| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Янсанжавын Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 159/2026/0028/З |
| Дугаар | 159/ШШ2026/0026 |
| Огноо | 2026-09-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 159/ШШ2026/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э*******,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга,
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
1.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Алтанбулаг сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилээр сунгасан байхад үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Э*******д тус сумын Бүргэдэй 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 7136.25 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлжээ
2.2. Нэхэмжлэгч Д.Э*******ын хүсэлтийг үндэслэн Алтанбулаг сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар нэгж талбарын 43040******* дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 5460 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилээр сунгасан.
2.3. Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 56 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э*******ын эзэмшлийн 5460 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Гурав. Нэхэмжлэгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 26 дугаар захирамжаар Бүргэдэй 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 7136.25 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Улмаар 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулж, газрын хэмжээг 5460 м.кв болгон баталгаажуулсан.
Уг газрыг эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхой хугацаанд бүрэн ашиглах боломжгүй байсан боловч биеийн байдал сайжирсны дараа гүний худаг гаргуулж, үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлэн бохир ус цэвэрлэх төхөөрөмж, барилгын материал захиалж тодорхой хэмжээний зардал гаргасан.
Гэтэл газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх 2005 онд 7136.25 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. Үүнийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 5460 м.кв болгож сунгасан тухай захирамж гарсан. Анх олгосон болон сунгасан газрын хэмжээний талаар талуудын дунд маргаан байхгүй. Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттайгаар 20 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сунгасан. Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаартай захирамж гарснаар А/148 дугаартай захирамж хүчингүй болсон. Захирамжийн үндэслэл нь гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэсэн байна. Газар эзэмших хугацааг сунгаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
Хариу тайлбараас харвал өмнөх 20 жилийн хугацааг оролцуулж тооцсон уу яг аль хугацааг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв өмнөх 20 жилийн хугацааг оролцуулж тооцно гэвэл газар эзэмших хугацаа сунгасан захирамжид анх газар эзэмшүүлсэн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 тоот захирамжийн 5 дахь заалтад Д.Э*******д холбогдох заалт гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж дурдсан. Хүчингүй болгосон заалттай захирамжтай холбоотой газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацаа яригдахгүй.
Өнөөдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамжийн талаар ярилцвал тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хуульд заасан үндэслэлгүйгээр газар эзэмшигчийн эрхэд халдсан гэж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын А/103 дугаартай захирамжийн өөрт ногдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Газар эзэмших гэрээ байгуулаагүй 20 гаруй жил явсан байна. Ямар ч гэрээ байхгүй гэсэн зүйл ярьж байна. 2005 оны захирамжид эзэмшил газрыг зөв зохистой ашиглах төрийн байгууллагын зүгээс хийх ёстой байсан ажил хийгээгүй гэж үзэж байна. Хүчингүй болсон актын үйлчлэл рүү орохгүй. Маргааш миний газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад үйл ажиллагаа явуулж болно гэтэл шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна” гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар захирамжаар Д.Э*******д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 7136.25 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаанд эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй боловч 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасныг хүлээн авч, сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилээр сунгасан.
Гэвч нэхэмжлэгч нь 2005 оноос хойш тухайн газарт барилга байгууламж барьж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй буюу газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Д.Э*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэжээ
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо анх 2005 онд А/26 дугаартай захирамжаар газар эзэмших эрх олгосон хугацаанаас эхэлж тооцсон. Гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийг өдрөөр тооцдог. Энэ өдрөөс ашиглаагүй гэх хугацааг тооцсон. Хянан баталгааны дүгнэлтээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх дүгнэлт гарсан. Газар эзэмших эрхийн хугацааг 2025 онд сунгасан. Хэдийгээр 2025 онд хугацааг сунгасан ч анх олгосон хугацаанаас газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг тооцсон. Нэгж талбарын хувийн хэрэгт анх 2005 онд байгуулсан гэрээ байгаагүй. Төрийн байгууллагын архиваас олдоогүй. Иргэнээс ч гаргаж өгөөгүй байна. Газар эзэмших гэрчилгээ олгох үед гэрээ гэрчилгээ хоёрыг хамтад нь олгодог” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Э*******д тус сумын Бүргэдэй 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 7136.25 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /хх-ийн 45 -46 дахь тал/
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг Алтанбулаг сумын Засаг дарга хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар нэгж талбарын 43040******* дугаар бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 5460 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 59 дэх тал/
Анх эзэмшүүлсэн газрын хэмжээ 7136,25 м.кв, 2025 онд эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үед 5460 м.кв болж өөрчлөгдсөн бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй.
2. Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 56 дугаар тогтоолыг үндэслэн, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Д.Э*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. /хх-ийн 64-68, 99-102 дахь тал/,
Нэхэмжлэгчээс “...2025 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаас хойш 2 жил болоогүй, газраа ашиглахаар бэлтгэл ажлууд хийсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч 2005 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, ажлын хэсгийн шалгалтаар энэ нөхцөл тогтоогдсон...” гэж тус тус маргасан.
Иймд маргаан бүхий А/103 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөлийг зөв тогтоосон эсэхэд дүгнэлт өгнө.
3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр тус тус зохицуулжээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газар эзэмшигч нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны байгууллагын шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, үнэлэхээр тус тус зохицуулсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хэрэглэхэд газар эзэмшүүлэх гэрээ хэзээ байгуулагдсан, түүнээс хойших хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд газар эзэмшигч газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй эсэхийг тогтоох шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгч Д.Э*******д 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч тухайн үед байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ байгууллагын архив болон нэхэмжлэгчид байхгүй, тухайн үед нэгж талбарын хувийн хэрэг үүсгээгүй, уг хувийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нөхөн бүрдүүлэлтээр анх үүсгэсэн болох нь тухайн газрын нэгж талбарын хувийн хэрэг болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 39-60 дахь тал/
Иймд 2005 онд газар эзэмшүүлэх гэрээ яг хэзээ байгуулагдсан болохыг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс тооцно гэж тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгчтэй 2005 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй, гэрээ байгуулсан огноо тогтоогдоогүй байна. Хариуцагч уг 2 жилийн хугацааг 2005 оны газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан үеэс тооцсон боловч ийнхүү тооцсон үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авсан Засаг дарга газар эзэмшигч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, уг нөхцөлийг хангасан тохиолдолд хугацааг сунгах шийдвэр гаргахаар заасан.
Мөн Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.10, 1.11-д баталгаажсан шийдвэрийг мэдээллийн системд бүртгэж, гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүсэлт гаргагчид цахимаар хүргүүлэх, хүсэлт гаргагч гэрээний нөхцөлтэй танилцаж баталгаажуулах, 5.3, 5.4-т газрын алба хугацаа сунгах шийдвэрийн төслийг боловсруулж эрх бүхий этгээдэд хүргүүлэх, эрх бүхий этгээд Газрын тухай хуулийн 37.2-т заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.
Алтанбулаг сумын Засаг дарга нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилээр сунгасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хугацааг сунгах үед гэрээний биелэлтийг дүгнэсэн акт үйлдээгүй, ноцтой зөрчил тогтоогоогүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацааг тооцох талаар Улсын дээд шүүхийн 2022 оны 0023 дугаар тогтоолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг эрх бүхий этгээдийн шийдвэрээр сунгасан тохиолдолд уг хуулийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гарсан үеэс эхлэн тооцох талаар дүгнэжээ.
Хэрэгт авагдсан Алтанбулаг сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 20 жилээр сунгасан бөгөөд маргаан бүхий А/103 дугаар захирамжийг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх тул эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гарснаас хойш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
Хариуцагч Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2025 онд 20 жилээр сунгасан атлаа хугацаа сунгасан шийдвэрээс өмнө газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр, хугацаа сунгаснаас хойш хуанлийн бүтэн 2 жил өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хэрэглэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
7. Хариуцагч ажлын хэсгийн шалгалтаар нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, тэмдэглэлээр нэхэмжлэгч 2 жилийн хугацаанд газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэх, тухайн газарт үзлэг хийж баримтжуулсан баримт авагдаагүй байна. /хх-ийн 64-68 дахь тал/,
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/374 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшил газартаа барилга байгууламж барих архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад зөвшөөрөл олгогдоогүй гэх боловч энэ нь дангаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэнийг тогтооход хангалтгүй.
8. Нэхэмжлэгч газраа ашиглаагүй шалтгаанаа эрүүл мэнд, гэр бүлийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, гүний худаг гаргуулсан, тоног төхөөрөмж, барилгын материал бэлтгэсэн гэж мэдүүлсэн боловч эдгээр тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Харин нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сунгаснаас хойш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгчийн дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй.
9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны байгууллагын шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т захиргааны байгууллага шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, үнэлэхээр тус тус заасан.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоогоогүй байх тул үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.
10. Иймд нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар захирамжийн Д.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт,
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар захирамжийн Д.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АРИУНЦЭЦЭГ