| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0088/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 99
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адьяа,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д-, О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-, Д- нарт холбогдох эрүүгийн 1818000760055 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О-, -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, -настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын - дугаар байр - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Монгол Улсын иргэн, Д-, - өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын - дугаар байрны - тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О-, Д- нар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мансууруулах эм, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О-, Д- нар нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтах тетрагидроканнабинол /ТНС/ сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2017 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 39-р байрны ар талд Гандангийн цаад талын блокоор дутуу барьсан хашаан дотроос түүж бэлтгэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт байрлах 45А байрны 2-р орцны 10-р давхарт хадгалсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О-ын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн найз Д-ий хамт Хуучин хорооллын 10 дугаар байранд байдаг цахим тоглоомын газар очиж 4 цаг орчим тоглоод интернетэд сууж байгаад гэр гэртээ харьцгаасан. Гэртээ хоолоо идчихээд 18 цагийн үед уулзаад хар тамхины төрлийн өвс татах уу гэж ярилцаад уг өвсийг 1А байрны хойд талд байдаг Гандангийн хажуу талын хоосон хашаанаас түүгээд Хуучин хорооллын 31-р байрны руу очсон. Тэндээс 500 гр-тай Бонокуа цэвэр ус, Чук гек чихэр 2 ширхгийг аваад Нэхийгийн 45 дугаар байр луу очиж 10 давхарт нь гарсан. Бонгийг би хийсэн. Бонокуа цэвэр усны сав ашиглаж ёроолд нь бага зэрэг ус үлдээгээд түүнийхээ хажуу бөөрийг тамхиар цоолоод түүнд нь 50 төгрөг нарийхан хуульж хийж зоогоод үзүүрт нь авсан Чук гек чихэрний тугалган цаасаар жижиг тогоо хэлбэртэй зүйл хийж тэндээ өвсөө хийж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь савны амсраар сорсон. Намайг сорж дууссаны дараа Д- дахин нэг тогоо өвс татсан. Татаж дуусаад юм ярьж сууж байгаад 21 цагийн орчим архи уухаар болж Д-ий Самсунг галакси эс 3 загварын гар утсыг Үйлчилгээний төвийн Найрамдал төвийн ломбарданд 20 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд 10 дугаар байранд байрлах тоглоомын газар нэг цаг тоглоод тэндээсээ 22 цагийн орчим гараад 31 дүгээр байранд байрлах дэлгүүрээс 2 том савтай пиво авсан. Түүнийгээ Эрэлийн хашааны хойд талд гудамжинд уусан. Тэгээд 39-р байр орж тэр дэлгүүээс нэг ширхэг газ, гурван ширхэг зайрмаг, зургаан ширхэг вест тамхи авсан. Нэхийгийн 45 дугаар байрны 10 дугаар давхарт газаа сорж байхад эргүүлийн цагдаа нар ирж барьж авсан. Урьд өмнө өвсний талаар интернетээс харж байсан. Татаж эхлэхдээ найз Д-ий хамт татдаг. Хэрэглээд 1 сар болж байна. Ойролцоогоор 7 хоногт нэг удаа хэрэглэдэг. Өвсөө 39-р байрны хойд талд байдаг Гандангийн хажуу талын хоосон хашаанаас Д-тэй хамт явж түүж бэлтгэдэг. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахиж хэрэглэхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д-ий өгсөн: Тус өвсийг Цанид эмнэлгийн урд талаар Нэгдсэн эмнэлэг рүү явах замд байдаг жалганы дээд хэсгээс түүсэн. Надтай хамт манай найз болох О- байсан. Ойролцоогоор 3 тогооны хэмжээтэй өвс түүсэн. 2 тогоо өвсийг татсан. Цаана нь 1 тогоо үлдсэн. Сарын өмнө тэр хавьд чаргаар гулгаж байхдаа хальт харсан. Гэхдээ өмнө нь энэ газраас түүж байгаагүй. 2017 оны 10 дугаар сард анх хэрэглэж байсан. Тэр үед О- жаахан хэмжээний өвс авч ирээд хэрэглэж үзэх үү гэсэн. Тэгээд бид 2 хоёулаа санал нийлээд хэрэглэж үзэхээр шийдсэн. О- уг өвсийг хаанаас олж ирснийг нь би сайн мэдэхгүй. Тэгээд бид 21-р хорооллын тэр хавьд Бонго хэлбэрээр татсан. Орой 11 цагийн үед бид 2 РС тоглож дуусаад 1-р хороололд байрлах Нэхийгийн байрны 10 давхарт Бонго хэлбэрээр татсан. Ашигласан усны саваа цонхоор шидсэн. Бас ахуйн хэрэглээний газыг амаар нь сорж мансуурсан. Гэхдээ тийм ч их мансуураагүй. О- ч бас мөн адил газ сорсон. Газ нь байгаа. 2017 оны 11 дүгээр сараас хойш үнэрлэдэг болсон. Өнөөдрийнхтэй нийлээд 4 дэх удаагаа өвс бонгодож, газ үнэрлэсэн. Дахиж хэрэглэхгүй, ухаарсан. Хөнгөн ял өгөөч гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1410 дүгнэлт.
1.Шинжилгээнд ирүүлсэн “TA00212359 Д-, “ТБ99012110 О-” гэж хаягласан зориулалтын савтай шээс нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.
2.Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савны таган дээр “ТА00212359 Д-” гэж хаягласан 90 мл шээсэнд тетрагидроканнабинол/THC/-ын агууламж илрэв.
3.Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савны таган дээр “ТБ99012110 О-” гэж хаягласан 60 мл шээсэнд тетрагидроканнабинол/THC/-ын агууламж илрэв.
4.Тетрагидроканнабинол/THC/-ын нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 34, 35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 1409 дүгнэлт.
1.Шинжилгээнд ирүүлсэн “Дархан-Уул аймаг ЦГ-т МБТ №55 гомдол мэдээлэлд ХГҮ-р хураан өвс” гэж хаягласан гялгар ууттай шарласан ургамал мэт зүйл гялгар уутын хамт 8 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “Дархан-Уул аймаг ЦГ-т МБТ №55 гомдол мэдээлэлд ХГҮ –р хураан өвс” гэж хаягласан гялгар ууттай шарласан ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол агууламж илэрсэн.
3.Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-41/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 1408 дүгнэлт.
1.Шинжилгээнд ирүүлсэн “Дархан-Уул ЦГ МБТ О-ын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан хатаж шарласан өвс” гэж хаягласан гялгар ууттай шарласан ургамал мэт зүйл гялгар уутын хамт 67 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “Дархан-Уул ЦГ МБТ О-ын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан хатаж шарласан өвс” гэж хаягласан гялгар ууттай шарласан ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.
3.Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 45-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 1407 дүгнэлт.
1.Шинжилгээнд ирүүлсэн “Дархан-Уул ЦГ МБТ Д-ий мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаанд хурааж авсан хатаж шарласан өвс” гэж хаягласан гялгар ууттай шарласан ургамал мэт зүйл гялгар уутын хамт 65 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “Дархан-Уул ЦГ МБТ Д-ий мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаанд хурааж авсан хатаж шарласан өвс” гэж хаягласан гялгар ууттай шарласан ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.
3.Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-51/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-25/, хэргийн газраас хураан авсан хатаж шарласан өвс, чук гек чихрийн цаас болон дотор нь байрлах тугалган цаас, улаан өнгийн савтай газ, сэтгүүлийн цаас, жижиг цоолсон усны сав, хатаж шарласан өвс зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О-, Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О-, Д- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 65-68 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн 45-р байрны 10 давхарт газ үнэрлэж мансуурсан зөрчилдөө тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 30 хоног албадан сургалтад хамрагдаж, 20 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг хэдий ч нийгмийн аюулын шинж чанар хор хөнөөл ихтэй, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн: "2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл долоо хоногт 1 удаа мансууруулах бодисыг хэрэглэсэн" гэх мэдүүлэг, тэдний хувийн байдлыг тогтоосон гэрч С.Оюунчимэгийн өгсөн: "О- нь сүүлийн үед гэртээ орж ирэх нь их оройтдог болсон. Хаагуур юу хийгээд яваад байгаа талаар асуухад хэлдэггүй", гэрч Э.Хишигжаргалын өгсөн: "Д- нь Дархан-Өргөө политехникийн коллежид суралцаж байгаад сургуулиасаа өөрийн хүсэлтээр гарчихсан" гэх мэдүүлэг зэргээс тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дэх хэсэгт заасан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Д- нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал оруулсныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Д- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан хэдий ч шүүх хуралдаан болох өдөр 18 насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ердийн журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,
хатаж шарласан өвс /8г, 67г, 65г/, чук гек чихрийн цаас болон доторх тугалган цаас тус бүр 1 ширхэг, хажуу хэсгээр цоорсон усны сав 1 ширхэг, сэтгүүлийн цаасны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О-, Боржгигон Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хэрэглэхээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч О-, Д- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ыг 1 /нэг/ жил, шүүгдэгч Д-ийг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О-, Д- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хатаж шарласан өвс /8г, 67г, 65г/, чук гек чихрийн цаас болон доторх тугалган цаас тус бүр 1 ширхэг, хажуу хэсгээр цоорсон усны сав 1 ширхэг, сэтгүүлийн цаасны тасархай зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-, Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаартай шийтгэврээр оногдуулсан шийтгэлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ