2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/02062

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 14

191/ШШ2025/02062

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нарантуяа ******* нь тус *******тай 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 15000269999 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,000,000 /Арван есөн сая/төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/24512 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Нарантуяа овогтой *******ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/24512 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Н.******* нь ******* ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Н.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.******* нь Улаанбаатар хот, тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/24512 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банК ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* ******* /РД:*******/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмаа /Утас:-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС