| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0058/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 100
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяа,
Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-өд холбогдох эрүүгийн 1818000200030 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б-, -ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, - настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шар зам ирээдүй” хоршоонд таксины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын - дугаар баг, Мангиртын - дугаар хэсгийн - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б- нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 16-н давхар байрны зүүн талын замд Соната маркийн 26-65 ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Б.Төгөлдөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б- нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 16-н давхар байрны зүүн талын замд Hyundai Sonata 6 маркийн Sedan загварын суудлын 2665 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”-т заасныг тус тус зөрчсөнөөс явган зорчигч 7 настай Б.Төгөлдөрийг мөргөж эрүүл мэндэд нь "зүүн дунд чөмөгний дунд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, зүүн чихний зулгаралт, зүүн цавь, гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б-ийн өгсөн: 2017 оны 12-р сарын 27-ны өглөө өөрийн эзэмшлийн 2665 ДАХ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслээр хүн тээвэр хийхээр өглөө 07:20 цагийн үед гарч явсан. Тэгээд Дархан сумын 15 дугаар баг Хабитатаас хэдэн хүн суулгахад тэр суусан хүмүүс ОУХТ дээр бууна гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд миний машинд суусан нэг хүүхэд үйлчилгээний төв дээр хүргүүлнэ гэхээр нь суусан зорчигчоо үйлчилгээний төв дээр хүргэж өгч буулгачихаад буцаад Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байх ОУХТ-ийн чигт явж байгаад Мобикомын байрны харалдаа байдаг замын уулзвар буюу 16-н давхрын харалдаа ирж явтал уулзвар гараад замын баруун гар талаас зам хөндлөн 3 хүүхдийн 2-ыг нь хөтөлчихсөн нэг залуу гарцан дээр зогсож байсан. Би тэд нарыг зам хөндлөн гарах гэж байна гэж бодоод хажуугаар нь гараад явтал замын хажууд зогсож байсан хүүхдүүдийн нэг нь зам хөндлөн гүйгээд гараад ирсэн. Тэгээд би зүүн тийшээ дартал миний машины баруун урд хэсгээр зам хөндлөн гүйж гарч ирсэн хүүхэд мөргүүлээд зам дээр унасан. Хүүхдүүдтэй цуг явж байсан залуу хүрч ирээд тэр хүүхдийг зам дээрээс татаад босгосон. Тэгсэн машинд мөргүүлсэн хүүхэд уйлаад байхаар нь тэр хоёрыг суулгаад эмнэлэг рүү авч очиж 103-н хүлээн авахын эмчид үзүүлсэн. Тэгсэн чинь эмч үзээд дунд чөмөг нь хугарсан байна хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Хохирогчид эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хагалгааны төлбөр болон бусад зардалд 2 020 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн өгсөн: Би 3 хүүхэдтэй. Миний том охин Болортуяа 2010 онд өвчны улмаас нас барсан. Миний талийгаач охины хүү нь Төгөлдөр байгаа юм. Миний зээ хүү Төгөлдөр нь 3 сартайдаа өнчирч үлдсэн. Бие эрүүл мэндийн улмаас мөн орох орон байргүй подьвалд амьдарч байсан тул Төгөлдөрийг халамжийн 15-р цэцэрлэгт явуулдаг болсон. 4 настай байхад нь халамжаас өнчин хүүхэд асрах "Нарны хүүхдүүд" нэртэй асрамжийн газарт өсгүүлэхээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр намайг гэртээ байхад асрамжийн газрын хүүхэд Батбаяр над руу утасдаж Төгөлдөр хичээлдээ явж байгаад машинд мөргүүлээд эмнэлэгт муу байгаа талаар хэлсэн. Төгөлдөрийг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж зүүн гуяны дунд чөмөгний хугарлыг хадуулж эмчлүүлсэн. Одоо цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа. Гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Манайх ам бүл 6. Өрхийн орлого муу, би ажилгүй. Миний бие Төгөлдөрийн эмчилгээ, арчилгаа, сувилгаа, сэргээн засах эмчилгээ хийлгүүлэхэд боломж муутай. Өмгөөллийн ажлын хөлс, шинжилгээ эмчилгээний төлбөрт Б-өөс урьдчилан 2-3 сая гаруулж өгөхийг хүсэж байна. Төгөлдөр хөлөө чирээд мөлхөх үедээ мөлхөөд гэр зуур явж байгаа. Гомдолтой байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн өгсөн: Би 2017 оны 12-р сарны 27-ны өглөө 08 цагийн үед “Нарны хүүхдүүд" асрамжийн газраас ах Батбаяр, Улсбаяр, Мөнгөнзул бид нар сургууль руугаа алхаад явж байсан. Тэгээд бид Олон улсын худалдааны төвийн тэнд гарцаар зам хөндлөн гарах гэж байтал нэг машин ирээд намайг мөргөсөн. Би нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирсэн байсан. Мөнгөнзул 3 дугаар ангид сурдаг, Улсбаяр нь 2 дугаар ангид сурдаг. Миний толгой хөл их өвдөж байгаа. Хамарнаас цус гардаг. Шилэн хүзүүгээ хөдөлгөхөөр өвдөж байгаа. Миний зүүн чих өвдөөд байдаг. Эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Миний зүүн хөлийн гуяны хэсгээр хадаж эмчилсэн гэх мэдүүлэг /хх 23/,
Насанд хүрээгүй гэрч Н.Батбаярын өгсөн: Би 2017 оны 12-р сарын 27-ны өглөө 07:30 цагийн үед Нарны хүүхдүүд асрамжийн газраас дүү нар болох Улсбаяр, Мөнгөнзул, Төгөлдөр нарын хамт сургууль руугаа явах гээд гарч явсан. Бид нар Нарны хүүхдүүд асрамжийн газраас гараад Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байдаг 9-р сургууль руугаа алхаад явж байсан. Тэгээд Мобикомын урд талын уулзвар дээр ирээд зам хөндлөн гарахын өмнө явган хүний гарцаар гарахдаа би Улсбаяр, Мөнгөнзул нарыг хоёр талдаа хөтлөөд зогсож байсан. Төгөлдөр хажууд зогсож байсан. Би Төгөлдөрийг хөтлөөгүй байсан. Тэгээд би цуг явж байгаа дүү нартаа та нар гүйж болохгүй гэж хэлээд байж байтал Үйлчилгээний төвийн тэндээс нэг машин ирж явсан. Тэгсэн чинь Төгөлдөр зам хөндлөн гарах гээд гүйгээд явсан чинь Үйлчилгээний төвөөс ирж байсан нэг саарал өнгийн жижиг тэрэг ирээд Төгөлдөрийг мөргөөд зам дээр унагаагаад тэр мөргөсөн машин замын хажуу тийшээ дарж зогссон. Тэгээд би Төгөлдөр дээр гүйж очиж тэврээд машинд суулгаад Улсбаяр, Мөнгөнзул нарыг замын цаана гаргаж өгчихөөд сургууль руугаа яваарай гэж хэлчихээд Төгөлдөрийн аваад тэр машинтай эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод багш Баярмаа руу залгаж болсон явдлыг хэлсэн. Намайг зам дээр дүү нараа хөтлөөд ирэхэд тэр машин тийм их хурдтай яваагүй хэвийн боломжийн явж байсан. Би баруун гар талдаа Мөнгөнзулыг хөтлөөд зогсож байсан. Мөнгөнзулын баруун гар талд Төгдөлдөр зогсож байсан. Мөнгөнзул Төгөлдөрийг хөтөлж байсан эсэхийг нь би анзаараагүй гэх мэдүүлэг /хх 28/,
Насанд хүрээгүй гэрч Х.Мөнгөнзулын өгсөн: ...Мобикомын урд талын зам дээр ирээд зам хөндлөн гарах гээд зогсож байсан. Төгөлдөр миний хажууд миний гарнаас хөтлөөд зогсож байсан. Би Батбаяр ахаас хөтлөөд зогсож байсан. Тэгсэн чинь Төгөлдөр зам хөндлөн гүйгээд явсан чинь нэг машин ирээд Төгөлдөрийг мөргөчихсөн чинь Төгөлдөр зам дээр уначихсан. Бид нар зам хөндлөн гарах гээд зогсож байхад зам дээр цагаан зураас байсан. Тэр цагаан зураасаар явган хүн зам хөндлөн гардаг гэх мэдүүлэг /хх 30/,
Насанд хүрээгүй гэрч Э.Улсбаярын өгсөн: ...Мобикомын урд талын зам дээр ирээд зам хөндлөн гарах гээд зогсож байсан. Батбаяр ах намайг зүүн гартаа, баруун гартаа Мөнгөнзулыг хөтлөөд явж байсан. Мөнгөнзулын хажууд Төгөлдөр явж байсан. Тэгсэн чинь Төгөлдөр зам хөндлөн гүйгээд явсан чинь нэг машин ирээд Төгөлдөрийг мөргөчихсөн. Цагаан зураас байсан. Тэр цагаан зураасаар явган хүн зам хөндлөн гардаг гэх мэдүүлэг /хх 31/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар дүгнэлт:
1. Б.Төгөлдөрийн биед зүүн дунд чөмөгний дунд 3/1 хөндлөн битүү хугарал, тархи доргилт, зүүн чихний зулгаралт, зүүн цавь, гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машинд мөргүүлэх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 37/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 290 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:
1.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 120, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2.Б.Төгөлдөрийн биед зүүн дунд чөмөгний дунд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, зүүн чихний зулгаралт, зүүн цавь, гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарлыг засах мэс ажилбар /2017.12.27/ бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй.
3.Б.Төгөлдөр нь зүүн дунд чөмөгний хугарлыг засах мэс ажилбар /2017.12.27/ хийлгэсэн тул дунд чөмөгний хуурамч үе үүсэхгүй гэжээ.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ослын дүгнэлт:
1.Жолооч Б- нь Х/Соната маркийн 26-65 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ явган зорчигч 8 настай Б.Төгөлдөрийг мөргөж зам тээврийн осол гаргах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.
2.Жолооч:Б- нь Х/Соната маркийн 26-65 ДАХ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 9-р бүлэг 9.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 13-р бүлэг 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.2017.12.27-ны өдөр 08 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сум 12-р багийн нутаг дэвсгэрт байх 16-н давхрын урд зам дээр явган зорчигч 8 настай Б.Төгөлдөр нь зам хөндлөн гарч яваад 26-65 ДАХ улсын дугаартай Х/Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж биед нь гэмтэл учирсан үйлдэл нь МУ-н ЗХД-ийн 1-р бүлэг 1.4-т Зам тээврийн осол гэж "зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал" байдлыг хэлнэ.
4.МУ-н Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл 54 "Эцэг, эх, асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг Г.Төгөлдөрийн асра- хамгаалагч зөрчсөн" гэжээ /хх 33/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.07-ны өдрийн 238 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 49-50/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, өвчний түүх /хх 60-72/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журамзөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн 909 300 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч талаас хохирогчийн эмчилгээний зардалд 2 020 000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяа, шүүгдэгч Г. Б- нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяа болон түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын зүгээс дээрх нөхөн төлөгдсөн хохирлоос гадна өмгөөллийн хөлс 650 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэнийг шүүх хангах боломжгүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-228.6, 505, 506 дугаар зүйлд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс гэх 650 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүйгээс гадна байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй, цаашид гарах эмчилгээний зардал гэх 1 000 000 төгрөгийг урьдчилан гаргах хуулийн зохицуулалтгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 82-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-ийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий Hyundai Sonata 6 маркийн Sedan загварын суудлын 2665 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018.01.31-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, В ангиллын 329996 дугаартай жолоочийн үнэмлэх, 01722323 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 650 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-өд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-ийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий Hyundai Sonata 6 маркийн Sedan загварын суудлын 2665 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018.01.31-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, В ангиллын 329996 дугаартай жолоочийн үнэмлэх, 01722323 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б-өд буцаан олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ