Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0252

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.8, 20.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ын “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Монгол Улсын Их Хурлаас Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэсэн Газрын тухай хуулийн өөрчлөлтийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр оруулсан.

Хуулиар дүүргийн Газрын албаны даргыг томилж, чөлөөлөх эрх бүхий дүүргийн Засаг даргад олгосны дагуу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Ц.Б-ыг томилсон нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 3.2, 3.3-д Төрийн албаны тухай хуулийн 17, 21, 23 дугаар зүйлд заасныг зөрчихгүй юм.

Шүүхээс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан.

2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/624 дүгээр захирамж нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад эрх олгоогүй асуудлаар гаргасан.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй” гэж заасан хууль тайлбарласан дээд шүүхийн тогтоолыг зөрчиж гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан шаардлагыг хангаагүй. Хариуцагч нь техникийн алдаатай уг захирамжийг засах боломжтой гэсэн боловч шүүх хуралдаанаас өмнө захирамжийг засаагүй.

3. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн хууль хэрэглэх зарчмын дагуу сүүлд хүчин төгөлдөр болсон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтыг хэрэглэх нь хуульд нийцэх юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0139 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүхээс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн тухайд Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, ....А/624 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад эрх олгогдоогүй асуудлаар гарсан, ... уг захирамж нь Монгол Улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дугаар заасан тайлбарыг зөрчиж гарсан, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан шаардлагыг хангаагүй, ...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтыг хэрэглэх нь хуульд нийцэх юм” гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Б-ыг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж улмаар Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс түүнийг нэр дэвшүүлснээр Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар Д.Б-ыг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, 21.2- т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гээд тус журмын 3.2, 3.3-д эзгүй байгаа албан хаагч болон төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол нэг бүрийг жагсаан бичсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар томилох үед тус дүүргийн Газрын албаны даргаар Д.Б ажиллаж байсан бөгөөд дээрх журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гараагүй, дүүргийн Газрын албаны дарга эзгүй байгаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн жинхэнэ хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан” гэх гомдол үндэслэлгүй.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”, 20.3-д “аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хуульд заасан шаардлагыг хангаж, төрийн албаны сонгон шалгаруулалтад орсон хүнийг Нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж томилохоор заажээ.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б-ыг холбогдох хууль, тогтоомжийг зөрчин мэргэжлийн бус хүнийг дээд шатных нь газрын албаны даргатай зөвшилцөлгүйгээр албан тушаалыг давхардуулан Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж нь үндэслэлтэй бөгөөд “...уг тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тус дүүргийн иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг хурдан шуурхай хэрэгжүүлэхэд тулгараад байсан асуудлыг арилгасан, зорилгодоо нийцсэн захиргааны акт байна” гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн Нийслэлийн Газрын албаны дүрмийн 2.3-д “Газрын албаны дарга, нийслэлийн болон дүүргийн Газрын албаны албан хаагчдыг томилж чөлөөлөх бөгөөд албаны дарга, орлогч дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана”, 3.1.14-д “Дүүргийн Газрын албыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих, шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь дүүргийн Газрын албаны даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, мэргэжлийн бус гэдгээ хүлээн зөвшөөрсөн, “...хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлагдаад шаардлага хангасан мэргэжлийн хүн томилогдвол тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй” гэх тайлбар гаргаж байсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар томилох хугацаатай давхцаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0454 дүгээр магадлалаар Ц.Б-ыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан шийдвэр гарч  байсныг дурдах нь зүйтэй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР