Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 159/ШШ2026/0024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сэлэнгэ *******” ХХК /РД:*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нарын хоорондох “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Оюунбаяр /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.

Хэргийн индекс:159/2024/0034/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. “Сэлэнгэ *******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 49 дүгээр захирамжаар сумын төвд байрлах хуучин Хөдөө аж ахуйн Техникумын хашаа байсан 1.27 га газрыг худалдаа нийтийн үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын зориулалтаар эзэмшүүлжээ.

2.2. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/70 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багийн Булаг нутагт байрлах 4304******* нэгж талбарын дугаар бүхий 12787 м.кв худалдаа нийтийн үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын зориулалттай газрыг “... 2008 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглаагүй...” гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

2.3. Нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК маргааны бүхий газрыг эзэмших эрхийг олж авснаас хойш манай компани тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд бүхий л боломжоороо хөрөнгө оруулалт хийж, эзэмшлийн талбайгаа хашаалах, хамгаалах зэргээр зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь 2024 оны А/70 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж марган шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжаар “Сэлэнгэ *******” ХХК-ийн эзэмшдэг 4304******* нэгж талбарын дугаар бүхий 12787 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” болон 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн 2 үндэслэлээр цуцалсныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“Сэлэнгэ *******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 170100******* эрхийн гэрчилгээний дугаартай, 4304******* нэгж талбарын дугаартай 1.27 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 онд авсан. Тус газрыг эзэмших эрхийг олж авснаас хойш манай компани тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд бүхий л боломжоороо хөрөнгө оруулалт хийж, эзэмшлийн талбайгаа хашаалах, хамгаалах зэргээр зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Мөн “Сэлэнгэ *******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн эзэмшлийн 1.27 га газрын төлбөрийг хуульд заасны дагуу тогтмол төлж ирсэн буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын А/70 дугаар захирамжид дурдсан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал үүсээгүй байхад ийнхүү уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлэлгүй хууль ёсны эзэмшигч болох манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 27.5, 27.6 хэсгүүдэд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй буюу хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Оюунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах тухайн газар нь 2008 онд 60 жилийн хугацаатайгаар “Сэлэнгэ *******” ХХК-д олгогдсон. 2008 онд газрыг олгож эхэлснээс хойш газар эзэмшигч Газрын тухай хуульд заасны дагуу хоосон байсан газар дээр компанийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж өнөөдрийг хүртэл газар дээрээ барилга барихаар ажиллаж байна. Барилга барих хүсэл сонирхолтой ажиллагаанууд хийгдсэн боловч компаниас үл шалтгаалах нөхцөл байдлуудаас шалтгаалж өнөөдрийн байдалтай байсаар байна. Компанийн зүгээс тухайн газар дээр хийсэн ажлуудыг дурдвал анх төмөр хашаа баригдсан байсан. Энэ хашаа нь 1 жил гаран болоод энд тэндээсээ дутаад эвдэрсэн. Үүнийг нь засаж сэлбээд явж байтал орон нутгийн зүгээс сумын төв дээр ийм хашаа баримааргүй байна хашааны өнгө үзэмжээ соль гэсэн шаардлага тавьсны дагуу блокон хашаа болгосон.

Нэг хэсэг орон нутгийн зүгээс спорт цогцолборын барилга баръя орон нутагтай хамтарч ажиллая гэхээр хилийн бүс орчимд барилга бариулах үйл ажиллагаа явуулахгүй гэдэг байдлаар орон нутгийн зүгээс зогсоосон гэж компанийн удирдлага очиж уулзахад тайлбар хэлсэн байсан. Тухайн үед Засаг даргаар н.Сундуй гэх хүн ажиллаж байсан ба барилга барих зөвшөөрөл авахаар 2 жил хугацаанд хөөцөлдөөд барилга барих зөвшөөрөл олгогдох гээд явж байтал сонгуулиар Засаг дарга нар нь солигдож өмнөх Засаг даргын ажил нь үргэлжилдэггүй нөхцөл байдал үүсдэг байсан.

Тухайн газрын хувийн хэргийг архиваас шүүж үзэхэд “Сэлэнгэ *******” ХХК-д газраа зориулалтын дагуу ашиглах тухай шаардлага бичгүүд ирсэн байсан. Компанийн зүгээс тухай бүрд хариу хүргүүлсэн байсан. Хувийн хэргийн материалаас харахад 2021, 2023, 2024 оны огноотой албан бичгүүд байсан. Сүүлд нэхэмжлэгч компаниас ч мөн гаргаж өгсөн албан бичгүүд байдаг. Тухайн албан бичгүүдэд компани өөрөө газар дээр хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон хөрөнгө оруулалтын ажлууд ямар шалтгаанаар гацаж, үргэлжлэх боломжгүй болсон талаар дурдсан байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчил гараагүй гэж үзэж байна. Хэрэв хариуцагчийн зүгээс тус хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн бол гэрээний хэд дэх заалтыг зөрчсөн гэж байгаа. Ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бол хэзээ болсон ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа талаараа тодорхойлоогүй байна. Мөн хуулийн 40.1.6 дахь заалтад зааснаар газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг. Тухайн газар дээр 2008 оноос хойш үе шаттайгаар ажлууд хийгдсээр байсан. 2019-2022 он хүртэл ковид-19 цар тахлаас шалтгаалж бүх аж ахуй нэгж байгууллагуудад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж бүх газруудын барилга болон үйл ажиллагаанууд зогсонги байдалтай байсан. Энэ нь компанид эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байсан тул сум орон нутгийн удирдлагад албан бичгээр компани хөрөнгө оруулалт эдийн засгийн байдал, цаашид хийгдэх ажил гээд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 2 жил ашиглаагүй гэх хугацааг тодорхойлохдоо хэдээс хэдэн оны хооронд огт ашиглаагүй гэж үзэж байгааг захиргааны шийдвэртээ маш тодорхой заасан байх ёстой. Захиргааны актын шаардлага нь тодорхой, ойлгомжтой өөрөөр хэлбэл сөрөг шийдвэр гарч байгаа тохиолдолд эрх нь зөрчигдөж байгаа этгээдээс тайлбар мэдээлэл авах эрхийг нь хангах ёстой. Уг захирамжид дурдсан дээрх 2 үндэслэл нь бүрдээгүй буюу тодорхой бус байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Энэ олон жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд болон сумын удирдлагад хүргүүлсэн албан бичигтэй танилцсан боловч 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хэдээс хэдэн оныг хамааруулж байгаа нь тодорхойгүй байна.

Хэргийн материалд сонсох ажиллагааны тэмдэглэл авагдсан. Уг тэмдэглэлд бичгээр тайлбар авсан гэдэг зүйлийг тусгасан байсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас  “Сэлэнгэ *******” ХХК-д сүүлийн 2021, 2022, 2024 онд мэдэгдэл өгсөн. Засаг даргын тамгын газрын төлөөлөгчийн зүгээс “Сэлэнгэ *******” ХХК-д жил бүр мэдэгдэл өгсөн гэдэг зүйлийг ярьдаг. Манай компанийн зүгээс мэдэгдэлд тухай бүрд нь хариу хүргүүлж байсан. Хэрэв 2008 оноос хойш газрыг ашиглаагүй гэж үзэж байгаа бол мэдэгдлийн дагуу газар дээр биечлэн танилцаад тэмдэглэл үйлдэж захиргааны актыг цуцлах боломжтой байсан. Ямар шалтгаанаар 2024 оныг хүртэл газар эзэмших эрхийг цуцлаагүй шалтгаан нь тухайн газар дээр компанийн зүгээс 2008 оноос хойш газрыг зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үе шаттай ажиллагаануудыг хийж байсан. Үүнийг орон нутгийн зүгээс харж, хүлээн зөвшөөрч байсан мөн байгууллагын зүгээс ашиглахаар ажиллагаа хийж байгаа үйл ажиллагааны талаар тайлбарыг албан бичгээр хүргүүлж холбогдох албан тушаалтнууд нь очиж уулзаад явж байсан. Ингэснээр газрыг ашиглаж байгаа гэсэн ойлголтод хоёр талаас хүрсэн учраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу хариу албан бичиг хүргүүлээд явж байсан.

Хэргийн материалд авагдсан “Сэлэнгэ *******” ХХК-аас сумын Засаг даргад хүргүүлсэн 2022, 2024 оны албан бичгүүдээс явуулж буй үйл ажиллагаа болон зарцуулагдсан зардлыг маш тодорхой тусгаж хүргүүлж байсан нь харагдаж байгаа тул орон нутгийн зүгээс тайлбарыг хүлээн авч боломжит хугацаа олгож явж байсан.

Хариуцагч хариу тайлбартаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу уг актыг гаргасан гэж дурдсан байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой газруудад газар эзэмших эрх цуцлах тухай чиглэл, шийдвэр өгснөөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрх цуцлах тухай захирамж гаргасан гэдэг боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг харахад тухайн нэгж талбар дээрх газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үйл баримт тогтоогдсон эсэхийг шалгах чиглэл өгсөн байсан. Гэтэл энэ талаар тогтоосон үйл баримт байхгүй хэр нь тогтоолыг үндэслэж уг захирамж гаргасныг хууль бус гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж харж байна. Уг  захирамж нь захиргааны актын шаардлагыг хангаагүй, үйл баримтыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг хэлбэр төдий хийсэн тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            4.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Сэлэнгэ *******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4304******* нэгж талбарын дугаартай 1.27 га газрыг худалдаа үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолбор барих зориулалтаар 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/49 дугаартай захирамжаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч өнөөг хүртэл барилга байгууламж баригдаагүй, газар ашиглалт байхгүй хоосон хашаа хатгасан хэвээр байна. Энэ нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2 дахь хэсэгт Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, заалтуудыг тус тус зөрчиж байна.

            Бид 2022 оноос хойш Засаг даргын албан мэдэгдлийг “Сэлэнгэ *******” ХХК-д хүргүүлж байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/101 тоот, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/173 тоот, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02/148 тоот албан бичиг бүртээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа” гэнэ. 27.4.2-д “саналыг бичгээр авах” зэрэг заалтуудыг тусгаж хүргүүлсэн болно. Гэвч өнөөдрийг хүртэл худалдаа үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын бүтээн байгуулалт бий болоогүй байна.

            “Сэлэнгэ *******” ХХК нь хариу тайлбар хүргүүлэхдээ 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот албан бичгээр газрыг зориулалтын дагуу ашиглахын тул 2008 оноос хойш бүхий л боломжоороо хөрөнгө оруулалт хийж, эзэмшлийн талбайгаа хашаалж байна. Иймд сумын хүүхэд залуучуудын ирээдүйн соёл, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах үүднээс бидний ажилд дэмжлэг үзүүлэн эрхийн гэрчилгээг цуцлахгүй байхыг хүсье гэх тайлбарыг хүргүүлсэн.

            “Сэлэнгэ *******” ХХК нь газар эзэмших гэрээний заалтуудыг зөрчиж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж 16 жилийн турш барилга байгууламж барихгүй хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаагаар харагдаж байна. Мөн хашаан дотор нь хог хаягдал төвлөрч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Сумын ард иргэдийн хүсэн хүлээсэн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зов боловсон өнгөрөөх спорт цогцолбор бий болохыг 2008 оноос хойш сумын ард иргэд төрийн байгууллагаас удаа дараа шаардсан. Үүний дагуу Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Отгонцогт)-д үүрэг болгож тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг даалгасан. Үүний дараа Захиргааны шийдвэр гаргах процессын ажлыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн.” гэжээ.

            4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг анх олгосон өдрөөс хойш буюу 2008 оноос хойш тооцсон. Уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үйл баримтыг тогтоогоогүй гэж байна. Маргаан бүхий газар нь Алтанбулаг сумын төвд байрладаг тул хэн ч харсан үйл ажиллагаа явуулаагүй нь илт байсан. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талаар дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд газрын даамлыг оролцуулсан нь хараат бус байдлыг алдагдуулсан гэж үзсэн тул Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас шинжээч томилуулсан. Уг шинжээчийн дүгнэлтэд мөн адил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх дүгнэлт гарсан.

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны тогтоолоор 4 нэгж талбар дээр зориулалтын дагуу ашиглаагүй газруудад хууль тогтоомжид зааснаар арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Үүний дагуу сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд цахим болон цаасан хэлбэрийн аль нэг хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын албан хаягт цахимаар мэдэгдсэний дагуу хариу тайлбар ирүүлсэн. Хариу тайлбарын тухайд ямар ч хариу тайлбар гаргаж болно. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж байна. Анх маргаан бүхий газрыг эзэмшилд авахдаа худалдаа үйлчилгээ, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цогцолбор барих зориулалтаар авсан боловч өнөөдрийн байдлаар зөвхөн хашаа барьсан байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байна. Газрыг 2 жил дараалал зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг барилга байгууламж зам талбай тариалан эрхлээгүй гэх мэт байгааг ойлгоно гэсний дагуу газар дээр хашаа барьсныг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрээний аль заалтыг зөрчсөн талаар мэдэгдээгүй гэж байна. Үүнийг газар эзэмших эрх үүрэгт гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнүүлнэ гэж тусгасан байна. Нэхэмжлэгч байгууллага нь 2024 онд л бидний зүгээс шаардлага тавьсны дагуу л ирж дүгнүүлж байсан. 2024 оноос өмнөх онуудад гэрээний үүргийн биелэлтийг дүгнүүлдэггүй байсан. Мөн түүнчлэн хөрсний чанарын хянан баталгааг 5 жил тутамд 1 удаа хийлгэнэ гэж заасан байна. Гэтэл энэ баталгаг огт хийлгэж байгаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл хэргийн оролцогчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

1. Анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 49 дүгээр захирамжаар Сэлэнгэ Алтанбулаг сумын харьяа “Сэлэнгэ *******” ХХК-д сумын төвд байрлах хуучин Хөдөө аж ахуйн Техникумын хашаа байсан 1.27 га газрыг худалдаа үйлчилгээний цогцолбор, хүүхэд залуучуудын спорт цогцолборын барилгын газрын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

2. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын даамал 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ”-ний үүргийн биелэлтийг дүгнэж, улмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/148 тоот албан бичгээр “...эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй байх тул газрыг зориулалтын дагуу ашиглахыг шаардаж, дээрх хугацаанд биелүүлээгүй нөхцөлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонсох ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр албан бичгээр хариу тайлбарыг Алтанбулаг сумын Засаг даргад хүргүүлсэн байна.

3. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 137 дугаар тогтоолоор “...тус сумын Бүргэдэй 1 дүгээр багийн Булангийн гудамжинд байрлалтай 2 нэгж талбар (хуучнаар ХАА-н техникум байрлаж байсан газар) …эзэмшиж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагын гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж хуулийн хүрээнд зохион байгуулахыг сумын Засаг даргад үүрэг болгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас/

4. Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/70 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт зааснаар “Сэлэнгэ ******* ХХК-ийн эзэмшлийн 4304******* нэгж талбарын дугаар бүхий 12787 м.кв худалдаа нийтийн үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын зориулалттай газрыг 2008 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй” гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

5. Нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК-иас дээрх маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Тус газрыг эзэмших эрхийг олж авснаас хойш манай компани тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд бүхий л боломжоороо хөрөнгө оруулалт хийж газрыг хашаалах, худаг гаргах зэргээр зориулалтын дагуу ашиглаж ирсэн. ...хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ...мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль бус, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчил гараагүй, ... 2019-2022 он хүртэл ковид-19 цар тахлаас шалтгаалж бүх аж ахуй нэгж байгууллагуудад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж бүх газруудын барилга болон үйл ажиллагаанууд зогсонги байдалтай байсан...” гэж,

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ “...2022 оноос хойш Засаг даргын албан мэдэгдлийг “Сэлэнгэ *******” ХХК-д хүргүүлж байсан. ...өнөөдрийг хүртэл худалдаа үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын бүтээн байгуулалт бариагүй, газар дээр хашаа барьсныг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны тогтоолоор 4 нэгж талбар дээр зориулалтын дагуу ашиглаагүй газруудад хууль тогтоомжид зааснаар арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад үүрэг болгосон. Үүний дагуу сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд цахим болон цаасан хэлбэрийн аль нэг хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын албан хаягт цахимаар мэдэгдсэний дагуу хариу тайлбар ирүүлсэн...” гэж тус тус  тайлбарласан маргасан.

6. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол гэж тус тус заасан.

 Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

7. Хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, болон талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын  2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 49 дүгээр захирамжаар худалдаа үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын барилга барих зориулалтаар олгосон 1.27 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй,

мөн 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.1-д заасан “гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших ашиглах”, 4.2-т заасан “Газрыг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах”, 3.8-д заасан “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх, 5.5-д заасан “Газар эзэмшигч нь эзэмшлийн газрын 10 хувиас доошгүй хувийг зүлэгжүүлэн цэцэрлэгжүүлэх, спорт цогцолборыг түргэн хугацаанд барьж ашиглалтад оруулах” зэрэг үүрэг, нөхцөл болзлыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул уг гэрээний 4.3-д “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож...” гэж зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хариуцагчид үүссэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/70 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасантай нийцжээ.

8. Тодруулбал, маргаан бүхий газрыг худалдаа нийтийн үйлчилгээ, хүүхэд залуучуудын спорт цогцолборын зориулалттай олгосон бөгөөд талуудын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.5-д “эзэмшлийн газрын 10-аас доошгүй хувийг зүлэгжүүлэн цэцэрлэгжүүлэх, спортын цогцолборыг түргэн хугацаанд барьж ашиглалтад оруулах” гэж заасан  байхад нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулснаас хойш бүтэн 16 жилийн хугацаанд газартаа хашаа барьж, худаг гаргаснаас өөрөөр гэрээнд заасан зориулалтын дагуу газартаа барилга байгууламж барьж ашиглахаар ямар нэг үйл ажиллагаа, явуулаагүй газар эзэмших гэрээний нөхцөл болзолыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгчээс “...манай компани газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлдэж 2009 онд барилгын эскиз зураг хийлгэн, 2013 онд худгийн цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2014 онд төмөр хашаа, 2017 онд блокон хашаа, 2020 онд худаг барьж нийт 127.598.000 төгрөгийг зардал гаргасан” гэж тайлбарлан Ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох төлбөрийн баримтуудыг хавсарсан ирүүлсэн боловч уг барилгын эскиз зургийг батлуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, техникийн нөхцөл авах зэргээр холбогдох байгууллагуудад хандаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул зөвхөн газрыг хашаалах, худаг гаргах зэрэг ажлыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

10. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...хариуцагчаас манай байгууллагыг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж олгоогүй, барилга бариулахгүй, бид өөрсдөө спорт цогцолбороо барина гэх зэргээр хариуцагчийн зүгээс эсэргүүцэж байсан ..” гэж тайлбарлан маргаж уг үйл баримттай холбогдуулан гэрч асуулгасан боловч энэ талаар эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан талаар баримт байхгүй, гэрчийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас “Сэлэнгэ *******” ХХК-д хандан 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/470 тоот, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/101 тоот албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/173 тоот албан бичгүүдээр газраа зориулалтын дагуу ашиглахыг удаа дараа шаардаж байснаас үзэхэд энэ хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг нэхэмжлэгчид олгож байсан гэж үзэхээр байна.

11. Түүнчлэн Улсын дээд шүүхийн тогтоолд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг “...газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлин бүтэн 2 жилийн дотор...” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК хариуцагч нарын хооронд 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа нь 2010 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна. 

12. Иймд хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарласнаар “хүндэтгэн үзэх шалтгаангүй” ба “гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил” гэх хоёр нөхцөлийг энэ тохиолдолд зэрэг хангасан байх тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамж нь бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

13. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ...мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”,  26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/148 дугаар албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонсох ажиллагааны тэмдэглэл, “Сэлэнгэ *******” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр хүргүүлсэн хариу тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт зэргээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасан бодит нөхцөлийг тогтоох, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 24, 25, 53,103 дугаар хуудас/

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК-иас, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал болох 1,152,888 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун наян найман/ төгрөгийг нэхэмжлэгч “Сэлэнгэ *******” ХХК-иас гаргуулж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 10090000******* тоот дансанд олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БОЛОРМАА