Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 30

 

Эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Улаангом сумын 3 дугаар баг, 16-13 тоотод оршин суух, иргэн Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох,

        Гуравдагч этгээд: Улаангом сумын 11-р баг, Залуус өргөө хорооллын 1-18 тоотод оршин суух, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батжаргал,

       “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/428 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан, түүний өмгөөлөгч Ч.Дулмаа, гуравдагч этгээд С.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

          Нэхэмжлэгч Улаангом сумын 3 дугаар баг, 6-р байрны 13 тоотод оршин суух, иргэн Г.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Галсангийн Болор-Эрдэнэ миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Төрийн албанд тасралтгүй 28 жил ажилласан бөгөөд 2012 оноос 2016 оны хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан ба Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажилласан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагт аймгийн Засаг дарга Д.Батсайхан захирамж гарган амралтын өдөр, шөнийн цагаар дуудан ажлаа өгөхийг шаардсан тул ажлаа хүлээлгэн өгсөн. Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан үндэслэлдээ “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийг эсэргүүцсэн үйлдэл хийсэн болох нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсугай” гэжээ. Дээрх үндэслэлээс харахад намайг сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчийн нэхэмжлэлээр удаа дараа шүүх хэрэг үүсгэн шийдвэрлэж, миний буруутай үйлдлийг тогтоосон мэтээр бичжээ.

          Аймгийн Сонгуулийн хорооноос гарч байгаа шийдвэр нь хуралдааны явцад олонхиороо шийддэг ба үүнийг 2016 оны Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4, 27.5, 27.9 дэх заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг. Сонгууль явуулах явцад шийдвэр гаргах шаардлага бүхий тохиолдол бүрт Сонгуулийн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг чанд мөрдөж байсан. Нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой асуудлаар МАН-ын нэхэмжлэлтэй 2 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14, 16 дугаартай шийдвэрүүдэд Г.Болор-Эрдэнэ өөрийн үзэл бодлын үүднээс болон хувийн харьцааны асуудлаас болж хууль зөрчин буруу шийдвэр гаргасан гэсэн үг үсэг байхгүй болно. Гэтэл Увс аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Д.Батсайхан нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж байсан бөгөөд сонгуульд ялж, ажлаас халсанд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалт, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгондоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/428 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, цалинтай тэнцэх олговрыг буруутай этгээдээр төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан учраас эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.

            Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Болор-Эрдэнэ нь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажилласан байна.

       Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар Сонгуулийн хороо нь эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүнийхээ гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэхдээ мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмуудийг баримтлан  үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо нь “хууль дээдлэх”, “шударга ёсыг сахих”, “энгийн ойлгомжтой байх” “маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэсэн зарчмуудыг  удаа дараа зөрчин   сонгуульд оролцож байгаа Монгол Ардын нам болон түүний нэр дэвшигчдийн эсрэг шийдвэр гаргаж байсан болох нь дараах шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон юм.  Үүнд:

      1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшүүлэх эрхийнхээ хүрээнд Наранбулаг сумын хоёр мандаттай 7 дугаар тойрогт  А.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, Малчин сумын нэг мандаттай 8 дугаар тойрогт Б.Гомбо нарын нэрийг дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан баримтыг нэг бүрчлэн бүрдүүлэн хуулийн хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар  Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн барим бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана гэсний дагуу нэр дэвшигч нэг бүрийн баримт бичгийг шалгаж авсан.  МАН-аас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг үйлдэхдээ Малчин Наранбулаг сумын тойргийн дугаар солигдож бичигдсэнийг үндэслэн нэр дэвшигч  А.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, Б.Гомбо нарыг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаснаараа Монгол Ардын Нам, уг намаас нэр дэвшсэн нэр бүхий гурван нэр дэвшигчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тусгайлан хуульчилж өгсөн бөгөөд  нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хууль дээдлэх, энгийн ойлгомжтой байх зарчмыг баримтлах, уг хуулийн 158 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахгүй байх талаар зөвлөмжийг Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсээр байтал хуульд заагаагүй үндэслэлээр нэр дэвшигч нарыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргаж  Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь А.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, Б.Гомбо нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэр.

        2. Аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигч С.Амраа нь Увс аймгийн МАХН-ын хорооны даргын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, аймгийн ИТХ-д МАХН-ыг төлөөлөн ажиллаж байж болзошгүй, Я.Алтангэрэл нь АН-ын гишүүнээс татгалзах өргөдлөө ирүүлээгүй талаар нягталж шалгаж өгнө үү гэсэн АН-ын  өргөдлийг хүлээн авч сонгуулийн тухай хуулийн 157.6-д заасны дагуу эрх бүхий этгээдүүдээс С.Амраа МАХН-д, Я.Алтангэрэл АН-д өргөдлөө  тус тус өгч холбогдох намаас гарсан  талаар лавлагаа тодруулга авсан атлаа нэр дэвшигч Я.Алтангэрэлийг бүртгэж 2016 олны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот тогтоолоор  С.Амрааг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь нэр дэвшигчдэд тэгш хандаагүй, өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан  “шударга ёсыг сахих” зарчмыг баримтлаагүй, мөн Сонгуулийн тухай хуулийн  158 дугаар зүйлд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхойлон тусгайлан хуульчилсан байхад шийдвэртээ МАХН-ын Мянгатын зөвлөлийн хуралдааны тогтоолыг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасанаараа МАН болон уг намаас нэр  дэвшсэн С.Амраагийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож Увс аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн 26 дугаар тойрогт  МАН-аас нэр дэвшигч С.Амрааг нэр дэвшигчээр бүртгэхийг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгасан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийдвэр, уг шийдвэрт давж заалдсан  аймгийн Сонгуулийн хорооны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал.

       3. Аймгийн Сонгуулийн хороо нь МАН-аас аймгийн ИТХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшиж бүртгэгдсэн Э.Баатарсанг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай  аймгийн АН-аас албан бичиг ирсэн гэсэн үндэслэлээр Э.Баатарсанд нэр  дэвшигчийн үнэмлэх хуулийн хугацаанд олгоогүй нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.10-д Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно гэсэн заалтыг зөрчсөн.  Мөн нэр дэвшигч Э.Баатарсанг захиргааны зөрчил гаргасан нь шүүхээр тогтоогдоогүй байхад  Сонгуулийн хороо нь Ардчилсан намын хүсэлтийг үндэслэн нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байгаа  эс үйлдэл нь  Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-д заасан “Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх  үйл ажиллагаа явуулах” –ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. МАН-аас нэр дэвшсэн Э.Баатарсан нь Сонгуулийн тухай  хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.2-д дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдоогүй тул түүнд   захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзсан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамж гарсан байхад  уг захирамжинд давж заалдах гомдол гаргана гэсэн өмгөөлөгч Л.Баасанжавын /аймгийн АН-д эрх зүйн туслалцаа үзүүлж байсан/ хүсэлтийг сонгуулийн хороо хүлээн авч нэр дэвшигч Э.Баатарсанд  үнэмлэх олгохгүй байсаар МАН, нэр дэвшигчийн олон удаагийн хүсэлт шаардлагаар сонгуулийн суртчилгааны нээлтийн өдрийн өглөө буюу 2016 оны 06 дугаар сарын 11-нд түүнд үнэмлэхийг нь олгосон. МАН-аас аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Э.Баатарсан нь Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болох нь Увс аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01 тоот магадлалаар тус тус тогтоогдсон юм. Аймгийн сонгуулийн хороо Э.Баатарсанд нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй байсан эс үйлдлээрээ АН-ыг дэмжиж, МАН болон уг намын нэр дэвшигчийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулахад Сонгуулийн хорооны шийдвэрт Г.Болор-Эрдэнэ бодитой  нөлөөлж байсан гэж үзэж байна.

         4. Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Отгонболдын төрсөн ахын эхнэр Д.Дэлгэрхишиг нь тус тойргийн 1 дүгээр хэсэгт санал авах байрны зохион байгуулагчаар ажиллаж байгаа нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг соннирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлөх нөхцөл байдал үүсэхээр байх тул нэр дэвшигч нарт хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг хүссэн өргөдлийг сумын сонгуулийн хороонд гаргасан боловч Д.Дэлгэрхишиг нь нэр дэвшигч Г.Отгонболдод хамааралгүй этгээд байна гэсэн хариу өгсөн тул энэ талаар аймгийн Сонгуулийн хороонд өргөдөл гаргасан ч мөн дээрхи хариуг өгсөн юм.

       “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэж  тухайн нийтийн албан тушаалтны /нэр дэвшигчийн/  эцэг эх, төрсөн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч эхнэр, /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн ах эгч дүү, бусад нэгдмэл этгээдийг хэлнэ гэж заажээ. Гэтэл АН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшсэн Г.Отгонболдын төрсөн ахын эхнэр Д.Дэлгэрцэцэгийг түүнд хамааралгүй этгээд гэж сумын болон аймгийн Сонгуулийн хороо шийдвэрлэснээрээ “хууль дээдлэх”, “энгийн ойлгомжтой байх” зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Сонгуулийн байгуулагууд үйл ажилагаандаа  хууль зөв хэрэглэхгүй байгаа нь  зарим нэр дэвшигчид давуу байдал бий болгохоор байсан тул энэ талаарх нэхэмжлэлээ Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрлийн гэрээ байгуулж гэрээндээ 1 дүгээр багийн санал авах байрны зохион байгуулагч Д.Дэлгэрхишигийг 8 дугаар багийн санал авах байрны зохион байгуулагч М.Алтантуулаас бусад зохион байгуулагчаар сольж ажиллуулахаар тохиролцож тусгаснаар шүүгчийн захирамжаар уг гэрээг баталж хэрэгжүүлсэн.

        5. Аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн Д.Насанбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан “банк бусад хуулийн этгээд иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл барьцаа батлан даалтын өргүй байх” гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй байж  аймгийн ИТХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшсэн талаарх мэдээллийг, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамж, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 142  тоот албан бичгийн хамт аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн юм.

         Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг үндэслэн   Д.Насанбаярыг  нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэх ёстой.

         Гэтэл аймгийн Сонгуулийн хороо МАН-ын мэдээллийг хүлээж аваад огт хариу ирүүлээгүй,  АН-аас нэр дэвшсэн Д.Насанбаярыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэх хуулиар хүлээсэн үүргээ  биелүүлэхгүй байсан тул МАН-аас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд гэсэн үндэслэлээр  МАН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм.  Шүүхийн энэ шийдвэр нь энэ хэрэгт нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд биш гэж үзсэн болохоос аймгийн сонгуулийн хорооны хууль биелүүлэхгүй байгаа үйлдлийг зөвтгөсөн, хуулийн хүчин төгөлдөр болсон /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-28-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамж/ шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр биш юм. МАН-ын нэхэмжлэлтэй аймгийн Сонгуулийн хороонд холбогдох дээрхи хэрэгт цугларсан бүхий л баримтаар Д.Насанбаяр нэр дэвшигчээр бүртгүүлэх үедээ Голомт банкинд 298 хоногоор хугацаа хэтэрсэн өртэй байсан нь тогтоогдсон байдаг.

         6. Аймгийн ИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Цэндсүрэнгийн эхнэрийн ах /хадам ах/ Д.Батнацаг нь тус тойргийн сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлөх нөхцөл байдал үүсэхээр байх тул нэр дэвшигч нарт хамааралгүй ажилтан томилж ажиллуулахыг хүссэн өргөдлийг МАН-аас нэр дэвшсэн Б.Гомбын  менежер Б.Баяндалай аймгийн Сонгуулийн хороонд гаргасан байна. Аймгийн сонгуулийн хороо уг өргөдлийн дагуу нягтлан шалгаж хуулийн хүрээнд зөв шийдвэрлэхийн оронд өргөдөл гаргагч өргөдөлдөө хадам ах гэж бичсэнийг ашиглан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хадам ах” гэж заагдаагүй тул Д.Батнацагийг Малчин сумын Сонгуулийн хорооны даргаас чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн /аймгийн Сонгуулийн хорооны 2016.06.26-ны өдрийн 108 тоот/ Аймгийн Сонгуулийн хороо ийм шийдвэр гаргаснаараа Сонгуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 5.1.1-д заасан хууль дээдлэх, 5.17-д заасан энгийн ойлгомжтой байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Энэ нь АН-аас нэр дэвшигч Д.Цэндсүрэн нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан учир илт АН-ыг дэмжсэн үйлдэл гэж үзэж байна.

         Аймгийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах явцдаа хууль дээдлэх, шудрага ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх, энгийн ойлгомжтой байх зарчмуудыг удаа дараа зөрчиж байсан болох нь шүүхийн удаа дараагийн шийдвэр, бусад баримтуудаар тогтоогдож байгаа. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар Сонгуулийн хороо нь эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүнийхээ гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Сонгуулийн хорооны гишүүдийн хурлаар дээрхи асуудлуудыг шийдвэрлэхэд Г.Болор-Эрдэнэ хууль зөрчсөн санал өгч байсан нь Сонгуулийн хорооны шийдвэр алдаатай, буруу гарахад нөлөөлж  сонгуульд оролцогч нам болон уг намын нэр дэвшигчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байсан. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж“ сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг  шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”  ойлгоно гэсэн байх тул  аймгийн сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ нь Сонгуулийн хорооны тогтоол гарахад хууль зөрчсөн санал гаргаж байсан, аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн шийдвэр гаргаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн хариу тайлбар гаргаж байна.

       2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр аймгийн баяр наадмын комисс ажиллаж байсан бөгөөд комиссын дарга нь нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ өөрөө байсан. Ажлаас халах тухай шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийг албан өрөөндөө ажлаа хийж байхад нь өрөөндөө дуудан уг шийдвэр гаргах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

         Сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын  эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу гаргасан.

         Тиймээс нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.

         Гуравдагч этгээд С.Батжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21-р тогтоолоор УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь сахилгын шийтгэл ногдуулан гаргасныг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоож өгөхийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ нь Увс аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хууль зөрчиж сахилгын шийтгэл хүлээж гарсан байдаг. Иймд миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаагийн хувьд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Гуравдагч этгээд С.Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн санал байхгүй байна гэв.

       Шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэг талаас нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ, нөгөө талаас хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтан нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

  1. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/428 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас чөлөөлөх тухай захирамжийг хариуцагч гаргаж түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэх;
  2. Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэд ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу хариуцагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газраас тооцон олгох;
  3. Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийг 2017 оны нэгдүгээр улиралд багтааж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас бусад төрийн захиргааны ангиллын албан тушаалын ажлын байраар хангах гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

      Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудын талаар “хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчид тодорхой хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг нөхөн олгох, нэхэмжлэгчийг үндсэн ажлын байранд ажиллуулахгүйгээр төрийн захиргааны ангиллын өөр ажлын байраар хангах” гэх агуулгатай эвлэрлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, уг эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэг. Хуульд харшлаагүй байх.

       Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: “... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй” гэсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т: “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж гарын үсгээ зурсан байна” гэх хуулийн шаардлагад нийцүүлж, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийн хүрээнд байна гэж шүүх үзлээ. Түүнчлэн хариуцагч аймгийн Засаг дарга олгосон итгэмжлэл[1]-дээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан “эвлэрэх” эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанд олгосон байх тул шүүх хуралдаан дээр эвлэрэх саналыг гарган хэрэгжүүлж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Хоёр. Бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх.

      Шүүгчийн захирамжаар[2] маргаан бүхий ажлын байран дээр одоо ажиллаж байгаа иргэн С.Батжаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд нь шүүхэд хандан бие даасан шаардлага гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээний гурав дахь заалтаараа урьд эрхэлж байсан аймгийн ЗДТГ-ын даргын ажлын байрнаас өөр ажлын байраар хангуулахаар хариуцагчтай харилцан тохиролцсон байх тул одоо аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаа энэ хэргийн гуравдагч этгээд С.Батжаргалын эрх, хууль ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

       Шүүх хуралдаанд оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнэ, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтан нарын шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийг баталж, иргэн Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох /124/2016/0023/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         У.БАДАМСҮРЭН

 

 


[1] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн 1/768 албан тоот

[2] Хавтаст хэргийн 22-23-р хуудас тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 102 дугаар захирамж