Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2026/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сэлэнгэ ******* *******” ХХК (РД:*******) Гүйцэтгэх захирал Х.Э*******,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*******,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б*******,

Гуравдагч этгээд: “Мөнх *******” ХХК (РД:*******) Гүйцэтгэх захирал Н.Б*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: О.Мөнхболд (ШТЭҮ:2265) нарын хоорондүүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* /цахим/, гуравдагч этгээд Н.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нарыг оролцуулав.

            Хэргийн индекс: 159/2026/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1.1. Нэхэмжлэгч “Сэлэнгэ ******* *******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдуулан анх Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339 дүгээр “Гүйцэтгэгч шалгаруулах тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, СЭАОТСЗДТГ/2026010 дугаартай “ тосгонд 1.4 км авто тавих” тендерийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн дахин явуулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах, үнэлгээний үр дүнд үндэслэн гэрээ байгуулахыг Орхонтуул сумын Засаг даргад даалгах, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох, уг актуудын улмаас “Сэлэнгэ ******* *******” ХХК-д учирсан 260,880,932 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах гэж эцэслэн тодорхойлсон.

            Мөн СЭАОТСЗДТГ/2026010 дугаартай “ тосгонд 1.4 км авто тавих” тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин явуулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах, үнэлгээний үр дүнд үндэслэн гэрээ байгуулахыг Орхонтуул сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газраас СЭАОТСЗДТГ/2026010 дугаартай “ тосгонд 1.4 км авто тавих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, тендер шалгаруулалтын төсөвт өртөг 980,000,000 төгрөг, тендерийн баталгаа 4,900,000 төгрөг байхаар тендерийн баримт бичигт тусгасан байна.

            2.2. Тендер шалгаруулалтад нийт 4 оролцогч тендер ирүүлснээс “Сэлэнгэ ******* *******” ХХК 949,000,000 төгрөг, “Мөнх *******” ХХК 976,667,188 төгрөг, “Бутит ” ХХК 974,502,111 төгрөг, “Даш ” ХХК 970,458,644 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлжээ.

            2.3. Үнэлгээний хороо 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг хянан хэлэлцээд “Мөнх *******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, тус компанид гэрээ байгуулах эрх олгох талаар захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            2.4. Уг зөвлөмжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 01/340 тоот албан бичгээр “Мөнх *******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 01/339 тоот албан бичгээр “Сэлэнгэ ******* *******” ХХК-ийг шалгараагүй тухай мэдэгдсэн.

            2.5. “Сэлэнгэ ******* *******” ХХК тендер шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч “Мөнх *******” ХХК-ийн тендерт санал болгосон машин, механизмтай холбоотой баримт нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан байна.

            2.6. Сангийн яам уг гомдлыг хянан үзээд 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03/5083 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэхийг захиалагчид мэдэгдсэн байна.

            2.7. “Сэлэнгэ ******* *******” ХХК 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий акттай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч “Мөнх *******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу СЭАОТСЗДТГ/2026010 дугаартай “ тосгонд 1.4 км авто тавих” ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгсөн байна.

            Гурав. Нэхэмжлэгчийн тайлбар, маргаж буй үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Манай компани СЭАОТСЗДТГ/2026010 “ тосгонд 1.4 км авто тавих” ажлын тендер шалгаруулалтад 949,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь тендерт оролцогчдоос хамгийн бага үнийн санал байсан.

            “Мөнх *******” ХХК-ийн тендерт санал болгосон үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын зарим нь өөрийн өмчлөлийн бус, түрээсээр ашиглахаар санал болгосон бөгөөд тэдгээрийг ашиглах эрхийг нотолсон баримт нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.1-д заасан шаардлагыг хангаагүй. Мөн асфальт дэвсэгч, асфальтын индүү зэрэг гол шаардлагатай тоног төхөөрөмжийг санал болгоогүй байхад уг тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь үндэслэлгүй.

            Захиалагч Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн шийдвэр гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасан зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, “Мөнх *******” ХХК-ийн тендер шаардлага хангасан эсэхийг нягтлаагүй хэрнээ 01/339, 01/340 дугаар актуудыг гаргасан. Мөн 01/339 дугаар албан бичиг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан байхад 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр системд байршуулсан нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан. 

            “Мөнх *******” ХХК-ийн тендерийг хууль болон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагын дагуу үнэлсэн бол уг тендерээс татгалзах ёстой байсан. Манай компани хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул хамгийн сайн тендерээр шалгарч, гэрээ байгуулах боломжтой байсан. Маргаан бүхий актуудын улмаас тухайн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах боломжоо алдаж, гэрээ байгуулсан бол олох байсан 260,880,932 төгрөгийн ашиг олох боломжгүй болсон тул уг мөнгөн хөрөнгийг учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулна...” гэх агуулгаар маргаж байна.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгийн ******* *******” ХХК-ийн Орхонтуул суманд 1,4 км тавих тендерийн материалыг tender.mn цахим системд бүрэн гүйцэт хуулийн хугацаанд илгээсэн нь сайтад бүрэн бий. Гэтэл хариуцагч болох захиалагч шүүхийн шаардсанаар материалыг хүргүүлэхдээ манай компанийн тусгай зөвшөөрөл, татвар, нийгмийн даатгал тендерийн шаардлага хангасан хамгийн чухал баримтуудыг зориуд орхигдуулж дутуу ирүүлсэн тухай зүйлийг тайлбарлаж ярьдаг. Үүнтэй холбоотой манай компани тухайн төсөлд 949,000,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй болон худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон хязгаарлалтад хамаарахгүйг албан ёсоор баталгаажуулсан.

            Гуравдагч этгээд “Мөнх *******” ХХК тендерт оролцох үед техникүүд нь огт байгаагүй хэр нь хэрэв тендерт шалгарвал баталгаажуулаад аваад явна гэдэг байдлаар хандсан нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хариуцагчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд “Мөнх *******” ХХК техникийн шаардлага хангасан талаараа ямар ч баримтаар нотолж чадсангүй. Хариуцагч Засаг дарга үүнийг мэдсээр байж шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг зөрчсөн гэдгийг дахин тайлбарлах ёстой.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хууль ёсны гэдгийг Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох ёстой байсан ч энэ талаар хуулийн зүйл заалттайгаар нотлох баримтаар нотолж чадсангүй.

            Хохирол 260,880,932 төгрөгтэй холбоотой асуудал яригдана. Энэ нь 2025 оны төсөв юм. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж заасан. Хэрэв Засаг дарга хуулиа дээдэлж техникийн шаардлага хангаагүй “Мөнх *******” ХХК-ийг хасаж шударгаар үнэлсэн бол зохих шаардлагыг хангасан “Сэлэнгэ ******* *******” ХХК уг тендерт шалгарч гэрээ байгуулан 260,880,932 төгрөгийн цэвэр ашиг олох бүрэн боломжтой байсан. Энэхүү эдийн засгийн бодит ашиг сонирхлыг хариуцагч Засаг дарга үгүй хийсэн.

            Захиалагч үнэлгээ хийхдээ нэхэмжлэгч компани болон гуравдагч этгээдэд тэгш бус хандаж Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэдгийг хэрэгт авагдсан 2026 оны 4 дүгээр сарын сарын 07-ны өдөр Тендерийн баримт бичгийн тодруулга хэсэгт захиалагч хууль зөрчиж, хугацаа тулгаж ойлгомжгүй өөрчлөлт оруулсан. Мөн 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 130 тоот гомдол, Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 12-ны 03/5083 мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн мэдэгдэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангасныг нотлох тухай, мөн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 тоот захирамж захиргааны актыг хянуулах үндсэн баримтууд юм. “Мөнх *******” ХХК тоног төхөөрөмжийн лавлагаа нь гуравдагч этгээд шаардлага хангаагүй байсныг нотлох лавлагаа юм.

            Сангийн сайдын А/104 тоот тушаалын жишиг баримт нь захиалагч туслахын шаардлагыг хууль бусаар хатууруулж өөрчилснийг харьцуулсан нотлох баримтууд юм. Эдгээр баримтуудаар хангалттай нотолно гэж үзэж байна. Ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн нь анхнаасаа гарсан хууль бус Засаг даргын захирамжийн шийдвэрийг цагаатгах шалтгаан болохгүй гэж үзнэ.

            Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 01/339, 01/ 340 тоот шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, бидэнд учирсан хохирол 260,880,932 төгрөгийн хохирлыг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

            Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            4.1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын зүгээс ... СЭАОТСЗДТГ Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан үндэслэлдээ: “...Тус суманд 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 980,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “ тосгонд 1.4 км авто тавих” ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Тендер шалгаруулалтад “Мөнх *******” ХХК 976,667,188 төгрөг, “Бутит ” ХХК 974,502,111 төгрөг, “Даш ” ХХК 970,458,644 төгрөг, “Сэлэнгэ ******* *******” ХХК 949,000,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн.

            Үнэлгээний хороо тендерт оролцогчдын материалыг хянан үзэж, “Мөнх *******” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэн шалгаруулж, Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, тендерийн үр дүнг нийтэлсэн.

            “Сэлэнгэ ******* *******” ХХК 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай мэдэгдсэний дагуу холбогдох баримт, мэдээллийг хүргүүлсэн. Сангийн яамнаас 03/5083 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн учир “Мөнх *******” ХХК-тай 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “ тосгонд 1.4 км авто тавих” ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

            Ажлын гүйцэтгэл одоогоор 98% тай явагдаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу эхэн болон дунд үеийн гүйцэтгэлийн санхүүжилт болох 683,667,031.60 төгрөгийн санхүүжилтийг олгосон...” гэж тайлбарлаж байна.

            4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу Засаг дарга шийдвэр гаргасан. Үнэлгээний хорооноос Засаг даргад нөлөөлөх ямар ч боломжгүй. Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг хянаад үндэслэлтэй гэж үзсэний дагуу бидний зүгээс гэрээг хянаж “Мөнх *******” ХХК-тай гэрээ байгуулж ажлаа гүйцэтгүүлсэн. “Мөнх *******” ХХК гэрээний хугацаанд ажлаа 100 хувь хийж гүйцэтгэж санхүүжилтээ 100 хувь авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

            Тав. Гуравдагч этгээдийн тайлбар:

            5.1. Гуравдагч этгээд “Мөнх *******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан үндэслэлдээ: “...Манай компани Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газраас зарласан СЭАОТСЗДТГ/2026010 дугаартай “ тосгонд 1.4 км авто тавих” ажлын тендерт оролцож, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлэн оролцож, шалгарсан. Манай компанийн хувьд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон зүйл байхгүй бөгөөд тендер шалгаруулалт хууль ёсны дагуу болсон.

            Нэхэмжлэгч “Сэлэнгэ ******* *******” ХХК тендер шалгаруулалттай холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03/5083 дугаар албан бичигт манай компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж, автогрейдер, экскаватор, ковш, индүү, самосвал, усны машин зэрэг 9 техник санал болгосныг дурдсан.

            Манай компани тендерт шалгарсны дагуу 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ОТ-2026/21 дугаартай “ тосгонд 1.4 км авто тавих” ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний ажлыг бүрэн гүйцэтгэн, 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн АЗ-27/2026 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар ажлаа хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн.

            Иймд хариуцагчийн шийдвэрийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хохирол гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

            5.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 28.1.1 дэх заалтад заасан гэж тайлбарлаж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд техникийн болон чадавхын асуудлаар захиалагч шаардлага тавьж болно. Захиалагчийн зүгээс тендерийн шалгаруулалтын баримт бичгийг онцгойлсон байна. Хуулийн хэллэгийн тухайд үгийн шууд утгыг анхаарна гэсэн зохицуулалт бий. Зарим тендерүүдэд шаардагдах тоног төхөөрөмжүүд заасан байдаг. Энэ тендерт тийм зүйл байхгүй байсан учраас энэ тендерт шинэ компанийн хувьд оролцож шалгарсан.

            Уг тендерт 4 оролцогч оролцсон. Нэхэмжлэгч тал бид нар шалгарах байсан гэж ярьж байна. Дөрвөн оролцогч оролцоод хоёроос нь татгалзаад хоёр нь үлдсэн байсан бол ярьж байгаа зүйл нь үндэслэлтэй байж болно. Тендерт ”Мөнх *******” ХХК шалгарсан гэсэн болохоос хоёрт “Сэлэнгэ ******* *******” ХХК шалгарсан гэсэн ямар ч баримт байхгүй. 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэлд 100 хувийн саналаар “Мөнх *******” ХХК шалгарсан  л гэсэн зүйл байна. Уг тэмдэглэлд аль нэг тендерээс татгалзсан гэсэн зүйл байхгүй байна. “Сэлэнгэ ******* *******” хоёрт шалгарсан гэсэн зүйл байхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасан хамгийн сайн тендерийг шалгаруулсан. Гэтэл яагаад уг заалтыг зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

            Үнэлгээний хорооны 2 дугаар тэмдэглэл гэдэг нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан мөн юм. Тухайн акт нь нэхэмжлэгчийн маргаж буй асуудлуудыг шийдвэрлэх захиргааны акт юм. Энэ талаар маргаагүй атлаа процессын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь заалтад заасны дагуу хяналт хийсэн хийх ёстой гэдэг зүйл яригдана. Тодруулбал материаллаг хяналт хийхгүй процессын хяналт хийх ойлголт юм. Процессын хяналт гэдэг нь үнэлгээний хороо хуульд заасан ирц бүрэн эсэхэд л хяналт хийнэ. Энэ компани шалгарах ёстой байсан гэсэн хяналт хийх боломжгүй.  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан хараат бус байдалд алдагдана.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэсэн зохицуулалт бий.

            Тендертэй холбогдолтой гол шийдвэр нь 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний хорооны 02 дугаар шийдвэр буюу захиргааны акт юм. Уг шийдвэрт маргахгүй тойрч маргаж байгааг шүүх анхаарч үзээсэй. Уг шийдвэрт маргаж хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд дараагийн хяналтын асуудал яригдана. Засаг дарга буруутай үйл ажиллагаа байхгүй зүйл дээр байгаа мэтээр ямар ч үндэслэлгүй маргаж байгаа нь нэхэмжлэгчийн гаргаж буй нэгдүгээр болон хоёрдугаар шаардлага ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалт нь захиргааны акт хууль бус байсан тохиолдолд хохирлын асуудал яригдана. Гэтэл 01/339, 01340 тоот захирамж нь хууль бус биш учраас хохирлын асуудал яригдахгүй. Мөн уг тендерт нэхэмжлэгч компани шууд шалгарах байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг харьцуулан үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий 01/339, 01/340 дугаар актуудын хууль зүйн үндэслэлийн талаар:

            1.1.“Мөнх *******” ХХК-ийн тендер шаардлага хангасан эсэх тухайд:

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ” гээд 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.3-т “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тус тус заажээ.

            Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.1-д техникийн чадавх, туршлагын шаардлагыг “Шаардана” гэж тогтоож, ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд “авто ын засвар үйлчилгээ хийхэд шаардагдах машин механизмууд, техник хэрэгсэл стандартын дагуу бүрэн байх” гэж, ТШЗ 19.1-д техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангахыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлэхээр заасан байна. /1 хх-ийн 63, 65 дахь тал/

            Нэхэмжлэгчээс “Мөнх *******” ХХК асфальт дэвсэгч, асфальтан индүүг тендерт санал болгоогүй, ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эдгээр техник хэрэгсэл байхгүй байхад тендерийг нь шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь буруу гэж маргаад “Мөнх *******” ХХК нь ажил гүйцэтгэх үедээ дээрх техникийг бусдаас түрээсэлсэн эсэхтэй холбоотой санхүүгийн баримт гаргуулах хүсэлт гаргасан. Гэвч тухайн ажлыг гүйцэтгэх явцад дээрх техникийг түрээсэлж ашигласан эсэх нь тендерийн баримт бичигт уг техникийг заавал санал болгохоор шаардсан эсэхтэй холбоогүй байна.

            Хэрэгт авагдсан “Мөнх *******” ХХК-ийн тендерийн баримтаас үзэхэд экскаватор, автогрейдер, далангийн индүү, хос булт индүү, өөрөө буулгагч, усны машин, миксер, ковш зэрэг 9 машин, механизм санал болгосон байна. Үүнээс экскаватор, автогрейдер, хос булт индүү, ковшийг “Оффроуд таван богд” ХХК-иас түрээслэхээр 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр МЦ-ТГ/02 дугаар гэрээ байгуулж, уг гэрээг тендерт хавсаргасан байна. /1 хх-ийн 232-236 дахь тал/

            Харин ТШЗ 17.1-д асфальт дэвсэгч, асфальтын индүүг заавал санал болгох техник хэрэгсэл гэж тухайлан нэрлэж, тэдгээрийн тоо ширхэг, хүчин чадал болон бусад үзүүлэлтийг тусгайлан тогтоогоогүй байна. Шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч асфальт дэвсэгч, асфальтын индүү нь барихад гол үүрэгтэй гэж, гуравдагч этгээд тендерийн баримт бичигт эдгээр техникийг тусгайлан нэрлээгүй гэж тус тус тайлбарласан.

            Мөнх ******* ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”, 17.2.4-т “гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл” гэж заасны дагуу тендерийн баримт бичигтээ техник хэрэгслийн талаарх мэдээллийг бүхэлд нь нэрлэн зааж, тэдгээрийг түрээслэх гэрээг хавсарган ирүүлсэн байна.

            Мөн тендерийн баримт бичигт асфальт дэвсэгч, асфальтын индүүг заавал санал болгохоор тусгайлан заагаагүй тул “Мөнх *******” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй.

             1.2. Орхонтуул сумын Засаг даргын 01/339, 01/340 дугаар актын хууль зүйн үндэслэлийн тухайд: 

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:” гээд 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгчийн зүгээс “Мөнх *******” ХХК-ийн тендер нь машин, механизмын шаардлага хангаагүй байхад Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үзэж, хамгийн сайн тендерээр шалгаруулсан зөвлөмжийн хууль зүйн үндэслэлийг нягтлалгүйгээр шийдвэр гаргасан гэж тайлбарласан.

            Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар тендерт оролцогчдын ирүүлсэн материалыг хэлэлцэж, “Мөнх *******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулан, тус компанид гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөсөн байна. Уг  зөвлөмжийн дагуу  Орхонтуул сумын Засаг дарга 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/340 дугаар албан бичгээр “Мөнх *******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 01/339 дугаар албан бичгээр “Сэлэнгэ ******* *******” ХХК-д тендерт шалгараагүй талаар мэдэгджээ. /1 хх-ийн 101-102 дахь тал/           

            Мөн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/338 дугаар албан бичигт “Мөнх *******” ХХК-ийн тендерийн үнэ 976,667,188 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаа бусад оролцогчоос богино, 2025 онд Цээл-Орхонтуул чиглэлийн авто ын ажил гүйцэтгэсэн талаар дурдсан байна. /1 хх-ийн 105-106 дахь тал/

            Нэхэмжлэгч “Сэлэнгэ ******* *******” ХХК тендер шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч  Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам уг гомдлыг хянаад 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 03/5083 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, журамд заасны дагуу үргэлжлүүлэхийг мэдэгджээ. /1 хх-ийн 107-108 дахь тал/

            Нэхэмжлэгчээс 01/339 дугаар албан бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн боловч 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр цахим системд байршуулсан нь гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж маргасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тендер шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэсэн байх тул 01/339 дугаар албан бичгийг цахим системд байршуулсан хугацааны улмаас нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх бодитоор хязгаарлагдсан гэж үзэхгүй.

            Нэхэмжлэгч үнэлгээний хорооны зөвлөмжийг Засаг дарга нягтлаагүй гэж маргасан боловч “Мөнх *******” ХХК-ийн тендерийг машин механизмын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 01/339, 01/340 албан бичгийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

            1.3. Нэхэмжлэгч тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэх тухайд:

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заажээ.

            “Сэлэнгэ ******* *******” ХХК нь тендер шалгаруулалтад оролцогчдоос хамгийн бага буюу 949,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, “Мөнх *******” ХХК-ийн тендерээс татгалзсан бол өөрийн тендер шалгарах байсан гэж маргасан.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн бага үнийн санал ирүүлснээр тендерт шалгарахаар бус, хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор заасан бөгөөд хамгийн бага үнэ санал болгосноор шууд шалгарахаар зохицуулаагүй байна.

            Мөн уг тендер шалгаруулалтад “Сэлэнгэ ******* *******” ХХК, “Мөнх *******” ХХК-иас гадна “Даш ” ХХК, “Бутит ” ХХК оролцсон тул “Мөнх *******” ХХК-ийн тендерээс татгалзсан тохиолдолд үлдэх тендерийг үргэлжлүүлэн үнэлэх тул нэхэмжлэгчийн тендер шууд шалгарах байсан гэж үзэхгүй.

            Хоёр. Маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

            2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий акт нэгэнт хэрэгжсэн боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэвээр байгаа тохиолдолд тухайн актыг хууль бус байсан болохыг тогтоох боломжтой.

            Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 01/339, 01/340 дугаар актууд гарсны дараа тендер шалгаруулалтын ажиллагаа үргэлжилж, захиалагч “Мөнх *******” ХХК-тай 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ОТ-2026/21 дугаар “ тосгонд 1.4 км авто тавих” ажил гүйцэтгэх гэрээг 976,667,188 төгрөгөөр байгуулсан байна. /1 хх-ийн 109-112 дахь тал/

            Уг гэрээний дагуу “Мөнх *******” ХХК ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэлийн акт, санхүүжилтийн баримтуудыг үйлдсэн бөгөөд 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, уг ажлыг ашиглалтад оруулах боломжтой гэж дүгнэжээ. /2 хх-ийн 17-21 дэх тал/

            Сэлэнгэ ******* эрдэн ХХК анх 01/339 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч дээрх нөхцөл байдлын улмаас 01/339, 01/340 дугаар актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

            Нэхэмжлэгч уг шаардлагаа “Мөнх *******” ХХК машин, механизмын шаардлага хангаагүй,  харин  “Сэлэнгэ ******* *******” ХХК хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж тайлбарласан. Гэвч “Мөнх *******” ХХК-ийн тендерийг нэхэмжлэгчийн дурдсан машин, механизмын үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр 01/339, 01/340 дугаар актуудыг хууль бус байсан гэж тогтоох үндэслэлгүй.

            Гурав. Хууль бус актуудын улмаас учирсан хохирол буюу тендерт шалгарсан бол олох байсан орлого /ашиг/ 260,880,932 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан нь тогтоогдвол хохирлыг гаргуулах, хэмжээний талаар маргаан гарсан бол хохирлын хэмжээг тогтоох” гэж зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд уг хохирлыг гаргуулахаар байна.

            Нэхэмжлэгч “Сэлэнгэ ******* *******” ХХК нь Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудын улмаас тендерт шалгарч, гэрээ байгуулах боломжоо алдсан гэж үзэн, гэрээ байгуулан тухайн ажлыг гүйцэтгэсэн бол олох байсан 260,880,932 төгрөгийн ашгийг хохиролд тооцон нэхэмжилсэн.

            Уг тооцоонд тендерт санал болгосон 949,000,000 төгрөгийн үнийн дүнгээс ажлыг гүйцэтгэхэд гарах зардлыг хасаж, үлдэх 260,880,932 төгрөгийг гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд олох байсан ашиг гэж тооцсон бөгөөд шүүх хуралдаанд тендерт оролцохдоо гаргасан төсөвтэй ижил гэж тайлбарласан. /1 хх-ийн 156-162 дахь тал/

            Гэвч нэхэмжлэгчийн тендер заавал шалгарах байсан нь тогтоогдоогүй бөгөөд 260,880,932 төгрөг нь бодитоор гарсан зардал бус, гэрээ байгуулж ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд олох байсан гэж тооцсон ашиг байх ба энэ тооцоогоор энэ хэмжээний ашиг заавал олох байсан, эсхүл уг ашиг ороогүй нь хариуцагчийн үйл ажиллагааны шууд үр дагавар болох нь тогтоогдохгүй байна.

            Маргаан бүхий Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг хууль бус гэж үзээгүй, нэхэмжлэгч тендерт заавал шалгарах байсан нь тогтоогдоогүй тул 260,880,932 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

            Нэгтгэн дүгнэвэл, Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн тендер шалгаруулалтын ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1, 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ ******* *******” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/339, 01/340 дугаар актуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 260,880,932 төгрөгийн олох ёстой ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Я.АРИУНЦЭЦЭГ