Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2422001720211 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт , Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, аавын хамт Дундговь аймгийн гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял ялаар тус тус шийтгүүлсэн, (РД: );

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Малчины 1-04 тоотод хохирогч тай "таксины мөнгө өгөхгүй" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газарт гараар хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ..

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын хөдөлмөр эрхэлдэггүй, урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж зааснаар өдөрт эдлэх ялыг тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд Нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн хүний ам бүл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, эзэмшсэн мэдлэг, ур чадвар, боловсрол, мэргэжил, зэрэг хувийн байдлыг харгалзах замаар цагийг тогтоох нь ялын үр нөлөөг дээшлүүлэх, ялтны эрх зүйн байдалд үнэлэлт дүгнэлт хийх эрхийг олгожээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “Шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл хэмжээ, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”- т тус тус зааснаар өдөрт эдлэх ялын хэмжээ нь тодорхойгүйгээс ялыг биелүүлэхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Иймд, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт ... цагаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэсэн. Прокурорын зүгээс 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж зааснаар өдөрт эдлэх ялыг тооцоогүй байна гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Хуульд өдөрт эдлэх ялыг 8 цагаас дээшгүй цагаар тооцож ялыг эдлүүлэхээр хуульчилж өгсөн байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт эдлэх ялыг зохицуулж болно гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.

1. Прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, тоотод хохирогч тай “таксины мөнгө өгөхгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

3. Улсын яллагчаас “анхан шатны шүүх шүүгдэгчид 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт эдлэх ялыг тогтоогоогүй. Өдөрт эдлэх ялын хэмжээ нь тодорхойгүйгээс ялыг биелүүлэхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг тоотод таксигаар хүргүүлэхдээ хохирогч тай “таксины мөнгө өгөхгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ. 

6. Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

7. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж хуульчлан зааснаас үзэхэд ялтны нэг өдөрт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ нь 8 цагаас хэтрэхгүй гэх хязгаарлалт тогтоосон агуулгыг илэрхийлж байна.

8. Эрүүгийн хуулийн дээрх заалт ялтны нэг өдөрт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хязгаарыг тогтоосон ерөнхий зохицуулалт бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 – 166 дугаар зүйлд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ялтанд уг ялыг хэрхэн эдлүүлэх журмыг нарийвчлан зохицуулжээ.

Тухайлбал:.Ялтныг ажиллуулах ажлын байрыг тухайн нэг тойрогт сонгох, өөр тойрогт шилжүүлэн ял эдлүүлэх талаар санал гаргаж, прокурорт хүргүүлж, шийдвэрлүүлэх, ялтныг ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөлийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах шийдвэр гүйцэтгэгчийн эрх үүргийн талаар хуульчилсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгагдсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх нарийвчилсан зохицуулалтаас үзэхэд ялтан нь өдөрт 2 цагаас доошгүй, 7 хоногт 10 цагаас багагүй нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх бөгөөд өөрөө зөвшөөрсөн нөхцөлд өдөрт 8 цагаас ихгүй ял эдлэх талаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл ялтан өдөрт 2-8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжтой бөгөөд энэхүү цагийн сонголтоо өөрөө хийх боломжтой гэсэн үг юм.

9. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял эдлүүлэх, ял эдлэх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж өөрийн болон гэр бүлийн наад захын хэрэгцээг залгуулах боломж нөхцөлийг олгох байдаг.

Шүүх шийтгэх тогтоол гаргах үед шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа нь түүний өдөрт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 8 цагаар тогтоох үндэслэл болохгүй бөгөөд ял эдлэх хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэх боломжтой нөхцөлийг харгалзан үзэх нь зүйтэй. 

10. Ийм нөхцөлд шүүхээс ялтны нэг өдөрт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тодорхой, хатуу нөхцөлөөр заах нь түүний ял эдлэх эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх, түүнчлэн ял эдлүүлэх ажиллагаанд хийгдэх тусгайлсан зохицуулалт тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Г.МӨНХБАТ