөөрөл авах үүргийг Засаг даргад хуулиар хүлээлгээгүй, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, зохицуулах үүрэг нь тухайн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байхад хоёр байгууллага харилцан зөвшилцөж чадахгүй байгаа уг асуудалд дан ганц Засаг даргыг буруутган түүнийг төрийн өмчийг хууль бусаар буулгасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...хариуцагч нь Төрийн өмчийг буулгахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлсний дараа буулгах байсан. ...хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Зургаа. Нэхэмлэгчийн маргаж буй “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтыг үндэслэлэсэн байх боловч газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан талаар мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй.  Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, ажиллагааг хийгээгүй” гэх үндэслэлийн тухайд:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан  “...Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасныг үндэслэсэн боловч 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчсөн гэж үзэж газар албадан чөлөөлөх захирамж гаргасан” гэх тайлбар болон хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/416 дугаар захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтын агуулга /Аймгийн Мэдээлэл ******* *******” ХХК-ийн эзэмшил газарт Монгол ******* ХК нь зохих зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй барьсан авто гараашийг чөлөөлж албдан буулгаж газар чөлөөлсүгэй/ зэргээс үзэхэд хариуцагч нь зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан гэх үндэслэлээр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гаргасан атлаа захирамжийн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасныг баримталсан нь буруу боловч энэ нь уг захирамжийг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол *******” ХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/403 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол *******” ХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/416 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА

 

 

 

 

 

   

 

 

 

[1] 1 хх-ийн 29 дүгээр хуудас

[2] 1 хх-ийн 48 дугаар хуудас.

[3] 1 хх-ийн 153 дугаар хуудас.

[4] 1 хх-ийн 86-90 дугаар хуудас.

[5] 1 хх-ийн 45 дугаар хуудас.

[6] 1 хх-ийн 91 дүгээр хуудас.

[7] 1 хх-ийн 60 дугаар хуудас.

[8] 1 хх-ийн 57 дугаар хуудас.

[9] 1 хх-ийн 58 дугаар хуудас.

[10] 1 хх-ийн 33 дугаар хуудас.

[11] 2 хх-ийн 54-56 дугаар хуудас.

[12] 1 хх-ийн 9 дүгээр хуудас.

[13] 1 хх-ийн 8 дугаар хуудас.

[14] 1 хх-ийн 10 дугаар хуудас.