| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000000240 |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.А |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
2025 01 15 2025/ДШМ/04
Б.А-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.А, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.А-од холбогдох, дүгээр, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Х ургийн овогт Б-ийн А
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний үед аймгийн А сумын 0 дүгээр багийн нутгаас иргэн Б.Б-ын 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, хохирогчид 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-раас шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ыг хоёр жил хоёр сар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
- шүүгдэгч Б.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,
- шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 1,000,000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь талд шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч Б.Б, гэрч Б.А, гэрч С.Б, гэрч Г.Д, гэрч Н.Ч нарын мэдүүлгээр тогтоогдсон хэргийн талаарх баримттай тохирч байгаа буюу бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Гэтэл хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “хээр зүсмийн нэг тооны даага ,хонгор гунжин /шүдлэн/ нэг тооны гүү, цагаан өсгийтэй”, гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “хээр зүсмийн даага тамга байхгүй, им байхгүй хонгор гунжин гүү, цагаан өсгийтэй, зөв гуяндаа нэгдэл дөрвөлжин ширээгүй тамгатай 2 тооны адууг Б.А-од холбоотой юм байна гэж бодсон”, гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.А гэх залуу өөрөө надад “би Р гэх нэртэй газраас тамгагүй даага барьж аваад тамгалаад У суманд оруулаад нэг айлын адуунд тавьсан байгаа” гэж хэлсэн...”, гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Р гэх газраас 2 тооны даага хулгайлж аваад тухайн даагыг тамгалаад одоо У суманд хадгалж байна гэж хэлсэн...”, гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.А нь ганцаараа өөрийнхөө пробокстой хээр зүсмийн даага авч ирж өгсөн...өөр ямар нэгэн өгсөн зүйл байхгүй. Бид хоёрын дунд өр авлага байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн, эдгээр мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь үндэслэлгүй юм.
Мөн хавтаст хэргийн 4-6 дугаар талд бэхжүүлсэн малд үзлэг хийсэн тэмдэглэл дэх хээр зүсмийн гүү нь хэрэгт хамааралгүй байхад бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн 2 тооны мал хулгайлсан гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй, харин 1 тооны мал хулгайлсан нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан зүйлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан.
1-рт, Б.А-ын үйлдлийг хүндрүүлэн яллаж байгаа бөгөөд тухайн зүйл анги нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь миний үйлчлүүлэгчийг 2 тооны мал авсан гэж яллаж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл хэсгийг харахад Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна, мөн хэргийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Прокурорын яллах дүгнэлт нь 6 нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг ялласан. Үүний нэг нь малд үзлэг хийсэн тэмдэглэл. Хулгайд алдсан хээр даага буюу миний үйлчлүүлэгчийн хулгайлсан даага нь эр даага. Гэтэл малд үзлэг хийсэн тэмдэглэлээр Ч гэх айлын малын зүстэй тохирч байгаа мал болох гүүний зургийг бэхжүүлээд миний үйлчлүүлэгчийн авсан гүү мэтээр хэрэгт хавсаргасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн авсан эр даага нь үзлэг хийхэд үхчихсэн байсан учраас адил тооны хээр зүсмийн гүүний зургийг авч бэхжүүлсэн. Үүнийг нотлох баримт гэж шүүх үзэж байгааг үндэслэлгүй гэж үзсэн.
2-рт, Б.Б болон Б.А нар хоёулаа хохирогчоор яваад байгаа. Дээрх 2 хохирогч 2 тооны мал алдсан гэх зүйлийг ярьдаг. Үүнийг шүүх үндэслэж байгаа.
3-рт, С.Б гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэж байгаа. Гэтэл С.Б-ын хэлснээр миний үйлчлүүлэгч Б.А түүний гэрт нь очихдоо: “Би 1 тооны буюу хээр зүсмийн даага хулгайлж Н.Ч-ийн гэрт аваачиж тавьсан” гэж хэлсэн гэдэг. Гэтэл гэрчид хууль сануулж, мэдүүлэг авахад 1 тооны даага авсан гэж яриад байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.А-ын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж үзээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа.
4-рт, С.Б-ын эхнэр буюу гэрч Г.Д-гийн мэдүүлэгт: 2 тооны даага гэж хэлсэн байдаг. Эдгээрийн аль аль нь цагаан өсгийтэй, хонгор зүсмийн гүү гэх мэдүүлэг өгдөггүй. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Б.А-ын мэдүүлгийг нотолж байна гэж дурддаг болохоос мэдүүлгийн зөрүүг хэрхэн няцааж байгаа, хэрэгт ач холбогдолтой эсэх, үндэслэл болох эсэх талаар тайлбар хийгээгүй байна.
5-рт, гэрч Н.Ч-ийн мэдүүлэгт: 1 тооны хээр зүсмийн даагыг надад авч ирж өгсөн, тэгээд өлсөж үхсэн гэдэг. Мөн Н.Ч-ийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт 2 тооны мал авсан мэтээр давхар тогтоогдож байна гэж дүгнэсэн.
6-рт, шинжээчийн 199 дугаартай дүгнэлтэд, алдсан 2 малын зах зээлийн үнэлгээ байгаа. Гэтэл нотлогдон тогтоогдохгүй байхад шийтгэх тогтоолын 3 дугаар талд шийдвэрийн үндэслэл болгож байгаа бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа мэтээр хэт нэг талыг барьж байгаад өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгч оролцоогүй. Прокурорын хяналтын шат буюу хэрэг шүүхэд шилжих шатнаас оролцсон. Хонгор зүсмийн цагаан өсгийтэй гүү хаана байгааг одоо болтол олж тогтоогоогүй, хэрэгт байхгүй. Миний үйлчлүүлэгч авсан эсэх нь эргэлзээтэй. Авсан бол хаана, хэрхэн, яаж зарцуулсан, үхсэн бол сэг нь хаана байгаа, магадгүй амьд байгааг ч үгүйсгэхгүй нөхцөл байдал байгаа учраас хонгор гүүг хулгайлсан, ашигласан, хувьдаа захиран зарцуулсан мэтээр яллаж байгаа нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт тогтоох боломжгүй учраас хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж шүүх тайлбарлаж байгааг өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж харж байгаа.
Үйлдэлд ял нь тохирсон байх ёстой. Миний үйлчлүүлэгчийг 2 тооны мал хулгайлан авсан гэх үйлдэл гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байхад эрх зүйн байдлыг нь дордуулж 2 адуу хулгайлж авсан гэж хүндрүүлэн зүйлчилж байгаа нь эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү.
Учир нь, хэрэв эргэлзээ бүхий байдал бий болсон тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудаар 1 тооны мал авсан асуудал байдаг. Б.А яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө яагаад 2 тооны мал авсан гэх зүйл ярьсан талаар өөрөө ярих байх гэж бодож байна. 2 тооны биш 1 тооны мал авсан нь тогтоогдож байгаа учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасан.
Хохирол төлбөрийн хувьд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Б.А Б.Б-тай уулзаж “хохирол төлбөрөө төлье, би таны 1 тооны адууг авсан нь үнэн” гээд уучлалт гуйхад өмнөөс нь “Би 4 настай буюу дөнөн гүүний ханшаар бодож авна” гээд 1,500,000 төгрөгийн өөрийн дансаар авсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шат, прокурорын хяналтын шат, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2 тооны дааганы үнэ 1,200,000 төгрөг төлсөн мэтээр тооцогдсон асуудал байгаа учраас эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзаж үзээд зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх гомдол гаргасан гэв.
6. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Б.А-ыг бусдын 2 тооны адууг хулгайлсан үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлийг тайлбарлахдаа яллагдагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан хэд хэдэн хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, яллаж байгаа нотлох баримт нь яллах талын нотлох баримт биш, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй, дутуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэх үндэслэлийг тайлбарлаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч сая давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарлахдаа хэлсэн зүйлээ мөн анхан шатны шүүх хурал дээр хэлж улсын яллагчтай мэтгэлцэж байсан. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээн, хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох бүрэн боломжтой гэж үзэж шийдвэр гаргасан байгаа.
Хэрэгт авагдсан баримтуудаар 2 тооны адууг Б.А бэлчээртээ, адуундаа байхад нь уяж аргамжиж орхисон. Дараа нь ирээд авах гэхэд 1 нь байсан, 1 нь алга болчихсон байсан гэж хэлдэг. Байсан 1 адууг У сум руу өөрийн эзэмшлийн Пробокс загварын авто машинаар тээвэрлэж ирээд өөрийн төрсөн дүүтэй гэрлэсэн хүргэн болох Н.Ч-ийн адуунд байлгаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогддог. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ч ард сууж байна. Түүнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхүүдийг нь тайлбарлаж, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулаад мэдүүлэг авсан. 1 тооны хулгайлсан адуу мөн, биш гэх зүйлийг өмгөөлөгч ярьдаг. Нэгдүгээрт мөрдөгч, прокурор болон шүүгчийн зүгээс Б.А-ын хулгайлсан 1 тооны Н.Ч-ийн адуунд байгаа адууг танихгүй. Энэ талаар Б.А нь “миний хулгайлж авсан адуу мөн, Ч манай хүргэн ахын манайд авч ирж үлдээсэн адуу мөн, тамгагүй адуу авч ирсэн, би алга болж магадгүй гээд өөрийнхөө тамгаар тамгалсан” гэх мэдүүлгийг өгдөг. 1 тооны адууг хулгайлж авч ирээд өөрийн хүргэний адуунд хадгалуулж байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.
Нөгөө адууг нь хулгайлсан эсэх, тухайн адуу одоо хаана байгаа зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй гэдэг зүйл яриад байна. Мал хулгайлах гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Яллагдагч “Хохирогчийн адуу бэлчээртээ байхад нь 2 тооны адуу барьж аваад аргамжаад орхисон, маргааш нь ирээд авах гэхэд 1 тооны адуу нь алга болсон байсан” гэх мэдүүлэг өгдөг. Хохирогчийн мэдүүлгээр тухайн 1 тооны адуу эргээд ижил сүрэгтээ нийлсэн байдал тогтоогдоогүй. Хохирогчийн адууг барьж аваад, уяж аргамжаад орхисон үеэс эхэлж хулгайлах гэмт хэрэг төгсөж байгаа, үүнд прокурор ялласан. Хэрэв тухайн адууг өөрийн Пробокс машинаар ачиж Н.Ч-ийн гэрт авч ирснээр эсвэл ачаад яваад У сум, А суманд ирснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзвэл машин механизм ашигласан болно.
Хэрэгт хяналт тавьсан, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын хувьд Б.А-ын үйлдэл нь хохирогчийн 2 тооны адууг барьж аваад өөрийн сур аргамж зэрэг зүйлээр аргамжиж, уяж ижил сүргээс нь тасалж авсан үеэс эхлээд өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж захиран зарцуулах эрх үүссэн, энэ үеэс энэ гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн байгаа.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэм буруутайд тооцож, шүүхээс 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас хорих ялын доод хэмжээнээс 2 сарын илүү ял оногдуулсан. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзээд Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг прокурорын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын төвд хэсгийн төлөөлөгч ирээд 2 тооны мал алга болсон байна гэх байдлаар надад хэрэг тулгасан. Би “1 тооны мал авсан” гэж хэлсэн бөгөөд “1 тооны мал авснаа хүлээн зөвшөөрч, нэгийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй” гэхэд “нэгэнт нэгийг нь хулгайлсан учраас хоёуланг нь хүлээчих” гээд 2 тооны мал хулгайлсан гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд 2 тооны мал аргамжсан талаар ярьсан шалтгаан нь, анхнаасаа 2 тооны мал хулгайлсан гээд хүлээн зөвшөөрсөн учраас 2 тооны мал авсан гэдгээрээ шийдүүлбэл хэрэг чинь хөнгөн шийдэгддэг гэж хэлсэн учраас тийм байцаалт өгсөн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.А-од холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.А нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний үед аймгийн А сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Б.Б-ын 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 сарын 13 болон 2024 оны 10 сарын 01-ний өдөр тус тус өгсөн: “2023 оны 3 сарын сүүлчээр, 21-ний үед байх, манай адуу нь А сумын 0-р баг Х гэх нэртэй газарт бэлчээрт байсан манай адуунаас хээр зүсмийн нэг тооны даага, хонгор зүсмийн, цагаан өсгийтэй гунжин гүү буюу нийт 2 тооны адуу хулгайд алдаад, хайгаад олоогүй. Гэтэл 2024 хавар оны байх, М нь надад “танай хулгайд алдсан 2 тооны адууг манай багийн Б.А гэх залуу хулгайлж аваад явсан юм байна” гэж хэлсэн. Б.А нь манай багийн залуу бөгөөд адуу алдах үед Б.А-ынх ойролцоо байсан. Миний алдсан хээр зүсмийн даага нь тамгагүй, унага байхад нь ширээтэй дөрвөлжин тамга маш бүдэг дарагдсан, одоо уг тамга нь харагдахгүй байх, харин хонгор зүсмийн гунжин гүү нь зөв гуяндаа нэгдэл дөрвөлжин тамгатай байсан.
Б.А нь миний 2 тооны адуу авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад надад дансаар 1,500,000 төгрөгийг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн хүний хувьд миний хохирлыг бүрэн барагдуулсан тул би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал),
- гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай адууг А сумын 0-р баг иргэн М гэх залуу хариулдаг байсан бөгөөд манай адуу А сумын 0-р баг Х гэх газарт бэлчээрлэдэг бөгөөд 2023 оны 3 дугаар сарын сүүлчээр М нь надтай утсаар ярьж, “танай хээр зүсмийн даага, цагаан өсгийтэй хонгор гунжин гүү адуундаа байхгүй байна, хайгаад олдохгүй байна” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш манайх уг 2 тооны адуугаа тэр хавиар хайгаад олоогүй юм. М “танай 2 тооны адууг Б.А хулгайлж авсан юм байна, энэ талаар надад Батжаргал хэлсэн гэж надад ярьсан тул би манай алдсан 2 адуу Б.А-той холбоотой юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн иргэний 2 тооны адуу хулгайд алдсаныг 2023 оны хавар 4 дүгээр сарын 10-ны үед багийн иргэдээс сонсож байсан. 2024 оны цагаан сарын дараа байх, тэгэж санагдаад байна, манай гэрт манай сумын М гэх хоч нэртэй Б.А гэх залуу өвс авч ирсэн. Тэгээд би өвс авч ирсэн болохоор гэрт оруулан 0,5 литрийн 1 шил архи задалсан. Тухайн задалсан архийг ууж байхад дааганы талаар үг гарсан ба тухайн Б.А гэх залуу өөрөө надад “ би Р гэх нэртэй газраас тамгагүй даага барьж аваад тамгалаад У суманд оруулаад нэг айлын адуунд тавьсан байгаа гэж хэлсэн. Манай эхнэр бас байсан. Хэн гэдэг хүний адуунд тавьсан талаараа хэлээгүй. Манай сумын иргэн М гэх хоч нэртэй хүний адуунаас тамгагүй даага барьж аваад тамгалсан талаар хэлсэн. Мөн тухайн тамгалж авсан адууг суманд хадгалж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.А манай гэрт 2024 оны цагаан сарын дараа ирсэн юм. Манайд өвс ачиж авч ирсэн. Манай нөхөр нэг шил архи задалсан. Тухайн задалсан архийг ууж байхад манай нөхөрт “ би А сумын нутаг Р гэх газраас 2 тооны даага хулгайлж аваад тухайн даагыг тамгалаад одоо суманд хадгалж байна” гэж хэлсэн. 2023 оны хавар тийм зүйл хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- гэрч Н.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 3 сарын сүүл байх, манай гэр У сумын -р багт байрлах өвөлжөөндөө байхад хадам дүү Б.А нь ганцаараа өөрийнхөө пробокс машинаар хээр зүсмийн даага ачиж авч ирээд, адуундаа байлгаж байгаарай гэж хэлээд явсан. Ямар нэгэн им тамга байхгүй даага надад өгсөн болохоор алга болж магадгүй гэж бодоод өөрийнхөө аагт олон тамгыг зөв талын гуян дээр нь дарсан. Бид хоёрын дунд өр авлага байхгүй. Б.А надад уг дааганы талаар нарийн утга учрыг хэлээгүй, өөрийн адуундаа байлгаж байгаарай гэж хэлсэн ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар /өмгөөлөгч Б.Ц-г байлцуулсан/ өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 20-ны үед А сумын 1-р баг Гозгор хар гэх газарт байж байгаад өөрийн 20 гаруй тооны адууг гээчхээд А сумын 0-р багийн нутаг шил, наран бие гэх газраар хайж яваад орой буцаж явахдаа тус багийн иргэн Б-ын 20 гаруй тооны адуу бэлчиж байхаар нь 1 тооны хээр зүсмийн даага, бага насны хонгор зүсмийн гүүг бариад өөрийн аргамжаар архалж уячхаад явсан. 2-3 хоногийн дараа уясан адуун дээрээ очиход нэг тооны даага нь байсан, харин хонгор зүсмийн бага насны гүү нь ойр хавьд байгаагүй юм. Би уг даагыг өөрийн машинд ачаад У сумын -р багт байх хүргэн ах Н.Ч-ийн хүргэж, өөрийн адуу гэж хэлээд захиж үлдээсэн. Тухайн адуу одоо байгаа бөгөөд хохирогчид буцаан өгөх гэсэн боловч уг адуугаа буцааж авахгүй, мөнгө авна гэсэн учраас 1.500.000 төгрөг өгсөн. Тухайн нэг гүү нь уясны дараа алга болсон боловч ижилдээ буцаж очоогүй бөгөөд надаас болж үхсэн, гээгдсэн байж болзошгүй учраас хохирлыг нь хамт төлсөн. Би анх удаа хулгайн хэрэг үйлдсэндээ харамсаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.А-ыг 2023 оны 3 дугаар сарын 21-ний үед аймгийн А сумын 0 дүгээр багийн нутгаас хохирогч Б.Б-ын 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-од ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.
6 Шүүхээс шүүгдэгч Б.А-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.
7. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...хэрэгт 2 тооны адуу хулгайлсныг тогтоогоогүй, гэрчүүдийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Мөн хавтаст хэргийн 4-6 дугаар талд бэхжүүлсэн малд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгасан хээр зүсмийн гүү нь энэ хэрэгт хамааралгүй байхад бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь үндэслэлгүй юм.
Шүүгдэгч 1 тооны адуу хулгайлсан нь нотлогдон тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
7.1. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “2023 оны 3 сарын 21-ний үеэр бэлчээрт байсан адуунаас 2 тооны адуу буюу хээр зүсмийн даага, хонгор зүсмийн, цагаан өсгийтэй гунжин гүү хулгайд алдсан, эргэн тойрондоо эрж хайгаад олоогүй байсан. Гэтэл манай багийн иргэн Б.А нь манай 2 тооны адууг хулгайлж авсан байсан талаар 2024 оны хавар сонссон. Б.А нь манай 2 адууг авснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад надад 1.500.000 төгрөг дансаар шилжүүлэн өгч, хохирлыг барагдуулсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн, түүний энэхүү мэдүүлэгт тусгагдсан мэдээлэл /үйл баримт/ нь гэрч Б.А, С.Б, Н.Д, Н.Ч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тухайлбал, гэрч С.Б нь 2024 оны цагаан сарын дараа гэртээ, яллагдагч Б.А-той ярилцаж байхдаа, түүнийг Р гэх нэртэй газраас тамгагүй даага барьж аваад У сум уруу ачиж оруулаад тамгалаад нэг айлын адуунд тавьсан байгаа талаар сонсож мэдсэн, тэдний хооронд болсон энэхүү яриаг Г.Д сонсож мэдсэн талаараа мэдүүлсэн.
Түүнчлэн Б.А-ын яллагдагчаар өгсөн: “Б-ын 20 гаруй тооны адуу бэлчиж байхаар нь 1 тооны хээр зүсмийн даага, бага насны хонгор зүсмийн гүүг бариад өөрийн аргамжаар аргамжиж уясан, дараа нь нэг тооны даагыг нь машиндаа ачаад У сумын -р багт байх хүргэн ах Н.Ч-ийнд хүргэж, өөрийн адуу гэж хэлээд хадгалуулсан. Тухайн адуу одоо байгаа бөгөөд хохирогчид буцаан өгөх гэсэн боловч уг адуугаа буцааж авахгүй, мөнгө авна гэсэн учраас 1,500,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг нь гэрч Н.Ч-ийн: “2023 оны 3 сарын сүүлчээр байх, манай гэр У сумын -р багт байрлах өвөлжөөндөө байхад хадам дүү Б.А нь ганцаараа өөрийнхөө пробокс машинаар хээр зүсмийн даага ачиж авч ирээд, адуундаа байлгаж байгаарай гэж хэлээд явсан. Уг адуу нь манай адуунд байгаа” гэх мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй байна.
7.2. Хавтаст хэргийн 1-р талд авагдсан, аймгийн Цагдаагийн Газрын А сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Н.Б-ын 2024 оны 9 сарын 13-ны өдрийн Илтгэх хуудсаар: “Б.А-ыг 2 тооны адуу хулгайлан авч У сумын -р баг Х гэх газарт оршин суух Ч гэх хүнд хадгалуулж байгааг танилцуулсан байх ба уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрч Н.Ч-ийг байлцуулан, түүний эзэмшилд хадгалагдаж байсан хээр зүсмийн 3 настай адуу / гүү/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6-р тал/ авагдсан байна. Үзлэгээр, уг адуу зөв талын гуяндаа аагт олом тамгатай болох нь нотлогдож байх ба энэ нь гэрч Н.Ч-ийн “ямар нэгэн им, тамгагүй даага авчирсан учраас алга болж магадгүй гэж бодоод би өөрийнхөө аагт олон тамгыг зөв талын гуян дээр дарсан” гэх мэдүүлэгт тусгагдсан мэдээлэлтэй тохирч байна.
Түүнчлэн хохирогч Б.Б-ын2023 оны 3 дугаар сард хулгайд алдсан 2 тооны адуу /2023 оны 3 дугаар сарын байдлаар, 3 настай гүү 700,000 төгрөг, даага 500.000 төгрөг/-ны үнэлгээг нийт 1,200,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/ хэрэгт авагдсан байх ба хохирогч нь Б.А-оос 2 адууны хохиролд 1,500,000 төгрөг авсан талаараа мэдүүлсэн, мөн шүүгдэгчийн “...тухайн адуу одоо байгаа бөгөөд хохирогчид буцаан өгөх гэсэн боловч уг адуугаа буцааж авахгүй, мөнгө авна гэсэн учраас 1,500,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгээр 2 тооны адууны хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан нь нотлогдсон байна.
7.3. Шүүгдэгч Б.А анхан шатны шүүх хуралдаанд: Би анх цагдаад 1 тооны даага авсан, нөгөө нь ямар мал байсныг мэдэхгүй гэж хэлсэн боловч мөрдөгч намайг шахамдуулж байгаад 2 тооны адуу авсан гэж хүлээлгэсэн. Би сумын төвд мэдүүлэг өгөхдөө юуг нь ч мэдэлгүй 2 тооны адуу авсан гэж гэм буруугаа хүлээсэн” гэж мэдүүлсэн байх боловч түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, эрхийг хязгаарласан гэх нөхцөл хэрэгт тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-оос нэг удаа буюу 2024 оны 9 сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэг авах ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газрын 215 тоот албан өрөөнд явуулсан талаар тэмдэглэлд тусгаж, түүний сонгож авсан өмгөөлөгч Б.Ц-г оролцуулсан нь хэргийн баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгтэй агуулгын зөрүүгүй, хэрэгт тогтоогдсон үйл баримттай тохирч байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэв.
7.4. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудад үндэслэн, шүүгдэгч Б.А нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний үед өдөр хохирогч Б.Б-ын 2 тооны адууг аймгийн А сумын 0-р багийн нутагт бэлчээрт байхад нь өөрийн идэвхтэй үйлдлээр ижил сүргээс нь салган барьж авч, аргамжаар уяж өөрийн эзэмшилд оруулж, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр болгосноор мал хулгайлах гэмт хэрэг төгссөн талаар хийсэн анхан шатны дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох буюу түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх, улмаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал, үйл баримт хэрэгт тогтоогдохгүй байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр 2 тооны буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
8. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Шүүгдэгч Б.А-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Я.Б нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН