Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ20176/00205

 

С.Уранбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00700 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1966 дугаар магадлалтай,

С.Уранбаярын нэхэмжлэлтэй,

Гадаад хэргийн яамны харьяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Уранбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т 1997 оноос хойш засалчнаар 19 жил тасралтгүй ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, харин сайн ажиллаж шагнагдаж байсан. 2016 оны  05 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын А/36 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалаар тус байгууллагын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "Өдрийн сонин"-ы №125(5390) дугаарт "барилгын инженер, цахилгаанчин" зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайхныг ажилд нь эргүүлж авах санал 2016 он 06 дугаар сарын 06-ны өдөр тавихаар дуудаж уулзаад ажилд буцаан авсан зэргээс үзвэл ажил олгогч  ажилтнуудыг ажлаас халахдаа хууль зөрчсөн нь нотлогдож байна.

Гадаад харилцааны яам 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан тоотоор Сангийн яаманд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын бүтэцтэй холбоотой санал хүргүүлсэн, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн яамны тушаал гарсан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдээгүй буюу бүтцийн өөрчлөлтийг баталсан тушаал гарснаас 2 хоногийн дараа  ажлаас чөлөөлсөн.

Хариуцагчийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүх ажилчдад мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ мэдэгдэл нь хөдөлмөрийг гэрээ цуцлах тухай мэдэгдэл биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт болон бүтэц, орон тоо батлагдсан болохоор ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн атал өөрсдөө бүтэц нэмж зарим ажилчдыг эгүүлэн ажилд нь авч байсан. Иймд ажилд  эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 84 хоногийн цалинд нийт 2.223.490 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарснаар аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаатай холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажлаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын зохион байгуулалтын  бүтцийг  эцэслэн  батлахгүй  байсаар  2016 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасаж, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул хуучин ажиллаж байсан хүмүүсээ нэн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Иймд барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00700 дугаар  шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын засалчны ажилд эгүүлж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.223.490 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Уранбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч С.Уранбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1966 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар  зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Уранбаярыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт засалчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 3.764.716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих бичилт хийхийг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ”-т үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1966 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тус магадлалд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал буюу засалчны ажилд эргүүлэн тогтоохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Энэ орон тоо Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын шинээр батлагдсан бүтцэд байхгүй болсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Харин мэдэгдэх хуудсыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмын дагуу гардуулаагүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болсон гэж үзнэ.

Давж заалдах нэхэмжлэгчийг засалчны ажилд эргүүлэн тогтоосноор Засгийн газрын гишүүний эрх хэмжээнд халдаж, хариуцагч байгууллагад байхгүй орон тоог бий болгохыг даалгасан байгаа нь Монгол Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1/4 дэх заалтыг зөрчжээ.

Мөн хуулинд Засгийн газрын шийдвэрийг Монгол улсын хэмжээнд бүх нийтээр дагаж мөрдөхөөр хуульчилсан ба тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөхөөр заажээ. Монгол улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны 12 сарын 11-ний А/97 дугаар тушаалаар өөрчлөлт орж тэр тушаалыг мөрдөхөөр заасан байдаг.

Хариуцагч нь засгийн газрын гишүүний дээрх тушаалыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүний дагуу нийт ажилтнуудад мэдэгдэх хуудас 2015 оны 12 дугаар сарын 03-нд гардуулсан нь Хөдөлмөрийн хууль болон засгийн газрын тухай хуулийг хэрэгжүүлсэн хэрэг бөгөөд 5 сар гаруйн өмнө мэдэгдэх хуудас авснаар Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд  давж  заалдах  шатны  шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С.Уранбаяр нь хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдуулан засалчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар С.Уранбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 3-4 дүгээр тал/.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталсан, уг дүрмийн дагуу Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар тус үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог тогтоосон ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан засалчны орон тоо хасагдсан, энэ талаар маргаагүй байна.

Аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан бөгөөд хариуцагч нь дээрх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 3-ний өдөр гардуулан өгсөн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна. 

Хариуцагч нь орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халахдаа энэ тухайгаа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, орон тоо хасах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөөгүй байна.

 Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1966 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ