| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0044/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 88
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г-т холбогдох эрүүгийн 1718003600184 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г-, 1978 оны 01 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор суманд төрсөн, - настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, жолооч, ам бүл ганцаараа Дархан-Уул аймаг Дархан сумын - дугаар баг - дүгээр гудамж - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Г- нь 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн 9 дүгээр гудамж 142 тоот хашаанд 4246 ДАХ улсын дугаартай Avente XD маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 2 настай Н.Эрхсаранг дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г- нь 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 9 дүгээр гудамж 142 тоот хашаан дотор 4246 ДАХ улсын дугаартай Hyundei маркийн Avanтe XD загварын автотээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17 "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүднээс чөлөөлөгдөхгүй" дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 2 настай Н.Эрхсаранг дайрч эрүүл мэндэд "гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны зөрөөтэй битүү хугарал, тархины хүнд зэргийн няцрал, тархи доргилт, дух, дагзны хуйхны шарх, баруун чамархай, нүүр, баруун мөрний зугаралт" бүхий хүнд хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г-ын өгсөн: 2017 оны 11-р сарын 02-ны шөнө 03 цагийн үед Дархан сумын 7-р баг Сэргэлэнгийн 9-142 тоотод байдаг хашаандаа ирж хашаан дотор машинаа оруулж тавиад машин дотроо унтсан. Би машиндаа унтаад өглөө 08 цагийн үед боссон. Тэгээд босоод машиныхаа ойр зуурын юмыг хийгээд угааж зүлгээд байж байсан. Би хашаандаа гэртээ ганцаараа байдаг. Манай байшин их хүйтэн болохоор би машин дотроо унтчихдаг. Би биржийн урдаас Баяндаваа, Ногоон зоорь, Хүнсний зах, Наран толгой руу таксинд халтууранд явдаг. Тэгээд би тэр өглөө 08 цагт босчихоод машиндаа юмаа хийж дуусчихаад машинаа асаагаад хойшоо ухраад зогсоод машинаа арчиж цэвэрлээд, машин дотроо ундаа уугаад сууж байхад манай хөрш айлын Мягмарсүрэн хүрч ирээд миний машины баруун талын хаалган дээр ирээд “Ах та орж цай уу. Хоол хийчихсэн байгаа. Тамхиа аваад буугаад ирээрэй“ гэж хэлээд байж байтал хашааны тэндээс жоохон хүүхэд гараараа миний машин руу заагаад орилсон. Тэгээд Мягмарсүрэн “юу билээ гээд манай хүүхэд хаана байна” гээд тэгээд Мягмарсүран миний машин доогуур шагайж хараад “Хүүхэд дайрчихсан байна шүү дээ” гэж хэлээд жаахан урагш бол гэж хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад жаахан урагш хөдлөөд машинаас буугаад хартал миний машины баруун урд талын дугуйн доороос Мягмарсүрэн өөрийнхөө 2 настай эмэгтэй хүүхдийг татаж гаргаж ирээд эмнэлэг явсан. ...Би хашаан дотроо машиндаа хоночихоод өглөө босоод машинаа ухрах үйлдэл хийхээс өмнө урд болон хоёр талын толиндоо харахдаа хүүхэд харагдаагүй. Намайг дөнгөж ухрах үйлдэл хийгээд 1-2 минут болсны дараа манай хөрш айлын Мягмарсүрэн гэрээсээ гарч ирээд над руу алхаж ирсэн гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Номин-Эрдэнийн өгсөн: ...2017 оны 11-р сарын 02-ны өдөр 10 цагийн үед манай охин 2 настай Эрхсаран гарч тоглоно гээд уйлаад байхаар нь би хамаатныхаа хүүхэд болох 3 настай Уянга гэдэг хүүхэдтэй хамт хашаан дотроо тоглож бай гэж хэлээд гэрээс хувцаслаад гаргасан. Тэр үед манай гэрт нөхөр Мягмар бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би гэртээ хоол унд хийж байгаад хоол болохоор хажуу айлын хашаанд байдаг Амбага /Г-/ ахыг цай уулгах гээд нөхрөөрөө дуудуулсан. Тэгээд манай нөхөр Мягмар гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй гэрийн гадаа манай хүүхдийн орилох дуу гарахаар нь хартал хажуу айлын хашаан дотор Амбага ахын машин доор нь манай охин Эрхсаран орилж хашхирах дуу гарч байсан. Би тэгээд гэрээс гүйгээд гараад очтол манай нөхөр Мягмар тэр үед Амбага /Г-/ ахын машин доороос хүүхдээ гаргаад авч байсан. Тэгсэн манай охин Эрхсарангийн толгойноос нь цус гарч нүүр ам шалбарч зулгарсан байдалтай уйлаад байсан. Тэгээд Амбага /Г-/ ахын машинаар Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Манай хүүхэд Эрхсарангийн гавлын яс цуурсан, цус хуралттай байна гэсэн. Яаралтай эмчилгээ хийх шаардлагатай гээд сэхээн амьдруулах руу оруулсан. Тэгээд эмч нар Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх хэрэгтэй гэж хэлсний дагуу маргааш нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгийн гэмтэл согогийн тасагт 12 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо эмчилгээ бичүүлж аваад гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. ...Эмч нар манай хүүхэд Эрхсаранг гавлын ясны цууралтын хаванг буулгаж, 1 сар харж байгаад хагалгаа хийлгэх эсэхийг шийднэ гэсэн. Одоо эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэж байгаад мөнгө төгрөг байхгүйгээс эмчилгээ нь зогсож, очиж үзүүлж чадаагүй байна. Шүүгдэгчээс 1 212 500 төгрөг авсан. Одоо 651 000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч М.Мягмарын өгсөн: 2017 оны 11-р сарын 02-ны өдөр манай дүүгийн 3 настай охин Уянга манай охин Эрхсаран нар гадаа тоглохоор хувцсаа өмсөөд гарсан. Би гадагшаа гарч хажуу талд байдаг Г- ахыг хоол ид гэж хэлчихээд машиных нь хажууд зогсож байхад манай дүүгийн охин Уянга сандраад “дүү” гэж хашхирахаар нь хартал манай охин машины мотор хэсгийн доод талд дайруулсан байдалтай хэвтэж байсан. Ингээд Ганбаа ахыг дуудаад охиноо авах гэтэл машины дугуйн доогуур орчихсон байсан болохоор нь машинаа бага зэрэг урагш болгоод охиноо татаж гаргаад Ганбаа ахтай хамт эмнэлэг дээр очсон. ...Анх машин доороос гаргаж ирэхэд миний охин Эрхсаран өмдөндөө шээчихсэн, нүүрний баруун талын шанааны арьс зулгарсан, толгойны ард талд дагзандаа хагарчихсан цус гарч байсан гэх мэдүүлэг /хх40-41/,
Гэрч Б.Ганхуягийн өгсөн: 42-46 ДАХ улсын дугаартай Avente XD маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Миний нэр дээр байдаг. Би 2014 оны 4-р сарын сүүлээр худалдан авч өөрөө унаж байгаад өөрийн ах Г-т амьдралдаа нэмэр болго гээд өгсөн. Би машинаа өгөхдөө 3 000 000 төгрөгөнд бодож өгсөн. Г- ах надад сард 300 000 төгрөг өгч байхаар тохиролцоод 3 000 000 төгрөг болохоор нь өөрийнх нь нэр дээр шилжүүлнэ гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 37/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1091 дугаар дүгнэлт:
1.Н.Эрхсарангийн биед гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны зөрөөтэй битүү хугарал, тархины хүнд зэргийн няцрал, тархи доргилт, дух, дагзны хуйхны шарх, баруун чамархай, нүүр, баруун мөрний зугаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр дайруулах, мөргөх үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх 45/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ослын дүгнэлт:
1.“Жолооч: Баатар овогтой Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Дархан Уул аймгийн ДС-н 7-р баг Сэргэлэнгийн 9-142 тоот хашаанд Аванте ХД маркийн 4246 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож ухрах үйлдэл хийх үедээ МУ-н ЗХД-н заалт зөрчсөн байна.
2.Жолооч: Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн ДС-н 7-р баг Сэргэлэнгийн 9-142 тоот хашаанд Аванте ХД маркийн 4246 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож ухрах үйлдэл хийх үедээ МУ-ын ЗХД-ийн 7-р бүлэг 7.6. "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 2 настай Н.Эрхсаранг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна.
3.Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих гэдэгт Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно. Хэрэв уг этгээд хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан боловч Уул уурхай, зам барилга, ачиж буулгах, засвар үйлчилгээ хийх зэрэг тодорхой нэг ажил үйлдвэрлэл явуулах дүрэм, заавар болон хөдөлмөр хамгааллын журам зөрчиж хор уршиг учруулсан байвал энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болохгүй гэж тайлбарласан байна" гэжээ /хх 58/,
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:
1.Жолооч Г-ын Аванте ХД маркийн 4246 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ 02 настай Н.Эрхсаранг мөргөж дайрсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Энэ талаар цагдаагийн ахмад Х.Ганболд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ослын дүгнэлт дээрээ УДШүүхийн 2006.5.29-ний өдрийн 27 тоот тогтоолыг тусгаж өгсөн байна.
2.Жолооч Г- нь Аванте ХД маркийн 4246 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ МУ-ын ЗХДүрмийн 7-р бүлгийн 7.17 "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүднээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна. МУ-ын ЗХДүрмийн тайлбарт /ухрах үйлдэл хийж байгаа жолоочийн хувьд зам орчныг харах талбай нь зарим нөхцөлд хязгаарлагдмал байдаг тул аюулгүй байдлыг хангах үүднээс бусдын туслалцааг авч болно/ гэж тайлбарласан байна.
3.Шинжээч Х.Ганболдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай ослын дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна. Учир нь дүгнэлтдээ МУ-ын ЗХДүрмийн 7-р бүлгийн 7.17 дахь заалтыг тавих байтал уг бүлгийн 7.6 дахь заалтыг тавьсан байна гэжээ /хх 118/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, өвчний түүх /хх 18/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчилгээний төлбөрийн баримт /100-111/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч талаас хавтаст хэрэгт 1 071 700 төгрөгийн баримт ирүүлснээс 484 200 төгрөгийн баримтыг үнэлж, хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн 100 000 төгрөг, өмгөөллийн хөлс 20 000 төгрөг, ДУБ ХХК-ны орлогын баримт 100 000 төгрөг, шүүх хуралдаад өгсөн "ДУБ" ХХК-ны орлогын баримт 80 000 төгрөг, буудлын гэх 287 500 төгрөгийн баримтуудаас 20 000 төгрөгийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй, барьцаат зээлийн 100 000 төгрөг нь эрүүл мэндийн улмаас гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, "ДУБ" ХХК-ны 180 000 төгрөгийн баримт нь төлбөрийн агуулга баримтаас харагдахгүй, кассын орлогын ордер номер дугааргүй, няравын гарын үсэг тайлалгүй, шүүх хуралдаанд өгсөн 287 500 төгрөгийн буудлын баримт нь огноо байхгүй зэргээс үнэлэх боломжгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна.
Гэсэн хэдий ч шүүгдэгчээс 1 212 500 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн хэдий ч 2 настай Н.Эрхсарангийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 75, 87-88 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Г-ын эзэмшлийн В ангиллын 674856 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Б.Ганхуягийн өмчлөлийн 4246 ДАХ улсын дугаартай Hyundei маркийн Avanie XD загварын автотээврийн хэрэгслийн 00659344 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г- нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Н.Эрхсарангийн хууль ёсны төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.
4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Г-ын эзэмшлийн В ангиллын 674856 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Б.Ганхуягийн өмчлөлийн 4246 ДАХ улсын дугаартай Hyundei маркийн Avanтe XD загварын автотээврийн хэрэгслийн 00659344 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ